Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/74

 

2019 оны 10 сарын 25 өдөр                                  ДШМ/74                                                               Зуунмод

 

М.Ц, Э.Б, Ж.Т, У.П

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ц, Э.Б, Ж.Т, У.П нарт холбогдох 1834002300154 дугаартай 2 хавтас, 498 хуудас бүхий эрүүгийн хэргийг 2019 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усалгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүү, хүргэн, охин 4 зээгийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, Бичигт булгийн 3-17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЙ  дугаарын регистртэй, Боржигон овгийн М.Ц,

 Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, НЙ  дугаарын регистртэй, Боржигон овгийн Э.Б,

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, Сэлэнгэ аймгийн сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ИФ дугаарын регистртэй, Алаг адуут овгийн У.П,

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, НХ  дугаарын регистртэй, Боржигон овгийн Ж.Т,

Яллагдагч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Б, У.П, Ж.Тнар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б, У.П, Ж.Тнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Боржигон овгийн М.Цыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Э.Б, Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Боржигон овгийн Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Э.Бод оногдуулсан 1 жил 1  сарын хорих ял, Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Э.Б, Алаг адуут овгийн У.П нарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 55 /тавин тав/ хоногийг, мөн шүүгдэгч Боржигон овгийн Ж.Тгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг, нийт 95 /ерэн тав/ хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 150 грамм жинтэй цагаан өнгийн эргэдэг тагтай, жижиг савтай, 169,5 грамм жинтэй мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд даалгаж,

шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай шүүгдэгч Боржигон овгийн Э.Б, Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг,  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийгийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Боржигон овгийн Э.Б, Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Боржигон овгийн Э.Б, Алаг адуут овгийн У.П, Боржигон овгийн Ж.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “...Хэргийн үйлдэл, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч Э.Б, Ж.Түмэн-Өлзий, У.П нар нь хийсэн хэргээ хүлээн мэдүүлж үйлдсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлийг авсан гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг 1.2-ийг хэрэглүүлэх байр суурьтай байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч З.Батболд, У.Пүрзвдорж, Ж.Тнарт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт буруугаа хүлээн мэдүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.

Мөн Ж.Түмэн-Өлзийгийн хувьд ам бүл 4-үүлээ амьдардаг, эхнэр 2 хүүхдийн хамт эхнэр нь тодорхой ажилгүй орлогогүй, бага насны 2 хүүхэдтэй. Ж.Түмэн-Өлзийгөөс өөр ар гэрээ тэжээн тэтгэх хүнгүй. Ж.Тнь гэм бурууд маргадаггүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшдэг.

Э.Бын хувьд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг, гэм буруугаа ойлгон гэмшдэг, ам бүл 4-үүлээ өөрийн төрсөн эгч, эгчийнхээ 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүл мэндийн хувьд 2004 онд тархиндаа гэмтэл авч унаж татдаг өвчтэй болсон байнгын эмнэлгийн хяналтанд байдаг.

У.П нь өөрөө гэм буруугаа ойлгон, гэмшиж байгаагаа  шүүх хуралдаанд хэлдэг. У.П нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь тодорхой ажилгүй, орлогогүй. Энэ гэр бүлийг У.П нь авч явдаг өөрийн үйлдэлдээ маш их харамсдаг.

Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тал бүрээс нь судалж, хэргийн байдлыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Э.Б, У.П, Ж.Тнарт анхан шатны шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний үйлчлүүлэгч нар гэм буруугийн тал дээр маргаангүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар шүүх шүүгдэгч Э.Б, У.П, Ж.Тнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгч нарт байна гэж үзэж байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Б, У.П, Ж.Тнар нь өөрсдийн үйлдсэн гэмт үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрдөг.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар зөв дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар нь ноцтой хохирол, хор уршигт хүргэх нөхцөлийг бий болгоогүй таслан зогсоосон учир шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байгаа гэж дүгнэсэн нь гэмт хэргийн улмаас ноцтой хохирол учраагүй бусдад төлөх төлбөргүй нь хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

 

Иймд дээрхи шүүгдэгч нар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялыг нь хөнгөрүүлж оногдуулж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан тайлбар, саналдаа:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан тайлбар, саналдаа:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч нар маань анхнаасаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, оногдсон ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.                          

Шүүгдэгч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Б, У.П, Ж.Тнар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 3 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 5 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-66 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 74-77 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг /2хх-ийн 124-126 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 128-133 дугаар хуудас/, Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №9/60 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч З.Амартүвшин, Л.Одгэрэл, Л.Хишигдорж, Д.Ууганбаяр /1хх-ийн 67-68, 71, 72 дугаар хуудас, 2хх-ийн 117 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд М.Ц, Э.Б, У.П, Ж.Тнарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн, дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан “Э.Б, Ж.Түмэн-Өлзий, У.П нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь:

Шүүх шүүгдэгч Э.Б, У.П, Ж.Тнарыг нийтэд аюултай аргаар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан нөхцөл зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Быг 1 жил 1 сарын хорих ялаар, У.П, Ж.Тнарыг тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”  санкцтай ба шүүх Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн  гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, У.П, Ж.Тнарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх”  агуулга бүхий  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА