Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  6 дугаар баг,  Ханжаргалан,  3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,  Заныхан овогт  Дашийн Энхбямба /регистрийн дугаар ТВ66043002, утас 99913571/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг,  21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоотод оршин суух, Дорж овогт Машбатын Энхмаа /регистрийн дугаар ТЯ73120408, утас 99048833/-д холбогдох 

 

“1,820,170.27 төгрөг гаргуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагч М.Энхмаа, гэрч П.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбямба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....Энхбямба миний бие нь Өргөө багийн Өнгөт хороолол, 7 дугаар байрны 26 тоотын хууль ёсны эзэмшигч мөн. Иргэн М.Энхмаа нь гэр бүлийн хамт 1999 оноос одоог хүртэл нийт 18 жил Д.Энхбямба миний 2 өрөө байранд амьдарч байна. Иргэн Д.Энхбямба би 18 жилийн  хугацаанд огт үнэ төлбөр авч байгаагүй. М.Энхмаад дулааны төлбөр барагдуулахыг олон удаа шаардсан боловч огт төлөөгүй, мөн байраа суллаж өгөхийг шаардаж байсан боловч элдэв үг хэл амаар доромжилдог. М.Энхмаа нь өөрийн Фэйсбүүк хаягтаа “Өнгөтөд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зарыг тавьсан байна. М.Энхмаа нь М.Сарнайн хамт Д.Энхбямба миний өөрийн байр болох 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө байрыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн айлд түрээслүүлсэн байна. Мөн М.Энхмаа нь гэр бүлийн хамт 18 жил амьдарсан, мөн үзэмж нь муудаж, амьдрах нөхцөл нь муудсан, байранд засвар хийлгэх шаардлагатай болсон боловч би байрны засварын төлбөр авахгүй, харин дулаанд төлбөртэй, хэрэглээний усны төлбөртэй тул хариуцагч М.Энхмаагаас дулааны төлбөр 1,738,200.85 төгрөг, цэвэр усны төлбөр 81,969.42 төгрөг, бүгд 1,820,170.27 төгрөгийг гаргуулж, мөн байрнаас гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Энхмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.Энхбямба нь миний гэр бүл болох  Д.Мөнх-Очирын төрсөн эгч юм. Д.Мөнх-Очир бид  1996 онд гэр бүл болсон.  Одоо 10-19 насны 2 хүүхдийн хамт  амьдардаг. 1996 онд Д.Мөнх-Очир нь эгч Энхбямбатайгаа тохиролцож Энхбямба Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 3 дугаар гудамжны 3 тоот хашаа байшин барьж өгч одоо амьдарч байгаа энэ байраа Энхбямбаас авч орсон.

Тухайн үед нөхрийн маань төрсөн эгч болохоор гэрээ ордероо дараа нь нэр дээрээ шилжүүлж авна гээд л орхисон. Бид 20 жил энэ байранд амьдарч байна. Энэ хугацаанд байрны талаар ямар ч яриа маргаан гарч байгаагүй. Нөхөр Д.Мөнх-Очир сүүлийн 5 жил  Баянхонгорт ажиллаж ирэн очин байсан.  Тэгээд сүүлийн жил гэртээ ирэхээ больсон. Дам сураг сонсоход  Баянхонгорт гэр бүлтэй болсон байсан.

Энэ байдлыг ашиглаж   бидний энэ байр өөрийнх нь нэр дээр байгааг далмидуулан  надаас энэ байрыг авна гэж байгаад гомдолтой байна” гэв.

 

Хариуцагч М.Энхмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг,  21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Мөнх-Очир,  М.Энхмаа,  М.Хулан,  М.Мөнххүслэн нар мөн болохыг тогтоож өгнө үү.”гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхбямба сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Миний бие Энхбаямба болон манай гэр бүлийн амьдарч байгаа хашаа байшин нь  бидний эзэмшлийн бөгөөд  1995 онд өөрсдийн зардлаар  хашаа байшингийнхаа материалыг авч дүү Эрдэнэцогтоор бариулж байсан.

1995 онд М.Энхмаа болон Д.Мөнх-Очир нар  нь  гэр бүл болоогүй байсан.

Мөн хариуцагч М.Энхмааг тухайн үед огт таньдаггүй байсан. 1999 онд  М.Энхмаа, Д.Мөнх-Очир нар нь  охины хамт Шарын гол сумаас Дарханд амьдрахаар ирсэн.

Дарханд амьдрах орон байргүй байсан учраас би өөрийн байрандаа түр хугацаагаар амьдруулахаар болсон. 

Нийт 18 жил амьдарсан бөгөөд амьдрах хугацаанд нь ямар нэгэн хөлс мөнгө төгрөг авч байгаагүй.

Одоо би өөрийн байрандаа амьдрах гэхээр  М.Энхмаа нь байрыг маань суллаж өгөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбямба нь хариуцагч М.Энхмаад холбогдуулан  “...М.Энхмаа нь гэр бүлийн хамт 1999 оноос одоог хүртэл нийт 18 жил Д.Энхбямба миний 2 өрөө байранд амьдарч байна. иргэн Д.Энхбямба би 18 жилийн хугацаанд огт үнэ төлбөр авч байгаагүй. ...М.Энхмааг миний өмчлөлийн орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулж өгнө үү. М.Энхмаа нь дулаан, усны төлбөртэй тул түүнээс дулааны төлбөр 1,738,200.85 төгрөг, цэвэр усны төлбөр 81,969.42 төгрөг нийт 1,820,170.27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч М.Энхмаа нь нэхэмжлэгч Д.Энхбямбад холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг,  21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч М.Энхмаа нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд тэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “...би энэ хэргийн хариуцагч биш, Д.Энхбямбын төрсөн дүү Д.Мөнх-Очир нь миний нөхөр юм.  Д.Энхбямба нь дүү Д.Мөнх-Очирт уг орон сууцыг өгсөн бөгөөд Д.Мөнх-Очир бид гэр бүлийн хамт уг орон сууцанд 20 жил амьдарсан. Энэ хугацаанд Д.Энхбямба нь орон сууцны талаар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй...” гэсэн тайлбарыг гаргаж гаргаж маргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мөнх-Очироос гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Мөнх-Очир “...Анх би 1992 онд цэргийн албанаас халагдаж ирээд эгчийндээ ирж очин амьдардаг байсан. Эгчийнх маань хуучин Дарханд ногоон зоорины тэнд хашаа байшинд амьдардаг байсан. Эгч маань нэг өдөр байгууллагаас нь байр өгсөн  гэж ирж байсан. Тэгээд хүргэн ах эгч хоёр  бэлэглэж байна гээд түрхүүрээ өгсөн. Дархан сум Өргөө баг 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 26 тоот 2 өрөө байранд миний бие 1993, 1994 оны үед байх сайн санахгүй байна. Ямар ч гэсэн дөнгөж ашиглалтанд орж байхад нь очиж амьдарч эхэлсэн. ...Тухайн үед би Баянхонгороос шилжүүлэг хийлгэж ирээгүй байсан. Би байрны асуудлаар ийм зүйл болно гэж огт бодоогүй. Надад бэлэглэсэн юм чинь миний байр л гэж бодож явсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Нэхэмжлэгч Д.Энхбямба нь маргаан бүхий Дархан сумын 21 дүгээр хороолол 7-26 тоот 2 өрөө орон сууцыг 1994 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хөлсөлж, 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцыг өөрийн нэр дээр хувьчилан, өмчилж авсан болох нь хэрэгт авагдсан Улс, олон нийтийн мэдлийн орон сууцны байрыг хөлслүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн 0056340Да дугаартай гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч М.Энхмаа болон түүний гэр бүл нь 1999 оноос хойш уг маргаан бүхий орон сууцанд амьдарсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн тус шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргажээ.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байхаар заасан байх тул нэхэмжлэгч Д.Энхбямбын дээрх орон сууцтай холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч Д.Энхбямба нь хариуцагч М.Энхмаагаас нэхэмжилсэн ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөгийг холбогдох ус дулааны байгууллагад төлөөгүй бөгөөд тэрээр ус дулааны төлбөр авах байгууллагын өмнөөс хариуцагч М.Энхмаагаас ус дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д.Энхбямбын гаргасан М.Энхмаагийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.Энхмаагаас ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Энхмаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Д.Энхбямбын гаргасан М.Энхмаагийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.Энхмаагаас ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч М.Энхмаа нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,273 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА