Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/83

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр                               2019/ДШМ/83                                                                Зуунмод

 

Ч.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Ч.А,

              Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Ад холбогдох 1834004610294 дугаартай 2 хавтас, 273 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.А, хохирогч П.Анхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чулуунхүүгийн Алтангэрэл /РД:УЖ/

Шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар байрлах өөрийн гэртээ “мах идэж байхдаа дагавар хүү П.Анхбаяртай маргалдаж улмаар П.Анхбаяр нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Боржигон овогт Чулуунхүүгийн Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Анхбаярын цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг /1 ширхэг/ устгахыг  шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ч.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “Миний бие аав архи уусан үедээ ээжтэй хэл ам хийхэд нь унтуулахаар орон дээр нь тэвэрч аваачаад дарж хэтүүлсэн юм. Энэ үед мах идээд сууж байхад нь би очоод өргөөд хэвтүүлсэн юм. Гарт нь хутга байсныг огт хараагүй юм гэтэл миний цээжин хэсэгрүү эвгүй болход нь үзэхэд аавын гарт нь байсан хутганд хатгагдсан байсан миний биед үүссэн энэ гэмтэл ходоод хэсгийг гэмтээсэн хүнд гэмтэл байсан юм. Тэгээд эмнэлэгт үзүүлж сумын болон нийслэл хотын цэргийн эмнэлэгүүдээр явж эмчлүүлээд одоо эрүүл саруул болсон. Миний аав намайг гэмтээсэн биш би өөрөө хайхрамж болгоомжгүй хандсанаас уг гэмтэлд орсон юм. Гэтэл щүүхийн тогтоолд миний аавыг намайг хутгалсан гэж дүгнэлт хийсэн нь хэлс ташаа болсон байна.

Аав бид хоёр төрсөн эцэг хүү шиг байдаг бөгөөд түүнээс өмнө хойно ямар нэг байдлаар эвгүй харьцаж муудалцаж байсан удаа байхгүй билээ. Миний аав Алтангэрэл намайг өөрийх нь төрсөн хоёр хүүхдээс ялгалгүй яг адил хандаж асарч, хайрладаг халамжит аав билээ. Аавыгаа шоронд явуулах үнэхээр хүнд байна. Энэ байдлаас болж аав бид хоёрын болон манай гэр бүлийн дотор ямар нэг таагүй асуудал хандлага гарахыг үгүйсгэх аргагүй билээ. Иймд миний аав Алтангэрэлд оногдуулсан ялыг тэнсэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Ч.А миний бие нь архи уусан үедээ хүү Ч.Анхбаярын тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Ийм явдал болсон. Аавыгаа унтуулахын тулд надыг тэвэрч орон дээр хэвтүүлэхдээ миний гарт байсан хутгыг анзааралгүй тэврээд хэвтүүлэхдээ хутганд хатгагдаж гэмтэл авсан. Намайг хэвтүүлэх гэж очсон, би гартаа барьж байсан хутгаа тавих завдалгүй ийм зүйл болсон. Миний бие хүүгээ тийм гэмтэл авсан явдалд маш их харамсаж байна. Хуулийн байгууллага миний хэргийг зөв тогтоож 1 жил 1 сарын хорих ял ногуулсан нь үндэслэлтэй боловч миний хэргийн шийдсэн тогтоолд намайг хутгалсан дүгнэлт хийсэнд зөвшөөрөх боломжгүй байна. Би хүүгээ хутгалаагүй харин архи ууж тавьсан шаардлагыг үл ойшоож ийм хэрэг гарсанд туйлын ихээр харамсаж байна. Иймд шүүхээс оногдуулсан 1 жил 1 сарын ялыг тэнсэж өгөхийг хүсэж байна. Миний хүү Анхбаяр нь 10 настай байхад ээжтэй нь танилцаж амь амьдралаа холбосон бөгөөд түүнээс хойш 20 гаруй жилд хүү Анхбаяртайгаа эвгүй харилцаж, янз бүрийн байдал гаргаж байсан удаа байхгүй. Төрсөн аав хүү хоёр шиг эв хүндтэй, найрсаг амьдач байна. Хойшид бид хоёрын харилцаа үргэлжилнэ.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.А гаргасан тайлбартаа: Санаатай хутгалаагүй, хохиролд 6 сая төгрөг төлсөн. Хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, саналдаа: Санаатай гэх үйлдэл тогтоогдоогүй тул яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар байрлах өөрийн гэртээ “мах идэж байхдаа дагавар хүү П.Анхбаяртай маргалдаж улмаар П.Анхбаяр нь түүнийг гартаа хутгатай байхад нь унтуулахаар тэвэрч, дарж унаснаас цээжин тус газраа хутгалагдсны улмаас эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-13/, Заамар сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-23-26/, Шүүхийн шинжилгээний албаны №410 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28/, хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх-31-32/, хохирогч П.Анхбаярын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар /хх-75-106/, хохирогч П.Анхбаярын /хх-15-17, 43-44/, гэрч Ц.Мөнхтуяа /хх-18-19, 61-62/, гэрч Д.Оюун-Эрдэнэ /хх-20, 45, 63/, гэрч Н.Бямба-Очир /хх-56/, гэрч Б.Ганчимэг /хх-57/, гэрч Н.Янжмаа /хх-58/ нарын өгсөн мэдүүлгүүд болон Ч.Аийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-21-22, 51-53/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч тухайн хэрэгт гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Төв аймгийн прокурорын газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1834004610294 дугаартай тогтоолоор Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №62 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж /хх/107/ хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хохирогч, шүүгдэгч нарын гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд  “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг болон тухайн гэмт хэргийг согтуугаар, зэвсэг хэрэглэн үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Шүүхээс Ч.Ад оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А, хохирогч П.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШТ/26 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийг тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэж үзсэн тул түүний гаргасан давж заалдах гомдлыг шүүх хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ч.А, хохирогч П.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ч.Аийн цагдан хоригдсон  76 /далан зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                       Г.БОЛОРМАА