Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 126/ШШ2021/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий Б.Гантулгын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Б.Б, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурлаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан. Улмаар Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурал 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан товлосон цагт буюу тухайн өдрийн 10 цаг 50 минутанд сумын Соёлын төвийн номын санд эхлэж ирсэн гишүүдийн ирц шалгасан бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн 80.9 хувьтай байсан тул хурлыг эхлүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх ёстой, хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж баталсан 27 дугаартай тогтоолд дурьдсан асуудлуудыг хуралдаж шийдвэрлэх гэтэл Ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс хурлаар хэлэлцэх ёсгүй асуудлуудыг гэнэт оруулан ирж хэлэлцэж, шийдвэрлэх санал гаргасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос өмнө 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны хурлын дэгийн 14.1 дахь хэсэгт Хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос нэгээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан нь төлөөлөгч нар шийдвэр гаргахад боломж олгосон хуулийн зохицуулалтыг тус тус илтэд зөрчин тухайн өдрийн хуралд Ардчилсан намын төлөөлөгч нар 1 хүнээр илүү байдлаар улс төржиж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огт байхгүй, хурлын тэргүүлэгч нарын эхний хагас жилийн ажлын тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгнө, улмаар тэргүүлэгчдийг чөлөөлөх, хурлын даргыг чөлөөлнө гэх мэтээр холбогдох хууль болон хурлын дэгийг илтэд зөрчсөн байдал нь Монгол Ардын намын төлөөлөгч нарын зүгээс хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн 8 төлөөлөгч хурлыг орхин гарсан. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хурлыг Ардчилсан намын 9 төлөөлөгч цааш үргэлжлүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхгүй үед төлөөлөгчдийн хамгийн ахмад настай нь энэ хуралдааныг удирдах ёстой гээд Д.Пг хуралдаан даргалагчаар сонгож нийт төлөөлөгчдийн хурлыг явуулсан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дахь хэсэгт зааснаар Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн ал нэг нь нээж удирдана гэж заасныг зөрчсөн болно. Д.П нь тэргүүлэгч ч биш төлөөлөгч, Б.Г би уг хурлыг хууль бус гэж үзэн миний зүгээс оролцох шаардлагагүй, хуралдаан даргалагч байхгүй хуралдаанд Засаг даргын ажлаа тайлагнах нь хууль зүйн шаардлага хангахгүй гэж үзэн хуралд оролцоогүй болно. ... Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурлаас гарсан 05 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаас гарсан 05 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын тэргүүлэгчдийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болсон. Энэ хуралдаанаар сумын Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2021 оны төсвийн тодотгол, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, газрын төлөвлөлт шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгох, малын тоо толгой хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх байсан. Ингээд хурал эхлэхдээ хурлын дэг зөрчиж хурал, хурал биш болсон. Иймд хурлын тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлсөн. Тэгээд хурал даргалагч томилсон. Энэ хуралдаан хууль бус байх тул миний зүгээс ямар нэгэн тайлан тавьж чадахгүй гэдгээ төлөөлүүлэгч Б.Г хэлсэн байгаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанд нийт хүрэлцэн ирсэн гишүүдээс Ардчилсан намаас олонх ирсэн байсан тул хэлэлцэх ёсгүй асуудлыг зориуд хэлэлцэж хууль бус хуралдаан зохион байгуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1,24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 14 дүгээр хэсэгт хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлыг хуралдаан болохоос өмнө 1-ээс доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг тус тус зөрчсөн. Улмаар Хурлын төлөөлөгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж, хурал даргалагч сонгосон. Ийм хууль бус хурал болсон тул энэ хурлаараа 05 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг гаргасан байх тул Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаас гарсан 05 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаас гарсан 05 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Уг хуралдаанаар 2020 оноос 2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтийг сонсох тухай гэж төлөвлөгөөнд тусгагдаж сумын төлөөлөгч нарт хүргэгдсэн байсан. Гэвч тухайн өдрийн хуралдаан нь өөрөө хуралдаан даргалагчгүй болоод хэлэлцэх асуудалд ороогүй асуудлууд орж ирсэн болохоор Б.Г нь хууль зөрчиж байна, иймд би ажлаа тайлагнах шаардлагагүй хууль бус хуралдаан байна гэж хэлээд тус хуралдааныг орхин гарсан. Гэвч Засаг даргыг байхгүй байх хугацаанд тус хурлыг үргэлжлүүлэн хуралдаж сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаартай тогтоолыг үйлдсэн. Уг тогтоолыг үйлдсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 23 дугаар зүйлийн 23.9, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтуудыг үндэслээд Б.Гантулгыг огцруулсан. Нийт хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөд биелэлтийг нь сонсоод түүний дараа Б.Гантулгыг огцруулах эсэх асуудлаар олонхын санал хураах ёстой байтал зөвхөн ийм асуудлуудыг хуралдаанд оруулахгүй гээд хуралдааныг орхиод явсан гэх утгатай тогтоол үйлдэж Засаг даргыг огцруулсан нь үндэслэлгүй байна гэж Засаг дарга шүүхэд хандсан. Мөн тухайн тогтоолыг үйлдсэн хуралдаан удирдсан Д.П нь ахмад настан гэдэг утгаараа тогтоол үйлдэж хуралдаан удирдсан дарга гэдэгт гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр уг тогтоол нь хууль зөрчсөн тогтоол учраас энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцоход нийт 17 төлөөлөгч оролцож хуралдаан албан ёсоор нээж эхэлсний дараа тухайн үеийн хурлын дарга Б.Д нь дотоод журамд заасны дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг эцэслэн батлахаар хэлэлцүүлэх явцад төлөөлөгч нар хэд хэдэн зарчмын зөрүүтэй болон горимын саналууд оруулж, эцсийн дүнд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хамт дотоод журмыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Б.Гантулгын нэхэмжлэлээс харахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын дагуу энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 24.2 дахь заалтуудад заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараана гэж үзэж байгаа нь өрөөсгөл байгаа ба хурлаар хэлэлцэх бүх асуудлын мэдээлэл, судалгааг төлөөлөгч нарт тарааж өгөөгүй, дан ганц Тэргүүлэгчдийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн асуудал дээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэдэг нь зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож байна. Мөн нөгөө талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Б.Д, Засаг дарга байсан Б.Г нар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааны бэлтгэл ажлыг муу хангаж, ажилдаа хариуцлагагүй хандсаны бас нэгэн жишээ харагдаж байна. Өмнөх хурлын хуралдаанаар бусад гэсэн хэсэгт тэргүүлэгчдээр батлаагүй олон асуудлыг төлөөлөгчдийн саналаар оруулж батлан хэлэлцэж шийдвэр гаргаж байсан туршлага жишээнүүд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олон байгааг дурдах нь зүйтэй болов уу.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу тухайн үед хуралдаан удирдах даргаар сонгогдсон Д.П тухайн хуралдааныг цаашид цаг алдалгүй үргэлжлүүлэн төрийн ажлыг гацаахгүй байх тал дээр бүх талаар анхаарч Засаг даргын тайланг төлөөлөгч нарт болон ард иргэдэд танилцуулах үүргийн хүрээнд хуралдаан удирдах явцад хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Засаг даргатай холбоотой асуудлууд байгаа тул хуралдаанд асуудлаа оруулахыг Засаг дарга байсан Б.Гд утсаар мэдэгдсэн боловч би асуудлаа хуралд оруулахгүй намайг огцруулаарай гэсэн тайлбарыг нийт төлөөлөгч нарт танилцуулахад төлөөлөгчдийн олонхын саналын дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шалтгаанаар 05 тоот тогтоолыг гаргаж хуулийн хүрээнд шийдвэр гаргаж батлуулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн Г дэх заалтын дагуу сумын Засаг даргыг огцруулж, аймгийн Засаг даргад уламжилсан ба энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтын дагуу Засаг дарга нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул тухайн шатны хурал бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцруулж тогтоолыг дээд шатны Засаг даргад хүргүүлсэн болно.

Ийнхүү шинэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажлаа хүлээн авч хуралдааныг үргэлжлүүлэн удирдсанаас хойш Засаг даргын ажлын алба буюу Засаг даргын Тамгын газраас оруулсан асуудлыг хэлэлцэж, 07 тоот тогтоол буюу 2021 оны төсөвт тодотгол хийх тухай, 08 тоот тогтоол буюу Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг баталж, шийдвэр гаргаснаас дүгнэхэд хурлын хуралдаан болон хуралдаанаас гаргасан бүх тогтоолууд ижил түвшинд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн болно. Тухайн үед хуралдаан даргалсан төлөөлөгч Д.Пгийн хувьд дүгнэхэд хуралдаан даргалах болсон шалтгаан нь тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тул хуралдаан даргалах тэргүүлэгч байхгүй болсон учраас хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналыг хүндэтгэн хүлээн авч цаашид хурлын хуралдааныг хурдан шуурхай удирдаж, зохион байгуулахын тулд Д.П хурал даргалсан болохыг онцгойлон тайлбарлах нь зүйтэй ба Засаг дарга бол Засаг төрийн төлөөлөл болохоос аль нэг намын бүлгийг дагаад хуралдааныг шалтгаангүйгээр орхиж төрийн ажлыг гацаах ямар ч үндэслэл байхгүй, ёс зүйн хувьд том алдаа гаргасан хэмээн үзэж байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн Д-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаас гарсан 05 тоот тогтоол нь хууль тогтоомж зөрчөөгүй тул шүүхээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэл гаргасан Б.Г нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг шүүхэд нялзааж Засаг даргад хүлээлгэсэн хариуцлагын арга хэмжээг үл ойшоож хуралдааны үйл ажиллагааг санаатайгаар гацааж байгаа нь сум орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд өөрийн эрх ашгийн хүрээнд хандаж байгаа нь харамсалтай байна. Б.Д, Б.Г нар нь аливаа хэлэлцэх асуудлыг хасаж нэгтгэж болдог, Н.Б төлөөлөгч хэлэлцэх асуудлыг санаачилж болохгүй гэсэн мөн нөгөө талаар Б.Д заавал хурал даргалах эрхтэй, Д.П нь хуралдаан удирдаж болохгүй гэсэн учир шалтгаан байхгүй ба ардчилсан зарчим сонгох сонгогдох эрх чөлөөг ч бидний бүрэн эрхэд нөлөөлөх, төлөөлөгч нарыг мэдлэг боловсролгүй, хөгшин, залуугаар нь ялгаварлаж, доромжилсон утга агуулга бүхий энэхүү үйлдлүүд нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг сануулж хэлмээр байна. Иймд ахмад төлөөлөгч тодорхой хугацаанд хуралдааныг даргалж шийдвэрүүдийг батлан гаргасны хувьд эцсийн дүнд хэлэхэд бидний гаргасан дээрх тогтоолууд нь хамтын шийдвэр тул Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэсэн шийдвэрүүд хэмээн миний бие үзэж байна. Иймд Б.Дын гаргасан нэхэмжлэлд холбогдуулахгүй тайлбарыг хүргүүлсэн болно. Б.Гантулгын гаргасан нэхэмжлэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг дарга Б.Гд хүлээлгэсэн хууль ёсны хариуцлага тооцсон шийдвэр тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр болсон. Хурлаар хэлэлцэх ёстой асуудал дотор сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2021 онд сум хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн талаар хэлэлцэж санал дүгнэлт өгөх асуудал орсон. Энэ асуудлын хүрээнд хуралдааны процессын дундуур Засаг дарга буюу Засаг даргын төлөөлөл хэлэлцүүлэх асуудлуудаа хуралдаанд танилцуулаагүй. Тухайн хурал хүчин төгөлдөр үргэлжилж байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д тухайн хурлыг зориудаар орхиж гарсан бол эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэдэг утгаар үргэлжилсэн. Бид нар хурлыг цааш үргэлжлүүлэхийн тулд хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын Засаг дарга Б.Гантулгыг асуудлаа танилцуулах талаар хүсэлтийг хүргүүлсэн боловч тухайн Засаг дарга асуудлаа танилцуулаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй юм. Засаг дарга хуралд ажлаа тайлагнаж, үнэлэлт дүгнэлт авч цаашид үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарч явах ёстой. Энэ утгаараа хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сумын Засаг дарга Б.Гантулгыг тухайн хурлын нийт олонхын саналаар огцруулсан. Огцруулсны үндсэн дээр хүсэлт хүргүүлж аймгийн Засаг дарга захирамж гарган дараагийн шинэ Засаг даргыг шинээр нэр дэвшүүлэх асуудлыг сумын Иргэдийн хуралд оруулсан. Тухайн үеийн Иргэдийн хурлын дарга, тэргүүлэгч нар ээлжит бус 5 дугаар хуралдааныг зарлаж шинэ Засаг даргыг дэвшүүлэх тухай асуудлыг ярилцсан. Энэ хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон. Энэ хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэхэд нийт 20 төлөөлөгч оролцсоноос 11 төлөөлөгч нь буюу 55 хувь нь дэмжиж Баасанбаяр овогтой Бүрэнчөдөр миний бие тухайн хурлын 04 дүгээр тогтоолоор Засаг даргад нэр дэвшсэн. Авлигатай тэмцэх газар болон холбогдох байгууллагын шалгалт, дүгнэлт, албан бичгийн үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/45 дугаар захирамжаар Улаан Уул сумын Засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар миний бүрэн эрх хэрэгжиж байгаа. Засаг даргын төлөөллийн хувьд төрийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна. Иймд нэхэмжлэгч Б.Гантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа ба хурлаас гарсан шийдвэр болон ээлжит 4 дүгээр хуралдаан болон 5 дугаар хуралдаанаас гарсан шийдвэр бол хууль ёсны бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын олонхын саналаар шийдсэн асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл нэхэмжлэгчийн эрх сэргэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд Засаг дарга томилогдох юм. Гэтэл Засаг дарга албан тушаалдаа очиж чадахгүй. Учир нь аймгийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ захирамж эрх зүйн үр дагаваргүй байна. Эрх зүйн үр дагавар үүссэн байх захиргааны актын гол шинж юм. Энэ нь эрх зүйн үр дагавар шууд бий болгож чадаагүй. Иймд нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал өөрийнх нь ямар субьектив эрх зөрчигдсөнийг тайлбарлаж чадахгүй байна. Мөн өөрийнх нь ямар хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөнийг тайлбарлаж чадахгүй байна. Энэ талаар нэхэмжлэл дотор огт бичигдээгүй байгаа. Захиргааны акт эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх шинжтэй. Эрх зүйн үр дагаврыг шууд бий болгоогүй байна. Өөрөөр хэлбэл энд Б.Гантулгыг огцруулсугай гэж бичиж байгаа боловч хуульд зааснаар огцруулах тухай санал гаргах юм байна. Тэр саналыг дээд шатны Засаг дарга хүлээж авах, эсхүл хүлээж авахгүй ч байж болдог. Хүлээж авахгүй бол дахиад 1 жилийн дотор тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй. Тэгэхээр захиргааны актад байх шинжийг агуулахгүй байна. Гэхдээ хуралдаан даргалагч шүүгч хуулиар тогтоосон журам гэж асуугаад байгаагийн цаад учир нь нэхэмжлэлийг хангана гэсэн байр суурьтай байгаа нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан банэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад ...тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 02 дугаар тогтоолын өөрт хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг өөрчилж, шүүх энэ шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхнэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчнэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болонхуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хурлаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан. Улмаар Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурал 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан товлосон цагт сумын Соёлын төвийн номын санд эхлэж хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи ирсэн тул хурлын үйл ажиллагаа эхэлж, Иргэдийн төлөөлөгчдийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэх ёстой, хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж баталсан 27 дугаар тогтоолд дурьдсан асуудлуудыг хуралдаж шийдвэрлэх явцад Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн зүгээс хурлаар хэлэлцэхээр тогтоогүй асуудлуудыг оруулан хэлэлцэж, шийдвэрлэх санал гаргасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос өмнө 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны хурлын дэгийн 14.1 зүйл дахь хэсэгт Хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос нэгээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан нь төлөөлөгч нар шийдвэр гаргахад боломж олгосон хуулийн зохицуулалтыг тус тус илтэд зөрчин тухайн өдрийн хуралд Ардчилсан намын төлөөлөгч нар 1 хүнээр илүү байдлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огт байхгүй, хурлын тэргүүлэгч нарын эхний хагас жилийн ажлын тайланг үнэлэлт дүгнэлт өгнө, улмаар тэргүүлэгчдийг чөлөөлөх, хурлын даргыг чөлөөлнө гэх мэтээр хуралдааныг холбогдох хууль болон хурлын дэгийг илтэд зөрчиж хийсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчаас ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу тухайн үед хуралдаан удирдах даргаар сонгогдсон Д.П тухайн хуралдааныг цаашид цаг алдалгүй үргэлжлүүлэн төрийн ажлыг гацаахгүй байх тал дээр бүх талаар анхаарч Засаг даргын тайланг төлөөлөгч нарт болон ард иргэдэд танилцуулах үүргийн хүрээнд хуралдаан удирдах явцад хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Засаг даргатай холбоотой асуудлууд байгаа тул хуралдаанд асуудлаа оруулахыг Засаг дарга байсан Б.Гд утсаар мэдэгдсэн боловч би асуудлаа хуралд оруулахгүй намайг огцруулаарай гэсэн тайлбарыг нийт төлөөлөгч нарт танилцуулахад төлөөлөгчдийн олонхын саналын дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шалтгаанаар 05 тоот тогтоолыг гаргаж хуулийн хүрээнд шийдвэр гаргаж батлуулсан хэмээн тайлбарлах үндэслэлийг шүүх хүлээн авч зөвтгөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Учир нь: Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурлаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан байх бөгөөд энэ тогтоолд сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоогүй байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г, 23 дугаар зүйлийн 23.9, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэн: 2020-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, 2020 оны аудитлагдсан тайланг зөвшөөрөх тухай, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлуудыг хуралдаанд оруулахгүй татгалзсан тул нийт хуралдаанд оролцсон 9 төлөөлөгчдийн олонхийн санал буюу 52.9 хувийн саналаар сумын Засаг даргаБ.Гантулгыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д ... хурлын төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалттай нийцэхгүй байна. /ХХ-5 дугаар хуудас/

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д ... Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийг нь дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэх... гэж заасан байхад хуульд заасан эдгээр үндэслэлүүдийн үйл баримт нотлогдоогүй, ёс зүйн хариуцлага тооцсон, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, түүнчлэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйг баримтаар нотолж, тогтоогдохгүй байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, гэж, 27 дугаар зүйлд зааснаар ... захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах ёстой атал хариуцагчаас ... маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хуралдааны тэмдэглэл, оролцогчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.

Иймээс Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоол нь нэхэмжлэгч Б.Гантулгын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар Сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас ... илт хууль бус болохыг тогтоолгох ... хэсгийг хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг заримыг нь хангаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас / 70200 /далан мянга, хоёр зуун/төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН