Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 468

 

 

Э.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02169 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Э-д холбогдох

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 320 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

66 500 000 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр Лексус-470 маркийн 25-58 УНЯ дугаартай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ нь хууран мэхлэж хийсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш,

Хариуцагч Л.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 оноос 2014 оны 11 дүгээр сар хүртэл Л.Э-тай хамтран 18 жил амьдарсан. ...Бид хоёр ОХУ, БНХАУ руу бусдын адил ганзагын наймаанд явж байсан бөгөөд нөхөр Л.Э 2003 оноос “МАК” ХХК-д өрмийн инженерээр ажилд орж миний хувьд эмэгтэй хүний шаргуу уйгагүй хөдөлмөрч зан, залуу хүний эрч хүчээр ганцаар ганзагын наймаа эрхэлж чамгүй хөрөнгийг дан ганц өөрийн хөдөлмөр, гараар бий болгосон. Л.Энхбатын ааш зан эвдэрч улам хэрцгий бүдүүлэг болж нууц амрагийн асуудал удаа дараа гаргаж түүгээр ч зогсохгүй архи ууж агсам согтуу тавьж удаа дараа намайг зодож хавирга хүртэл хугалах, гавлын яс цуулах зэргээр хүнд хөнгөн гэмтлүүдийг учруулдаг болсон. Миний хувьд 2003 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ОХУ, БНХАУ руу явж наймаа хийж, барааны дэлгүүр ажиллуулж бидний нэр дээр бүртгэгдсэн энэ их хөрөнгө мөнгийг хуримтлуулсан бөгөөд үүнийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд миний ажиллуулж байсан Орос барааны дэлгүүр нэртэй барааны дэлгүүрийн бараа материалын баримтууд, хувийн санхүүгийн тэмдэглэл /хар дэвтэр/ тооллогын бүртгэл, падаан зэрэг санхүүгийн баримтууд болон худалдагчаар ажиллаж байсан Ц.Эрдэнэсувд, н.Нэрэндаваа нар гэрчилнэ. Мөн ОХУ, БНХАУ руу хил гаалиар гарсан мэдүүлэг, гаалийн татварын баримт сэлт давхар гэрчилнэ. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун, Баян-Уулын 12-58 тоотын бусдад 35 000 000 төгрөгөөр худалдсан Л.Э-ын нэр дээр бүртгэгдсэн байсан хашаа байшинг бид анх 2004 онд Анод банкны барьцаанд байхад нь 2 500 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг хашаанд 12*6 м.кв харьцаатай дүнзэн байшин, 5*6 м.кв харьцаатай тоосгон байшин, 2 автомашины дулаан гарааш, 5*4 м.кв блокон байшин зэргийг би зардал гаргаж миний төрсөн дүү нар хөдөлмөрлөн барьж өгсөн. Байшинг барьсан дүнзийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Хүрэлсүхээс би худалдаж авч төлбөр тооцоог төлж байсныг тухайн иргэн гэрчилнэ. Мөн тухайн үед тооцоо гаргаж байсан дэвтэр, барилга барьсан н.Пүрэвдорж гэдэг Л.Э-ын ажилчин МАК-ийн өрмийн мастер хүн намайг санхүүг дааж гарган бариулсан болохыг гэрчилнэ. Уг эд хөрөнгийг Л.Э 2014 онд бусдад 35 000 000 төгрөгөөр худалдсан байдаг. Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-40 тоотын 2 өрөө орон сууцыг анх бид 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авсан. Уг орон сууцанд бид хүүхдүүдийн хамт 2010-2013 оны хооронд амьдарч байсан. Уг Ү-2205017787 дугаарын бид хоёрын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй орон сууцыг Л.Э 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т.Болдбаатар гэх иргэнд худалдаад урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 70 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан нь банкны хуулга, гүйлгээний баримт, дансны мэдээлэлээр нотлогдоно. Миний хувьд энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар байрны 17 тоотын 2 өрөө орон сууцыг би  2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Тост Өргөө ХХК-иас 43 340 000 төгрөгөөр шинээр нь өөрийн хуримтуулсан мөнгөөр худалдан авсан. Би өөрийн Хаан банкны 5025161099 тоот данснаас шилжүүлж төлбөрийг хийсэн. Ү-1307001773 тоотод улсын бүртгэлтэй уг орон сууцны гэрчилгээнд миний нэрийг бүртгүүлээд ирээрэй гэсэн охин авч яваад Л.Э-г хамтран эзэмшигчээр оролцуулан гэрчилгээг гаргуулчихсан байсан. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Уртнасанд 50 000 000 төгрөгөөр худалдаж мөн л мөнгө нь Л.Энхбатын Хас банкны данс руу шилжсэн. Би үүнээс нэг ч төгрөг аваагүй. Дансны хуулга, гүйлгээний баримтаар энэ бүхэн нотлогдоно. Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 86 дугаар байр, 301 тоотын 3 өрөө орон сууцны 100 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг дундын эзэмшлээс төлсөн. 89 000 000 төгрөгийн зээлийн үүргийг хамтран хүлээхээр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, дансны шилжүүлэг, мөнгөн төлбөрийн баримт, 89 000 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээ зэргээр энэ байдал нотлогдоно. Л.Энхбатын нэр дээрх Хаан банкны 5429089103 тоот 131 660 000 төгрөгийн хугацаатай хадгаламж, 5429089103 тоот 174 000 000 төгрөгийн хугацаатай хадгаламжинд дундын өмч болохыг Э.Д-с мөнгөн хадгаламжинд мөнгө нэмж хадгалуулж байсан талаарх банкны гүйлгээ, дансны хуулгаар энэ бүхэнд гэрчлэгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 12-28 тоот хашаа байшинг худалдаж олсон 35 000 000 төгрөгийн орлогын 50 хувь болох 17 500 000 төгрөг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-40 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 100 000 000 төгрөгийн орлогын 50 хувь болох 50 000 000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар байрны, 17 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 50 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86-301 тоотын 3 өрөө орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг Хаан банкин дахь Л.Э-ын нэрээр хадгалуулсан бидний дундын өмч болох 5429089103 тоот дансан дахь 305 660 000 төгрөгийн 50 хувь болох 152 830 000 төгрөг, нийт 320 330 000 төгрөгийн өөрт ногдох хэсгийн өмч хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын аль хуульд заасан, ямар үндэслэлээр гэр бүл болон амьдарч байсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй, нэхэмжлэлдээ хуулийн үндэслэлээ заагаагүй байна. Гэр бүл гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т тус тус тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүл байсан эсэхийг шүүхээр тогтоолгох нь үндэслэлгүй. Миний бие Э.Д-тэй Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүл болоогүй, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй байхад Э.Д нэр бүхий эд хөрөнгүүдийн 50 хувийг ямар хууль, эрх зүйг үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмж, Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоол зэргээс судалж үзэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэр бүл болоогүй этгээд аль нэгнийхээ өмчийг гэр бүлийн дундын өмч гэж үзэн нэхэмжлэх талаар зохицуулалт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэн /ямар шаардах эрхийг/ байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр зохицуулагддаг “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө” гэж үзсэн, эсхүл Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан Дундын өмч гэж үзсэн зэрэг нь тодорхойгүй бус бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь оновчгүй болжээ. Миний бие Э.Д-д өөрийн боломжоор тусалж, үр хүүхдүүдийг нь сургууль соёлд сургаж, дээд сургууль төгсөж, автомашин авч өгөх зэргээр харамгүй эд хөрөнгөө зарцуулж ирсэн боловч намайг хилс хэрэгт гүтгэн байж надаас өмч хөрөнгө салгах гэсэн увайгүй муу санаа гаргаж намайг цагдаагийн байгууллагаар ямар ч үндэслэлгүй зүйлд шалгуулж бие сэтгэл, нэр хүндээр минь хохироож байсан. Түүний өмч хөрөнгийн хойноос хөөцөлдөх энэхүү үйл ажиллагаа нь эцэстээ ямар ч үндэслэлгүйгээр надаас их хэмжээний хөрөнгө шаардаж, хууль шүүхийн байгууллагыг өөрийн энэ атгаг санааны хэрэглүүр болгож байгаад маш их гомдолтой байна. Миний бие Э.Даваасүрэнгийн нэхэмжлээд байгаа эд хөрөнгүүдийн эх үүсвэр болон хууль ёсны гэрээ, гэрчилгээ бичиг баримт зэрэг бүхий л үндэслэлээр өөрийн хууль ёсны өмч болохыг нотлох болно. Иймд нэхэмжлэл хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 11 дүгээр сард Э.Д нь дараа мөнгийг нь өгнө гэхээр нь Алион маркын автомашиныг Да хүрээ захаас 12 500 000 төгрөгөөр худалдан авсан. Э.Д дараа нь манай байгууллагын ажилтан н.Цогтсайхан ахад 10 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд Э.Д-ийн дансанд н.Цогоо 7 000 000 төгрөг хийсэн үлдсэн 3 000 000 төгрөгийг намар нь мөн дансанд хийсэн. Нэг ч төгрөг надад өгөөгүй. Түүний дараа 2014 оны 1 дүгээр сарын үед Э.Даваасүрэн нь дараа мөнгийг нь өгнө гээд байхаар нь “Сандвик” ХХК-иас миний өөрийн хадгаламжийг барьцаалан зээлийг бэлэн мөнгө авч Пажеро маркийн автомашиныг 13 000 000 төгрөг худалдан авсан. Э.Д нь өөрийн хүү Д.Даваанямын Хятад улсад 2012-2014 онд суралцсан сургалтын төлбөр 21 000 000 төгрөгийг дараа төлнө гэж хэлээд авсан. Уг мөнгийг миний бие Капитал банкнаас 2012, 2013 оны сургалтын төлбөрийг 2014 оны төлбөрийг Хан-Уул дүүрэг дэх Хаан банкнаас миний бие шилжүүлсэн. Мөн 120 000 төгрөг шилжүүлсэн. Э.Д нь 2013 оны 12 дугаар сард өөрийн охин Долгорсүрэнг ОХУ-ын Улан-Удэ хотод гоо сайханы сургалтанд суулгахын тулд зээлж 1 000 000 төгрөг авсан. Түүнийг эргүүлж өгөөгүй. Цуг ажилладаг н.Наранжаргал надаас 3 500 000 төгрөгийн зээл авч өгөхдөө 1 000 000 төгрөгийг авсан. 2013 онд Вьетнам Улс явахдаа надаас 5 000 000 төгрөг авсан. Түүнийгээ эргүүлж өгөөгүй. 2013 онд Бээжингээс булган шуба авахдаа 2 500 000 төгрөг зээлсэн боловч өгөөгүй. 2015 онд 9 000 000 төгрөгөөр гарааш бариулсан бөгөөд түүний мөнгийг Э.Даваасүрэн авсан. Төрсөн дүүд нь хашаа байшин худалдан авч өгөхдөө 1 500 000 төгрөг зээлж авсан боловч өгөөгүй. Дээрх зээлсэн мөнгө бүгд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын хүрээнд бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр бүгд нотлогдоно. Иймд 66 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү

Миний бие 2012 онд Н.Нармандах гэдэг хүнээс Лексус-470 гэдэг маркийн 25-58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй автомашиныг 59 500 000 төгрөгөөр худалдан авсан. Түүнийг нь Э.Д нь 2014 оны 8 дугаар сард автомашиныг чинь хүнд үзүүлээд ирье гэж хэлээд автомашины түлхүүр аваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86 дугаар байрны гаднаас автомашин авч явсан. Намайг автомашин авчирч өг гэхээр удахгүй авчирч өгнө, найзынхаа гараашт тавьсан байгаа удахгүй өгнө гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Э.Д нь ломбарданд хүрээд ир, надад мөнгөний маш чухал хэрэг байна гээд байхаар нь яваад очтол ломбардны хүүхэн сууж байсан. Харин Э.Д нь “...би ломбарданд автомашинийг чинь тавьчихсан чи нэг баримтанд гарын үсэг зурахгүй бол алдчих гээд байна” гэсэн. Харин ломбардны хүн “...та сайн байна, Э.Даваагийн явуулсан хүн үү, хүрээд ирэв үү, энд гарын үсэг зурвал автомашиныг чинь өгнө” гэсэн боловч автомашин өгөөгүй, Э.Д-д өгнө гэсэн. Түүнээс хойш Э.Д мөн л сураггүй алга болсон. Ингээд миний бие уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргахад 2 500 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай гэсэн хариу өгсөн. Харин Л.Э миний бие ийм гэрээ хийгээгүй гэж бодож байгаа бөгөөд хууран мэхлэж гарын үсэг зуруулсан байж магадгүй. Э.Д нь намайг хуурч мэхлэж хийсэн хэлцлийнхээ үндсэн дээр Э.Даваасүрэн нь найз н.Баясгалантай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгөөр автомашин худалдах-худалдан авах хэлцэл, н.Баясгалан нь н.Төгсбилэгтэй 20 000 000 төгрөгөөр 2014 оны 9 дүгээр сарын 14-ний автомашин худалдах-худалдан авах хэлцлүүдийг хийж миний автомашиныг авсан. Уг автомашин 10 хүнд шилжсэн бөгөөд одоо хэнд шилжсэн нь тодорхойгүй байна. Иймд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр автомашин худалдах-худалдан авах гэрээ нь хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна.

Иймд Л.Э, Э.Д нарын хооронд хийгдсэн гэх 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр автомашин худалдах-худалдан авах гэрээ нь хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470 гэдэг маркийн 25-58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй автомашины өмчлөгч нь миний бие болохыг тогтоолгох, уг автомашиныг надад өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлйин 135.2.14-т зааснаар Боржигин овогт Э.Даваасүрэн, Боржгин овогт Л.Энхбат нарыг 1998 оноос 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д тус тус зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгөнд ногдох 75 000 000 төгрөгийг хариуцагч Л.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгож, үлдэх 245 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуудийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66 500 000 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 250 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 46 850 төгрөгийг нэхэмжлэч Э.Д-с гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 001 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 104 650 төгрөгийг хариуцагч Л.Э-с гаргуулж улсын төсөвт тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Э.Д-тэй байгуулсан гэх 2 500 000 төгрөгөөр автомашин худалдсан хэлцэл нь намайг ломбарданд тавьсан автомашинаа авахад гарын үсэг зурах ёстой гэж хэлж зуруулсан баримтыг ашигласан, өөрөөр хэпбэл, хууран мэхлэж хийсэн хэлцэл юм. Энэхүү үйлдлийг манай өмгөөлөгч үнийн талаар ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлажээ. Гэвч энэ бол анхнаасаа хууран мэхлэж хийсэн хэлцэл юм. Би энэ асуудлыг мэдсэн цагаасаа эхлэн эрүүгийн журмаар, дараа нь иргэний журмаар хөөцөлдөж байна. Лехсус-470 маркийн автомашиныг 2 500 000 төгрөгөөр худалдсан гэх хэлцлийг хууран мэхэлсэн гэдгийг шүүхэд гаргаж өгсөн автомашины үнийн талаарх хоёр баримтаар нотлогдох бөгөөд хэнд ч ийм үнэтэй автомашин гэж байхгүй. Энэ нь үнийн талаар ноцтой төөрөгдснийг нотлох бус ийм үнээр автомашин худалдах хэлцэл хийхгүй, намайг хууран мэхэлсэн гэдгийг нотлож байна. Гэтэл анхан шатны шүүхийн нотлох баримт, хуулийг өөрөөр тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Э.Д хариууцагч Л.Э-д холбогдуулан хамтын амьдралтай байснаа тогтоолгох, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох 320 330 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 66 500 000 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг тээврийн хэрэгслийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Л.Э нар 1998 оноос 2014 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар, гэрч Э.Нямдолгор, Ш.Эрдэнэчимэг, Л.Алтанхуяг, П.Нямцэрэн, Б.Баяраа нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх Э.Д, Л.Э нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасантай нийцжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян-Уулын 12 дугаар гудамжны 28 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700 м.кв газрын өмчлөгч хариуцагч Л.Э болох нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр, мөн Л.Алтангэрэл нь 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л.Э-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян-Уулын 12 дугаар гудамжны 28 тоот хаягт байршилтай 3 тал хашаа 2 ширхэг  хувийн сууцыг шилжүүлэн өгсөн нь талуудын тайлбар болон 1 дүгээр хавтасны 131-135 дугаар тал дахь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 2 ширхэг хувийн сууцыг зохигчдын дундаа хамтран өмчлөх хөрөнгө үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Э.Д-г Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян-Уулын 12 дугаар гудамжны 28 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700 м.кв газар болон 2 ширхэг  хувийн сууцыг дундаа хэсгээр өмчлөгч гэж үзэхгүй учраас дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсгийн үнэ 17 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Хариуцагч Л.Э 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сепхеюс групп лимитед” ХХК-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байрны 301 тоот орон сууцыг захиалгаар барих гэрээг байгуулж, уг орон сууцыг захиалсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-19-21/ Уг орон сууцны урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг зохигчид дундын хөрөнгөөр төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 50 000 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.  

 

Нэгдүгээр хавтасны 120-130 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Л.Э-ын нэр дээрх Хаан банкны 5429089103, 5429164456 тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэхүү 2 хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг зохигчид дундын өмчлөлийн хөрөнгөөр бий болгосон гэж үзэх үндэслэлгүй тул уг хоёр хадгаламжийн данснаас нэхэмжлэгч ногдох хэсэг шаардах эрхгүй учир 152 830 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 40 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь зохигчдын дундын өмч болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ. Уг орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Т.Болдбаатарт худалдаж, орон сууцны төлбөр 100 000 000 төгрөг Л.Э-н дансанд орсон нь нэгдүгээр хавтасны 14, 116 дугаар тал дахь орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Хаан банкны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Л.Э-с дундын өмчлөлийн орон сууцны өөрт ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлээс 50 000 000 төгрөг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн Тост өргөө хотхоны 3 дугаар байрны 17 тоот 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Л.Э, Э.Д нар болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Уг орон сууцыг зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Б.Уртнасанд худалдаж, орон сууцны төлбөр 50 000 000 төгрөгийг Л.Э хүлээн авсан нь нэгдүгээр хавтасны 159-160, 162-163 дугаар тал дахь баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Л.Э-с дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох хэсгийн үнийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэгчид өгсөн баримтгүй учир анхан шатны шүүх нэхэмжлэгчид ногдох хэсэг 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор заасан тул дундын өмчлөлийн хөрөнгө үүсэхэд зохигчид заавал гэр бүлийн бүртгэл хийлгэсэн байхыг шаарддаггүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй атал шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад баримталсныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Э.Д-д 2012 оны 11 дүгээр сард Алион маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр, Пажеро маркийн автомашиныг 13 000 000 төгрөгөөр худалдан авч өгсөн, Э.Даваанямын сургалтын төлбөрт 21 000 000 төгрөг, Э.Долгорсүрэнгийн сургалтын төлбөрт 1 000 000 төгрөг Э.Д-д өгсөн, иргэн н.Наранжаргалд зээлдүүлсэн 4 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг Э.Д авсан, Вьетнам улс явахдаа Э.Д 5 000 000 төгрөг зээлсэн, булган шуба худалдан авахдаа Э.Д 2 500 000 төгрөг зээлсэн, гарааш барихаар Э.Д 9 000 000 төгрөг зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Э-ын нэхэмжлэгч Э.Д-с 66 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

 Хариуцагч Л.Э 2 500 000 төгрөгийн үнэтэй Лексус-470 маркийн автомашин гэж байхгүй, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хуурч мэхлэж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Э.Д нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст “...чи наад 470 машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав... наад машинаа зараад байр болго гэж хэлсэн... цаасан дээр нь 470 автомашиныг шилжүүлж өглөө гэсэн юм бичээд автомашиныг шилжүүлж авсан байгаа” гэх, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст “чи энэ машиныг зараад байр ав, үгүй бол Зүүн хараа руу шилжээд өөрөө уна” гэх мэдүүлгүүдийг өгч байжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу болсныг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Талууд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг бий болгох зорилгүйгээр хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-г Лексус-470 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоох, уг автомашиныг гаргуулах боломжгүй. Учир нь уг автомашиныг нэхэмжлэгч захиран зарцуулж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн бөгөөд гуравдагч этгээд нь цааш нь бусдад худалдан борлуулсан байна.

 

Гуравдагч этгээд маргааны зүйл болох автомашиныг худалдан авах үед уг автомашин нэхэмжлэгч Э.Д-ийн нэр дээр шилжсэн, түүний өмчлөлд байсныг худалдан авсан нь Лексус-470 маркийн автомашиныг хууль бусаар олж авсан шударга бус эзэмшигч гэж үзэхгүй, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Д хариуцагч Л.Э-с Лексус-470 маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаа гуравдагч этгээд Ц.Баясгаланд 10 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Д-с гаргуулж хариуцагч Л.Э-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “108.1” гэснийг “108.8” гэж, “487 дугаар зүйлийн 487.1” гэснийг хасч,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Д-с гаргуулж хариуцагч Л.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 66 500 000 төгрөг гаргуулах, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “нэмж улсын тэмдэгтийн хураажид 104 650 төгрөгийг хариуцагч Л.Э-с гаргуулж улсын төсөвт тус тус оруулсугай” гэснийг “улсын төсвөөс 428 300 төгрөг, хариуцагч Л.Э-с 104 650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгож, нэхэмжлэгч Э.Д-с 174 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Э-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ