Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01530

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/01827 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МСТ” ХХК-д холбогдох

23 625 866 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5 683 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Шинэцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлтийн хөлсөнд 15 203 370 төгрөг, алдангид 5 641 944.75 төгрөг, нийт 20 845 314.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нар нь нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. Үүний дагуу 2018 оны 11 сарын 26-нд 2 машинаар нүүрсийг уурхайгаас хилийн наана хүргэж буулгасан. Энэ нь 13 293 юань буюу 5 184 270 төгрөг, 2018 оны 11 сарын 29-ний өдөр 2 машинаар нүүрс тээвэрлэсний 4 962 750 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-нд 2 машинаар тээвэрлэж 12 965 юань буюу 5 056 350 төгрөг болсон. Эдгээр хөлс төлөгдөөгүй. Хугацаа хэтэрсэн тул гэрээнд зааснаар 0,3 хувийн алданги тооцож 2018 оны 11 сарын 26-ны өдрийн тээвэрлэлтэд 2 021 865.3 төгрөг болон 948 153.53 төгрөг, 2018 оны 11 сарын 29-ний тээвэрлэлтэд 1 890 807.75 төгрөг болон 907 639.63 төгрөг, 2019 оны 12 сарын 12-ны тээвэрлэлт 1 729 271.7 төгрөг болон 924 758.18 төгрөг бөгөөд нийт 23 625 866 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад байгаа зөрүү болох төгрөгт хүрээгүй мөнгийг алдангиас хасаж байгаа. Иймд 23 625 866 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь тээврийн хөлсөө төлөөгүй, ажлаа гүйцэтгэж бай гэсэн. Улмаар манай компанийн нэрээр түлш авч бай гэж хэлсэн байдаг. Үүний дагуу хариуцагчийн төлөөлөгчийн зааварчилгааны дагуу түлш авсан. Энэ талаар маргаагүй, харин тээврийн хөлснөөс суутгаж тооцох байсан. Ажлын төлбөрөө төлөөгүй байсантай холбоотой. Хэрэв бидний зөвшөөрөлгүйгээр эрүүгийн шинжтэй түлш авсан бол бидний өмнөөс төлбөрийг төлөхгүй байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МСТ" ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нүүрс тээврийн 27 тоот гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэхдээ “В" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гэрээний гол заалтуудыг биелүүлээгүй учир уг гэрээг захиалагч тал дангаар шийдэж шууд цуцалсан ба нэхэмжлэхийг хүлээж авах үндэслэл боломжгүй болохыг гэрээний дараах үндсэн заалтууд дээр тайлбарлан өгч байна. Үүнд “В” ХХК нь гэрээний 2.5-д заасан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд гаралгүй харин 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилд гарсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан байна. Нэг ёсондоо гэрээнд заасан хугацаанаасаа 6 хоногийн дараа ажилд гарсан байжээ гэж харагдаж байна. Гэрээний 2.5-д заасан хугацаанд гүйцэтгэгч ажилд гараагүй /албан ёсоор манай компанид мэдэгдээгүй/, гэрээний 12.4 заалт /ажилд гарах өдрөөс 5-с дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд захиалагч гэрээг дангаар цуцлах эрхтэй/. Иймд захиалагч тал уг гэрээг дангаар хүчингүйд тооцон цуцалсан. Гэрээний 2-р зүйлийн 2.1-д заасан заалтын дагуу нүүрс ачих, зөөж буулгах ажлыг захиалагчийн шууд хяналтын дор гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөнөөр барахгүй ямар нэг тооцоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй. /Манай компанийн нэр дээр тээвэр хийж байгаа машинуудтай тооцоо нийлж баримт үйлддэг тодорхой журам байдаг бөгөөд тамга тэмдэг бүхий баримт үйлддэг./ Гэрээний 3-р зүйлд заасан тээврийн хэрэгсэл түүний хүчин чадал, ашиглалтын шаардлага бүхэлдээ зөрчигдсөн. Гэрээний 4.1-д заасан ээлжийн жолооч байхгүй. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох гэрээний 4.6 болон 4.7-р заалт зөрчигдсөн. Захиалагчийн төлөөлөгчийн тавьсан шаардлага болох гэрээний /5.2.4/, /8.6/-р заалтад заавал суурилуулагдахаар шаардсан тээврийн хэрэгсэлд байршуулах GPS төхөөрөмж байрлуулаагүй. Гэрээний 6.1 заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн тээврийн тооцоо болох 15 203 370 төгрөгийг “МСТ” XXК-тай тооцоо нийлсэн акт огт үйлдээгүй. Мөн гэрээний 8.2-т заасан захиалагчийн төлөөлөгчөөс зөвшөөрөл авч ажилд гараагүй. Гэрээний 12-зүйлийн 12.2-д зааснаар уг гэрээний 2.2-т заасан захиалагчийн шаардлага үр дүнг үзүүлээгүй учир захиалагч гүйцэтгэгчид ямар нэгэн ажлын хөлс болон түүний үлдэгдлийг төлөхгүй байхаар заасан байгаа. Гэрээний 2.2-р заалтад сард 16-с доошгүй удаа тээвэр гүйцэтгэх ёстой. Манай компани болон нүүрс зөөлгөж байгаа Хятад Улсын компани хоорондын байгуулсан гэрээнд тодорхой тооны машиныг тогтмол явуулж байхаар заасан байдаг. Гэрээнд зааснаар тогтсон тооны машинаар үйлчилгээ үзүүлэхийн тулд “В” XXК-д итгэн тус компанийн 2 машиныг 6 сарын хугацаатайгаар тээвэрт явуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж бид хятадын компанитай байгуулсан гэрээний заалтаа зөрчиж үүний улмаас өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирч яваа болно. Мөн “В” ХХК нь өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй манай компанийг давхар давхар хохироосон ба гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд ямар нэгэн албан ёсны мэдэгдэл, шаардлага, албан тоот хүргүүлж байгаагүй тул төлбөр тооцоо, хохирол, алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “В” XXК-ийн нэхэмжлэлийн дагуу манай компани санхүүгийн баримт бичигт олон удаа нягтлан тулгалт хийсэн боловч тус компанитай тооцоо нийлсэн төлбөрийн хариуцагч болохыг нотлох баримт олдоогүй ба харин эсрэгээр манай гэрээт байгууллага болох Сод монгол ШТС-аас үүрэн холбооны холбогдох боломжгүй байдал болон компанийн логог ашиглаж 3 928 200 төгрөгийн түлш зээлээр авч явсан ба компанийн кэмпээс 2 ширхэг дугуй болон 1 ширхэг аккумулятор зээлээр авсан нь тогтоогдоод байна. Бид өөрийн компанийн хохирлыг бүрэн тогтоолгож баримтаа бүрдүүлж тус компаниас албан ёсоор нэхэмжлэх болно. “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч “В” ХХК-ийн зүгээс 2019 оны 6 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээнд заасан ажлын үр дүнг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүйгээс болж манай компанийн зүгээс хохирол амссан нөхцөл байдалтай байгаа билээ. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийж, захиалагчтай тооцоо нийлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, дур мэдэн компанийн логог ашиглан харилцагч байгууллагаас зээлээр түлш авсан зэрэг үйлдлүүдийг нэхэмжлэгч “В” ХХК нь гаргасан байдаг. Иймд манай компани тээвэрлэлтийн хөлс болон алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “МСТ” ХХК болон хариуцагч “В” ХХК нарын хооронд 27 тоот нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 11 сарын 17-ны өдөр байгуулсан нь үнэн болно. Тус компани нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, ажил үүргээ биелүүлэх гэж байна гээд манай компаниас тээврийн хэрэгслийн дугуй, аккумулятор авсан, компанийн нэр барьж Сод монголын колонкоос бензин авсан байх тул хохирлыг гаргуулахын тулд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “В” ХХК нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа тээвэрлэлт хийх талбайд ирээгүйгээс гадна бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэр хийхээр ирсэн байсан тул тухайн үед манай компанийн зүгээс 2 ширхэг шинэ дугуй, 1 ширхэг аккумулятор зэргийг гэрээний 10,3-г үндэслэн дараа төлөхөөр баримт бичиг хийж зээлээр өгсөн болно. “В” ХХК нь гэрээний 5.2.5 заасныг ашиглан манай компанийн харилцагч байгууллага болох Сод монгол ШТС-с нийт 1571,28 литр түлш зээлээр авсан. Мөн гэрээний 6.1-д заасныг зөрчин тооцоо нийлсэн акт үйлдээгүй зэрэг манай байгууллагын нэрийг ашигласан үйлдлүүдээ бидэнд мэдэгдээгүй зэрэг нь биднийг хохироосон үйлдэл юм. Иймд “МСТ” ХХК нь “В” ХХК-иас хоёр дугуйн үнэ 1 500 000 төгрөг, 1571,28 литр  түлшний үнэ 3 928 200 төгрөг, нэг ширхэг аккумуляторийн үнэ 255 000 төгрөг. Нийт 5 683 200 төгрөгийг “В” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тус сөрөг нэхэмжлэл нь манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний болон хариуцагч “МСТ” ХХК нь ажлын дүнг хүлээн авсны нэг нотолгоо болж байна. Учир нь “В” ХХК болон “МСТ” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба компанийн төлөөллүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, нэмэлт тоноглол хийх зорилгоор гэрээнд заасан хугацааг 4 хоногоор хойшлуулан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар аймагт байрлалтай уурхайд манай 2 тээврийн хэрэгсэл очиж, захиалагчийн зааврын дагуу нүүрсийг тээвэрлэн заасан газарт 2018 оны 11 сарын 26-ны хүргэж буулгасан юм. Ийнхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад Сүхбаатар аймгийн төв Баруун Уртаас уурхай хүртэлх зам нь бартаа ихтэй, шороон зам байсан учир хариуцагч талын байрлаж буй кэмпэд очиход манай тээврийн хэрэгслийн дугуй элэгдсэн байсан. Иймд “В” ХХК-ийн менежер И.Мягмарсүрэн миний бие “МСТ” ХХК-ийн кэмпийн менежер Х.Алтангэрэлтэй уулзаж тус кэмпэд бэлэн байсан 2 ширхэг дугуйг тус бүрийг нь 670 000 төгрөгөөр тооцон, рейс хийх төлбөрөөс хасаж тооцох нөхцөлтэйгөөр худалдан авсан. Тухайн үед дугуйг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй ба хариуцагч талаас шүүхэд 750 000 төгрөгөөр үнэлж зарсан мэт зарлагын баримтыг гаргаж өгсөн нь өөрсдөө нөхөж хийсэн хуурамч гарын үсэгтэй баримт байгаа тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Түүнчлэн “МСТ” ХХК нь манай компанид төлөх төлбөрөө нүүрсийг уурхайгаас тээвэрлэн хилийн наана орших буулгалтын талбайд хүргэн өгсний дараах өдөр, хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын эхний өдөрт шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч “МСТ” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн манай компанийн эхний тээврийн төлбөрийг шилжүүлэлгүй, уурхайгаас төлбөр орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж, захирал Ц.Анарзул нь манай компанийн менежер И.Мягмарсүрэнтэй уулзан тун удахгүй төлбөр шилжин орноо, санаа зоволтгүй, хилийн наана орших Сод Монголоос түлшээ манай компанийн нэрээр зээлэн аваад тээврээ хийж бай гэсэн тул тус компанийн кэмп менежер Х.Алтангэрэл нь Сод монгол шатахуун түгээх станц руу очиж уулзан манай компанийн 2 тээврийн хэрэгсэлд түлш хийлгэж өгсөн юм. Харин манай компани хариуцагч талаас аккумулятор аваагүй тул сөрөг нэхэмжлэлд дурдсан аккумуляторын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн манай төлбөрийг хугацаанд нь төлсөн бол бид авсан 2 ширхэг дугуй болон түлшний мөнгийг тухайн үед нь төлөх байсан ба одоо ч хариуцагч талаас ажлын хөлсөө авбал төлөх болно. Захиалагч тал эхний ажлын төлбөрийг төлөөгүй байхад ч бид хамтын ажиллагаагаа хүндэтгэж, “МСТ” ХХК-ийн захирал Ц.Анарзулын хүсэлтээр дахин 2 удаа тээвэр хийн, нийт 3 удаа тээвэр хийсэн болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 дугуйны төлбөр 1 340 000 төгрөг, 1571,28 литр  түлшний үнэ 3 928 000 төгрөг, нийт 5 268 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулахад татгалзах зүйлгүй бөгөөд аккумуляторын үнэ гэсэн 255 000 төгрөг, 2 дугуйны төлбөрөөс 160 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх 415 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “МСТ” ХХК-иас 348 156.9 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 277 709.1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-иас 5 683 200 төгрөг гаргуулж, хариуцагч “МСТ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 321 650 төгрөг, хариуцагчийн 105 882 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 095 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 105 881 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 1 төгрөг тус тус гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, мөн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоолгүйгээр хариуцагчид ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч нь 2 машинаар тус бүр 3 удаа буюу нийт 6 удаа нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна" гэж үнэн зөв дүгнэсэн боловч хариуцагчаас гаргах ажлын хөлсийг "...6 удаагийн тээвэрт 630 юань төлөх үүрэгтэй" гэж бодит амьдралд байхгүй хэт бага үнээр тооцож, хариуцагчаас 348 156.9 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 23 277 709,1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "..алдангид 8 422 496,11 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.4 дэх заалтад нийцэхгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгосон 23 277 709,1 төгрөгөөс 22 456 898 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 415 000 төгрөгийг хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй, нийт 22 871 898 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх гэрээ байгуулахдаа талууд 1 тн ачааг 105 юань байхаар харилцан тохиролцож, хариуцагч талаас ирүүлсэн гэрээний төсөлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мягмарсүрэн миний бие гарын үсэг зурсан бөгөөд тухайн үед гэрээнд тн гэхийг рейс гэж бичиж ирүүлснийг мэдээгүй, тн тутмыг нь 105 юанаар тооцохоор тохиролцсон тул 105 гэсэн тоог харан төөрөгдөж гарын үсэг зурсан. Хариуцагч тал ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй, харин "ачааны жинг бичсэн тасалбарыг авчирч өгөөгүй" гэсэн шалтгаанаар ажлыг хөлсийг төлөхгүй байгаа гэж маргасан. Гэтэл шүүх хуралдааны явцад огт хэлэлцэгдээгүй, аль ч тал шинжлэн судлуулаагүй гэрээний 5.1 дэх заалт нь илт алдаатай байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хариуцагчид ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг манай компани анхнаасаа ажлын хөлснөөс суутган тооцуулах тохироотой байсан гэдгийг шүүх хуралдааны явцад тайлбарласаар байтал хэргийг бодит байдлаас хол зөрүүтэй шийдвэрлэж, дээрээс нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтой хохироож байна. Бид ганц ширхэг дугуйны үнэ хүрэхгүй хөлсөөр 2 жолооч цалинжуулаад, 2 машинаар хилийн боомт хүртэл 6 удаа нүүрс тээвэрлэхгүй нь хэнд ч ойлгомжтой байтал шүүх хэргийн бодит үнэнийг тогтоолгүйгээр, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн, хариуцагчаас 2 ширхэг дугуй авахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мягмарсүрэн миний бие өөрийн биеэр байсан бөгөөд тус бүрийг нь 670 000 төгрөгөөр тооцож авсан, тухайн үед ямар ч зарлагын баримт үйлдээгүй, хариуцагч талаас шүүхэд дугуй тус бүрийг 750 000 төгрөгөөр тооцсон зарлагын баримтыг хуурамчаар үйлдэн гаргаж өгснийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг миний бие сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа болон шүүх хуралдааны явцад гаргасаар байтал шүүх үл хайхран, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн. Жолооч Ганбат нь манай компанийн нэрийн өмнөөс худалдан авах, компанийг төлөөлөн гарын үсэг эрх бүхий этгээд биш гэдгийг шүүх хуралдааны явцад тайлбарласан атал манай компанийн огт аваагүй аккуммуляторын үнэ болох 255 000 төгрөгийг мөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, шударга үнэнийг тогтоолгохоор шүүхэд итгэн тэмдэгтийн хураамж төлөн байж нэхэмжлэл гаргаж байхад шүүх хэт нэг талыг баримтлан эргээд нэхэмжлэгчийн хохироосон шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Иймд тус хэргийг хянан үзэж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 19-ны өдрийн 101/ШШ2019/01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний 6.1 -т "Талууд өдөр бүрийн 08:00-с дараа өдрийн 08:00 хүртэл буюу 24 цагт нэг удаа гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцоо нийлсэн актаар баталгаажуулан тооцох бөгөөд тус актыг үндэслэн гүйцэтгэгчийн төлбөрийг үндсэн гэрээний төлбөр орж ирсэн үед буюу ажлын 1 өдрийн дотор хөлсийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "В" ХХК нь гэрээнд заасны дагуу тээвэрлэлт хийн манай компанитай тооцоо нийлж бид тээвэрлэлтийг хүлээн авсан үндсэн захиалагчаас хөлс авч ажил гүйцэтгэгч "В" ХХК-д хөлсийг төлөхөөр гэрээгээр зохицуулсан. Нэхэмжлэгч "В" ХХК нь нэг ч удаа тооцоо нийлээгүй ба ажлаа гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүйгээс болж манай компани давхар хохирсон байхад тээвэрлэлтийн хөлс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагчаас ирүүлсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой жишиг баримт нэхэмжлэгчээс шүүхэд гэрэл зургаар гаргаж өгсөн баримттай адил байх бөгөөд хариуцагч тал түүнийг үгүйсгэж маргаагүй гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай 2019 оны 6 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн бөгөөд мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Учир нь тус гаргаж өгсөн баримт нь эх болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь биш, хариуцагчтай тооцоо нийлсэн тамга тэмдэг байхгүй, мөн дагалдах бусад баримт бичиггүй Хятад компанийн тамга тэмдэгтэй гэрэл зургаар ирүүлсэн баримт байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагчийн гаргаж өгсөн жишиг баримттай адилтган үзэж нэхэмжлэгч "В" ХХК-ийг ажил гүйцэтгэсэн гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Иймд нэхэмжлэгч "В" ХХК нь нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “МСТ” ХХК-д холбогдуулан 20 845 314,75 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 5 683 200 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “МСТ” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэх” 27 тоот гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэж нүүрс тээвэрлэсэн асуудлаар хэн аль нь маргаагүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/

Түүнчлэн, анхан шатны зохигчдын маргааны эрх зүйн үндсийг зөв тодорхойлоогүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 75-80 дугаар талд авагдсан баримтаар нотолно гэх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Талуудын маргааны үндэс болсон дээрх баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-т зааснаар тодруулах шаардлагатай байжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 309 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 100 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                               ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                                                 Г.ДАВААДОРЖ