Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2021/0035/З |
Дугаар | 126/ШШ2021/0038 |
Огноо | 2021-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 126/ШШ2021/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дугаар, Хуралдааны удирдах дарга сонгох тухай 02 дугаар, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 03 дугаар, Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай 04 дүгээр, Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлага, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий Б.Дыннэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, Л.Ц, хариуцагч Л.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Б.Б, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Улаан-Уул суманд Монгол Ардын намаас нэр дэвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болж улмаар анхдугаар хуралдаанаас намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №05 тоот тогтоолоор баталгаажсан. Сумын 21-н төлөөлөгчийн 11 төлөөлөгч нь Монгол Ардын намаас 10-н төлөөлөгч нь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар байдаг. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хурлын тэргүүлэгчид хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV дүгээр хуралдааныг товлон зарлаж хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө баталж төлөөлөгч нарт урилгын хамт хүргүүлснээр 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан эхлэхэд 17 төлөөлөгч хуралдаанд ирснээр, ирц 80.9 хувьтай гэж үзээд хуралдаанаа эхэлсэн. Монгол Ардын намаас сонгогдсон 8, Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгч ирсэн. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Л.Ц нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тайлан сонсоно, үнэлэлт дүгнэлт өгнө гэж санал гаргаж, маргаан бужигнаан үүсгээд байхаар нь би уг настай хүнийг хүндэтгээд хүлцэнгүй хандаад тайланд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул бэлтгээгүй байсан учраас ерөнхийд нь танилцуулсан. Гэтэл төлөөлөгч Л.Ц Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя гэсэн санал гаргаад санал хураана гээд маргалдаж, хурал хурал биш болоод та нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөллөө гэхээр нь Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар хуралд суухгүй энэ чинь хууль бус гээд гарсан. Тэгтэл хамгийн ахмад настай Д.Пгаар хурлаа удирдуулж хуралдааныг үргэлжлүүлэн улмаар сумын Засаг даргаа огцруулсан тогтоол гаргасан. Хөдөө орон нутагт хэт улс төржин аливаа ажлыг гацаах өөрсдийн дур зоргоор авирлаж олонхын төлөөлөгч нар тухайн хуралд цөөнх болон оролцсон байдлыг далимдуулан хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хүч түрэн оруулж, өмнө олон жил Засаг даргын орлогч хийж байсан туршлага дадлаа буруу зүйлд ашиглан Хурлын дарга, төлөөлөгч залуучуудыг та нар ажил хийж мэдэхгүй сураагүй гэж үл хүндэтгэн улс төрийн албан тушаалыг хууль бусаар авахыг оролдсон хууль бус үйлдэл гэж би харж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн Хуралд жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасан байхад Л.Ц нь олон жил дарга хийсэн учраас мэдэж байгаа байх гэж хууль зүйн мэдлэг мэдээлэл муутай төлөөлөгчдийн тархийг эргүүлж байгуулагдаад жил болоогүй, МУЗЗНДНТУТ хуульд Хуралд үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн хууль зүйн ойлголт байхгүй байхад Л.Ц нь хурал үймүүлэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй Хурлын тайлан сонсохыг шаардаж, бид үнэлэлт дүгнэлт өгнө гэж хуульд байхгүй асуудлаар хурал үймүүлснээр энэ удаагийн хуралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Биднийг хуралд суух боломжгүй гэдгээ хэлж хурлаас гарснаас хойш хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч гэх Д.Пгаар удирдуулан үргэлжлүүлсэн нь МУЗЗНДНТУТ хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасныг зөрчсөн байна. Д.П нь тэргүүлэгч гишүүн биш зөвхөн төлөөлөгч юм. Анхдугаар хуралдаан эхлэхэд Хурлын дарга сонгогдоогүй байдаг учраас төлөөлөгч нарын хамгийн ахмад гишүүн нь Хурлын даргыг сонгогдох хүртэл хуралдааныг даргалдаг хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хуралдааныг Д.Пгаар удирдуулсан нь хууль бус байна. МУЗЗНДНТУТ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж зохицуулснаас харахад бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах гэдэг ойлголтын талаар хуульд заагаагүй байна. Мөн нөгөө талаар МУЗЗНДНТУТ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй хаягдсан асуудал байвал дор хаяж 1 хоногийн өмнө тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийн хамт хавсаргаж төлөөлөгч нарт тарааснаар төлөөлөгч нар уг асуудлаар шийдвэр гаргах боломжийг олгосон зохицуулалт юм. Гэтэл энэхүү заалтыг огт байхгүй мэтээр гэнэтхэн Хурлын тэргүүлэгчдийн тайлан сонсох үнэлэлт дүгнэлт өгөх гэж оруулж, шийдвэр гаргаж, Хурлын тэргүүлэгчдийг огцруулж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Мөн нөгөө талаар дээрх хуулийн заалтаас гадна Улаан -Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар баталсан Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн арван дөрөв дүгээр зүйлийн 1 дэх заалтыг илтэд зөрчсөн байна. МУЗЗНДНТУТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №05, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай №06 тоот тогтоолууд хүчинтэй байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хуралдааны Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай" №01, Хуралдаан удирдах дарга сонгох тухай №02, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, батлах тухай №03, Хуралдааны дэгт, өөрчлөлт оруулах тухай №04, Сумын Засаг даргыг огцруулах тухай №05, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №06 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Улаан-Уул суманд Монгол Ардын намаас нэр дэвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болж, улмаар анхдугаар хуралдаанаас намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №05 тоот тогтоолоор баталгаажсан билээ. Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV дүгээр хуралдааныг товлон зарлаж хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө баталж төлөөлөгч нарт урилгын хамт хүргүүлсэн бөгөөд хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаан эхлэхэд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Л.Ц нь тухайн хуралд манай намаас сонгогдсон зарим төлөөлөгч хуралд ирээгүй, хуралд ирсэн төлөөлөгчдийн олонх нь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар байсныг далимдуулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлан сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн санал гаргаж, санал хураалгаснаар 2 намаас сонгогдсон төлөөлөгчдийн дунд маргаан бужигнаан үүсгэснээр Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар хурал орхиод гарсан хойно төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч болох Д.Пгаар хурлаа удирдуулж хуралдааныг үргэлжлүүлэн улмаар хурлаас хэд хэдэн тогтоол гаргасан. Миний хувьд тухайн хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан, шүүхээс хэрэг үүсгэн шалгаж байх үед анхдугаар хуралдаанаас намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №05 тогтоолыг хүчингүй болгосон №02 тоот тогтоол гаргасныг хууль бус гэж үзэж байна.
Уг 05 тоот тогтоол нь хэрэгжээд нэг жил болсон, энэхүү тогтоолоор би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалыг хашиж, улмаар төсвөөс цалин хөлс авч ажилласан байдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үгүйсгэсэн тогтоол гаргасан гэж би үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага гэдэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг хэлнэ гэж тодорхойлж улмаар Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг заасан байна. Тэгвэл шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд захирагдах ёстой байтал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Ц нь дураараа авирлан олон жил төрийн ажил хийсэн, ийм байдаг гэж буруу үлгэр дууриалал бусдадаа үзүүлэн манлайлж, хууль зөрчин хууль бус тогтоол шийдвэрүүд гаргаж байгааг зөвтгөх аргагүй. Захиргааны байгууллагаас захиргааны акт шинээр гаргахдаа хуульд тусгайлан урьдчилсан нөхцөл шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаас харахад эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд урьдчилан заавал мэдэгдэж түүний саналыг сонсохыг хуульчилснаас биш захиргааны байгууллага хэдийд ч дураараа захиргааны акт гаргаад байж болохгүй гэж ойлгогдож байна.
Миний өмнөх нэхэмжлэлдээ; Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай №01, Хуралдаан удирдах дарга сонгох тухай №02, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай №03, Хуралдааны дэгт, өөрчлөлт оруулах тухай №04, Сумын Засаг даргыг огцруулах тухай №05, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай №06 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлд хариуцагчаас хариу тайлбар гарган шүүхэд ирүүлэхдээ миний нэхэмжлэлд дурьдсан намайг Хурлын даргаар сонгож баталсан анхдугаар хуралдааны тогтоол хүчинтэй байгаа гэсний хариу болгон Тогтоол хүчингүй болгох тухай гэсэн 02 дугаар тогтоол гарган Улаан-Уул сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №05 тоот тогтоолыг хүчингүй болгосон нь хууль бус байна. Энэхүү тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэснээс өөрөөр уг тогтоолыг хүчингүй болгох нөхцөл шаардлага, холбогдох хуулийн заалтыг үндэслээгүйгээс гадна тогтоолын 1 дэх заалтад 05 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2020 оноос 2024 оны анхдугаар хуралдааны 05, 06 ,07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь хэн ч харсан утга агуулгын илэрхий алдаатай, 2020 оноос 2024 он хүртэл бүх оны тогтоол хүчингүй болгох гэсэн утга агуулга бүхий байх бөгөөд энэхүү тогтоол нь нэгэнт өмнөх нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хурлын хуралдааны 6 тогтоолыг хүчингүй болгуулах тухай юм. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/37 дугаартай албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн байна. Үүнд Улаан-Уул сумын Иргэдийн хурлын дарга юм уу? эсхүл Улаан-Уул сумын Шивлэг багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга юм уу? гэх асуудал эргэлзээ бүхий байна. Аливаа захиргааны акт гаргахдаа уг захиргааны акт гаргах болсон үндэслэл, нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг толгойд нь заавал бичих ёстой байдаг. Тэгэхээр Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 01 дугаартай Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай тогтоол ньМУЗЗНДНТУТ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 б заалт, 25 дугаар зүйлийн 25.1 гэх ерөнхий заалтууд барьсан байна. Чөлөөлөх болсон үндэслэл нь юу юм бэ? гэхээр энэ талаар огт тайлбарлахгүй байгаа юм. МУЗЗНДНТУТ хуулийн 2 дугаар зүйлд МУЗЗНДНТУТ хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргаан ерөнхий хууль, энэ хууль болон бусад тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас сонсоод байхад Л.Ц төлөөлөгч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг ярьснаас болоод нэлээн маргаан болсон. Тэгээд манай Монгол Ардын нам 11 гишүүнтэй. Тэгэхэд манайх өвчтэй, чөлөөтэй хүмүүсээ хасаад 8 төлөөлөгч хуралд орсон. Ардчилсан намын 9 төлөөлөгч хуралд ороод тухайн өдрийн хуралдаанд олонх болсноороо далимдуулж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг булааж авлаа гэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Хуралдааны тэмдэглэл болон бусад актуудыг хараад үзэхэд хурлын нарийн бичгийн даргатайгаа хамтраад хууль бус үйл ажиллагаа хийсэн гэх тодорхой зүйл бичсэн байгаа. Хурлын нарийн бичгийн дарга бол төрийн албан хаагч юм. Тэгэхэд хуралд асуудал оруулаад болно, болохгүй гээд төлөөлөгч юм шиг үг хэлээд байгаа байдал харагдаж байна. Хариуцагч тайлбартаа тэргүүлэгчид бүрэн огцруулсан учраас гэж ярьж байна. Гэтэл тогтоолд огцруулсан гэсэн үг үсэг байхгүй. Чөлөөлсүгэй гэж байгаа. Тэгээд ямар тохиолдолд огцруулах тогтоол гардаг юм бэ? Огцруулсан гэж яриад байгаа юм бол тогтоолдоо огцруулсан гэж оруулахгүй яасан юм бэ?. Хэрвээ чөлөөлсөн юм бол хуралдааны тэмдэглэлд чөлөөлөх нь зүйтэй байна гэх үг үсэг дурдагдаагүй байдаг. Тэгэхээр хуралдааны тэмдэглэл, тогтоол хоёр илтэд зөрүүтэй байж болохгүй. Мөн Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгч бол нийт төлөөлөгчдийн 52.9 хувийн эзэлж байгаа. Бид нар баталсан гээд олонхоороо тогтоол баталж байгаа. Тэгсэн мөртлөө Тэргүүлэгчдийн чөлөөлөх тухай 01 дугаар тогтоолд Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь олонхын буюу 58.8 хувийн саналаар чөлөөлсүгэй гэх зэргээр илтэд зөрүүтэй байна. Аливаа захиргааны актыг гаргахад Засаг дарга захирамж гаргах эрхтэй. Хурлын дарга хурлаас тогтоол гаргах эрхтэй гэсэн зөвхөн ерөнхий заалт гаргаж тогтоол гаргах ёсгүй. Нарийвчилсан хуулийн заалт давхар барьж гаргах ёстой юм. Иймд хуралдааны хууль зүйн үндэслэлүүд ойлгомжгүй тодорхойгүй байгаа учраас захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэс байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд 1-7 асуудлыг хэлэлцсэн. Гэтэл уг хуралдаан дээр хууль зөрчсөн асуудал гарч ирсэн. МУЗЗНДНТУТ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан заалтыг зөрчсөн. Уг асуудал нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын тайланг хэлэлцэж тэдгээрийг томилж чөлөөлөх асуудал мөн өөр бусад асуудал орж ирсэн учраас тухайн үед хурал удирдаж байсан хурлын дарга Б.Д энэ хурлын цааш үргэлжлүүлэх боломжгүй байна. Учир нь МУЗЗНДНТУТ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гээд хурлыг орхиод гарсан. Хурлын дэгийн 14.1-т асуудлыг мөн энэ асуудал тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн гол шаардах үндэслэл нь уг 4 дэх хуралдааныг Д.П гэх хүн удирдсан гэтэл 1 дүгээр тогтоол нь Б.Д гэх нэртэй гарсан байсан. 1 дүгээр тогтоолд тамга дарсан боловч Б.Д нь гарын үсэг зураагүй байгаа юм. Тэгэхээр 1 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр бус гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол дарааллан гарсан эрх зүйн актууд болох 1, 2, 3, 4, 5, 6 дугаар тогтоолууд нь хүчин төгөлдөр бус байна. Орон нутагт нам бус байдлаар хандаж орон нутгийн иргэдийн төлөөлөгчөө сонгож байгаа учраас тухайн хуралдаанд Ардчилсан намаас 9 төлөөлөгч ирлээ гэдэг асуудлаар хуралдаанд асуудал хэлэлцэхгүйгээр тэргүүлэгчид нь тогтоолоор баталсан асуудлыг шийдвэрлэсэн байсан бол гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Учир нь нэгэнт хэлэлцэж батлаагүй санал аваагүй зүйлд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөх асуудал байхгүй. Нэгэнт эдгээр тогтоолууд нь хууль зөрчиж гарсан учраас хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна. Хариуцагч тайлбартаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 12.1.5 дахь заалтуудыг дурдаж байна. Санал оруулах эрх бол төлөөлөгч бүрд байдаг. Гэвч санал оруулах эрхээ тухайн хуралдаан дээр гаргаж ирээд хэлэлцүүлэх тухай хуульд заагаагүй. Саналаа 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулж, бэлтгэж үндэслэл тайлангаа гаргаж ирэх ёстой. Тухайн өдөр хэлэлцсэн хурлын даргыг огцруулах, тэргүүлэгчдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр байсан бол тэргүүлэгчдийн хуралдаанаар батлаад хурлын дарга нь баталгаажуулж тус хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан. Энэ журмаар баталгаажуулаад хурал дээр хэлэлцээд гарсан тогтоол байсан бол уг тогтоолтой маргах шаардлагагүй байсан. Хариуцагчийн хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагаас харахад тухайн үед хэт улс төржсөн байдал харагдсан. Уг суманд нийт 21 төлөөлөгч байгаа боловч тухайн хуралдаанд 9 төлөөлөгч нь Ардчилсан намаас хүрэлцэн ирсэн. Бусад 8 төлөөлөгч нь Монгол Ардын намаас ирсэн байсан. Тэгэхээр хуралдаанд төлөвлөөгүй асуудлыг гаргаж ирж хэлэлцэх гэсэн нь хэт намчирхсан асуудал гаргаж уг тогтоолуудыг баталсан байна гэж үзэж байна. Хариуцагч төсөвт тодотгол хийх тухай, газрын төлбөр шинэчлэн батлах тухай тогтоолуудыг хэлэлцэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолоор баталсны дагуу тухайн хэлэлцэх асуудлаа хэлэлцэж хурал үргэлжлээд явах ёстой байсан. Гэтэл гэнэтхэн хурлын тэргүүлэгчдийн тайланг сонсъё гээд төлөвлөгөөнд батлагдаагүй, хуралдааны тов зарлах тухай мэдэгдэх хуудаст мэдэгдээгүй асуудал орж ирсэн учраас уг хуралдаан хүчин төгөлдөр бус байна. Тухайн үед хэт намчирхалгүй асуудлаа хэлэлцээд явсан бол нутаг оронд ашигтай байсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 8 дугаар сарын 26-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанд оролцож, хуралдаанд оролцох ёстой 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч биеэр оролцож, чөлөөтэй 2 төлөөлөгч, өвчтэй 1 төлөөлөгч, тасалсан 1 төлөөлөгч байсан ба хуралдааны ирц 80.9 хувийн ирцтэй байж, хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Батхүүгийн Далайбаяр нээж үг хэлж, төрийн дуулал эгшиглүүлсэн. Хуралдаан албан ёсоор нээгдэж хуралдаанаар дотоод журам, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, миний бие хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд төлөөлөгчийн бүрэн эрх буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт буюу Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах", 12.1.3 дахь заалт буюу Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, 12.1.5 дахь заалт буюу Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах, 18 дугаар зүйлийн 18.1.1- ийн А дахь заалт буюу Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт буюу Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмын төслийг тэргүүлэгчид бэлтгэж оруулна. Уг төсөлд төлөөлөгчдийн олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн заалтуудыг үндэслэн би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайланг сонсох асуудлыг оруулсан. Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдаад 10 сар болж байгаа ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайланг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт буюу Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн Хуралд жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэсэн заалтыг 2021 оны 12 сард хуралдах ээлжит хуралдаанд тавина гэж байгааг зөрчсөн. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдаад 1 жил 2 дахь сардаа тайланг тавина гэж байгаа учраас төлөөлөгч миний бие уг саналыг оруулсан болно. Үүнээс гадна хурлын төлөөлөгч нар төрөл бүрийн санал гаргасан. Тухайлбал сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндсэн чиглэлийн биелэлттэй нэг болгож оруулъя гэдэг саналыг Монгол Ардын намаас тавьсан. Мөн Монгол Ардын намаас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 12 дугаар сард хэлэлцье, үүнийг буцаая гэдэг асуудлыг тавьсан. Үүнээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргаж байгаа шийдвэртээ эргэж буцсан шийдвэрүүд гарч байсан учраас би энэ саналыг тавьсан. Хурлын дарга Б.Д миний саналыг хүлээн аваад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэхийг санал хурааж шийдвэрлэе гэх асуудлыг тавьсан. Санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хурлын төлөөлөгчдийн тайланг хэлэлцэх асуудал дэмжигдэж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан. Үүний дагуу тайланг сонссон. Сонсох явцад энэ хурал байгуулагдаад 10 сарын хугацаанд 27 ширхэг тогтоол гаргасан. Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж бодлогын баримт бичиг, тогтоол гаргаагүй гэдгээ Б.Д хүлээн зөвшөөрсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тайлангийн биелэлт нь 42.2 хувьтай байна гэдгийг мөн хурлын дарга хүлээн зөвшөөрсөн. Мөн Төлөөлөгчдийн Хурлын 7 тэргүүлэгчдээс 4 нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг дэмжсэн. Хурлын дарга Б.Д нь хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Төлөөлөгч, тэргүүлэгчдээ удирдлагаар хангаж чадаагүй, 10 сар болсон байж сум орон нутгийн бодлогын чанарыг нэг ч тогтоол гаргаагүй. Гаргасан тогтоол нь комисс томилох тухай, хороо байгуулах тухай, амжиргаа дэмжих тухай зэрэг. Ганц оновчтой тогтоол нь хүүхэд хамгаалах тухай тогтоол байсан. Бусад нь дандаа өдөр хоног өнгөрөөсөн тогтоолууд гаргасан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тал дээр санал хураахад нийт төлөөлөгчдийн 58.8 хувийн саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал өгсөн. Дараа нь хурлын дарга Б.Д би огцорлоо, огцорсон дарга хурал удирдахгүй, хэн хурлаа удирдахаа өөрсдөө мэд гээд хурлыг хаяаад гарахаар болсон. Тэр үед нь төлөөлөгч миний бие сануулсан. Нэгэнт тамгаа хүлээлгэж өгөөгүй цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх нь хэрэгжиж байх ёстой. Та хурлаа удирдана гэхэд тийм зүйл байхгүй, би нэгэнт огцорсон. Одоо та нар хэнээрээ даргалуулна өөрсдөө мэд гээд гараад явсан. Тухайн үед цар тахлын хүнд нөхцөл үүссэн, төсвийн тодотгол хийх, байгууллагуудын хөрөнгө төсөв эцэстээ тулсан зайлшгүй тодотгол хийх үндэслэл шаардлагын хүрээнд бид нар хурал даргалагч томилохоос өөр аргагүй болсон. Тэгээд төлөөлөгчдийн олонхын саналаар хурал даргалагчаар Д.Пг анхдугаар хуралдааны жишгийг баримталж томилсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хулын тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон учраас тэргүүлэгчээ сонгосон. Тэгээд бид нар нэг өдөр завсарлага авч эд нарыг хүлээсэн. 28-ны өдрийн 14 цагт Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батцогт гэх хүнээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тоот ирүүлсэн. Энэ тоотоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг үргэлжлүүлэн хуралдуулж өгнө үү. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг үе үеийн шилээ дарсан хойшлуулах боломжгүй асуудлууд байна гэсэн байсан. Бид нар ажлын албанаас Монгол Ардын намдалбан ёсоор бичиг хүргүүлсэн. Гэтэл Монгол Ардын намаас бид нар энэ хуралдаанд оролцох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Бид нар оройн 18 цагт хурлыг товлоод мөн 30 минут хүлээж Монгол Ардын намаас ирээгүй тул хурал даргалагч нараас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг нэр дэвшүүлж, хурал даргалагчаа сонгоё гэх саналын үндсэн дээр миний биеийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нэр дэвшүүлж, сонгосон. Ингээд бид бүрэн эрхийнхээ хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гээд сумын Засаг дарга Б.Гантулгыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлангаа тавь гэх асуудлыг хурал даргалагч Д.П албан ёсоор мэдэгдсэн. Тухайн үед Засаг дарга байсан Б.Гантулга нь би та нарт тайлангаа тавихгүй, намайг огцруулчхаарай гэсэн. Би үүнийг албан ёсоор хүсэлтээ өгч өөрийн саналаар огцорсон гэж боддог. Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийг үл хүндэтгэсэн, Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр Б.Гантулгыг огцруулсан юм.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь миний анхдугаар хуралдаанаар сонгогдсон тогтоолыг дур мэдэн хүчингүй болгосон гэж байгаа юм. Ер нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь олонхын шийдвэр гаргадаг байгууллага. Зөвхөн Л.Ц гэх хүн дур мэдэн гэсэн байна. Энэ бол дур мэдэн шийдвэр гаргадаг зүйл биш юм. Хурал гэдэг нь 50+1 ирцтэй хуралдаж хуралдаан хүчин төгөлдөр болж шийдвэр гаргадаг. Яагаад энэ тогтоолыг хүчингүй болгосон юм бэ? гэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад хурлын дарга сонгогдсоноор Б.Дын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоол үйлчлэх хугацаа нь дуусдаг. Гэтэл энэ хүн хурлын үйл ажиллагааг 80 хоног гацаасан. Өөрөөр хэлбэл хурлын танхим өгөхгүй, хурлын төлөөлөгчдийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, би дарга хэвээрээ байгаа эсхүл тухайн хурлын тогтоолыг хүчингүй болгочих гээд хүсэлтээ илэрхийлээд байсан. Ингээд албан ёсоор Ардчилсан намын бүлгээс уг хурлын тогтоолыг хүчингүй болгоё гэх саналыг оруулж ирсэн. Бид үүнийг хүчингүй болгосон юм. Гэхдээ бид нар Б.Дын цалин хөлс, аливаа нэг зүйлийг хөндөөгүй. Гарсан тогтоолд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгогдсоноор 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолын үйлчлэх хугацаа нь дууссан гэх утгатай гаргасан. Б.Д гэх хүнийг анх сонгосон тогтоолыг хүчингүй болгоно гэсэн тогтоол гаргаагүй юм. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа гаргасан тогтоол, шийдвэр цалин хөлс хөндөгдөхгүй гэж албан ёсоор хэлье гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хариуцагчаар татагдсан Д.П хариу тайлбартаа 7 тэргүүлэгчийн 4 нь огцоръё гэж санал гаргасан гэсэн байдаг. Тэгэхээр 7 тэргүүлэгчээс 4 нь огцоръё гэхээр 57.1 хувь болж байгаа юм. Энэ тохиолдолд олонх нь огцоръё гэж байгаа учраас эдгээр хүмүүсийг огцруулъя гэдэг асуудал яригдсан. Тэгээд уг 7 тэргүүлэгчийн 58.8 хувийн саналаар огцруулсан юм. Энэ бол олонхын шийдвэр. Түүнээс хойших 2-6 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Эдгээрийн зарим нь дотогшоо чиглэсэн акт юм. Зохион байгуулалтын шинжтэй акт байна. Энэ нь захиргааны актын шинжийг агуулахгүй. Захиргааны актын шинжийг агуулахгүй байхад хууль хэрэглээний алдааны асуудал яригдах нь үндэслэлгүй. 05 дугаар тогтоол нь Засаг даргыг огцруулахтай холбоотой асуудал. Энэ нь нэхэмжлэгчид огт хамааралгүй. Иймд 2-6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хууль зүйн хувьд яагаад зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахгүй байна. Энэ бол хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан тогтоол юм. Нэгэнт тэргүүлэгч биш болсон хүнийг хурлын даргаас чөлөөлсөн шийдвэрийг сүүлд гаргасан нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаас тэргүүлэгчээр шинээр сонгогдсон байгаа. Сонгогдох болсон шалтгаан бол тухайн өдрөөр Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуучин 7 тэргүүлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдсөн. Энэ утгаараа нөгөө талаас хурлын чөлөөт цаг, хурлын бүрэн эрхийг хурлын тэргүүлэгч нар хэрэгжүүлэх ёстой учраас хурлын тасралтгүй байдлыг хангах үүднээс хурлын 5 тэргүүлэгчийн сонгосон. Хуулийн дагуу бол 21 төлөөлөгчөөс тэргүүлэгч 5-7 байх ёстой учраас шаардлагын хүрээнд 5 тэргүүлэгч томилогдсон. Нэг талаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний сонгох, сонгогдох эрх, нөгөө талаас бид нэр тэргүүлэгчид нэр дэвших, нэр дэвшүүлэх эрхийн хүрээнд тэргүүлэгч болсон байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Улаан- Уул сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын олонхын саналаар тэргүүлэгчээр томилогдсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дугаар, Хуралдааны удирдах дарга сонгох тухай 02 дугаар, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 03 дугаар, Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай 04 дүгээр, Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэмэгдүүлжээ.
2. Шүүх, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэгүүд болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, Сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 06 дугаар тогтоол баталж, 05 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Д сонгогдсон байна.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Д нь тухайн Хурлын ээлжит хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлснээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар: ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг хуралдуулахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоолгож, уг тогтоолын хэрэгжилтэнд Хурлын даргын бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж, ажилласан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх гэсэн заалттай нийцэж байна. /ХХ-6 дугаар хуудас/
5. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан товлогдсон буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд хүрэлцэн ирэх ёстой 21 төлөөлөгчөөс чөлөөтэй, тасалсан шалтгаанаар 4 хүн ирээгүй, ирц 80.9 хувьтай байгааг Хурлын дарга Б.Д мэдэгдэж, нээснээр хуралдааны үйл ажиллагаа эхэлж, хэлэлцэхээр тогтсон асуудлын хүрээнд төлөөлөгчид хэлэлцэж эхэлсэн боловч төлөөлөгч Л.Ц ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны Тэргүүлэгчидийн үйл ажиллагааны тайланг тайлагнуулах, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг санал болгож, улмаар ... бүлгийн завсарлага авах эсэх, ...төлөвлөгөөнд тусгагдаагүй ... Хуралдааны Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг тавих эсэх талаар төлөөлөгчдийн дунд маргаан үүссэн боловч хуралдаан дотоод журмаа баталснаар хурлын дарга Б.Д ИТХ-ын Тэргүүлэгчдийн товч тайлан-г илтгэсэнтэй холбогдуулан төлөөлөгч Л.Цаас: ... Тэргүүлэгчид ... үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргаж, төлөөлөгчид хэлэлцэж, хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн олонхи буюу 58.8 хувийн саналаар /ХХ-69-83 дугаар хуудаст ... хуралдааны тэмдэглэлээс/, Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоол баталсан боловч хурлын дарга Б.Д гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь: /ХХ-48 дугаар хуудас/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-дХурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна гэсэн заалтуудыг зөрчсөн, уг тогтоол хууль бус болох нь тогтоогдож байна.
6. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн заалтаас үзэхэд Хурлын дарга Б.Д нь Хурлын Тэргүүлэгчдийг удирдах, тэдэнтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуулийн энэ заалтаар баталгаажсан учраас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай хууль бус 01 дүгээр тогтоол маргаан бүхий захиргааны актын улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг удирдлагаар хангах зэрэг хурлын өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулж хурлын Тэргүүлэгчдийн /гуравдагч этгээд нарын/иргэдээс сонгогдсон тэдний хуралдааны Тэргүүлэгчдийн эрх үүргээ хэрэгжүүлэх, мөн хурлын даргын эрх хэмжээнд халдаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хэмээн үзлээ.
7. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хуралдааныг удирдах дарга сонгох тухай 02 дугаар тогтоолоор: ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хуралдааныг удирдах даргаар олонхийн 9 санал буюу 52.9 хувийн саналаар Д.Пг сонгож, түүнийг шинээр хурлын дарга сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгохоор ... шийдвэрлэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал:Энэ удаагийн хуралдаан нь ээлжит хуралдаан байх бөгөөд анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг Хурлын дарга Б.Д нь удирдах бөгөөд түүний эзгүйд Хурлын дарга Б.Дын зөвшөөрөлгүйгээр өмнө сонгогдсон Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ороогүй Д.Пг сонгож, түүгээр ... хуралдааныг удирдуулж, хуралдааны удирдлагын зохион байгуулалтын асуудлыг буюу хуралдаанаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлуудыг олонхи буюу Ардчилсан намын бүлгийн 9 төлөөлөгчид хуралдаж, шийдвэрлэсэн нь хууль бус, дур зоргын үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. /ХХ-49 дүгээр хуудас/
8. Иймээс Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хурлаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан. Улмаар Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурал 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан товлосон цагт сумын Соёлын төвийн номын санд эхлэж хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи ирсэн тул хурлын үйл ажиллагаа эхэлж, иргэдийн Төлөөлөгчдийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэх ёстой, хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж баталсан 27 дугаар тогтоолд дурьдсан асуудлуудыг хуралдаж шийдвэрлэх явцад Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн зүгээс хурлаар хэлэлцэхээр тогтоогүй асуудлуудыг оруулж ирж хэлэлцэж, шийдвэрлэх санал гаргасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос өмнө 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй , Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны хурлын дэгийн 14.1 зүйл дахь хэсэгт Хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос нэгээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан нь төлөөлөгч нар шийдвэр гаргахад боломж олгосон хуулийн зохицуулалтыг тус тус илтэд зөрчин тухайн өдрийн хуралд Ардчилсан намын төлөөлөгч нар 1 хүнээр илүү байдлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огт байхгүй, хурлын тэргүүлэгч нарын эхний хагас жилийн ажлын тайланг үнэлэлт дүгнэлт өгнө, улмаар тэргүүлэгчдийг чөлөөлөх, хурлын даргыг чөлөөлнө гэх мэтээр хуралдааныг холбогдох хууль болон хурлын дэгийг илтэд зөрчиж хийсэн болох нь тогтоогдож байх тул уг хуралдаанаас гаргасан бүхий л тогтоол шийдвэрүүд нь хууль бус, үндэслэлгүй актууд юм.
8. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, гэж, 27 дугаар зүйлд зааснаар ...захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах ёстой атал хариуцагчаас ...маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хуралдааны тэмдэглэл, оролцогчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаан болон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас холбогдох шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.
Иймээс дээрхи хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дүгээр, Хуралдааны удирдах дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 03 дугаар тогтоол, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06 дугаар тогтоолыг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолын холбогдох заалт буюу Анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05,06 дугаар тогтоолыг хүчингүй болгосонзаалтыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасан нөхцөл байдал илэрсэн тул Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай 04 дүгээр, Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолын зарим заалтын Анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг нь хангаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дугаар, Хуралдааны удирдах дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 03 дугаар тогтоол, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06 дугаар тогтоолыг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолын холбогдох заалт буюу Анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай 04 дүгээр, Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолын зарим заалтын Анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН