Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01567

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01567

 

 

М.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01896 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Пгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд холбогдох

 

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны 2 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Үндэсний Батлах хамгаалах их сургуульд хөдөлмөрийн гэрээгээр Цэргийн командын сургуулийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Захирлын 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ сургуульд 7 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан. Миний бага охин П.Саран Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д 2007 оноос амьдарч байгаа бөгөөд 2018 оны 7 дугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлэх болсон тул би 2018 оны хичээлийн жилийн амралтаар эхнэр Я.Энхтайваны хамтаар 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр АНУ руу зорчсон. Охин П.Саран маань хүүхдээ төрүүлсний дараа биеийн байдал нь маш тогтворгүйжиж, төрөлтийн дараах хүндрэлтэй байсан учир том охин П.Нарангаар дамжуулан 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 4 сарын цалингүй чөлөөг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд олгож өгөхийг хүссэн өргөдлөө дамжуулан хүргүүлсэн. Өргөдлийг шийдвэрлэсэн хариуг надад и-мэйл болон охин П.Наранд мэдэгдээгүй учир би өргөдлийг маань нааштай шийдвэрлэсэн юм байна гэж ойлгон 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монголд ирсэн. Би 2019 оны 1 дүгээр сарын 2 өдөр ажилдаа ирж, цагаа бүртгүүлэн хичээл, сургуулийн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд миний оронд түр багш авсан байсан. 01 дүгээр сарын 08-ны өдрөөс энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Санал хүсэлтийн дэвтэр дээр чөлөө олгох боломжгүй гэсэн байсан. Ингээд 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 02 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн хүний нөөц ажлаас чөлөөлөх тушаал гарах болсон гэж хэлсэн. Ингэхдээ 01 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгож байгаа гэж хэлсэн. Цагаан сартай холбоотойгоор 02 дугаар сарын 12-ны өдөр сургууль дээр ирж тооцооны хуудсаа авсан. 02 дугаар сарын 21-ний өдөр тооцооны хуудсыг зуруулж дуусгаад нийгмийн даатгалын дэвтрээ аваад явсан. Хөдөлмөрийн хуульд ажилтан чөлөө авах эрхтэй бөгөөд чөлөөг шийдвэрлэх эрх нь ажил олгогчид байдаг. Миний гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй. Иймд Монголын Улсын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 2 250 000 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М.П нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, захирлын 2015 оны Б/236 дугаар тушаалаар Сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Аюулгүй байдлын сургуулийн Электроникийн тэнхимд багшаар томилогдож, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд албан ёсоор ажилласан. М.П нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа ажлын 48 хоногоор авсан ба 8 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, Багш нарын заах арга зүйн цугларалтад хамрагдах ёстой байтал, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, олон хоног ажилдаа ирэлгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гэж ойлгоно"-т заасан зөрчил гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан Ноцтой зөрчил гаргасан ч энэ хүний цаашдын ажил, амьдралыг харгалзан үзэж, Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй орхиж, Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахын тулд түүний оронд иргэн Д.Буян-Өлзийг түр багшаар авч, ажиллуулсан. М.П нь 2011-2018 оны хооронд ажиллаж байх хугацаандаа 2-4 удаа сахилгын арга хэмжээ авахуулж байсан. Гэтэл М.П нь Чөлөө хүссэн өргөдлөө гаргахдаа өөрийн биеэр гаргалгүй, итгэмжлэл олгогдоогүй охин П.Нарангаар бичүүлж, чөлөө хүсэх болсон шалтгаан, нөхцөл байдлаа нотолсон, нотлох баримтыг өргөдөлдөө хавсаргалгүй, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр удирдлагад ирүүлсэн. Тэнхимийн даргад нь танилцуулахад Манай багш нар цагийг нь хувааж авах ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өргөдлийн хариуг П.Наранд мэдэгдэхээр өргөдөлд дурдсан утсаар залгахад холбогдох боломжгүй, тухайн үед М.Птай холбоо барих ямар ч мэдээлэл байхгүй байсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М.П нь багшийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн, ажилтны санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны Б/43 дугаар тушаал гарч, М.Пд тэр даруй мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуульд холбогдох 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацаанд 2,250,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 210,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.П давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хүний нөөцийн ажилтнууд ямар шалтгааны улмаас 4 сарын цалингүй чөлөөний хүсэлт гаргасан өргөдлийн хуулбарыг хийж өгөхгүй удаан хугацаагаар 5 сар хагас чирэгдүүлсэн шалтгааныг тодруулаагүй. 58 настай миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан өргөдөл яагаад бичих болсон шалтгааныг тодруулаагүй. Шүүх хуралдааныг даргалсан шүүгч хэргийн материалтай урьдчилан сайтар танилцаагүй учир хариуцагч, нэхэмжлэгчийн өгсөн тайлбаруудыг хольж хутгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2 250 000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх тул уг шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг бөгөөд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй бичгийн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаг.

Хэрэгт маргааны үндэслэл болсон хариуцагч байгууллагын Б/43 дугаар тушаал 2 авагдсан байна. Хэргийн 11 дэх талд авагдсан тушаалд байгууллага өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ. Харин хэргийн 67 дахь талд авагдсан тушаалын хувьд доторх заалтын зарим хэсгийг хасч, М.Пд холбогдох хэсгийг хуулбарлан бичиж, тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ц.Буянжаргал хуулбар үнэн гэж тэмдэглэн гарын үсэг зурж тамгалаад нотариатаар гэрчлүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. /хх-91/ Дээрх бичгийн баримтууд нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтыг үнэлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч М.П нь захирлын Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлын үндэслэлээ ... надад хичээлийн цаг өгөхгүй байсан, ... дарамтлаад байсан учир арга буюу ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн, ...ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй ... гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд түүний гомдлын шаардлага нь ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох бус харин ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхийг хүссэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт оновчгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч М.П давж заалдах гомдолдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буруу нэхэмжлэл гаргаж байсан гэж тайлбарлаж байх тул энэ талаар талуудаас тодруулан, дүгнэлт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон хэдий ч дээрх алдааг залруулах боломжгүй өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйн улмаас маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД