Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 15 өдөр

   Дугаар 182/ШШ2019/00914

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: “С” ХХК

 

талбайн м.кв-ийн зөрүүд илүү төлсөн 68.717.268 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 85,76 м.кв талбайтайгаар гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч “С” ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-тай харилцан тохиролцож, 12/07/55 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр “С” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14 давхрын 8 тоот 108,24 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 2.500 ам доллараар тооцож нийт 246.000 ам.доллараар худалдаж авсан. М.Б нь “С” ХХК-нд 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5.000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000 ам.доллар, мөн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 74.350 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1$=1.345 төгрөгөөр тооцон 100.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 146.650 ам.доллар буюу 1$=1,339.17 төгрөгөөр тооцон 196.390.280 төгрөгийг төлж, нийт 246.000 ам.долларын төлбөрийг бүрэн төлсөн.

 

Гэтэл М.Бын худалдаж авсан талбайн хэмжээ нь илт зөрүүтэй, бага хэмжээтэй байсан тул удаа дараа “С” ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдсээр, илүү төлсөн мөнгөө нэхэж ирсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй, илүү төлсөн мөнгийг өгөхгүй, талбайн маргаантай байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. М.Б нь аргагүйн эрхэнд 2014 оны 04 дүгээр сарын 02-нд талбайн хэмжилт хийдэг мэргэжлийн байгууллага болох “Бэйст пойнт” ХХК-д хандан өөрийн зардлаар талбайг хэмжүүлэхэд уг 8 тоот талбай нь нийт 91,76 м.кв буюу захиалсан талбайн хэмжээ 16,48 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “С” ХХК нь иргэн М.Баас 16,48 м.кв талбайн үнэ илүү авч хохироосон байх бөгөөд илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 03 сарын 04-ний өдөр шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж маргааны зүйл болох талбай дээр дахин хэмжилт хийлгүүлэх тухай захирамж гарсан. Тус шинжээчийн компани нь 2019 оны 03 сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн 171 тоот дүгнэлтэндээ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний талбайн хэмжээг 85,76 м.кв болохыг тогтоосон байна. Иймд тус шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн билээ. Оффисийн талбайн хэмжээ нь 108,24 м.кв биш харин 85,76 м.кв гарч байгаа болохоор талбайн зөрүү болох 22,48 м.кв-н үнэ 68.717.268 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч М.Б нь оффисийн төлбөрийг бүрэн төлсөн учир Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах 85,76 м.кв талбайтай оффисийн өрөөг худалдан авагч М.Бын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч “С” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн хувьд анх удаа ажлын байрыг өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь барилгын талбайг хэмжихдээ орон сууцны талбайн хэмжээг хэмжихэд ашигладаг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг барьж буруу стандартаар доголдол гаргаж ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нөгөө талаар талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12/0755 тоот талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд зургийг харж захиалсан. Гэрээний гол нөхцөлд талбайн хэмжээ орох ба ийм их хэмжээний талбай дутсан байхад нэхэмжлэгч талбайг хүлээн авахдаа хэмжилт хийлгэж гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйл, 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байхаар хуульд тодорхой зохицуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. М.Б худалдаж авсан талбайдаа 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2013 оны 07 сарын 24-ний өдөр улсын комисс албан ёсоор байнгын ашиглалтанд хүлээн авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, кассын орлогын ордер болон мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын норм ба дүрэм, Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн орон сууцны талбайн хэмжилтийн тухай албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссийн акт, Монгол банкны ханшийн лавлагаа, Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн MNS6058:2009 стандартын талаарх лавлагаа, Бэйс пойнт ХХК-ийн акт, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас худалдан авсан оффисийн өрөөний талбайн зөрүү болох 22,48 м.кв-н үнэ 68.717.268 төгрөгийг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85,76 м.кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч “С” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа М.Быг оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, түүнчлэн талбайн хэмжээг буруу стандарт баримталж хэмжсэн гэж тус тус марган мэтгэлцэж байна.

 

            Талууд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12/07/55 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “С” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг нэг м.кв-ыг нь 3.056.818 төгрөгөөр тооцон 330.869.980 төгрөгөөр барьж өгөх, М.Б нь үнийг 3 хувааж төлөх, ингэхдээ барилгыг ашиглалтанд ороход сүүлчийн хэсгийг төлөхөөр, “С” ХХК барилгыг чанартай сайн барьж, 2012 оны 3 дугаар улиралд харанга оруулагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байна.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. Хэрэв худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор гаргах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч М.Б 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сүүлчийн үлдэгдэл төлбөрийг төлснөө тайлбарлаж, энэ тухай гэрээний нэмэлт тодотгол хэсэгт “Уг талбайн үлдэгдэл төлбөр болох 196.390.280 төгрөгийг 5 хувийн хөнгөлөлтөнд багтан 186.570.766 төгрөг төлөв” гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Барилга байгууламжийг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оржээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчид оффисийн талбай 96.21 м кв, хөлийн өрөөний /өрөө рүү орох коридор/ талбай 12.03 м кв, нийт 108.24 м кв талбайг хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч ашиглаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

 “С” ХХК-аас нэхэмжлэгчид хэдийд, ямар хэмжээтэй талбайг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, талбайг хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдээгүй байна. Хариуцагчийн тайлбарлаж буй дээрх талбайн хэмжээ нь барилгын зураг дээрх хэмжээ байна.

 

Нэхэмжлэгч М.Б нь худалдан авсан талбайн хэмжээ бага болсон тухай хариуцагчийн төлөөлөгч нарт даруй хандаж байснаа тайлбарладаг ба уг шаардлагыг гаргаж байсан нь талбайн ашиглалтын хөлсийг 2013 оны 11 дүгээр сараас төлж байснаа 2014 оны 5 дугаар сараас төлөхөө больсон байдал, мөн барилгын ашиглалт хариуцдаг компаниас 2015 оны 07, 09 дүгээр саруудад талбайн хэмжээ зөрүүтэй гэсэн өмчлөгч нарт хүргүүлсэн “худалдан авах гэрээний дагуу талбайн зөрүү үүссэнээс болж ашиглалтын зардал төлөх асуудлыг хойшлуулж хүлээлгэсэн, одооноос ашиглалтын зардлаа төлөхийг мэдэгдье” гэсэн албан бичгүүдээс харагдаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ хөлийн өрөө ( оногдох коридор)-ний талбайн хэмжээг оруулан үнэлж худалдахаар тохиролцсоныг буруутгах боломжгүй байна. Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн иргэний барилга” /БНбД 31-03-03/ барилгын норм ба дүрмийн Олон нийтийн, иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзэлхүүн, барилгажих талбайн, барилгын давхрыг тооцох 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт “Барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний нийлбэр байна” гэжээ.

 

Хэргийн материалд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот оффисийн өрөөний талбайг хэмжсэн 4 удаагийн акт, дүгнэлт байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Бэйс пойнт ХХК-ийн актад уг өрөөний талбайн хэмжээг 91.76 м кв, шүүхээс шинжээчээр томилж ажиллуулсан Мөнх Оргил трейд ХХК-ийн дүгнэлтэд өрөөний ашигтай талбайг 91.72 м кв, Бэсгэ ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 93.8 м кв, коридор 12.06 м кв, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 85.76 м кв, нийтийн эзэмшлийн талбайг 5.81 м кв байна гэж тус тус дүгнэжээ.

 

Шүүх оффисийн өрөөний талбай 93.8 м кв, коридор 12.06 м кв гэж тодорхойлсон Бэсгэ ХХК-ийн дүгнэлтийг бодит байдалд нийцсэн дүгнэлт гэж үзсэн, учир нь Бэсгэ ХХК нь хэмжилтэнд баримталбал зохих барилгын норм дүрмийг зөв баримталсан, харин Бэйс пойнт ХХК, Мөнх Оргил трейд ХХК-иуд зарим талбайн хэмжээг гаргаагүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын MNS 6058:2009 стандартыг баримталж талбайг хэмжсэн нь буруу болсон байна.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу оффисийн өрөөний талбай 96.21 м кв, хөлийн өрөө /коридор/ 12.03 м кв, нийт 108.24 м кв талбайн үнийг төлсөн ба хариуцагчийн шилжүүлсэн талбай бодит байдал дээр оффисийн өрөөний талбай 93.8 м кв, коридор 12.06 м кв байх тул дутуу болох 2.38 м кв талбайн үнэ 7.275.227 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгчийн худалдан авсан талбайд оногдсон хөлийн өрөө (коридор) 12.06 м кв бөгөөд хөлийн өрөө (коридор) нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн талбайд орох тул нэхэмжлэгчийн худалдан авч өмчлөх 1408 тоот оффисийн өрөөний талбайн хэмжээ 93.8 м кв байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг зөвтгөн гэрчилгээг гаргуулах нь хариуцагчийн үүрэг байх ба үүнийг бүртгэлийн байгууллагад холбогдуулсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч анх гаргасан мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул оногдох тэмдэгтийн хураамжийг буцаан олгов.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 9 дгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан “С” ХХК-аас 7.275.227 төгрөгийг гаргуулж М.Бд олгож, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг 93.8 м кв талбайтайгаар худалдан авагч М.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 61.442.041 төгрөгийн болон Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 873.262 төгрөгийн 501.536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 371.726 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 131.354 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД