Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1779

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02101 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-д холбогдох

 

Волво XC90 загварын 77-78 УНУ улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие найз Г.А- т Волво ХС 90 маркийн 00-00УНУ улсын дугаартай автомашиныг 10.000 ам доллар буюу тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ханш 1875,74 төгрөгт тооцоход 18.757.400 төгрөгөөр худалдахаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөний дараа тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээний нэрийг солихоор тохиролцсон. Г.А- нь 2015 оны 5 дугаар сард төлбөрийг дуусгахаар тохиролцсон боловч өгөхгүй байсан ба удаа дараа шаардсаны эцэст 2016 оны 2 дугаар сард 3.500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг төлсөн. Тэгээд төлбөрөө бүрэн төлөхгүй бол машинаа авъяа гэсэн боловч өгөхгүй байсан ба харамсалтай нь Г.А- нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгссөн. Цагдаагийн байгууллагад хандсан боловч Г.А- ыг нас барсан гээд хэрэг үүсгээгүй. Иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Би Г.А- ын эхнэр болох Ш.Туяад автомашинаа эргүүлж авах талаар хэлэхэдС.Э- гэдэг хүний эзэмшилд байгаа гэсэн.С.Э- нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй надад мэдэгдэлгүй миний өмчлөлийн Волво ХС 90 00-00УНУ улсын дугаартай автомашиныг хууль бусаар эзэмшиж байна. ИймдС.Э-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Волво ХС90 маркийн 00-00УНУ улсын дугаартай автомашиныг миний эзэмшил ашиглалтанд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.А- тай 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Волво ХС 90 маркийн 00-00УНУ улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авах хэлцэл хийж 13.000.000 төгрөгийг бэлнээр өгч бичиг баримт шилжих үед 2.000.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож автомашиныг өөрийн эзэмшилдээ хүлээж авсан Г.А- нь тухайн үед Хот тохижилтын газрын харъяа Цагаан даваа хогийн цэгийн дарга ажилтай байсан бөгөөд миний бие даргын жолоочоор нь ажиллаж байсан. Автомашин худалдаж авсанаас хойш миний бие Г.А- даргад автомашины өмчлөгчийн гэрчилгээг шилжүүлмээр байна гэж шаардахад зав болохгүй байна, удахгүй гэж байгаад ажлаасаа гараад хөдөө яваад сураггүй болсон. Хэсэг холбогдохгүй байж байгаад холбогдход БНХАУ-д эмчлүүлж байгаад ирлээ удахгүй бие тэнхэрхээр гэрчилгээг шилжүүлнэ гэж хэлсэн боловч улмаар 2018 оны сүүлээр нас барсан байсан. Миний хувьд Волво ХС 90 маркийн 00-00УНУ улсын дугаартай автомашиныг өөрийн хүч хөдөлмөрөөрөө хуульд заасны дагуу худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчС.Э-ын хууль бус эзэмшлээс Volvo XC90 загварын 77-78 УНУ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгчБ.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн хууль буюу гэрээнд заагаагүй тохиолдолд хэрэглэх заалт юм. Худалдах худалдан авах гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Автомашин болон түүнтэй холбоотой баримт бичиг буюу автомашин өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 10.000 ам долларыг нэхэмжлэгчБ.Гт төлснөөр автомашины өмчлөх эрхийг олж авч цаашид захиран зарцуулах эрх нь үүсэхээр харагдаж байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх байдаг. Авто тээврийн
тухай хуулийн 17'1 дүгээр зүйлд өмчлөл үүсэх харилцааг зохицуулсан байна. Үүнээс харахад Г.А- агсан хариуцагчС.Э- нар нь аль ч хуульд заасан журмын дагуу уг машиныг өмчлөлдөө аваагүй нь харагдаж байна. ШүүхС.Э-ын хууль ёсоор шударгаар өмчилж байна гэж үзсэн нь үндэслэлгүй.С.Э- нь шүүх   хуралдаанд   гаргасан   тайлбартаа   тээврийн   хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээ өөр хүн дээр байгаа талаар мэдсэн, солиулж өгнө гэж тайлбарласан байдаг. НэхэмжлэгчБ.Гтой худалдан авагч Г.А- агсан болон хариуцагчС.Э- нар нь аль аль шаардах эрхээ шилжүүлсэн гэрээ байгуулаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгожС.Э-ын хууль бус эзэмшлээс автомашиныгБ.Гт гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.  

НэхэмжлэгчБ.Г нь хариуцагчС.Э-од холбогдуулан автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч гэрээний үүргийг А.Л- гээс бус Э.Н-т холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч А.Л- г нь газар, хувийн сууцны өмчлөл болон эзэмших эрхийг худалдан авагч Б.О- д бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй, Б.О- газар, хувийн сууцыг хүлээн авах, шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй...” гэх зэргээр дүгнэсэн нь энэ хэргийн шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй болгожээ.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Ш.Т, Т.С нарыг оролцуулсан боловч тэдгээрийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай танилцаагүй, гэрчийн мэдүүлэгт түүний хувийн байдал тусгагдаагүй, гэрчээс зохигчидтой ямар харилцаатай болохыг тодруулаагүй, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дах заалтыг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, эдгээр гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.5 дах заалтыг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах,  дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан  үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчБ.Гийн төлсөн 251 737 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ                                         

                                               ШҮҮГЧ                                             Д.ЦОГТСАЙХАН                                                                                                            

                                                                                                      Н.БАТЗОРИГ