Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 32

 

“Хурд Интернэшнл” ХХК-ний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00552/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д холбогдох

          “Худалдах, худалдан авах гэрээний дагуу 68.367.642 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК-ний захирал Б.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Будгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК-аас:  

...”Хурд Интернэшнл” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЦБ-2010-13 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, АГ-2010-07 тоот Арилжааны гэрээг тус тус байгуулсан билээ. Цувимал бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 481.792 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлэх, “Хурд Интернэшнл” ХХК нь 392.710.170 төгрөгийг төлөх үүргийг, Арилжааны гэрээний дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 208.668 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, “Хурд Интернэшнл” ХХК нь 363 ширхэг нийт 168.185.000 төгрөгийн үнэ бүхий дугуй нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлж ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу 370.000.000 төгрөгийг худалдагч болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний дансаар шилжүүлж нийт 195.435.000 төгрөгийн үнэ бүхий дугуй нийлүүлсэн ба талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний дагуу нийт 565.435.000 төгрөгийн үүргийг биелүүлж худалдагч талд хүлээлгэн өгсөн байна. Гэтэл худалдагч нь гэрээний дагуу нийт 497.067.358 төгрөгийн арматур төмөр буюу цувимал бүтээгдэхүүн нийлүүлж, үлдэх 68.367.642 төгрөгийн арматур төмөр нийлүүлэх үүргийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үлдэгдэл арматур төмрийг нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй нийлүүлнэ гэдэг байсан ч сүүлдээ хариуцах эзэнгүй болж өмнөх албан тушаалтнууд нь солигдсон гэх нэрийдлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийгээд байна. Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, мөн манай “Хурд Интернэшнл” ХХК нь уг гэрээний дагуу арматур төмөр авах шаардлагагүй болж хэрэгцээ шаардлага нь өнгөрсөн тул “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас аваагүй төмрийн үнэ буюу илүү төлсөн 68.367.642 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас:

  ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан “Хурд Интернэшнл” ХХК-ний гаргасан хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас 68.367.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК-ний захирал Б.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Хурд Интернэшнл” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1-1/2068-13 дугаартай “Тулган баталгаажуулах тухай” актаар манай компанид нийт 68.637.642 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн. Уг албан бичигт энэ нь төлбөрийн нэхэмжлэх биш, харин талуудын бие биедээ өгөх өглөг, авлагыг баталгаажуулах хүсэлтийн талаар тодорхой дурдсан байгаа нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь манай компанид өглөгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг хангалттай нотлох баримт юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульд тус тус заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлын  зарим хэсгийг хангах  хуулийн үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК,  хариуцагч  Дарханы төмөрлөгийн үйлдвэр  ХК-д холбогдуулан   2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  ЦБ-2010-13 тоот  гэрээний  дагуу төлсөн  68.367.642  төгрөгийг   гаргуулахаар  шаардсаныг, 

Хариуцагч  эс зөвшөөрч  ...гэрээний үүрэгтэй  холбоотой  хөөн  хэлэлцэх хугацаа дууссан тул  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...  гэж  маргажээ.

            Шүүх  зохигчдын хооронд 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах  гэрээ  байгуулагдсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэр  ХК-ний  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1-1\2068-13 дугаартай “Тулган баталгаажуулах тухай”  албан бичиг нь ...,   хөөн хэлэлцэх хугацааг  түр зогсоох, тасалдуулах, зэрэг  эрх зүйн ач холбогдол  бүхий баримт болж чадахгүй ...,   ... Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.1-д  заасан  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн ...  гэж  дүгнэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  байна.

            Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр  “Хурд Интернэшнл” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн  хооронд байгуулагдсан  2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  АГ-2010-07 \ х.х-5 дугаар тал\, ЦБ-2010-13  \х.х-9 дүгээр тал\  тоот гэрээнүүдийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь уг хоёр гэрээний талаар  маргаагүй,  шүүх  зохигчдын хооронд  худалдах, худалдан авах гэрээний харилцаа  үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

             Харин  шүүх   гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага  гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх хоёр гэрээний үүрэгт худалдагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь  нийт 690.460 тонн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “Хурд Интернэшнл” ХХК  нь  арматурын үнэ 168.185.000 төгрөгт тооцож  363  ширхэг дугуй  нийлүүлэх, 392.710.170 төгрөгийг бэлнээр төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээний хугацаанд худалдагч нь 605.982 тонн арматур нийлүүлж, 84.478 тонн арматур төмөр нийлүүлээгүй,худалдан авагч нь  370.000.000  төгрөгийг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”  ХК-ийн  дансанд  шилжүүлсэн, 195.435.000 төгрөгийн дугуй  нийлүүлсэн  байна.

Тус гэрээний   үүрэгт  гүйцэтгээгүй  үүргийн  хэмжээг  хэргийн  зохигчид  68.367.642 төгрөг  гэж   тайлбар  гаргасан нь   нотлох баримтаар  тогтоогджээ.

Иргэний хуулийн  74 дүгээр зүйл “Хөөн хэлэлцэх хугацаа”  75 дугаар зүйл  “Хөөн  хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа, 76 дугаар зүйл  “Хөөн хэлэлцэх хугацаа тоолох”,

Иргэний хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-д  “Хөөн хэлэлцэх хугацааг  шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”,  76.2-т  “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь  эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан,  түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу  эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх  “Хурд Интернэшнл” ХХК  худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хуульд заасан хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан  гэж  Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтыг  үндэслэл  болгосон нь   зарим шаардлагын тухайд учир дутагдалтай болжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг зөв тоолоход  уг хугацаа хэдийд эхэлж буйг зөв тогтоох нь хэрэг  шийдвэрлэхэд  ач холбогдолтой.

Арилжааны  гэрээний  7.1-д  Гэрээний үйлчлэх  хугацааг  2010 оны 03 дугаар сарын  10-ны өдрөөс  2010  оны 03 дугаар сарын  31 өдөр хүртэл гэж  байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг  2010 оны  04 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн тоолно,   цувимал  бүтээгдэхүүн   худалдах, худалдан авах гэрээний  9.1-д  Гэрээний үйлчлэх хугацааг  2010 оны  05 дугаар сарын  01-ний өдөр буюу бүтээгдэхүүн  нийлүүлж  дуусах хүртэл гэсэн нь  хоёр өөр өөр хугацааг  илэрхийлсэн гэж  үзэхээр байна. Үүнд: Нэгдүгээрт 2010 оны 05 дугаар сарын 01, Хоёрдугаарт   бүтээгдэхүүн нийлүүлж дуусах хүртэл  гэсэн   байх тул  нэхэмжлэгчийн шаардах эрх тус хоёр хугацаанаас  хамаарна гэж ойлгогдож байна.

Иймд Арилжааны гэрээний  үүргийн биелэлтийг  хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 04 дүгээр сарын 01-нд  дууссан учир  анхан шатны шүүхийн  дүгнэлтийн  энэ   хэсэгт буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим 45.657.472  төгрөгийн  шаардлагыг  хэрэгсэхгүй  болгоход  тохирсон болно.

Харин  ЦБ-2010-13 тоот гэрээний  үүргийн   шаардах  эрхийн хөөн хэлэлцэх хугацааг  хэтрүүлээгүй гэж  үзэв.

Гэрээний  3.1-т Худалдаж авах  бүтээгдэхүүний тооцоог  урьдчилан худалдагчтай хийнэ. 3.2-т  Худалдагчаас бүтээгдэхүүн шилжүүлэх  хугацааг  мэдэгдсэнээс хойш  1 хоногийн дотор  бүтээгдэхүүнийг хүлээж авна гэжээ.

Үүнээс үзвэл  худалдагч  нь эхэлж  худалдан авагчид  бүтээгдэхүүн хүлээж ав гэдгийг мэдэгдэх  үүрэгтэй байсан  энэ  үүргээ  биелүүлээгүйд  нэхэмжлэгчийг  буруутгах  хууль зүйн үндэслэл  байхгүй.

Гэрээний үйлчлэх хугацаа ийнхүү бүтээгдэхүүн нийлүүлж дуусах хүртэл гэж тодорхойлсон бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэхийг шаардахад ерөөсөө хариу өгөөгүй гэсэн тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй байна.

Мөн хариуцагч тал 68.000.000 төгрөгийн өглөгтэй гэдгийг санхүүгийн баримтад тусгаж байсан нь “Тулган баталгаажуулах” тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1-1/2068-13 тоот албан бичигт /хх 81дүгээр тал/ тусгагдсан ба үүгээрээ өглөгөө зөвшөөрч байсан гэдгийг хожим үүсэх маргаанд ач холбогдолтой гэж  үзэх үндэслэлтэй.

Эдийн засгийн хөгжлийн  яам,  “Кью Эс Си” ХХК-ийн   хооронд байгуулсан  Уул  уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг  хэрэгжүүлэх концессын гэрээний   3.6-д  “Концесс  эзэмшигч нь  гэрээнд  заасны дагуу   ДТҮ-ийг  эзэмших, ашиглах  эрхийг шилжүүлэн авснаар   тус  компанийн эрх, үүргийг  хэрэгжүүлэх  залгамжлагч болно.”  \х.х-ийн  61 дүгээр тал\ гэж байгаа тул  төлбөрийг  хариуцуулах  боломжтой.

ЦБ-2010-13  тоот гэрээний  төсөв 392.710.170  төгрөг  ба “Хурд Интернэшнл” компаниас 370.000.000 төгрөг шилжүүлсэн талаар  хариуцагч маргаагүй  тул    нийлүүлээгүй  хэмжээ  буюу  22.710.170 төгрөгийг  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”  ХК-аас  гаргуулахаар  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас  22.710.170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хурд Интернэшнл” ХХК-д олгож,  45.657.472 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар  заалтад,  “...499.790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271.505 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  499.790 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

              

                                         

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ                              

                                ШҮҮГЧИД                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ