| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2019/00786/и |
| Дугаар | 1046 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1046
| 2019 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2019/01046 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: М.Б
Хариуцагч: НДҮЗ/РД:5284708/
тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 8.472.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонжаргал, Б.Мөнгөнхуяг, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 сарын 26-ны өдрийн 1166 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 сарын 08-ны өдрийн 867 дугаартай магадлалаар М.Б намайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2010 оны 01 сарын 04-ний өдрөөс 2013 оны 04 сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие бөөрний дутагдалд орж, хөдөлмөрийн чадвараа алдаж 2017 оны 01 сарын 01-нээс тэтгэвэр тогтоолгосон. 2010-2014 оны цалингийн дунджаар тооцсон. Тэтгэвэр тогтоолгох үед миний ажилласан жил 4 жил 3 сараар тасарсан юм. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу шимтгэл төлсөн ба шүүхийн шийдвэрээс хойш ажилд авахгүй 2014 оны 03 сар хүртэл цалингүй байлгасан. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүдэн миний тэтгэвэр 684.540 төгрөгөөр тогтоогдох байтал 362.030 төгрөгөөр тогтоогдсон. Дээрх хугацааны нөхөн олговрыг байгууллага шийдэж өгсөн тул тэтгэвэр 684.540 төгрөг болж, 2019 оны 02 дугаар сараас 684.540 төгрөгөөр авч байгаа. Ажилгүй байсан хугацааны олговрыг заавал шүүхэд хандаж авах ёсгүй, байгууллага өөрөө шийдэж болно, түүний дагуу шийдсэн. Тус байгууллагад би 20 гаруй жил ажиллаж бүхий л хүч, хөдөлмөр, залуу насаа зориулан нэгэн сэтгэлээр ажиллаж ирсэн байхад тэтгэврийн насанд минь ингэж хохироосонд маш их гомдолтой байна. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүхэн хариуцаж төлнө гэсэн байдаг. Энэ зүйл, хэсэгт заасан даатгуулагчид учирсан хохирол гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тул тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно гэж заасан байдаг. Иймд хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол болох 8.472.690 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ нь 2017-2019 онуудын тэтгэврийн зөрүү төгрөг, мөн урьд онуудын зөрүү 628.347 төгрөг юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 867 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилж 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг НДҮЗбүрэн биелүүлж ажилласан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байна. Гэтэл М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 03 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй хугацаа хэтэрсэн байсан. НДҮЗнь М.Бг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан, одоо биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоол болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/23 тоот тушаалаар 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 7.319.439 төгрөгийг олгосон. Ингэснээр М.Б нь шүүхийн шийдвэргүйгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн санаачлагаар 684.540 төгрөгөөр тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн заалтаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэхэмжилж байгаа 8.472.690 төгрөгийг олгох боломжгүй юм гэв.
Шүүх нэхэмжлэл, шүүхийн шийдвэр, М.Бгийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай үндэсний зөвлөлийн тогтоол, ажлын албаны даргын тушаал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгч байсан албан бичиг, М.Бд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгсөн хариу зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс тахир дутуугийн тэтгэврээ дутуу авч байсан хохиролд 8.472.690 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагч НДҮЗажлаас үндэслэлгүй халж цалин хөлсөөр хохироосон, 2010 оны 01 сараас 2014 оны 03 сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байснаас 684.540 төгрөгөөр тогтоогдох байсан тэтгэвэр 362.090 төгрөгөөр тогтоогдож зөрүү гарсан гэж үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 867 дугаар магадлалаар М.Бг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
М.Б 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй, цалингүй байсан ба Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/23 тоот тушаалаар 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 7.319.439 төгрөгийг М.Бд олгожээ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй тодорхой хугацаа өнгөрсөн, уг хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгосон нь хууль зөрчөөгүй ба тэдгээр нь тооцогдож М.Бгийн тэтгэвэр 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 684.540 төгрөгөөр шинэчлэгдэн тогтоогдсон байна. 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс тогтоогдсон тэтгэврээр М.Б 382.090 төгрөгийг сард авч байжээ. Нийгмийн даатгалын байгууллага М.Бгийн тэтгэврийн хэмжээг тогтоохдоо түүний 2010-2014 онуудад авч байсан цалингийн дунджийг үндэслэсэн байна.
2019 оны 02 сарын 01-ний өдрөөс тогтоогдсон тэтгэвэр болон 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс тогтоогдон олгогдож байсан тэтгэврийн зөрүү сард 302.450 төгрөг болж байх ба үүнийг 25 сараар тооцож, нэхэмжлэгчийн 7.561.250 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч тэтгэврийн зөрүүг алдаатай бодсон байна.
Нэхэмжлэгч мөн урьд онуудад авч байсан тэтгэврийн зөрүү гэж 628.347 төгрөгийг нэхэмжилдэг ба энэ талаарх тооцоог хэрхэн гаргасан нь тодорхойгүй, тухайн үед авч байсан болон авах ёстой байсан тэтгэврийн тооцооны талаар нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг баримтлан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 7.561.250 төгрөгийг гаргуулж М.Бд олгож, нэхэмжлэгчийн 911.440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 135.930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 150.517 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД