Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1896

 

 

 

 

 

                            2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/01896

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Боржигон овогтой Мягмарсүрэнгийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, улаанхуаран гудамж, өөрийн байранд оршин байрлах Монгол д холбогдох

 

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацаанд 2,250,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн М.*******, хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирлын тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай.

Иргэн М.******* миний бие 2011 оны 9 дүгээр сарын 1 өдрөөс эхлэн “Үндэсний Батлах хамгаалах их сургууль”-д хөдөлмөрийн гэрээгээр Цэргийн командын сургуулийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 1 өдөр сургуулийн бүтцэд бүтцийн өөрчлөлт орж “Үндэсний Батлах хамгаалах их сургууль”-ийн Аюулгүй байдлын сургуулийн ‘Электроникийн тэнхимд багшаар ажиллаж байсан. Монгол Улсын Үндэсний Батлах хамгаалах их сургуулийн Захирлын 2019 оны 2 дугаар сарын 4 өдрийн Б/43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Миний бие энэ сургуульд 7 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан. Би мэргэжлээрээ 27 жил ажилласан хүн. Үүнээс 20 жилийг нь хувийн хэвшилд ажилласан. Миний бага охин П.Саран Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д 2007 оноос амьдарч байгаа бөгөөд 2018 оны 7 дугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлэх болсон тул би 2018 оны хичээлийн жилийн амралтаар эхнэр Я.Энхтайваны хамтаар 2018 оны 6 дугаар сарын 20 өдөр АНУ руу зорчсон. Намайг гэргийн хамт бага охиноо төрүүлэхээр гадаад улс руу явсныг сургуулийн удирдлага, бие бүрэлдэхүүн ихэнх нь мэдэж байсан. Охин П.Саран маань хүүхдээ төрүүлсний дараа биеийн байдал нь маш тогтворгүйжиж, төрөлтийн дараах хүндрэлтэй байснаас эх, хүүхдийн тэнхрэлт удаан, нэлээд асаргаа, сувилгаа шаардагдах болсон. Охин минь төрөөд 1 cap гаран хугацаа болж байхад охин болон зээ хүү Т.Бумбардай нарын биеийн байдал олигтой дээрдэхгүй, цаашид үргэлжлүүлэн асарч сувилах шаардлагатай болж миний бие Монголд байгаа том охин П.гаар дамжуулан “"-ийн захиргаанд 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 4 сарын Цалингүй чөлөөг 2018 оны 9 дүгээр сарын 1 өдрөөс эхлэн 1 дүгээр сарын 2 өдөр хүртэлх хугацаанд олгож өгөхийг хүссэн өргөдлөө дамжуулан хүргүүлсэн. Өргөдөлдөө ар гэрт үүссэн дээрх гачигдал, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй бичиж хүргүүлсэн. Сургуулийн захиргаа миний гаргасан өргөдлийг бичгээр хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг танилцуулах болно гэж том охин П.д тайлбарлан явуулсан. Өргөдлийг шийдвэрлэсэн хариуг надад и-мэйл болон охин П.д мэдэгдээгүй учир би өргөдлийг маань нааштай шийдвэрлэсэн юм байна гэж ойлгон 2018 оны 12 сарын 8 өдөр Монголд ирсэн. Намайг Монголд ирснийг салбар сургуулийн захиргаа мэдэж байсан. Манай сургуулийн нэгдүгээр семистрын өвлийн амралт 12 дугаар болоод 2019 оны 1 дүгээр сарын эхээр хоёрдугаар семистрын хичээл эхэлдэг. Би 2019 оны 1 дүгээр сарын 2 өдөр ажилдаа ирж, цагаа бүртгүүлэн хичээл, сургуулийн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд миний оронд түр багш авсан. Салбар сургуулиас хичээлийн хуваарь гарчихсан, 2019 оны 1 дүгээр сарын 9 өдрөөс эхлэн Ф-310 бүлэгт “Хэт өндөр давтамжийн техник” хичээл зааж хуваарьтай байсан боловч түр ажиллаж байсан багш Б.Буян-Өлзий “би энэ хичээлийг өөрөө орох ёстой, та даргатай уулзаж заах хичээлийн учраа ол” хэмээн цааргалсан. Иймд би тэнхимийн дарга Б.Лхагвадоржтой уулзахад “...цалингүй чөлөө хүссэн таны өргөдөлд чөлөө олгох боломжгүй цохолтыг хийсэн, тийм болохоор та хичээл заах боломжгүй” гэсэн. Би Хүний нөөцийн албаны ажилтан н.Уранчимэгтэй уулзахад “Танай сургуулийн Захиралтай би ярьсан таныг Аюулгүй байдлын сургуулийн шилдэг тэргүүний багш нарын нэг, ажилдаа чармайлттай хун, чөлөө хүссэн өргөдлийг нь би журмын дагуу цохоод дээш нь уламжилсан гэж” хэлсэн. Та захиралтайгаа дахин уулз гэсэн. Аюулгүй байдлын сургуулийн захирал, хурандаа Д.Ванятай уулзахад “******* багш аа, ар гэрийн гачигдлаар цалингүй чөлөө хүссэн таны охины бичсэн өргөдлийг миний бие цаг хугацаанд нь нааштай цохоод дээш нь уламжилсан” гэсэн. Сургуулийн удирдлагууд өргөдөл шийдвэрлэсэн байдлыг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан намайг нааш цааш нь гүйлгэж байсан тул би шантарсандаа ажлаас өөрөө чөлөөлөгдөх тухай өргөдлөө бичиж өгсөн юм. Хөдөлмөрийн хуульд ажилтан чөлөө авах эрхтэй бөгөөд чөлөөг шийдвэрлэх эрх нь ажил олгогчид байдаг. Миний гаргасан өргөдлийг хэрхэн зааж шийдвэрлэсэн талаар надад мэдээгүй. Иймд, Монголын Улсын Үндэсний их сургуулийн захирлын 2019 оны 2 дугаар сарын 4 өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, 2019 оны 2 дугаар сарын 4 өдрөөс 5 дугаар сарын 16 өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 2,250,000 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2019.2.4-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан 2019.1.2-2019.6.3-ны өдөр хүртэлх хугацаанд цалин гаргуулна. НД болон ЭМД-н дэвтэрт бичилт хийлгүүлнэ. 2018.6.20-с 2018.12.8-ны өдөр хүртэл АНУ-д зочилсон. Явах шалтгаан нь бага охин тэнд амьдардаг. Тэр маань хүүхэд төрүүлэх болсон. 7.5-нд амаржсан. Биеийн байдал нь муу байсан тул 3 сар эмнэлгийн хяналтад байсан. Намар 8 сарын*******-25 нд өөрийн дүүгийн утас, чатаар хамт ажилладаг багш Бямбажаргалыг гуйсан. Миний өмнөөс хүүхдийн бие тааруу тул 3 сарын цалингүй чөлөө хүсээд өгөөч гэж гуйсан. Ингээд өргөдөл бичээд удирдлагад танилцуулсан байсан. Гэтэл гэр бүлийн гишүүн биш тул ингэж болохгүй гэсэн байсан. Үүний дагуу манай том охин 9 сарын 6-нд тэнхимийн даргад чөлөө хүссэн өргөдөл өгсөн. Гэтэл би шийдэхгүй даргад өг гэсэн. Захирал чөлөө олгож өгнө үү гээд сургуулийн захиргаанд өгсөн байдаг. Би 12.10-нд Монголд ирсэн. Ингээд чөлөөтэй гэж ойлгож байгаад 1.2-нд сургууль дээр ирээд хичээлийн бэлтгэл хийж байсан. Тэр үед тэнхимийн дарга өвчтэй байсан. 1.9-нд тэнхимийн дарга ирэхэд уулзаад миний оронд орж байсан багш би хичээл орно гэсэн тул тэнхимийн даргатай уулзахад танд чөлөө олгоогүй гэсэн. Иймд захиргаатай уулз гэсэн. Ингээд 1.8-с энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Санал хүсэлтийн дэвтэр дээр чөлөө олгох боломжгүй гэсэн байсан. Охины чөлөө олгох хүсэлтийг хуулбарлаж өгөөч гэхэд өгөөгүй. Дараа нь бас асуухад өгөөгүй. Ингээд намайг ажиллуулахгүй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 1.21-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 23-нд утсаар та маргааш ирнэ үү гэж хүний нөөцийн мэргэжилтэн хэлсэн.*******-нд очоод хүний нөөц, хуулийн зөвлөх нартай уулзсан. Ингээд хэн хэндээ хал балгүй асуудлыг шийдэхээр ярьсан. Энэ үед чөлөөлөх тушаалыг 2018.9 сараар гаргаж болох уу гэхэд хуулийн зөвлөх тэгж болохгүй гэсэн. Хуулийн зөвлөх халагдах өргөдлөө буцааж авах эсэх талаар асуусан. Би энэ боломжгүй гэж хэлсэн. Би үргэлжлүүлж ажиллая гэхэд тэнхимийн эрхлэгч хичээл өгөхгүй ажиллах боломжгүй байсан гэж хэлсэн. Би урд өдөр нь халагдая гэчихээд маргааш нь болилоо гэх хүн биш гэсэн. Тэгээд би яваад өгсөн. 2.2-ны өдөр сургуулийн хүний нөөц ажлаас чөлөөлөх тушаал гарах болсон гэж хэлсэн. Ингэхдээ 1.21-ны өдрөөр тасалбар болгож байгаа гэж хэлсэн. Цагаан сартай холбоотойгоор 2.12-нд сургууль дээр ирж тооцооны хуудсаа авсан. 2.21-нд тооцооны хуудсыг зуруулж дуусгаад НД дэвтэрээ аваад явсан. Энэ  тушаал дээр гадаад хэлний багшийн халагдах заалт бас байгаа. Уг эмэгтэйд бас чөлөө олгоогүй тул халагдсан байсан. Уг эмэгтэй урд нь чөлөө авсан байсан. Гэтэл би урд нь чөлөө аваагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нас, хүйсээр ялгаварлахгүй гэж байдаг. Намайг нас хүйсээр ялгаварласан гэж үзэж байна. Би өнөөдөр 59 настай. Мөн би өөр тэнхимд ажиллаж байсан. 2015.9.1-ний өдрөөс бүтцийн өөрчлөлтөөр энгийн багш нар аюулгүй байдлын сургууль уруу шилжиж электроникийн тэнхимд шилжсэн. Шилжиж очсон өдрөөс эхлэн ялгаварлан гадуурхаж байсан. Үүнийг сургуулийн хамт олон мэднэ. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 сарын 12-ны өдөр авсан гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.*******гийн “-ийн захирлын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 2 250 000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл:

1. М.******* нь Батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2011 оны 10 сарын 05-ны өдрийн Б/563 дугаар тушаал /хуудас 1/-аар Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн командлалын сургуулийн, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимд багшаар /энгийн/ томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн, БХИС-ийн захирлын 2015 оны Б/236 дугаар тушаал /хуудас 2/-аар Сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан/ Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Аюулгүй байдлын сургуулийн Электроникийн тэнхимд багшаар томилогдож, 2019 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд албан ёсоор ажилласан.

М.*******тай Ажил олгогчийн зүгээс 2015 онд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулахдаа “Хөдөлмөрийн гэрээ” болон “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажлын байрны тодорхойлолт”, “БХИС-ийн багшийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж тооцох журам”, “ёс зүйн дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар” зэрэг дотооддоо мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдийг нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. /хуудас 5/

2. М.******* нь 2018 оныг хүртэл ажиллаж байгаад, 2018 оны ээлжийн амралтаа, 2018 оны 06 дугаар сарын 15-наас /Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар ажлын 48 хоног/ авсан /хуудас 6/ ба 08 сарын 27-ны өдөр ажилдаа орж, “Багш нарын заах арга зүйн цугларалт”-д хамрагдах ёстой байтал, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, олон хоног ажилдаа ирэлгүй, “Хөдөлмөрийн гэрээ”-ний /хуудас 3-5/ 4.2.3 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гэж ойлгоно"-т заасан зөрчил гаргаж, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Ноцтой зөрчил” гаргасан ч энэ хүний цаашдын ажил, амьдралыг харгалзан үзэж, Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй орхиж, Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахын тулд түүний оронд иргэн Д.Буян-Өлзийг түр багшаар авч, ажиллуулсан. /хуудас 7/ М.******* нь 2011-2018 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд ажиллаж байх хугацаандаа БХИС-ийн захирлын 2012 оны Б/220 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах, мөн захирлын 2012 оны Б/560 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах, мөн захирлын 2013 оны Б/127 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 1 cap 10 хувиар бууруулах, мөн захирлын 2014 оны Б/89 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 1 cap 10 хувиар бууруулах шийтгэлээр тус тус шийтгэгдсэн байдаг. /хуудас 8-11/

3. -ийн захирлын 2017 оны А/196 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.3.5 “Ажилтан, албан хаагчийн өргөдөл түүнд дурдсан шалтгаан, гачигдлыг нотлох баримт, удирдлагын үйл ажиллагааны нэгжийн даргын тодорхойлолтыг үндэслэн ажлын өдрөөр чөлөө олгож болно, Чөлөөг их сургуулийн захирлын баталсан “Чөлөө олгох хуудас”-ны дагуу эрх бүхий албан тушаалтан олгоно” гэсэн зохицуулалттай. /хуудас 12-29/ Гэтэл М.******* нь “Чөлөө хүссэн” өргөдлөө гаргахдаа өөрийн биеэр гаргалгүй, итгэмжлэл олгогдоогүй охин П.гаар бичүүлж, чөлөө хүсэх болсон шалтгаан, нөхцөл байдлаа нотолсон, нотлох баримтыг өргөдөлдөө хавсаргалгүй, 2018 оны 09 сарын 06-ны өдөр удирдлагад ирүүлсэн /хуудас 30-31/ хэдий ч, сургуулийн захирал өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч, Захиргаа удирдлагын хэлтсийн даргад “1 багшийн цагийг бусад багш нар хариуцан заах боломжтой тохиолдолд шийдвэрлэх” гэж цохолт хийсний дагуу Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.******* багшийг хариуцсан сургуулийн захирал Хурандаа Д.Ваняд байдлыг танилцуулахад, “Тэнхимийн даргад нь танилцуул” гэсэн хариуг хэлсэн байна. Ингээд тэнхимийн даргад нь танилцуулахад “Манай багш нар цагийг нь хувааж авах ямар ч боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Өргөдлийн хариуг П.д мэдэгдэхээр өргөдөлд дурдсан утсаар залгахад холбогдох боломжгүй, тухайн үед М.*******тай холбоо барих ямар ч мэдээлэл байхгүй байсан байна.

4. 2019 оны 01 сарын 21-ний өдөр М.******* сургууль дээр ирж, - ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ц.д: “Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид ажиллах боломжгүй тул багшийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт /хуудас 32-33/ гаргасныг үндэслэн, ажилтны санаачлагаар “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, -ийн захирлын 2019 оны Б/43 дугаар тушаал гарч, М.*******д тэр даруй мэдэгдсэн. /хуудас 34/

5. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэх эрх зүйн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 05 сарын 14-ний өдөр гаргасан, “Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид ажиллах боломжгүй тул багшийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өөрийн нь хүсэлтийг үндэслэн, ажилтны санаачлагаар “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, -ийн захирлын 2019 оны Б/43 дугаар тушаал гарсан. 2018 оны 08 сарын 27-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, олон хоног ажилдаа ирэлгүй, /цагийн бүртгэлээр баталгаажсан/ “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2.3 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гэж ойлгоно”-т заасан зөрчил гаргаж, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Ноцтой зөрчил” гаргасан зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хэдэн хэдэн үндэслэл байх тул шүүх харгалзан үзэж, нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь төв сургуулийн харьяа сургуульд багшаар 2011 оноос ажиллаж байгаад 2015 онд энгийнээр ажиллах болсон. 2018 оны ээлжийн амралтаа аваад 8.27-нд ажилдаа ирэх ёстой байтал ирээгүй. 9.6-нд охин нь өргөдөл гаргасан байдаг. Төв сургуульд өргөдөл гаргасан тул харьяа сургуулийн захиралд танилцуул гэсэн. Гэвч харьяа сургуулийн захирал боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч нь 1.2-нд сургууль дээр ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь сураггүй алга болсон тул арга буюу өөр багш авч ажиллуулсан. Анх ажилд авахдаа дотоод журмыг танилцуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг заасан. Ноцтой зөрчил гаргасан боловч халалгүй өөр багш ажиллуулж байсан. Өргөдөл гаргахдаа өөр хүнээр эхэлж гаргуулаад дараа нь охин нь гаргахдаа ямар ч баримтгүй гаргасан байдаг. Хүний нөөцийн ажилтан уулзалтын талаар хэлэхэд л би асуудлыг мэдсэн. Би яагаад 3 сарын дараа энэ талаар ярьж байгаа юм гэхэд оронд нь өөр хүн авч ажиллуулсан байна лээ гэсэн. Нэхэмжлэгч нь ирээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул ажилтны санаачлагаар гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 4 удаа сахилгын шийтгэл ногдуулсан боловч гэрээг цуцлаагүй байсан. Чөлөөлөх тушаал гараад танилцуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т ноцтой зөрчлийг заасан. Ноцтой зөрчил гаргасан боловч ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн 1 сарын дотор нэхэмжлэл гаргана гэдгийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацаанд 2,250,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургууль нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгах ноцтой зөрчил гаргасан, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар ажилтны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Аюулгүй байдлын сургуулийн электроникийн тэнхимийн багш М.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэжээ.

Зохигчийн маргаж буй дээрх тушаал нь хэрэгт байгаа баримтаар 2 өөр байна. /хэргийн 11 болон 67 дугаар тал/ Гэвч нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь ижил бөгөөд ийнхүү өөр баримтыг шүүхэд ирүүлсэн шалтгааныг хариуцагчийн төлөөлөгч нь тусгай субъектын хувьд нууцын зэрэглэлд хамаарах тул зөвхөн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг ялгаж шүүхэд ирүүлсэн гэж тайлбарласан. Түүнчлэн уг тушаалын үндэслэл ижил байх тул тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг энэ хэрэгт хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачлагаа цуцлах зохицуулалттай.

Хэрэгт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдөл авагдсан. /хэргийн 66 дугаар тал/ Уг өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ буцаан авах тухай санал гаргасныг зөвшөөрөөгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Улмаар нэхэмжлэгч нь дээрх өргөдлийг бичих болсон үндэслэлийг нас, хүйсээр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхсан гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотолж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Гэвч нэхэмжлэгч нь түүнийг ажил олгогч болон бусад ажилтны зүгээс нас, хүйсээр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхсан гэх тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн өөрийн тайлбарыг нотлохоор шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч сургуулийн дотоод зохион байгуулалтын дагуу жил бүрийн 08 дугаар сарын 27-ны өдөр нийт багш, ажилтан ажлын байранд цугладаг бөгөөд энэ үед болон үүнээс өмнөх хугацаанд чөлөө авах хүсэлт гаргаагүй, тодруулбал 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн охиноор дамжуулан цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан нь өөрийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн ажиллах аргагүй болсон тул өргөдөл бичсэн гэх тайлбар үндэслэлгүй. Мөн өөрийн охиноор өргөдөл гаргуулсан /хэргийн 64 дүгээр тал/ байх тул өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн буюу чөлөө олгогдсон эсэхийг мэдэх боломжтой байжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн “чөлөөтэй байгаад ирэхэд ажиллах боломж олгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнд өгсөн хэргийн 11 дүгээр талд байгаа Б/43 дугаар тушаалаар 2 этгээдийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон гэж тайлбарласан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуульд 1 тушаалаар хоёр ажилтанг зэрэг ажлаас чөлөөлөхийг хориглосон зохицуулалтгүй. Иймд маргаж буй тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн 2 ажилтныг зэрэг ажлаас чөлөөлсөнийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж тайлбарлаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг гардан авсанаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Гэвч шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул дээрх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэ хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/43 дугаар тушаал нь ажилтны гаргасан хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснааар үндэслэл бүхий байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлага гаргаагүй боловч маргаж буй Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага гаргаснаар ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох үр дагаврыг хүссэн агуулгатай гэж ойлгогдож байна.

 

Гэвч дээр дурдсанаар Б/43 дугаар тушаал нь үндэслэл бүхий байх тул уг тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Б/43 дугаар тушаал гарах хүртэл хугацааны цалин хөлстэй холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 261,550 төгрөг төлсөн байна. Иймд нөхөн олговорт нэхэмжилсэн 2,250,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж болох 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, илүү төлсөн 210,600 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуульд холбогдох 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацаанд 2,250,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 210,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД