Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/75

 

2019 оны 10 сарын 25 өдөр                                  ДШМ/75                                                                Зуунмод

 

        Ц.Э холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Ц.Э,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 612 дугаар шүүгчийн захирамжтай Ц.Э холбогдох 1934000930213  дугаартай 1 хавтас, 213 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ахсум овгийн Ц.Э, 1992 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн  суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковатор, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн   ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчин геологи 14 дүгээр гудамж 7 тоотод оршин суух хаягтай, одоо Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар баг  6-15 тоот хаягт  оршин суух, 2007 оны 12 сарын 04-ний өдөр Хэнтийн аймгийн сум дундын шүүхийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 12 сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2018 оны 09 сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн. СШ  регистрийн дугаартай.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Мон дулаан" ХХК-ийн талбай руу гар аргаар алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 612 дугаар шүүгчийн захирамжаар:

          Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ахсум овгийн Ц.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагарсан бамбайг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногийн өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Яллагдагч Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Мон дулаан" ХХК-ийн талбай руу гар аргаар алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь "уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан" хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэртээ тухайн хэрэгт ямар ажиллагаа хийлгүүлэх талаар тодорхой тусгаагүй ба шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй эргэлзээтэй байх тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэрч ... хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй" гэж хуульчилсан байх ба Ц.Эад холбогдох 1934000930213 дугаартай эрүүгийн хэрэгт М.Отгонбаатар, Б.Шинэсайхан, Б.Отгонжаргал, Т.Энхбаяр нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу байцаасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Дээрх гэрчүүд нь хэргийн талаар өөр өөрсдийн мэдэх зүйлийг мэдүүлсэн нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхгүй, прокурорт буцаах үндэслэл биш юм.

-Прокурорын яллах дүгнэлтэнд гэрч Т.Энхбаярын мэдүүлгийг өөрөөр, зөрүүтэй бичээгүй байх ба харин гэрч Т.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэнд дурдаж бичихдээ мэдүүлгийн төгсгөлд өөр гэрчийн мэдүүлэг давхардуулан нэмж бичсэн байна. Энэ хэсгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт "яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зайлшгүй шаардлагатай нотлох баримт"-ыг дурьдахаар заасан. Гэтэл гэрч Э.Билгүүний мэдүүлгийг яллах дүгнэлтэнд дурьдаагүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудалд хамаарахгүй юм.

Харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Баасандоржийн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг нотолсон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч С.Одончимэг, Д.Эрдэнэням, С.Жавхлан, Б.Отгонжаргал болон бусад гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийг Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Мон дулаан" ХХК-ийн талбай руу гар аргаар алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь "уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан" гэх хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд ахмад Б.Жаргалангаас гэрчээр мэдүүлэг авч "хохирогч Г.Баасандорж, М.Отгонбаатар, Ц.Э нараас мэдүүлэг авсан эсэх"-ийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж шүүгчийн захирамжинд дурдсан нь үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 ахь хэсэгт заасныг  хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нотлоогүй тул хэргийн дахин шалгах шаардлагатай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул дэмжиж байна. Хэргийг шийдвэрлэх боломжтой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э гаргасан тайлбартаа: Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Ц.Э холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх 2 үндэслэлээр хэргийг  прокурорт буцаасан байна.

1. Шүүх гэрч М.Отгонбаатар, Б.Шинэсайхан нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан гэрч Д.Эрдэнэням, С.Жавхлан, Б.Отгонжаргал, Т.Энхбаяр нарын мэдүүлгүүдтэй зөрүүтэй, гэрч Б.Шинэсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй ба гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээ төрүүлэхээр байна гэсэн үндэслэлийн хувьд гэрчүүдийн аль мэдүүлгүүд өөр хоорондоо ямар зөрүүтэй болох, юугаараа эргэлзээтэй гэж шүүх үзсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлт ойлгомжгүй  байна.

Түүнчлэн хэргийг буцааснаар ямар ажиллагаа нэмж хийлгэх нь тодорхойгүй байна.

 Харин гэрч Т.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэнд бичихдээ түүний мэдүүлгийн хэсэгт өөр гэрчийн мэдүүлгээс нэмж бичсэн нь  буруу байх боловч энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал биш юм.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн ахмад Б.Жаргаланг 2 удаа гэрчээр асууж мэдүүлэг /хх-41,83/ авсан байх ба  тэрээр гомдол мэдээллийг зөрчлөөр шалгах гэж байснаа болиод гэмт хэргийн шинжтэй байсан тул ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар мэдүүлсэн байна. Иймд зөрчил шалгах ажиллагааны баримт эрүүгийн хэрэгт авагдаагүй байгааг шалгах шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай “ахмад Б.Жаргалангийн авсан гэрчийн мэдүүлэг тухайн эрүүгийн хэргээс алга болсон, нотлох баримт алдагдсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, талуудын хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, шүүх хуралдаан явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж тус тус зохицуулсан байх ба 579 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэж,  хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж шүүх үзсэн байна. Гэтэл дээрх үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Э холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 612 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Э холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаагийн бичсэн 35 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Ц.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

        ШҮҮГЧИД                                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                            Г.БОЛОРМАА