Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2020/00401/И |
Дугаар | 001/ХТ2021/01567 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01567
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00544 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 831 дүгээр магадлалтай,
*******ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь нэхэмжлэгчээс 2016 онд 2,000,000 төгрөг, 2016 оны 1 сард 5,000,000 төгрөг зээлсэн. Улмаар 2016.12.27-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байгуулсан. Мөн 2018.04.10-нд 3,500,000 төгрөгийг нэмж зээлсэн. ******* 2017 онд 8 удаагийн гүйлгээгээр 3,400,000 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн. 2018 оны 2 сараас 2019 оныг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,600,000 төгрөг төлснийг 7,000,000 төгрөгийн үндсэн зээлээс хасч, 3,400,000 төгрөг үлдсэн. Зээлийн хүү нийт 8,400,000 төгрөгөөс 3,400,000 төгрөгийг хасахаар 5,000,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Алданги 3,500,000 төгрөг нийт 16,400,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ээс 2016 онд 7,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 7,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг өөрөө хэрэглэж, *******ийн найз Н.Оюунгэрэлд 2,000,000 төгрөгийг, дүү Н.Ариунболдод 1,500,000 төгрөгийг өгсөн. Ингэхдээ энэ 2 хүнийг *******тэй уулзуулаад хүү, мөнгөө эд нараас аваарай гэдгийг хэлсэн. ******* энэ 2 хүнээс зээл, хүүгээ авч байгаа. Би өөрийнхөө зээлсэн 3,500,000 төгрөгийг хариуцна. 2017 оны 11 сард зээлийн хүү өндөр байна, хүүгээ бууруулж өгөөч гэж гуйсны дагуу зээлийн хүүгээ буруулсан. Сард 500,000 төгрөгөөр төлж байсан. 2017 онд 4,950,000 төгрөг, 2018 онд 2,600,000 төгрөгийг боломжоороо төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Замбалхүүгийн Дуламсэндэнхүүгээс 16,400,000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ядамсүрэнгийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 831 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч *******гээс 4,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 251,000 гэснийг 82,150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 234,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 байр 103 тоотод оршин суугч ******* би иргэн *******ээс 2016 онд 3,500,000 төгрөг зээлсэн нь үнэн тухайн цаг хугацаанд 7,000,000 төгрөг /үндсэн зээл болон хүүгийн хамт/ төлсөн. Гомдол гаргах болсон үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч ******* нь шүүхийн шатанд яваа энэ асуудлыг лангуу буюу ажлын байран дээр ирж сэтгэл зүйн дарамтыг маш ихээр дарамт үзүүлж байна. Иргэн миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дүүрэн буюу шийдвэр зөв гэж бодож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал эргэлзээтэй гарсан. Ийм учраас энэ асуудлыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нягталж шалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 16,400,000 төгрөг гаргуулахаар болж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2016.12.27-ны өдөр 7,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн, дараа нь 2018.04.10-ны өдөр 3,500,000 төгрөг нэмж зээлсэн. Хүүд 3,400,000 төгрөг, үндсэн зээлд 2,600,000 төгрөг авсан тул үндсэн зээл 7,900,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг гаргуулна гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй 7,000,000 төгрөг зээлээд буцаан төлсөн гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...хариуцагч 7,000,000 төгрөг зээлж, буцаан төлсөн, ...сүүлд бичгээр байгуулсан гэрээг нотариатч гэрчилсэн нь эргэлзээтэй тул хүү, алданги тохирсон гэж үзэхгүй, 3,500,000 төгрөг зээлсэн нь нотлогдоогүй... гэсэн агуулгатай дүгнэлт өгчээ.
Давж заалдах шатны шүүх, ...хариуцагч, нэхэмжлэгчээс 2 удаагийн шилжүүлгээр нийт 7,000,000 төгрөг зээлж, хожим гэрээг бичгэн хэлбэрээр байгуулж, мөнгийг сард 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацааны дараа буцаан төлөхөөр тохирсон нь тогтоогдсон, иймээс нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй, гэвч хүүгийн хувь өндөр тул түүнийг багасгаж, мөн алдангийг гаргуулах боломжгүй гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болгосон зохигчийн хооронд байгуулсан 2016.12.27-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээ хэрэгт авагдсан бөгөөд гэрээнд 2016-12-02 гэсэн дардас бүхий нотариатын тэмдэг байх боловч зээлийн гэрээг нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд заагаагүйгээс гадна талууд өмнө нь амаар тохирч 7,000,000 төгрөг зээлсэн, хожим нь гэрээг бичгийн хэлбэрт оруулсан, гэрээнд гарын үсэг зурсан, нотариатчид очсон болохоо хариуцагч үгүйсгээгүй байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцжээ.
Гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээ нь 10 хувь бөгөөд давж заалдах шатны шүүх хүүгийн хэмжээг 5 хувь болгож бууруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэснийг зөрчөөгүй, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг-ийн дагуу зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих төлбөрийг үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 4,200,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөг болон түүний өмнөөс н.Оюунгэрэлийн төлсөн 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх 4,200,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэж магадлалд заасан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх хүүгийн хэмжээ өндөр /5 хувь/ гэж үзэн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 онд 3,500,000 төгрөг зээлдүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч энэ мөнгийг хариуцагчид зээлдүүлэхээр тохирч, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журамд нийцсэн байна.
Талууд нэгэнт өмнө байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэртэй болгон өөрчилж, тухайн гэрээгээр хүү, хугацаа, хугацаа хэтэрснээс үүсэх хариуцлагын талаар тохирсон байх тул зээлийн хүү гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 831 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч *******гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.08-ны өдөр төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД