Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1827

 

 

 

                            2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/01827

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, нарны зам 60, 75 тоотод оршин байрлах “Винсроуд” ХХК /РД:6365906/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2,4 тоотод оршин байрлах “Мон сино транс” ХХК /РД:6240887/-д холбогдох

20,845,314.75 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

5,683,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангэрэл, А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Винсроуд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөх нүүрс тээврийн үйлчилгээний хөлс нийт 15,203,370 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алданги нийт 5,641,944.75 төгрөгийн хамт буюу нийлээд 20,845,314.75 төгрөгийг хариуцагч “Мон сино транс” ХХК-иас гаргуулах тухай. Нэхэмжлэгч “Винсроуд” ХХК болон хариуцагч “Мон сино транс” ХХК нарын хооронд 27 тоот “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “Мон сино транс” ХХК-тай байгуулсан дээрх нүүрс тээврийн гэрээний дагуу 2018 оны 11 сарын 26-ны өдөр гүйцэтгэсэн 2 автомашины рейсийн төлбөр 13,293 юань буюу 5,184,270 төгрөг, 2018 оны 11 сарын 29 өдрийн 2 автомашины рейсийн төлбөр 12,725 юань буюу 4,962,750 төгрөг, 2018 оны 12 сарын 12 өдрийн 2 автомашины рейсийн төлбөр 12,965 юань буюу 5,056,350 төгрөгийн тээврийн үйлчилгээний хөлс одоог хүртэл огт төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна. Мөн 2018 оны 11 сарын 26 өдөр гүйцэтгэсэн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 5,184.27 юань буюу 2,021,865.3 төгрөг, 2018 оны 11 сарын 29 өдрийн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 4,848.225 юань буюу 1,890,807.75 төгрөг, 2018 оны 12 сарын 12 өдрийн 2 автомашины рейсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 4,434.03 юань буюу 1,729,271.7 төгрөг болсон байна. Иймд Мон сино транс ХХК-тай байгуулсан “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”- ий дагуу гүйцэтгэсэн нүүрс тээврийн үйлчилгээний хөлс 15,203,370 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алданги нийт 5 641,944.75 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

“Винсроуд” ХХК нь хариуцагч “Мон сино транс” ХХК-аас нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,845,314.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан билээ. Манай компани анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсний алдангийг 2019 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байсан бөгөөд энэ хугацаанаас хойш 2019 оны 06 сарын 11 -ны өдрийг хүртэлх нийт 62 хоногийн алдангийг нэмж нэхэмжилж байна. 2019 оны 04 сарын 10-ны өдөр алданги тооцохдоо эхний тээврийн төлбөр төлөх хугацаанаас 130 хоногоор, 2 дахь тээврийн төлбөр төлөх хугацаанаас 127 хоногоор, 3 дахь тээврийн төлбөр төлөх хугацаанаас 114 хоногоор тус тус тооцон нэхэмжилсэн байсан. Эхний тээвэрлэлт буюу 2018 оны 11 сарын 26-ны өдөр нүүрс буулгасан 2 машины тээврийн төлбөр 13293 юанийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 39.879 юань болох ба үүнийг 62 хоногоор тооцоход 2,472.498 юань буюу 948,153.533 төгрөг; /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Хоёр дахь тээвэрлэлт буюу 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 2 машины тээврийн төлбөр 12725 юаниас 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 38.175 юань болох ба 62 хоногоор тооцоход 2,366.85 юань буюу 907,639.638 төгрөг; /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Гурав дахь тээвэрлэлт буюу 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 2 машины тээврийн төлбөр 12965 юаниас 0.3 хувиар алданги тооцоход нэг хоног ногдох алдангийн хэмжээ 38.895 юань болох ба 62 хоногоор тооцоход 2,411.49 юань буюу 924,758.185 төгрөг /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ тус тус болж байгаа бөгөөд нийт нэмэгдүүлж буй алдангийн хэмжээ 7,250.838 юань /2,472.498+2,366.85+2,411.49/ буюу 2,780,551.36 төгрөг болж байна. /2019 оны 06 сарын 11-ны өдрийн ханшаар 1 юань = 383.48 төгрөг/ Иймд хариуцагч “Мон сино транс” ХХК-аас нэхэмжилж буй нүүрс тээвэрлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг 7,250,838 юань буюу 2,780,551.36 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган манай компанид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн захиралтай уулзсан. Одоо ажил гүйцэтгэх гэрээ гэж байгаа боловч нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. Тухайн үед бид 11 сарын 20-нд очих байх гэж ярьж байсан боловч засвар хийгээд 11 сарын 24-нд уурхай дээр очсон. Энэ талаар хариуцагчийн захиралтай уулзаж ярьж байсан. Улмаар 25-нд ачилт хийж 26-нд хүргэж өгсөн. Зохигчид хотод байдаг бөгөөд уурхайн эзэмшигч нь Хятад компани байгаа. Хариуцагч нь хэлэхдээ уурхайгаас нүүрс тээвэрлээд Хятад талаас өгсөн бичгээр төлбөр төлнө гэж байсан. Тээврийн хөлс өгөхгүй байсан тул жолоочдоо цалин өгч чадаагүй. Тэгээд хэлэхэд түр хүлээж бай гээд дахиад 12 сард дахиж ачсан. Нүүрсийг 1 өдөрт тээвэрлэх боломжтой гэсэн нь боломжгүй юм. Зөвшөөрөл өгөх ёстой байсан гэдгийг ойлгохгүй байна. Уурхай дээр очоод Алтангэрэл гэдэг залуу ачуулсан тул зөвшөөрсөн гэж ойлгосон. Би анх удаа уурхай дээр очсон. 2 дугуй авсан, гэхдээ акт үйлдээгүй нэг бүрийг 670,000 төгрөгөөр тооцсон. Мөн  Сод монголоос түлш авсан. Дугуйг тээвэр хийхээс өмнө авсан тул яагаад зөвшөөрөлгүй авсан гэж байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч Алтангэрэл нь өөрөө очиж түлш авч өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлтийн хөлсөнд 15,203,370 төгрөг, алдангид 5,641,944.75 төгрөг, нийт 20,845,314.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нар нь нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. Үүний дагуу 2018.11.26-нд 2 машинаар нүүрсийг уурхайгаас хилийн наана хүргэж буулгасан. Энэ нь 13,293 юань буюу 5,184,270 төгрөг, 2018.11.29-ны өдөр 2 машинаар нүүрс тээвэрлэсний 4,962,750 төгрөг, 2018.12.12-нд 2 машинаар тээвэрлэж 12,965 юань буюу 5,056,350 төгрөг болсон. Эдгээр хөлс төлөгдөөгүй. Хугацаа хэтэрсэн тул гэрээнд зааснаар 0.3 хувийн алданги тооцож 2018.11.26-ний өдрийн тээвэрлэлтэд 2,021,865.30 төгрөг болон 948,153.53 төгрөг, 2018.11.29-ний тээвэрлэлтэд 1,890,807.75 төгрөг болон 907,639.63 төгрөг, 2019.12.12-ний тээвэрлэлт 1,729,271.70 төгрөг болон 924,758.18 төгрөг бөгөөд нийт 23,625,866 төгрөг нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад байгаа зөрүү болох төгрөгт хүрээгүй мөнгийг алдангиас хасаж байгаа. Иймд 23,625,866 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь тээврийн хөлсөө төлөөгүй, ажлаа гүйцэтгэж бай гэсэн. Улмаар манай компаний нэрээр түлш авч бай гэж хэлсэн байдаг. Үүний дагуу хариуцагчийн төлөөлөгчийн зааварчлагааны дагуу түлш авсан. Энэ талаар маргаагүй, харин тээврийн хөлснөөс суутгаж тооцох байсан. Ажлын төлбөрөө төлөөгүй байсантай холбоотой. Хэрэв бидний зөвшөөрөлгүйгээр эрүүгийн шинжтэй түлш авсан бол бидний өмнөөс төлбөрийг төлөхгүй байсан байх. Түлшний үнийг зөвшөөрч байгаа. Дугуй элэгдсэн байсан тул 2 дугуй авсан. Дугуй тус бүрийг 670,000 төгрөгөөр тооцож авсан тул 2 дугуй нь 1,340,000 төгрөг болох ба үүнийг зөвшөөрнө. Сөрөг нэхэмжлэлээс нийт 5,268,200 төгрөгийг зөвшөөрнө.  Харин аккумлятор аваагүй.тул үлдэгдэл 415,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээг цуцалсан гэж байна. Гэтэл энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Хөлсөө төлөхгүй байсан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан. Зөвшөөрөлгүй тээвэр хийсэн гэж байна Гэтэл зөвшөөрөлгүй бол ачилт хийх боломжгүй. Тооцоо нийлсэн актыг гэрэл зургаар өгсөн байгаа юм. Хятад талаас мөнгөө авсан эсэх нь баримтгүй. Мөнгөө авчихаад бидэнд төлөхгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “Мон сино транс” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Винсроуд” ХХК-ийн 2019 оны 05-р сарын 01-ний өдрийн 19/02 тоот нэхэмжлэхтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. “Мон сино транс" ХХК болон “Винсроуд” ХХК-ийн хооронд 2018 оны 11-р сарын 17-ны өдөр нүүрс тээврийн 27 тоот гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэхдээ “Винсроуд" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гэрээний гол заалтуудыг биелүүлээгүй учир уг гэрээг захиалагч тал дангаар шийдэж шууд цуцалсан ба нэхэмжлэхийг хүлээж авах үндэслэл боломжгүй болохыг гэрээний дараах үндсэн заалтууд дээр тайлбарлан өгч байна. Үүнд:

1. “Винсроуд” ХХК нь Гэрээний 2.5-д заасан 2018 оны 11-р сарын 20-ны өдөр ажилд гаралгүй харин 11-р сарын 26-ны өдөр ажилд гарсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан байна. Нэг ёсондоо гэрээнд заасан хугацаанаасаа 6 хоногийн дараа ажилд гарсан байжээ гэж харагдаж байна. Гэрээний 2.5-д заасан хугацаанд гүйцэтгэгч ажилд гараагүй /албан ёсоор манай компанид мэдэгдээгүй/, Гэрээний 12.4 заалт /ажилд гарах өдрөөс 5-с дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд захиалагч гэрээг дангаар цуцлах эрхтэй/. Иймд захиалагч тал уг гэрээг дангаар хүчингүйд тооцон цуцалсан.

2. Гэрээний 2-р зүйлийн 2.1-д заасан заалтын дагуу нүүрс ачих, зөөж буулгах ажлыг Захиалагчийн шууд хяналтын дор гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөр барахгүй ямар нэг тооцоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй. /Манай компанийн нэр дээр тээвэр хийж байгаа машинуудтай тооцоо нийлж баримт үйлддэг тодорхой журам байдаг бөгөөд тамга тэмдэг бүхий баримт үйлддэг./

3. Мөн гэрээний 3-р зүйлд заасан тээврийн хэрэгсэл түүний хүчин чадал, ашиглалтын шаардлага бүхэлдээ зөрчигдсөн. Гэрээний 4.1-д заасан ээлжийн жолооч байхгүй. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох Гэрээний 4.6 болон 4.7-р заалт зөрчигдсөн. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох гэрээний /5.2.4/, /8.6/-р заалтад заавал суурилуулагдахаар шаардсан тээврийн хэрэгсэлд байршуулах GPS төхөөрөмж байрлуулаагүй.

4. Гэрээний 6.1 заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн тээврийн тооцоо болох 15,203,370 төгрөгийг “Мон Сино Транс” XX компанитай тооцоо нийлсэн акт огт үйлдээгүй. Мөн гэрээний 8.2-т заасан захиалагчийн төлөөлөгчөөс зөвшөөрөл авч ажилд гараагүй.

5.         Гэрээний 12-зүйлийн 12.2-д зааснаар уг гэрээний 2.2-т заасан захиалагчийн шаардлага үр дүнг үзүүлээгүй учир захиалагч гүйцэтгэгчид ямар нэгэн ажлын хөлс болон түүний үлдэгдлийг төлөхгүй байхаар заасан байгаа. Гэрээний 2.2-р заалтад сард 16-с доошгүй удаа тээвэр гүйцэтгэх ёстой.

Манай компани болон нүүрс зөөлгөж байгаа Хятад улсын компани хоорондын байгуулсан гэрээнд тодорхой тооны машиныг тогтмол явуулж байхаар заасан байдаг. Гэрээнд зааснаар тогтсон тооны машинаар үйлчилгээ үзүүлэхийн тулд “Винсроуд” XX Компанид итгэн тус компанийн 2 машиныг 6 сарын хугацаатайгаар тээвэрт явуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж бид хятадын компанитай байгуулсан гэрээний заалтаа зөрчиж үүний улмаас өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирч яваа болно. Мөн “Винсроуд” ХХК нь өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй манай компанийг давхар давхар хохироосон ба гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд ямар нэгэн албан ёсны мэдэгдэл, шаардлага, албан тоот хүргүүлж байгаагүй тул төлбөр тооцоо, хохирол, алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Винсроуд” XX компанийн нэхэмжлэлийн дагуу Манай компани санхүүгийн баримт бичигт олон удаа нягтлан тулгалт хийсэн боловч тус компанитай тооцоо нийлсэн төлбөрийн хариуцагч болохыг нотлох баримт олдоогүй ба харин эсрэгээр манай гэрээт байгууллага болох “Сод монгол” ШТС-аас үүрэн холбооны холбогдох боломжгүй байдал болон компанийн Лого-г ашиглаж 3,928,200 төгрөгийн түлш зээлээр авч явсан ба компанийн кэмпээс 2ш дугуй болон 1ш аккумулятор зээлээр авсан нь тогтоогдоод байна. Бид өөрийн компанийн хохирлыг бүрэн тогтоолгож баримтаа бүрдүүлж тус компаниас албан ёсоор нэхэмжлэх болно. “Винсроуд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч “Винсроуд” ХХК-ийн зүгээс 2019 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээнд заасан ажлын үр дүнг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүйгээс болж манай компанийн зүгээс хохирол амссан нөхцөл байдалтай байгаа билээ. Тодруулбал, Талуудын хооронд байгуулагдсан “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийж, захиалагчтай тооцоо нийлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, дур мэдэн компанийн лого-г ашиглан харилцагч байгууллагаас зээлээр түлш авсан зэрэг үйлдлүүдийг нэхэмжлэгч “Винсроуд” ХХК нь гаргасан байдаг. Иймд манай компани тээвэрлэлтийн хөлс болон алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мон сино транс” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Мон Сино Транс” ХХК болон хариуцагч “Винсроуд” ХХК нарын хооронд 27 тоот “Нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г 2018 оны 11 сарын 17- ны өдөр байгуулсан нь үнэн болно. Тус компани нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, ажил үүргээ биелүүлэх гэж байна гээд манай компаниас тээврийн хэрэгслийн дугуй, аккумлятор авсан, компанийн нэр барьж “Сод монгол”-ын колонкоос бензин авсан байх тул хохирлыг гаргуулахын тулд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “Винсроуд” ХХК нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа тээвэрлэлт хийх талбайд ирээгүйгээс гадна бүрэн бус тээврийн хэрэгсэл /Хол замд тээвэр хийх хүнд даацын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагатай дугуй муу, нөөц дугуйгүй зэрэг/-ээр тээвэр хийхээр ирсэн байсан тул тухайн үед манай компанийн зүгээс 2ш /хоёр/ шинэ дугуй, 1ш аккумулятор зэргийг гэрээний 10.3-г үндэслэн дараа төлөхөөр баримт бичиг хийж зээлээр өгсөн болно. “Винсроуд” ХХК нь гэрээний 5.2.5 заасныг ашиглан манай компанийн харилцагч байгууллага болох “Сод Монгол” ШТС-с нийт 1571,28 литр түлш зээлээр авсан. Мөн гэрээний 6.1-д заасныг зөрчин тооцоо нийлсэн акт үйлдээгүй зэрэг манай байгууллагын нэрийг ашигласан үйлдлүүдээ бидэнд мэдэгдээгүй зэрэг нь биднийг хохироосон үйлдэл юм. Иймд “Мон Сино Транс” ХХК нь “Винсроуд” ХХК-с хоёр дугуйн үнэ 1,500,000 төгрөг, 1571,28л түлшний үнэ 3,928,200 төгрөг, нэг ширхэг аккумуляторийн үнэ 255,000 төгрөг. Нийт 5,683,200 төгрөгийг “Винсроуд” ХХК-с нэхэмжлэж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Винсроуд” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тус сөрөг нэхэмжлэл нь манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний болон хариуцагч “Мин соно транс” ХХК нь ажлын дүнг хүлээн авсны нэг нотолгоо болж байна. Учир нь: “Винсроуд” ХХК болон “Мон сино транс” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба компанийн төлөөллүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, нэмэлт тоноглол хийх зорилгоор гэрээнд заасан хугацааг 4 хоногоор хойшлуулан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар аймагт байрлалтай уурхайд манай 2 тээврийн хэрэгсэл очиж, захиалагчийн зааврын дагуу нүүрсийг тээвэрлэн заасан газарт 2018 оны 11 сарын 26-ны хүргэж буулгасан юм. Ийнхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад Сүхбаатар аймгийн төв Баруун Уртаас уурхай хүртэлх зам нь бартаа ихтэй, шороон зам байсан учир хариуцагч талын байрлаж буй кэмпэд очиход манай тээврийн хэрэгслийн дугуй элэгдсэн байсан. Иймд “Винсроуд” ХХК-ийн менежер И.Мягмарсүрэн миний бие “Мон сино Транс” ХХК-ийн кэмпийн менежер Х.Алтангэрэлтэй уулзаж тус кэмпэд бэлэн байсан 2 ширхэг дугуйг тус бүрийг нь 670,000 төгрөгөөр тооцон, рейс хийх төлбөрөөс хасаж тооцох нөхцөлтэйгөөр худалдан авсан. Тухайн үед дугуйг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй ба хариуцагч талаас шүүхэд 750,000 төгрөгөөр үнэлж зарсан мэт зарлагын баримтыг гаргаж өгсөн нь өөрсдөө нөхөж хийсэн хуурамч гарын үсэгтэй баримт байгаа тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Түүнчлэн “Мон сино транс” ХХК нь манай компанид төлөх төлбөрөө “нүүрсийг уурхайгаас тээвэрлэн хилийн наана орших буулгалтын талбайд хүргэн өгсний дараах өдөр, хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын эхний өдөрт” шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч “Мон сино транс” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн манай компанийн эхний тээврийн төлбөрийг шилжүүлэлгүй, уурхайгаас төлбөр орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж, захирал Ц.Анарзул нь манай компанийн менежер И.Мягмарсүрэнтэй уулзан “тун удахгүй төлбөр шилжин орноо, санаа зоволтгүй, хилийн наана орших Сод Монголоос түлшээ манай компанийн нэрээр зээлэн аваад тээврээ хийж бай” гэсэн тул тус компанийн кэмп менежер Х.Алтангэрэл нь Сод Монгол шатахуун түгээх станц руу очиж уулзан манай компанийн 2 тээврийн хэрэгсэлд түлш хийлгэж өгсөн юм. Харин манай компани хариуцагч талаас аккумулятор аваагүй тул сөрөг нэхэмжлэлд дурдсан аккумуляторын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн манай төлбөрийг хугацаанд нь төлсөн бол бид авсан 2ш дугуй болон түлшний мөнгийг тухайн үед нь төлөх байсан ба одоо ч хариуцагч талаас ажлын хөлсөө авбал төлөх болно. Захиалагч тал эхний ажлын төлбөрийг төлөөгүй байхад ч бид хамтын ажиллагаагаа хүндэтгэж, “Мон сино транс” компанийн захирал Ц.Анарзулын хүсэлтээр дахин 2 удаа тээвэр хийн, нийт 3 удаа тээвэр хийсэн болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 дугуйны төлбөр 1,340,000 төгрөг, 1571,28л түлшний үнэ 3,928,000 төгрөг, нийт 5,268,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулахад татгалзах зүйлгүй бөгөөд аккумуляторын үнэ гэсэн 255,000 төгрөг, 2 дугуйны төлбөрөөс 160 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх 415,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч А.Анхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд зөшөөрөхгүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2018.11.17-ны өдрийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн тул захиалагч гэрээг цуцалсан. Гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь ажлыг хүлээлгэж өгөх, захиалагч нь хүлээн авах үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ажлыг хүлээлгэж өгөөгүй. Тооцоо нийлсэн баримтгүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Мөн гэрээний 2.1-д захиалагчийн хяналт доор ажил гйүцэтгэхээр заасан. Захиалагчийн зөвшөөрлөөр гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. Б чиглэлд тээвэрлэлт хийсэн. Гэрээнд ажлыг 20-нд эхлэх байсан боловч ажлыг 26 нд эхэлсэн байна. Гэрээнд зааснаар 5 хоног хэтрүүлж зөвшөөрөл авалгүйгээр, хяналтгүйгээр тээвэрлэсэн. Иймд хариуцагч нь хөлс төлөх үндэслэлгүй. Гэрээний 12.2-т зааснаар ажлыг хүлээлгэж өгөөгүй бол ажлын хөлс төлөхгүй гэж заасан байдаг. 6.1-д талууд өдөр бүр ажлын үр дүнг тооцож акт үйлдэхээр заасан. Улмаар хятад талаас төлбөр хийснээр бид төлбөр төлөх байсан. Гэтэл ингэж тооцоо хийгээгүйгээс бид бас хятад талаас төлбөр авч чадахгүй хохирч байна. Баримт нь хятад тал хүлээж авч байгаа баримт гаргаж байна. Энд хилийн тамга тэмдэг байхгүй. Уг баримтаар хөлс болон алданги төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 358.1-д зааснаар энэ нь тээвэрлэлтийн гэрээ биш юм. Ажлын үр дүнгийн гэрээ яригдаж байна. Гэрээн дээр зөвшөөрөл авахаар заасан байгаа. 8.2-т энэ талаар заасан. Бичгээр зөшөөрөл авах байсан. Зөвшөөрлөө аваад дараа нь уурхайд очиж ачилт хийх байсан.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2 ширхэг дугуй 1 500 000 төгрөг, 1 571.28 литр түлшний үнэ 3 928 200 төгрөг, аккумлятор 255 000 төгрөг, нийт 5 683 200 төгрөг нэхнэ. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 3-т машинд тавигдах шаардлагыг тавьсан. Бүрэн бус машинтай тээвэрт гарсанаас болж хариуцагчаас сэлбэг хэрэгсэл зээлээр авсан. Мөн хариуцагчийн лого машин дээр байгаа тохиолдолд түлшийг нийлүүлэгчээс зээлээр авдаг. 5.2-т түлшний зардлыг гүйцэтгэгч хариуцах байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр зээлээр түлш авсан байдаг. Нэхэмжлэгч нь түлш болон дугуйний төлбөрийг зөвшөөрсөн. Харин аккумляторын баримт нь хэрэгт байгаа юм. иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Гол нь зөвшөөрөл аваагүй бөгөөд ажлын үр дүн гэж ярьж байгаа. Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч юм. Жинхэнэ захиалагчид ажлыг хүлээлгэж өгөөд бидэнтэй тооцоо нийлэх байсан. Иймд бид үнэхээр хятад талд ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй. Иймд бид ч гэсэн ажлын хөлс аваагүй. Уурхайгаас нүүрс авахын өмнө гэрээнд зааснаар зөвшөөрөл авах ётсой. Харин уурхайгаас зөвшөөрөлтэй аваад явсан гэдгээр зөвшөөрөлтэй гэж үзэхгүй. Гэрэл зураг гэж байгаа баримтыг авч ирж тооцоо хийгээгүй. Нэхэмжлэгч нь бидэнтэй ажил гүйцэтгэсэн тооцоогоо хийсэн бол бид хятад талтай тооцоо нийлэх боломжтой байсан гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 дугуйны үнийг нэмсэн гэж байна. Дугуйнд элгэвч болон олгой хаймар гэж байдаг. Энэ нь 75,000 төгрөг болох тул дугуйны үнэ өссөн. Түлшний хувьд бид Сод монголтой гэрээтэй манайд тухайн үед 24 машин явдаг бөгөөд тухай бүр бид очих боломжгүй. Тухай бүр машин дээр лого нааж өгч явуулж түлш олгуулдаг байсан. Аккумляторыг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй тул үнийн дүнг бууруулж нэхсэн байгаа. Зөвшөөрөл аваагүй гэдэг нь би өөрөө бичиг хийж өгөөд уурхайгаас ачилт хийдэг. Эхний удаа зөвшөөрөл өгөөд явуулахад баримтаа авчирч тооцоо хийгээд дараагийн зөвшөөрлөө авах байсан боловч аваагүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Винсроуд” ХХК нь гэрээний төлбөрт 15,203,370 төгрөг, алдангид 8,422,496.11 төгрөг, нийт 23,625,866.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 23,625,866 төгрөг гэж тодруулсан.

 

            Хариуцагч “Мон сино транс” ХХК нь нүүрс тээвэрлэсэн эсэх талаар маргаагүй боловч гэрээнд заасны дагуу зөвшөөрөл аваагүй, тооцоо хийж акт үйлдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Улмаар ажил гүйцэтгэх явцад авсан гэх 2 ширхэг дугуйны төлбөрт 1,500,000 төгрөг, түлшний төлбөрт 3,928,200 төгрөг, аккумляторын төлбөрт 255,000 төгрөг, нийт 5,683,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Зохигчийн хооронд нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэсэн нэртэй 27 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 5-8 дугаар тал/ Энэхүү гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Гэрээнд байгуулагдсан огноо бичигдээгүй боловч гэрээний 2.4-т зааснаар гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэж үзэхээр байна. Мөн зохигч, тэдгээрийн төлөөлөгч дээрх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх гэрээг тээвэрлэлтийн гэрээ гэж тайлбарласан боловч гэрээний удиртгал хэсэг болон ерөнхий агуулга, зохигч тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангэрэл нь шүүх хуралдаанд “гэрээнд заасан хугацааг хэтрүүлж уурхай дээр 2 машин ирсэн бөгөөд эхний ачилтыг зөвшөөрөлтэйгөөр хийсэн. Харин буцаж тооцоо хийгээгүй, дараагийн 2 ачилтыг зөвшөөрөлгүй хийсэн” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

            Хариуцагч нь шүүхэд нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэдэг бусад этгээдийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой жишиг гэх баримт ирүүлжээ. /хэргийн 42-44 дугаар тал/ Эдгээр баримт нь нэхэмжлэгчээс шүүхэд гэрэл зургаар ирүүлсэн 6 удаагийн ажил гүйцэтгэлийн гэх баримт /хэргийн 75-80 дугаар тал/-тай адил байх бөгөөд хариуцагч тал үүнийг үгүйсгэж мэтгэлцээгүй, өөрөөр хэлбэл ижил баримт гэдгийг зөвшөөрч байна. Улмаар энэхүү баримтыг үндэслэж үйлддэг тооцоо нийлсэн акт гэх баримт /хэргийн 45 дугаар тал/ нь нэг тал буюу хариуцагч талаас үйлдсэн баримт гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь дээрх ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан баримтын огноо нь ажлыг гүйцэтгэсэн гэх зохигчийн тайлбарт дурдсан хугацаатай тохирч байна.

            Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч нь 2 машинаар тус бүр 3 удаа буюу нийт 6 удаа нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Мөн уг ажлыг гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь 6 удаагийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч холбогдох ханз үсгээр бичсэн баримтыг эх хувиар нь хариуцагчид өгөөгүй, харин баримтын гэрэл зургийг цахим хэлбэрээр явуулсан гэж тайлбарласан. Хариуцагч нь холбогдох баримтыг эх хувиар нь гаргаж, тооцоо нийлээгүй гэж маргасан боловч нэгэнт ажил гүйцэтгэгдсэн байх тул баримтыг олгоогүй нь ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хуульд зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй тул уурхайгаас нүүрс ачуулах бүрдээ өмнөх тооцооны баримтыг шаардан авах үүрэгтэй байжээ. Иймд хариуцагчид гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мягмарсүрэн нь нүүрсийг тээвэрлэж, улмаар хилийн наана Бичигтийн боомтод заасан газар буулгасан гэж тайлбарласан тул гэрээний 1.1-д зааснаар В гэсэн чиглэлд ажлыг гүйцэтгэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно. Зохигчид гэрээний 5.1-д зааснаар В гэх чиглэл хийх тээвэрлэлтийн ажлыг хөлсийг 1 рейс буюу ачилт тутамд 105 юань байхаар тохиролцсон байна. Үүнээс тооцвол хариуцагч нь 6 удаагийн ачилтад нийт 630 юань төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд юань төгрөгийн харьцах ханшийг 390 төгрөгөөр тооцсон байна. Нэхэмжлэгч нь ханшийн лавлагааг шүүхэд ирүүлээгүй боловч нэгэнт нээлттэйгээр цахим хуудсанд тараагдсан тул нийтэд илэрхий баримт гэж үзэж нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны зарласан ханшийг үзвэл 1 юань нь 392.44 төгрөгтэй тэнцэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд юань төгрөгийн харьцах ханшийг нэхэмжлэгчийн гаргасан 390 төгрөгөөр тооцож, хариуцагчийн төлөх 630 юанийг төгрөгт шилжүүлбэл 245,700 төгрөг болох юм.

Гэрээний 12.1-д зааснаар зохигчид ажлын хөлс төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь ажлын хөлс төлөгдөөгүй тул сүүлийн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь үүнийг үгүйсгэж маргаагүй бөгөөд энэ хугацаанаас хойш дахин ажил гүйцэтгээгүй гэж хэн аль нь тайлбарласан.

Иймд зохигчдын хооронд гэрээний дагуу гүйцэтгэх ажил нь нэг удаагийн биш, үргэлжилсэн, давтагдах шинжтэй харилцаа байх тул алдангийг сүүлийн ажлыг гүйцэтгэсэн өдрөөс тооцох нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 139 хоног хэтэрсэн байна. Иймд хариуцагчийн төлөх 245,700 төгрөгнөөс алдангийг тооцвол нэг хоногт 737.10 төгрөг, 139 хоногт 102,456.90 төгрөгний алданги тооцогдоно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үндсэн хөлсөнд 15,203,370 төгрөг нэхэмжилсэн боловч алдангид 8,422,496.11 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 нийцэхгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 348,156.90 /245,700+102,456.90/ төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь 1,571.28 литр түлш авсан, улмаар 3,928,200 төгрөг төлөх ёстой эсэх талаар маргаагүй, төлөхийг зөвшөөрч байна. Иймд зохигчийн маргаагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дахин нотлохгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түлшний үнэ болох 3,928,200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв. Мөн дээрх түлшний үнийг хариуцагч төлсөн болох нь хэргийн 57 дугаар талд байх тодорхойлолт гэх баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг баримтын үнэн зөв эсэх талаар үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй.

Гэрээний 5.2-т зааснаар нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэх явцад автомашинд гарах болон бусад урсгал зардлыг гэрээний гүйцэтгэгч буюу хэргийн нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 ширхэг дугуй болон аккумляторт холбогдох төлбөр нь ажлыг гүйцэтгэсэн автомашин зарцуулагдсан зардал байна. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2 ширхэг дугуй авсан болон нэхэмжлэгчийн жолооч нар нь Ганбат болон Ганхуяг нэртэй байсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2 ширхэг дугуйг нэг бүрийг нь 670,000 төгрөгөөр авсан, аккумлятор аваагүй гэх тайлбар нь хэргийн 40 дүгээр талд байх 131 дүгээр зарлагын баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч нь Ганбат гэх жолоочийг ажиллуулж байсан байх бөгөөд дээрх 131 дүгээр баримтад зурагдсан Д.Ганбат гэсэн гарын үгсийг өөрийн жолоочийн гарын үсэг мөн эсэх талаар нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй. Түүнчлэн дээрх баримтаар нэхэмжлэгч буюу түүний жолооч нь 255,000 төгрөгний үнэлгээ бүхий автомашины аккумляторыг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн дугуй тус бүрийг 670,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх тайлбараараа нотлоогүйг дурдаж байна.

Иймд нэхэмжлэгч нь түлштэй холбогдох төлбөрийн талаар маргаагүй, нэг бүр нь 750,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг дугуй болон 255,000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг аккумлятор авсан болох нь баримтаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Мон сино транс” ХХК-с 348,156.90 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Винсроуд” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,277,709.10 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Винсроуд” ХХК-с 5,683,200 төгрөг гаргуулж, хариуцагч “Мон сино транс” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 321,650 төгрөг, хариуцагчийн 105,882 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,095 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 105,881 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 1 төгрөг тус тус гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНБОЛД