Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 423

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02576 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал нь Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээл тусламжийн хөрөнгөөр санхүүждэг төслийг хэрэгжүүлэхэд баримталдаг журмыг үндэслэн гарсан байдаг. Энэ журам нь улсын төсвөөр санхүүжигдэж байгаа төсөлд хамаарахгүй, мөн байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Б.Г-ын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн хуралдаанаар хангалттай гэж үнэлээд гэрээний 3.1-т заасан хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээг сунгасан байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй, ямар үндэслэлээр гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож, дүгнэдэг. Иймээс хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээтэй хослуулж Иргэний хуулийн заалтыг хэрэглэсэн нь алдаатай гэж үзэж байгаа. Иймээс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж нь Эрчим хүчний сайдын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжлүүлэхэд баримтлах журам"-ыг үндэслэн байгуулагдсан. Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам"-ыг Сангийн яамнаас хүчингүй болгож Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ыг дахин шинээр батлан Монгол Улсад хэрэгжиж буй бүх төсөл хэрэгжүүлэх нэгжүүд мөн адил уг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Уг журмыг Хууль зүйн яамнаас улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3549 дугаарт бүртгэгдсэн байдаг. Дээрх тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт дахь загварын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ биш, харин зөвхөн хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу нэхэмжлэгч Б.Г-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна. Захиалагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгч Б.Г-д 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн В/690 тоот албан бичгээр 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаар тушаалаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараагаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иймд иргэн Б.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/01 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, ажлын хөлсөнд 19 697 524 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 256 437 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 256 437 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн. Нэхэмжлэгч Б.Г нь тухайн төслийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүж ажиллах ёстой атал төсөл хэрэгжүүлэх удирдагчийн хамгийн чухал ажил болох "Хөлсөөр ажиллах гэрээг дүгнэх хуудас"-ны 3, 4, 5, 6, 7 дугаар хуудсанд заасан томоохон ажлуудыг хангалтгүй гүйцэтгэж, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах ажилд үр дүн гаргаагүй, мэргэжлийн ур чадваргүй байгааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2017/01 тоот гэрээний 5.1.3, 5.1.6, 6.2.1, 8.1.2, 8.2.1, 8.2.2-ыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн В/690 тоот албан бичгээр мэдэгдэж 30 хонгийн дараа ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул Б.Г-ыг эгүүлэн томилох боломжгүй, түүний нэхэмжилж буй 19 697 524 төгрөг нь 2018 оны төсөвт суугаагүй, нэгэнт ур чадвар нь тэнцээгүйгээс үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийх боломжгүй байгаа зэргийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Эрчим хүчний яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлах ажиллагааг хийгээгүй нь иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2017/10080 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахаас өмнө хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсанаас хойш дахин танилцуулаагүй байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг биелүүлэх эсхүл уг гэрээг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан уу, эсхүл хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөх эрх зөрчсөнтэй холбоотой шаардлагын аль нь болохыг шүүх тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсанаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болж маргааны зүйлийг нотлох талаарх талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Эрчим хүчний яамнаас төлсөн 256 437 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ