Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 30

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00552/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Э-д холбогдох

          “1.820.170,27 төгрөг гаргуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э-аас:

“...Д.Э-а миний бие нь Өргөө багийн өнгөт хороолол, 7 дугаар байрны 26 тоотын хууль ёсны эзэмшигч мөн. Иргэн М.Э- нь гэр бүлийн хамт 1999 оноос одоог хүртэл нийт 18 жил Д.Э-а миний 2 өрөө байранд амьдарч байна. Иргэн Д.Э-а би 18 жилийн хугацаанд огт үнэ төлбөр авч байгаагүй. М.Э-д дулааны төлбөр барагдуулахыг олон удаа шаардсан боловч огт төлөөгүй, мөн байраа суллаж өгөхийг шаардаж байсан боловч элдэв үг хэл амаар доромжилдог. М.Э- нь өөрийн Фейсбүүк хаягтаа “Өнгөтөд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зарыг тавьсан байна. М.Э- нь М.С-н хамт Д.Э-а миний өөрийн байр болох 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө байрыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн айлд түрээслүүлсэн байна. Мөн М.Э- нь гэр бүлийн хамт 18 жил амьдарсан, мөн үзэмж нь муудаж, амьдрах нөхцөл нь муудсан, байранд засвар хийлгэх шаардлагатай болсон боловч би байрны засварын төлбөр авахгүй, харин дулаанд төлбөртэй, хэрэглээний усны төлбөртэй тул хариуцагч М.Э-гаас дулааны төлбөр 1.738.200.85 төгрөг, цэвэр усны төлбөр 81.969.42 төгрөг, бүгд 1.820.170.27 төгрөгийг гаргуулж, мөн байрнаас гаргаж өгнө үү”  гэжээ.

Хариуцагч М.Э-гаас:

“...Д.Э-а нь миний гэр бүл болох Д.М-ын төрсөн эгч юм. Д.М- бид 1996 онд гэр бүл болсон. Одоо 10-19 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. 1996 онд Д.М- нь эгч Д.Э-атайгаа тохиролцож Д.Э-а Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 3 дугаар гудамжны 3 тоот хашаа байшин барьж өгч одоо амьдарч байгаа энэ байраа Д.Э-аас авч орсон.

Тухайн үед нөхрийн маань төрсөн эгч болохоор гэрээ ордероо дараа нь нэр дээрээ шилжүүлж авна гээд л орхисон. Бид 20 жил энэ байранд амьдарч байна. Энэ хугацаанд байрны талаар ямар ч яриа маргаан гарч байгаагүй. Нөхөр Д.М- сүүлийн 5 жил Баянхонгор аймагт ажиллаж ирэн очин байсан. Тэгээд сүүлийн жил гэртээ ирэхээ больсон. Дам сураг сонсоход Баянхонгор аймагт гэр бүлтэй болсон байсан.

Энэ байдлыг ашиглаж бидний энэ байр өөрийнх нь нэр дээр байгааг далимдуулан надаас энэ байрыг авна гэж байгаад гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч М.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

"...Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 126 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.М-. М.Э-, М.Х-, М.М- нар I мөн болохыг тогтоож өгнө үү.”гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-а сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

"... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Д.Э-а болон манай гэр бүлийн амьдарч байгаа хашаа байшин нь бидний эзэмшлийн бөгөөд 1995 онд өөрсдийн зардлаар хашаа байшингийнхаа материалыг авч дүү Эрдэнэцогтоор бариулж байсан. 1995 онд М.Э- болон Д.М- нар нь гэр бүл болоогүй байсан. Мөн хариуцагч М.Э-г тухайн үед огт таньдаггүй байсан. 1999 онд М.Э-, Д.М- нар нь охины хамт Шарын гол сумаас Дарханд амьдрахаар ирсэн. Дарханд амьдрах орон байргүй байсан учраас би өөрийн байрандаа түр хугацаагаар амьдруулахаар болсон. Нийт 18 жил амьдарсан бөгөөд амьдрах хугацаанд нь ямар нэгэн хөлс мөнгө төгрөг авч байгаагүй. Одоо би өөрийн байрандаа амьдрах гэхээр М.Э- нь байрыг маань суллаж өгөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаар шийдвэрээр:

             Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Д.Э-ын гаргасан М.Э-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.Э-гаас ус дулааны төлбөр 1.820.170,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Э- нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн .56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6  , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.273 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-а давж заалдсан гомдолдоо:

            1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцаа хувьчилж авсан. Хувьчилж авснаас хойш өөрийн хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Энэ байрыг ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлж байгаагүй. М.Э-г хөлсгүйгээр өөрийн байрандаа байлгаж байсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас миний өмчлөлийн байр болох нь тогтоогдоно. Уг байр нь миний өмчлөлийн байр болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдоно. М.Э- нь уг байрны ямар нэгэн өмчлөгч, эзэмшигч биш. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэлийн байрнаас албадан гаргах шаардлагыг хангаж М.Э-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Э-а нь хариуцагч М.Э-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум ,17 дугаар баг Өргөө баг, 7 дугаар байр, 26 тоот орон сууцны дулааны төлбөр, цэвэр усны төлбөрт  1.820170,27  төгрөг гаргуулах , мөн  уг орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч М.Э- нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ .

            Нэхэмжлэгчийн дулааны болон цэвэр усны төлбөр нэхэмжилсэн мөн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Маргаан бүхий орон сууцны дулааны төлбөр болон цэвэр усны төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нийтийн зориулалттай орон сууцны  өмчлөгч нь  өөрийн өмчлөлд байгаа орон сууцны болон сууцны бус  зориулалттай хэсгийн халаалт, цэвэр  бохир ус ...зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө гэж Иргэний хуулийн 147.1-д зохицуулсан.

Тийм учраас өмчлөгчийн нэр дээр хангагч байгууллагуудаас  дулаан болон цэвэр бохир усны төлбөрийн нэхэмжлэх гарах бөгөөд ийнхүү гаргасан төлбөрийн нэхэмжлэхийг өмчлөгч шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ. /хх-55-64 дүгээр тал/

            Хэрэгт авагдсан баримтуудаар тус маргаан бүхий байрны өмчлөгчөөр Д.Э-а болон түүний хүүхдүүд бүртгэлтэй боловч  харин уг байранд сүүлийн 20 жил М.Э- болон түүний хүүхдүүд нөхөр амьдарч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтыг талууд маргаагүй байна.

            Хэрэгт тус хугацааны орон сууцны хэрэглээний зардлыг талуудын хэн нь төлж байсан талаар баримт  авагдаагүй хэдий ч нэхэмжилсэн хугацааны хэрэглээний төлбөрийг төлж чадаагүй талаар хариуцагч маргаагүй бөгөөд өмнөх зардлуудыг төлж байсан тухай тайлбарыг нэхэмжлэгч маргаагүй байна.

Иймд “Дархан дулааны сүлжээ“ ТӨХК -ийн  1.738.200,85  төгрөгийн болон ”Дархан ус суваг” ХК-ийн  цэвэр усны 81.969,42 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэх эрх нь дээрх хангагч  байгууллагуудад  байх бөгөөд өмчлөгч эсхүл эзэмшигчийн хэнтэй нь ус дулаанаар хангах гэрээ байгуулснаар  хариуцагч нь тодорхойлогдох учиртай .

            Хэдийгээр нэхэмжлэх нь өмчлөгчийн нэр дээр гарсан байгаа хэдий ч Д.Э-а дээрх төлбөрийг холбогдох газруудад төлж барагдуулсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нь дулаан болон цэвэр усны мөнгийг хангагч байгууллагын өмнөөс нэхэмжлэх эсхүл өөрт учирсан хохирол хэлбэрээр нэхэмжлэх эрхгүй  байна.

            Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй .

Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах нэхэмжлэлийн тухайд

Хэрэгт авагдсан  үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, орон сууц  хувьчлах эрхийн бичиг, ордер  /хх-8, 9, 111, 112, 113, 114, 115 дугаар тал/ зэрэг бичгийн  баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий байрны өмчлөх эрх нь нэхэмжлэгч Д.Э-ын нэр дээр байгаа  нь тогтоогдож байна .

Хэдий тийм  боловч уг байрыг өмчлөх, эзэмших эрхийн талаар маргаан гарсан бөгөөд  нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж уг байрны эзэмшлийг хариуцагчаас шаарджээ.

            Харин хариуцагч татгалзалдаа уг байрыг өмчлөх эрхтэй гэж маргасан байна.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн өмчлөлдөө эд хөрөнгөтэй байх эрхтэй бөгөөд өмчлөх эрх, эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхээр уг эрхээ хамгаалуулах эрхтэй гэж заажээ.

            Үндсэн хуулийн энэ суурь эрхийг Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулж өгсөн .

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо  зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэжээ. Энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг нь Иргэний хуулиар тодорхойлжээ.

Ийнхүү Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байхаар байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч М.Э- болон түүний гэр бүлийн гишүүд нь 1998 оноос эхлэн нэхэмжлэгчийн байранд 2017 он хүртэл 19 жил амьдарч байсан байна .

            Маргалдагч талууд уг байранд амьдрах болсон эрхийг ямарваа нэгэн гэрээний үндсэн дээр олж авсан, өгсөн, талаар шүүхэд баримт гаргаж мэтгэлцээгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийг өөрийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байсан гэж, хариуцагч нь арилжааны гэрээгээр байрыг сольж авсан гэж, харин гэрчээр асуугдсан  Д.М-  нь байрыг бэлэглэсэн гэж өөр өөрөөр мэдүүлж тайлбарладаг хэдий ч аль аль нь тайлбарт дурдсан үндэслэлээ нотлоогүй  цаг хугацааны хувьд ч нотлогдоход хүндрэлтэй болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн талуудын дунд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний харилцаа үүссэн гэсэн хууль зүйн дүгнэлт хийх бололцоогүй байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-ийг баримталсан нь учир дутагдалтай болжээ.

            Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ”Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа  10 жил байна” гэсэн зохицуулалт нийцнэ.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээс нэхэмжлэгчид хэзээ шаардах эрх үүссэн өөрөөр хэлбэл хэзээ эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан зэрэг үйл баримтыг заагаагүйгээс  гадна хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үйл баримт байхгүй байна .

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Д.Э-ын гаргасан М.Э-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.Э-гаас ус, дулааны төлбөр 1.820.170,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, Д.Э-ын гаргасан М.Э-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.Э-гаас ус, дулааны төлбөр 1.820.170,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

       

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ                                          

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ