Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

   2019 оны 02 сарын 12 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00261

               Улаанбаатар хот

 

             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н -д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн Б/123 тоот захирамжаар Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдан, улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 2202 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 235 тоот магадлал, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 701 тоот тогтоолын дагуу 2018 оны 08 сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэтэл Н Н нь 2018 оны 09 сарын 20-ны өдрийн Б/159 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарган, Багануур дүүрэгт ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургууль байгуулсантай холбогдуулан намайг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Дээрх захирамжийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт “ажилтан нас барсан” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохоор зохицуулжээ. Гэтэл миний бие өнөөдөр “амьд сэрүүн” байгаа тул энэ заалт надад хамаарахгүй.

2.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д Н Н нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Хэдийгээр уг заалт тухайн албан тушаалтанд буюу Н Нд эрх олгосон зохицуулалт боловч хуулийн гол үзэл санаа бол “уг ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах, улмаар түүний үр дүнг үндэслэн тухайн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх олгосон заалт юм. Миний бие тус албан тушаалд 2014 онд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон бөгөөд надтай байгуулсан үр дүнгийн гэрээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас дүгнэсэн зүйл байхгүй. Иймд уг заалтыг чөлөөлөх үндэслэл болгосон нь тухайн хуулийн заалтад нийцэхгүй байна. Нөгөө талаар хоёр сургуулийг нэгтгэснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, түүний үр дүн гарсан тохиолдолд хэрэгжих боломжтой заалт юм.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан. Миний бие дээрх үндэслэлүүдийн алинд нь хамаарч ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Орон тоог цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно, 15.1.2-т “Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэжээ. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэнэт ирээд л ажил хүлээлцэх болсон байгаа.

Ер нь 2 сургууль нэгтгэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл 320 хүүхдийн шинэ хичээлийн байр ашиглалтанд оруулж, 125 дугаар сургуулийн байр болгон 125 дугаар сургуулийн нэрийг Оюуны эрин цогцолбор сургууль болгон үйл ажиллагаа явуулж байгаа. 125 дугаар сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид ийнхүү дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй. Миний ажлын байранд Ж.Бат-Эрдэнэ гэгчийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилж өмнө нь ажиллаж байсан намайг үндэслэлгүйгээр халж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Учир нь миний бие Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч одоо 125 дугаар сургууль гэж байхгүй болж оронд нь Оюуны эрин цогцолбор нэртэй болсон байгаа. Мөн миний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж өгнө үү. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сүлжээгээр захирлын ажил нь ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал болох 868,980 төгрөгийн цалин болж нэмэгдсэн. Тиймээс ажлаас халагдсан 2018.09.20-ны өдрөөс 2019.01.01-ний өдрийг хүртэл 2018.08.22-ны өдрийн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсан тушаалд заасан 713,968 төгрөгөөр, харин 2019.01.01-нээс шүүхийн шийдвэр гарах хүртэл 868,980 төгрөгөөр нэмэгдүүлж тооцох боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургуулийг Нийслэлийн Засаг даргын 2018.08.02-ны өдрийн “Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай” А/703 дугаар захирамжаар байгуулсан. Ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургуулийг байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Аг Нийслэлийн Засаг даргын 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ түүнд 30  хоногийн өмнө мэдэгдсэн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т зааснаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан үндэслэл барьсан нь техникийн алдаа, өөрөөр хэлбэл 38.1.2-ыг баримтлах байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019 оны 01 сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж эхлээгүй байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Нид холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа “одоо 125 дугаар сургууль гэж байхгүй, Оюуны эрин цогцолбор сургууль болж үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэсэн шалтгаанаар Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Б.А нь дээрх нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацаа болох ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тус шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2 сургуулийг нэгтгэсэн зүйл байхгүй, 320 хүүхдийн шинэ байр ашиглалтанд оруулж, түүнийг 125 дугаар сургуулийн шинэ байр болгон нэрийг нь Оюуны эрин цогцолбор сургууль болгон өөрчилсөн, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй, мөн 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд сургуулийн шинэ байрыг ашиглалтанд оруулж Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн байр болгосныг нэгтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарах тул Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 2202 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 235 тоот магадлал, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 701 тоот Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Б.Аг Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,044,545 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

 

          Хариуцагч Н нь шүүхийн дээрх шийдвэр, тогтоолын дагуу нэхэмжлэгч Б.Аг 2018.08.22-ны өдрийн Б/141 тоот захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын 2018.10.25-ны өдрийн Б/84 тоот “Б.Ад тэтгэмж олгох тухай” тушаалаар 3 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжид 2,141,000 төгрөгийг олгосон, зохигчдын хооронд сүүлд байгуулагдсан 2015.01.26-ны өдрийн 1503/С3002 дугаартай хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн үйл баримт тогтоогдож байх тул уг үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

          Хариуцагч Н нь 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг удирдлага болгон “...Багануур дүүрэгт шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургууль байгуулсан” гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэгч Б.Аг Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь 2018.09.20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.

 

          Дээрх Б/159 тоот захирамжийн дагуу хариуцагч Н нь 2018.09.26-ны өдөр ажлаас халсан захирамжийг нэхэмжлэгч Б.Ад танилцуулж, 2018.09.28-ны өдөр ажлыг нь хүлээлцэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн захирамж, холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Ад хүлээлгэн өгчээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 37.1.2-т “ажил олгогч иргэн, ажилтан нас барсан”,

          40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”,

          40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж тус тус заасан.

 

          Харин нэхэмжлэгч Б.Аг ажлаас халах болсон үндэслэл түүнд баримталсан хуулийн заалтууд хоорондоо уялдахгүй, хамааралгүй байна.

          Учир нь Нийслэлийн Засаг даргын 2018.08.02-ны өдрийн А/703 тоот “Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай” захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг Нийслэлийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургууль байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ.

 

          Энэхүү захирамжийн дагуу 2018.10.05-ны өдөр Оюуны эрин цогцолбор сургуулийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газраас 2023.10.05-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, Багануур дүүргийн 125 дугаар сургууль нь хичээлийн шинэ байртай болж нэр нь Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчлөгдөн,  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь зохигчдын тайлбар, Оюуны эрин цогцолбор сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага зэрэг баримтаар тогтоогдсон.

 

          Өөрөөр хэлбэл Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, уг байрыг 125 дугаар сургуулийн байр болгон, нэрийг нь “Оюуны эрин” цогцолбор сургууль гэж өөрчилсөн явдал нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх замаар нэгтгэх хууль зүйн ойлголтонд хамаарахгүй юм.   

 

          Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 37.1.2-т заасан ажил олгогч иргэн, ажилтан нас барсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь ажлаас халсан захирамжийн хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Б.Аг ажлаас халах болсон бодит үйл баримттай нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн болно.

 

          Мөн хариуцагч Н нь нэхэмжлэгч Б.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан журам буюу энэ тухай нэхэмжлэгч Б.Ад 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэн эсэх талаар хариуцагчийн төлөөлөгч тодруулж чадаагүй, энэ талаар баримтгүй байна.

 

          Иймд хариуцагч Нийн нэхэмжлэгч Б.Аг ажлаас нь чөлөөлсөн 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Аг Багануур дүүргийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Агийн нийгмийн даатгалын дэвтэр нь 2017 оны 7 сараас хойш бичилтгүй байх бөгөөд энэ нь түүнийг 2017.06.28-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой, тэрээр 1 сарын цалин хөлсөө түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсан 2018.08.22-ны өдрийн Б/141 тоот захирамжид заасан 713,968 төгрөгөөр, мөн 2019.01.01-ний өдрөөс 1 сарын цалин хөлс нь Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал буюу 868,980 төгрөгөөр нэмэгдсэн гэж тайлбарлан уг хоёр дүнгээр цалин хөлсийг тооцох боломжтой гэж мэтгэлцсэн.

 

Харин шүүх нэхэмжлэгч Б.Агийн 1 сарын дундаж цалин хөлсийг түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн авсан 2018.08.22-ны өдрийн Б/141 тоот захирамжид заасан 713,968 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг үндэслэл болгоогүй, уг тогтоол нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгжиж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Агийн 4 сар /713,968 * 4 = 2,855,872/, 14 өдөр /713,968 / 21,5 = 33,208 * 14 = 464,912/-ийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан 2018.09.20-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2019.02.12-ны өдрийг хүртэл тооцож, нийт 3,320,784 төгрөг /2,855,872 + 464,912/-ийг хариуцагч Наас гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Агийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нид үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.А нь түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан боловч шүүх үүнийг нэхэмжлэлийн шаардлага бус, харин шаардлагын үндэслэл байна гэж дүгнэлээ. Учир нь ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир Б/159 тоот тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Аг Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Наас 3,320,784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Агийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нид үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Агийн гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Наас 68,083 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА