Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/02101

 

2019 оны 07 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2019/02101 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Эд холбогдох,

******* загварын **** улсын дугаартай автомашин гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие өөрийн найз болох *******т Волво ХС 90 маркийн **** УНУ улсын дутаартай автомашиныг 10,000 ам доллар буюу тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ханш 1875,74 төгрөгт тооцоход 18757400 төгрөгөөр худалдахаар 2014 оны 12-р сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөний дараа тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээний нэрийг солихоор тохиролцсон. ******* нь 2015 оны 05-р сард төлбөрийг дуусгахаар тохиролцсон боловч өгөхгүй байсан ба удаа дараа шаардсаны эцэст 2016 оны 02 дугаар сард 3,500,000 төгрөг, 2018 оны 06-р сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн. Тэгээд төлбөрөө бүрэн төлөхгүй бол машинаа авъяа гэсэн боловч өгөхгүй байсан ба харамсалтай нь ******* нь 2018 оны 12 сарын 15-нд зуурдааар таалал төгссөн. Цагдаагийн байгууллагад хандсан боловч *******ыг нас барсан гээд хэрэг үүсгээгүй. Иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Би *******ын эхнэр болох Туяад автомашинаа эргүүлж авах талаар хэлэхэд С.Э гэдэг хүний эзэмшилд байгаа гэсэн. С.Э нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй надад мэдэгдэлгүй миний өмчлөлийн Волво ХС 90 **** УНУ улсын дугаартай автомашиныг хууль бусаар эзэмшиж байна. Иймд С.Эын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Волво ХС90 маркийн **** УНУ улсын дугаартай автомашиныг Г миний эзэмшил ашиглалтанд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой С.Э миний бие өөрийн танил *******тай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Волво ХС 90 маркийн 77*78 уну улсын дугаартай авто машиныг худалдах худалдан авах хэлцэл хийж 13,000,000 төгрөгийг бэлнээр өгч бичиг баримт шилжих үед 2,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож авто машиньн өөрийн эзэмшилдээ хүлээж авсан ******* нь тухайн үед Хот тохижилтын газрын харъяа Цагаан даваа хогийн цэгийн дарга ажилтай байсан бөгөөд миний бие даргын жолоочоор нь ажиллаж байсан. Анх намайг тухайн үед авто машин худалдан авах гэж хайж байгаагаа даргад /Ц Ганбаатар/ ярьж байхад надад нэг Волво ХС 90 маркийн авто машин байгаа тэрийг аваач гэсэн санал тавьж очиж үзэхэд надад таалагдаж худалдаж авсан. Волво ХС 90 маркийн 77*78 уну улсын дугаартай авто машиныг худалдаж авахад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн эцэг Т.*******аар 8,105,400 төгрөгийн тэтгэвэрийн зээл авхуулж С Эрдэнэцогг миний бие 6,000,000 төгрөгний цалингийн зээл авч төлбөрийг төлсөн. Авто машин худалдаж авсан төлбөрийг *******ын гэрт аваачиж өгсөн ба төлбөр төлөх үед миний эцэг Т.******* хамт явж байсан. Мөн мөнгө хүлээж авах үед *******ын эхнэр Ширнэн овогтой Туяа /рд цд64063003/ хамт байлцсан болно. Авто машин худалдаж авсанаас хойш миний бие ******* даргад авто машины өмчлөгчийн гэрчилгээг шилжүүлмээр байна гэж шаардахад эав болохгүй байна, удахгүй гэж байгаад ажлаасаа гараад хөдөө яваад сураггүй болсон. Хэсэг холбогдохгүй байж байгаад холбогдход БНХАУ-д змчлүүлж байгаад ирлээ удахгүй бие тэнхэрхээр гэрчилгээг шилжүүлнэ гэж хэлсэн боловч улмаар 2018 оны сүүлээр нас барсан байсан болно. Миний хувьд Волво ХС 90 маркийн 77*78 уну улсын дугаартай авто машиныг өөрийн хүч хөдөлмөрөөрөө хуульд заасны дагуу худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч С.Эод холбогдуулан ******* загварын ******* улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч маргаж буй автомашиныг ******* агснаас худалдан авсан гэж татгалзжээ.

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2003 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай, ******* загварын ******* улсын дугаартай автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Г бүртгэгджээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд ******* агсанд ******* загварын ******* улсын дугаартай автомашиныг 10,000 ам.доллар буюу 18,757,400 төгрөгөөр худалдахаар тохирч автомашиныг шилжүүлж мөнгийг бүрэн төлсний дараа нэр шилжүүлэхээр тохирсон, ******* 6,500,000 төлж үнийг бүрэн төлөөгүй тул автомашинаа буцаан шаардахад өгөөгүй ба тэрээр 2018 онд нас барсан. *******ын эхнэр *******гаас автомашиныг шаардахад С.Эод шилжүүлсэн гэх тул С.Эын хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г, ******* агсан нарын хооронд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй автомашиныг худалдах-худалдан авах тухай гэрээний харилцаа 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүссэнээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Г автомашиныг ******* агсны өмчлөлд шилжүүлэх, ******* агсан үнийг 2015 оны 05 дугаар сард багтаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Нэхэмжлэгч уг автомашины үнийг төлөхөөс өмнө ******* агсанд автомашиныг шилжүүлсэн нь мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-д зааснаар ******* агсны өмчлөлд автомашин шилжсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж буй үндэслэлээр буюу ******* агсан автомашины үнийг бүрэн төлөөгүй нь хариуцагч С.Эоос автомашиныг гаргуулж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэлээр шаардаж буй автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа гэх Иргэний хуулийн 106 дугара зүйлийн 106.1-д заасан үндэслэлийг бий болгохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчаас автомашиныг шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зааж өгсөн боловч нэхэмжлэгч Б.Г, ******* агсантай 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээгээр ******* загварын ******* улсын дугаартай автомашиныг 10,000 ам.доллараар худалдаж, автомашиныг шилжүүлсэн үйл баримтаар нэхэмжлэгчийг ******* загварын ******* улсын дугаартай автомашины өмчлөгч гэж үзэхгүй, харин тэрээр 2014 оны гэрээний үүргийг буюу автомашины үнийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь тус газар, хувийн сууцны өмчлөх эрхийг иргэн *******тэй байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан гэх боловч гэрээний үүргийг *******ээс бус *******т холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ******* нь газар, хувийн сууцны өмчлөл болон эзэмших эрхийг худалдан авагч бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй, Н.Болор-Эрдэнэ газар, хувийн сууцыг хүлээн авах, шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч С.Э, ******* агсан нарын хооронд мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагч автомашиныг хууль бусаар эзэмшилдээ аваагүй, гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Б.Гийн хариуцагч С.Эод холбогдуулан ******* загварын ******* улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Эын хууль бус эзэмшлээс ******* загварын ******* улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ