Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/82

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр                               2019/ДШМ/82                                                                Зуунмод

 

Ж.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Хохирогч Т.Баянцагаан,

Насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Дашдорж,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Бт холбогдох 1934000340242 дугаартай 3 хавтас, 657 хуудас бүхий эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодоржийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 14 дүгээр гудамжны 247 тоотод оршин суух,  2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 119 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 240000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 178 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1073 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн, Цагаачууд овогт Ж.Б, регистрийн дугаар /ОР/,

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 9355 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор:

              Шүүгдэгч Цагаачууд овогт Жамбалын Болд-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаачууд овогт Жамбалын Болд-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. Болд-Очирыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг  хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн  2.5 дугаар зүйлийн 1, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1,  дэх хэсэгт зааснаар Маргад монгол ХХК-аас 12.649.861 төгрөгийг, шүүгдэгч Д.Болд-Очироос 9.849.861 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт,

Маргад монгол ХХК, шүүгдэгч Д.Болд-Очир нараас тус бүрээс 790403 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Баянцагаанд,

Маргад монгол ХХК, шүүгдэгч Д.Болд-Очир нараас 592500 төгрөгийг тус тус гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид тус тус олгож,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Б.Алтантүлхүүрийн нэхэмжлэлийн шаардлага, Маргад монгол ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №566882 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдсан СД-1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/218 дугаар бүхий шийтгэх тогтоолыг иргэний хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Тус шүүх хуралд улсын яллагчаар И.Мөнхцэцэг, амь хохирогчийн төлөөлөгч Ц.Алтанчимэг, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хохирогч Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдорж, хохирогч Б.Алтантүлхүүрийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Б.Гомбодорж миний бие оролцсон.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн төлөөлөгч Ц.Алтанчимэг, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарын зүгээс шинээр 200 гаруй хуудас хохирлын баримтыг гаргаж өгсөн. Уг баримтыг улсын яллагч И.Мөнхцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарт танилцуулсан ба бусад хэргийн оролцогч нарт ялангуяа иргэний хариуцагчаар оролцож буй надад уг баримтыг танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар хэсэг дээр хэргийн оролцогчдийн эдлэх эрх, хүлээх үүргийг зааж өгсөн байдаг ба мөн хуулийн 8 дугаар бүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх үүргийг тусгаж өгсөн байдаг. Шүүхийн зүгээс эрх нь зөрчигдсөн гэх иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй болохоос биш нэмж зөрчдөг эрх зүйн зохицуулалт байхгүй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд төлөх ёстой. Гэтэл шүүхээс хохирогчдод учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлж буюу 50 50 хувиар хувьчилж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь ямар хуулийн ямар заалтыг үндэслэн шийдсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах эсэх талаар шүүх шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэтэл иргэний хариуцагч болон шүүгдэгчийг хоёуланг нь тухайн хохирлыг 50 50 хувиар төлөхөөр шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Ж.Б нь бүрэн төлөх ёстой байтал иргэний хариуцагч "Маргад Монгол" ХХК-аар 50 хувийг төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгчийн зүгээс тухайн модны ажилд н.Батаа гэх хүний гуйлтаар явсан тухайгаа тайлбарладаг бөгөөд 2,3 хоног нойргүй явсан нь ор үндэслэлгүй худлаа тайлбар хийсэн. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсны ажил олгогч төлөх ёстой байтал бодит байдалд Маргад монгол ХХК-д ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшдэггүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэггүй н.Батаа гэгчийн хүсэлтээр тухайн гэмт хэрэг гардаг өдөр Ж.Б нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явсан байдаг. н.Батаа гэгч нь Маргад Монгол ХХК-ны захирал М.Ариун-Эрдэнийн нөхөр юм.

3. "Маргад Монгол" ХХК-д учирсан хохирлын талаар:

"Маргад Монгол" ХХК-ны ачааны авто машинд учирсан хохирлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Б нь "Маргад Монгол" ХХК-ны ажилд бус дээр дурдсанчлан "Маргад Монгол" ХХК-ны захирал М.Ариун-Эрдэний нөхөрийн гуйлтаар түүний хүсэлтээр компанийн бус хувийн ажилд явах үедээ тухайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тиймээс манай компаний автомашинд учирсан хохирлыг шүүгдэгч Ж.Боос гаргуулах нь зүйтэй гэж бидний зүгээс үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж гаргасан тайлбартаа: 200 гаруй хуудас нотлох баримт танилцуулалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хохирлыг ямар үндэслэлээр яагаад 50, 50%-иар төлүүлэхээр шийдсэн нь ойлгомжгүй, тодорхой бус, хувийн ажлаар явсан байхад компани төлөх үндэслэлгүй. Машины 5 сая төгрөгийг жолооч төлөх ёстой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг, Г.Дашдорж нар гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нар гаргасан тайлбартаа: Хохирлоо яаралтай гаргуулмаар байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Төв аймгийн Прокурорын газраас Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд Дайвоо маркийн 9355 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж, Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Маргад Монгол” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хянавал:

- Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан оршуулгын зардал, ажилгүй байсан хугацааны цалин, зээлээр худалдан авсан автомашины төлбөр төлж байсан баримт зэрэг 227 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /3 дугаар хавтас 109 хуудас/ тусгагдсан байх ба шүүх уг нотлох баримтыг үндэслэн 25 299 722 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтыг хэргийн бусад оролцогч, ялангуяа иргэний хариуцагч талд танилцуулалгүй нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь буюу 12 649 861 төгрөгийг “Маргад Монгол” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар гаргасан иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодоржийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан ба хохирогч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэдэн төгрөг болох, уг шаардлагад хэдэн төгрөгийн  нэхэмжлэл бүхий  юу юу багтаж байгаа болох, шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Шүүх хохирогч Т.Баянцагаанд 1 580 807 төгрөгийн, хохирогч Д.Болор-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид 1 185 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Ж.Боос Н.Дашдоржид төлсөн 350000 төгрөг хасч тооцоогүй, архины мөнгө хэдэн төгрөгийг хассан нь тодорхойгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардлаас гадна ажилгүй байсан хугацааны цалин, автомашин болон гар утасны лизингийн төлбөрт тус тус хэдэн төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр  нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу байна.

- Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 350 000 төгрөгийг хохирогч Д.Болор-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид, 2 800 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт төлснөөс өөрөөр хохирогч нарт хохирол төлж барагдуулаагүй байна. Харин шүүх шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал” /3 дугаар хавтас 102 хуудас/-д илүү ач холбогдол өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим, шаардлагыг хангахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бт  холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очих хүртэлх хугацаанд Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                       Г.БОЛОРМАА