| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/01099/И |
| Дугаар | 101/ШШ2019/01949 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2019/01949
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2019/01949 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,693,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагчийн төлөөлөгч Н.Энх-Амгалан, өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Б миний бие 2016.11.03-ны өдөр Б.Цд 5 сая төгрөг эээлдүүлэхээр барьцаагүй зээлийн гэрээ хоёр жилийн хугацаатай байгуулж, гэрээнд заасны дагуу 5 сая төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн. Зээлдэгч тогтоосон хугацаанд зээлийн гэрээний хүү төлж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа зээлийн үндсэн төлбөрийг буцаан төлөхгүй байна. Иргэний хуулийн 281.1-д ...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Иймд зээлийн үндсэн төлбөрийг зээлдүүлэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн О.Б миний бие 2018.06.08-ны өдөр Б.Цд 10 сая төгрөг зээлдүүлэхээр барьцаагүй, хүүгүй зээлийн гэрээ хоёр жилийн хугацаатай байгуулж, 10 сая төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийг хоёр жилийн дотор хэсэгчлэн төлнө гэж заасан боловч зээлдэгч гэрээн байгуулагдснаас хойш зээлийг хэсэгчлэн буцаан төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн болно. Зээлдүүлэгч миний бие зээлдэгчид хандан зээлийг хэсэгчлэн буцаан төлөхийг хэд хэдэн удаа удаа сануулсан, шаардсан боловч биелүүлээгүй. Иргэний хуулийн 225.2-д Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж заасан байдаг. Иймд зээлдүүлэгч О.Б миний бие 2018.06.08-ны өдөр Б.Цд 10 сая төгрөг зээлдүүлэхээр барьцаагүй, хүүгүй хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээнээс татгалзаж, Б.Цд зээлдүүлсэн 10 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Миний биө 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар нийт 30,585,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. Үүний 19,585,000 төгрөгийг дансаар, 11,000,000 төгрөгийг бэлнээр Б.Цд өгсөн болно. Үүний 10,000,000 төгрөгийн зээл нь 2016,11,03-ны өдөр болон 2017,01,11-ний өдрийн зээлийн гэрээтэй. Зээлийн гэрээгүй 10,585,000 төгрөгийн зээлд 2018,06,08- ны өдөр 585,000 төгрөгийг хасч 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан болно. Үүнээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дансаар зээлдүүлэгч О.Бөөс шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ц нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дансаар зээлдүүлэгч О.Б надад буцаан өгсөн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр зээлдүүлэгч О.Бөөс өгсөн 5,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дансаар нь зээлдүүлэгч О.Б надад буцаан өгсөн болно.
Дээрх хоёр удаагийн шилжүүлгээс гадна Б.Ц нь дансаар 169 удаагийн гүйлгээгээр надад 13,231,200 төгрөгийг буцаан шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл Б.Ц нь надаас зээлдэн авсан нийт 30,585,000 төгрөгөөс 23,231,200 нийт төгрөгийг дансаар буцаан төлж 7,353,800 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд зээлдүүлэгч О.Бөөс зээлдэгч Б.Цд зээлдүүлсэн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,353,800 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Иргэний хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан. Зээлдүүлэгч О.Б, зээлдэгч Б.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10% хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг 10% хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл О.Бөөс Б.Цд хүүтэй зээлдүүлсэн нийт 30,585,000 төгрөгийн зээлээс 5,000,000 төгрөгийн зээлд нь Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч хүү шаардаж байгаа бөгөөд уг зээлийн гэрээний хүүг зээлдэгч Б.Ц нь огт төлөөгүй байгаа.
Зээлдүүлэгч О.Б, зээлдэгч Б.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 5,000,000 төгрөгийн сарын 10% хүүтэй зээлийн гэрээний хүүг 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодоход 27 сарын хүү 13,500,000 мянган төгрөг болж байна. Зээлдүүлэгч О.Б, зээлдэгч Б.Ц нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 5,000,000 төгрөгийн сарын 10% хүүтэй зээлийн гэрээний төлбөрийг сарын дараа буцаан төлсөн учраас хүү шаардахгүй байгаа болно. Иймд зээлийн гэрээний хүү 13,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа болно.
Зээлдүүлэгч О.Б, зээлдэгч Б.Ц нарын хооронд 2016,11,03-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10% хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээ нь хоногийн 0,1 хувийн алдангитай байгуулагдсан. Энэхүү зээлийн 2018,11,03-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд 2019,03,03-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр буцаан төлөөгүй үүргийг гүйцэтгэлийн алдангийг 4 сараар бодоход 600,000 төгрөг болж байна. Иймд Зээлдүүлэгч О.Б, зээлдэгч Б.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10% хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээний 0,1 хувийн алданги 600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас 15,000,000 төгрөг дээр 6,453,800 төгрөгийг нэмж нийт 21,453,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Бөөс зээлийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 оны 05 дугаар 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 7,085,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг өөрийн дансаар, мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нөхөр Эрхэмбаярын дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 19,085,000 төгрөгийг зээлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээгээр 5.000.000 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцсон боловч О.Б нь 4,000,000 төгрөгийг зээлдэгчийн данс руу шилжүүлсэн байдаг.
Гэрээний дагуу нийт 13,600,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн гэрээ байгуулаагүй 15,085,000 төгрөг, гэрээний дагуу 13,600,000 төгрөгийн хамт нийт 28.685.000 төгрөг төлөхөөс өөрийн данснаас 26.771.700 төгрөг, нөхөр Эрхэмбаярын данснаас 225.000 төгрөг, бэр эгч Бямбажавын данснаас 1,307,500 төгрөг, хадам ах 617,500 төгрөг нийт 28,921,700 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь хуулийн төлвөл зохих төлбөрөөс 236,700 төгрөгийг илүү төлсөн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлийн хүү авах эрхгүй байна гэж заасан байх тул бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй 15,085,000 төгрөгийн хувьд хүү төлөх боломжгүй юм.
Мөн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр Баянмөнхөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд нэхэмжлэгч ч энэ тухайгаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хурлаар хүлээн зөвшөөрч урьд зээлсэн мөнгийг тооцож гэрээ байгуулсан гэдгээ нотлон мэдүүлсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дох хэсгийг зөрчиж байгуулсан байх тул дээрх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл, эсхүл гэрээнээс татгалзах гэсэн ойлголт байхгүй тул мөнгө нэхэмжлэх эрх үүсэхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.Цд холбогдуулан 16,693,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зээлийг бүрэн буцаан төлсөн гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагчаас 21,453,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 4,760,500 төгрөгийн шардлагаас татгалзаж 16,693,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч 236,700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хоёр жилийн хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хоёр жилийн хугацаатай, хүүгүй, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагджээ. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид бэлнээр өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ. Эдгээр хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргаж буй тдайлбараар Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчид нийт 30,585,000 төгрөг зээлдүүлж, үүнээс 19,585,000 төгрөгийг дансаар, 11,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Зээлээс хариуцагч 28,051,700 төгрөг төлсөн талаар маргахгүй, зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,593,300 төгрөг болж, 2016.11.03-ны өдрийн гэрээний 27 сарын хүү 13,500,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 16,693,3000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлжээ.
Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тооцоо нийлсэн тухай тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нийт 19,585,000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлснээс бичгээр байгуулсан гэрээний дагуу 9,000,000 төгрөг, амаар тохиролцон 10,585,000 төгрөгийг тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Харин бэлнээр 11,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар маргаан үүссэн бол нотлох үүргийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч эхэлж нотлох үүрэгтэй ба дээрх 11,000,000 төгрөгийн шаардлагаа шүүхэд нотлоогүй байна.
2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний тухай: Зохигчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 4,000,000 төгрөг дансаар, 1,000,000 төгрөгийг нь бэлнээр шилжүүлсэн гэж, хариуцагч 4,000,000 төгрөг дансаар авсан, 1,000,000 төгрөг бэлнээр аваагүй гэж маргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагчийн ХААН банкны 5035185564 тоот дансанд 2016.11.03-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн ба 1,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлснийг нотлоогүй байна.
Иймд зохигчийн хооронд 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан ч зээлийн гэрээний харилцаа 4,000,000 төгрөгийн хэмжээнд үүсч, нэг сарын хүү 400,000 төгрөг байна.
Хариуцагч хоёр жилийн хугацаатай байгуулсан зээлийн хүүнд 13,500,000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч шаардсан ч дээрх үндэслэлээр 10,800,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн, хариуцагчийн нийт төлсөн 28,051,700 төгрөгийн үүргээс аль гэрээний үндсэн зээл, хүүгийн төлбөрийг болон бусад зээлийн үүргийг төлснийг ялгах боломжгүй, хариуцагч энэ талаархи тайлбар, татгалзлыг шүүхэд гаргаагүй учир энэ шаардлагад хамаарах 2016.11.03-2018.1103-ны өдрийн хооронд хамаарах хүү 10,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. /1-р хавтаст хэргийн 5, 27, 223 дахь тал/
2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний тухай: Нэхэмжлэгч 2017.01.11-ны өдөр өөрийн ХААН банкны 5059272595 тоот данснаас 2,200,000, 2,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийснийг хариуцагч авсан талаар маргаагүй, харин мөн өдрийн 5,000,000 төгрөгийг 201701.11-2018.01.11 хүртэл 1 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн баримтаар хариуцагч 5,000,000 төгрөг хүлээж авсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн, нэхэмжлэгч тус баримтаар хариуцагчид мөнгө шилжүүлснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу баримтаар нотлоогүй буюу энэ талаархи шаардлагаа нотлоогүй байна. Иймд зохигчийн хооронд 2018.06.08-ны өдрийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэхгүй /1-р хавтаст хэргийн 6, 224, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал/
Нэхэмжлэгч, хариуцагчид 19,585,000 төгрөгзээлдүүлснээс 2016.11.03-ны өдрийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөгийн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй талаар дээр дүгнэж, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих үүрэг /19,585,000+10,800,000=30,385,000/ 30,385,000 төгрөг ба үүнээс хариуцагч 28,051,700 төгрөг төлж 2,333,300 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Мөн нэхэмжлэгч 2016.11.03-ны өдрийн зээлийн гэрээний 2.7-д зааснаар зааснаар 600,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан. Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигч болон бусад иргэний дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн зээлийн төлбөр тооцосон төлбөрөөс аль дүнг үндсэн зээлд, аль дүнг хүүнд тооцон төлж байсныг тодорхойлох боломжгүй, зохигч энэ талаар шүүхэд тодорхой тайлбарыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарах тооцоолол, үндэслэлийг тодорхойлоогүй байна. Мөн гэрээний 3.6-д зээл төлөх дарааллыг тогтоосон ч, мөн гэрээний 3.1, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар зээлийг хугацаанаас өмнө төлж болохоор тохиролцсон гэж үзэхээр тул хариуцагч зээл төлөх хуваарь, үүргийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэцэгдариас 2,333,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бөд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19,120,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 351,161 төгрөг, хариуцагчийн төлсөн 7,750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цэцэгдариас 52,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ