Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2018/03029/И |
Дугаар | 182/ШШ2019/00436 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2019/00436
2019 оны 03 сарын 07 өдөр Дугаар 182/ШШ2019/00436 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н т холбогдох
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХИД ХХК нь гурван хувьцаа эзмшигчтэйгээс Р нь 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн компанийн эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Тус байгууллагын дүрмийн 7.6.11-д зааснаар хувьцаа эзэмшигчдын хурал нь Компанийн тухай хуулийн 62.1.10-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн эрх хэмжээний хэлцлийг батлах, зөвшөөрөл олгох ёстой байтал ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяр нь энэ захиран зарцуулах эрхтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойлолгүйгээр хувьцаа эзэмшигчийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлөөс зохих зөвшөөрөлгүйгээр Голомт банктай их хэмжээний хэлцэл хийсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар бид 2018 оны 10 сарын дундуур мэдэж, эрх бүхий албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.
Нэгдүгээрт: ХИД ХХК нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй Голомт банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авч, барьцаанд нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг тавьсан байна. Энэ зээлээ төлж чадахгүй болж Голомт банк шүүхэд хандсан байх бөгөөд ХИД ХХК нь Голомт банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тус дүүргийн шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамжаар Голомт банкинд 24,828,887,671 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн ХИД ХХК-ийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу Голомт банк нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжлэн хураан авсан. Харин шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөөс ажиллагаа хийхийг захирамжлах хэсэгтээ заагаагүй, зүгээр л барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болохыг тэмдэглэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдалд байгаааг ажиллагааны явцад тогтоох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг үнэлж үзэхгүйгээр хэргийн оролцогчийг зөв тодорхойлохгүйгээр ажиллагаа явуулах нь хувьцаа эзэмшигчдын эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.
Хоёрдугаарт: шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтуудыг хууль зүйн хүрээнд нягталж шалгах үүрэгтэй байдлыг авч үзвэл барьцаалагдсан гэх, барьцаанд авагдсан гэх хөрөнгүүд, барьцаанд авсан гэх нөхцөл байдлыг тодруулах барьцааны гэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн материалд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зүйн хүрээнд явагдаж байгааа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалд байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авсан ба энэ лавлагаатай танилцахаар лавлагааг 2009 оны барьцааны гэрээ бүртгэлтэй болохыг тодорхойлсон байна. Гэтэл өнөөдөр яригдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны барьцаанд байгаа байр, газар нь 2016 онд хийгдсэн зээлийн гэрээний барьцаа гэж харагддаг. Үүнээс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох баримтуудыг үзээгүй гэх үндэслэл гарч ирж байгаа нь мөн адил хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.06.19-ний өдрийн 1830072202 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ХИД ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/00331 дугаар бүхий 5336 м.кв талбайтай газар эзэмших гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр ХИД ХХК-аас 24,828,887,671 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан бөгөөд үндэслэх хэсэгтээ Голомт банкны барьцаанд ХИД ХХК-ийн маргаан бүхий хоёр объект байгааг дурдсан байдаг. Уг шийдвэрийн дагуу 2018.05.31-ний өдрийн 18300722 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай тогтоолоор ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч ХИД ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаарын бүртгэлтэй 5336 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018.06.19-ний өдрийн 1830072200 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлээд 2018.08.28-ны өдөр хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд 25 тэрбум төгрөгөөр харилцан тохиролцож 2018.09.11-ний өдрийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор анхны дуудлага худалдаа, 18.10.09-ний өдөр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгөд төлбөр төлөгч болон авагчийн саналыг үндэслэн 25 тэрбум төгрөгөнд Голомт банк барьцааны хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд авахыг зөвшөөрч, хариуцагч ХИД ХХК шилжүүлэхийг зөвшөөрсний дагуу эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож байр, газрыг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн. Байр шилжүүлсэн гэрчилгээ хэрэгт авагдсан. Газрын асуудал нь шийдэгдэх шатандаа байгаа учир гэрчилгээ нь гарч амжаагүй, хэрэгт авагдаагүй байгаа.
Бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан бөгөөд ажиллагааны бүх шатанд ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяртай уулзаж, түүнийг оролцуулж явсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг шалгах үүрэг бидэнд хуулиар байхгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бол ХИД ХХК болон Голомт банк хоёр л байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгийн талаарх лавлагааг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан. Харин тус лавлагаанд 2009.02.23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа талаар бичигдсэн байсан. Гэтэл 2016 оны зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна, үүнийг шалгах ёстой, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой гэж нэхэмжлэгч үзээд байгааг ойлгохгүй байна. ХИД ХХК-ийн барьцааны хөрөнгө Голомт банкны зээлийн барьцаанд байгаа нь шийдвэрт нэгэнт тусгагдсан байгаа, үүний дагуу ажиллагаа хийж байгаа. Мөн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх талаар бид дүгнэлт хийхгүй, энэ бол шүүхийн ажиллагаа, бид шүүхийн шийдвэрийг л биелүүлдэг. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргасан байдаг бөгөөд үүнийг холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлж, Голомт банкинд үүргийн гүйцэтгэлийн оронд шилжүүлсэн, энэ шүүхийн асуудал дуусвал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүр мөсөн дуусахад бэлэн болсон байгаа, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Рнь хариуцагч Нт холбогдуулж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Рнь ХИД ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч болох нь түүний төлөөлөгчийн тайлбар, ХИД ХХК болон Ринтернэшнл монголиа ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, дүрмүүдээр тогтоогдож байх бөгөөд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг битүүмжилсэн, битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл байгаа эсэх, энэ хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны хөрөнгөтэй холбоотой ажиллагааг буруу явуулсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой байтал хийгээгүй, түүнчлэн ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдлыг шалган тогтоох байтал тогтоогоогүй, ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батбаяр дангаараа ажиллагаанд оролцох боломжтой эсэх, үнийн саналыг дангаар өгөх эрхтэй эсэх, өөр бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг шалгаагүй, ХИД ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаас эрх олгосон тушаал шийдвэр байгаа эсэхийг хянаагүй, бид ийм ажиллагаа яваад байгааг 2018 оны 10 сарын дундуур мэдэж, эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан.
Харин хариуцагч тал нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаартай шийдвэрт заасны дагуу барьцааны хөрнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулсан боловч барьцааны хөрөнгүүд худалдан борлогдоогүй, ХИД ХХК болон Голомт банк нар харилцан зөвшөөрсний үндсэн дээр хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлж Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бараг дуусч байгаа, бид шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгийн талаарх барьцааны гэрээний талаар дүгнэлт хийх эрх мэдэл бүхий хүмүүс биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь төлбөр авагч Голомт банк, төлбөр төлөгч нь ХИД ХХК, ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батбаярыг ажиллагааны бүх шатанд оролцуулж явсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамжаар ХИД ХХК нь 24,828,887,671 төгрөгийг Голомт банкинд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч ХИД ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газар нэхэмжлэгч Голомт банкны барьцаанд байгааг” дурьдсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, шүүгчийн захирамжийн дагуу Голомт банкнаас ирүүлсэн 2019.02.28-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтууд болох зээлийн гэрээний хувийн хэргийн материалуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл ХИД ХХК нь 2016.12.20-ны өдөр Голомт банкнаас 22,800,000,000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Монгол Хьюндай автоматив ХХК, УБТТС ХХК, Мөнх хан оргил ХХК болон М.Бөхбатын Голомт банкнаас авсан зээлүүдийн төлбөрийг гүйцэтгэж, өрийг шилжүүлэх зориулалтаар авсан зээл, 2016.12.20-ны өдрийн ипотекийн гэрээний дагуу ХИД ХХК-иас Голомт банк ХХК-нд барьцаалсан Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газартай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэсэн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай Голомт банкны гаргасан хүсэлтийг үндэслэн 2018.05.02-ны өдөр 4177 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 400 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уг албадан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан холбогдох ажиллагааг явуулжээ.
Энэ ажиллагааны явцад хариуцагч нь 2018.06.19-ний өдөр 18300722/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилж, тэмдэглэл үйлдэн хадгалалтыг нь ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт хариуцуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар ХИД ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Батбаяр байжээ.
Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ХИД ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, гүйцэтэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 653 дугаартай шийдвэр, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэх хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд заасны дагуу дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 21 дүгээр зүйл, 44 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, мөн хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр төлөгч ХИД ХХК, төлбөр авагч Голомт банк ХХК-ийн эдлэх эрх, үүргийг хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эдлүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, эд хөрөнгийг битүүмжлэх хүртэлх ажиллагааг хууль ёсны дагуу явуулжээ.
Иймд нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийг зөв тодорхойлоогүй, ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаярын эрх хэмжээг шалгаагүй, ТУЗ-өөс зөвшөөрөл олгогдсон эсэхэд ач холбогдол өгөөгүй, мөн 653 дугаар шийдвэрийн үндэслэл болсон 2016 оны зээлийн гэрээний барьцаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхийг анхаараагүй” гэх тайлбар няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н нь нэгэнт хүчин төгөлдөр болсон тус дүүргийн шүүхийн 2018.04.05-ны өдрийн 653 дугаартай шийдвэрийг биелүүлэх ёстой болохоос биш шүүхийн үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал болох 2016.12.20-ны өдрийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэггүй, ийм эрх хэмжээ байхгүй болно.
Түүнчлэн ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь 2018.12.26-ны өдөр Нт хандаж хүсэлт гаргасан хүсэлтээрээ Голомт банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газрыг Голомт банкны өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрчээ.
Мөн төлбөр авагч Голомт банк ХХК нь 2018.12.25-ны өдрийн 07/575 дугаартай албан бичгээрээ ХИД ХХК-ийн өмчлөлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газрын хамтаар нийт 25 тэрбум төгрөгийн төлбөрт тооцон, өмчлөлдөө авахыг зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н нь төлбөр төлөгч ХИД ХХК, төлбөр авагч Голомт банкны гаргасан дээрх хүсэлтүүдийн дагуу 2018.12.27-ны өдрийн 19/01 тоот “Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор маргааны зүйл болсон дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжилсэн болон хураасан шийдвэрийг цуцалж, чөлөөлсөн, тус үл хөдлөх эд хөрөнгүүд нь төлбөр авагч Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар нэгэнт нотлогдсон.
Иймд маргааны зүйл болсон улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газар нь нэгэнт битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч Ринтернэшнл монголиа ХХК-ийн эрх ашиг бодит байдлаар хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Рнь “ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь эрх хэмжээгээ хэтрүүлэн, хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчиж, их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-өөс олгосон зөвшөөрөлгүй хийж, Ринтернэшнл монголиа ХХК-нд хохирол учруулсан” гэж тайлбарлаж байх боловч энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтууд болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралгүй, харин Компанийн тухай хууль болон байгууллагын дүрэмд заасан тусдаа асуудал болохыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар Нт холбогдох улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Ринтернэшнл монголиа ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ринтернэшнл монголиа ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА