Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2017/03232/И |
Дугаар | 182/ШШ20109/01555 |
Огноо | 2019-09-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ20109/01555
2019 оны 09 сарын 18 өдөр Дугаар 182/ШШ20109/01555 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Т.Наранцогт, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЭТТ” ХК-д холбогдох,
Урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах, Б.Г-ыг үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, Б/22 тоот тушаалыг хүчингүй болгох, урамшууллын зардалд төлсөн 375 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, Э.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, гэрч С.Батсүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд “ЭТТ” ХХК-д сүүлийн 4 жил үйлдвэр хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байсан. Ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжийн амралтаа авсан хойгуур намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг 3 шатны шүүхийн шийдвэрээр эгүүлж тогтоосон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг би 50 хувийн үнэлгээтэй явагдсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн ажилгүй байсан хугацааны цалин олговор болоод өмнө нь эрхэлж байсан ажил маань одоо тэргүүн дэд захирал гэсэн нэртэй болсон байхад энэ ажлын байранд эгүүлэн томилуулах ажил хийгээгүй. “ЭТТ” ХК-ийн зүгээс уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад саад учруулсан.
Намайг өөр албан тушаалд томилохдоо надтай хуулийн хүрээнд ярилцаж, тохироогүй. Аливаа байгууллага нь өөр ажилд томилох гэж байгаа бол тухайн хүнтэй хуулийн хүрээнд ярилцаж, зөвшилцөж, ажлын байр санал болгож, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, цалинг тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулж байж томилох ёстой байдаг. Гэтэл энэ процесс хуулийн хүрээнд юу ч хийгдээгүй. Хуучин бүтцээр авч үзвэл би геологи, уул уурхай, төлөвлөлт, газрыг, үйлдвэрлэлийг бүхэлд нь хариуцаж байсан. Гэвч одоо намайг 2 шатлал доор албан тушаал буюу уурхай эрхэлсэн дарга гэдэг бүтцэд байхгүй албан тушаалд 2018 оны 01 дүгээр сарын 26-нд хууль зөрчиж, шинэ албан тушаалыг зохиогоод томилсон. “Эрдэнэс таван толгой” ХК-д уурхай эрхэлсэн дарга гэдэг албан тушаал байхгүй. Миний хариуцаж байсан ажлын байрны нэршил нь үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн болохоос биш албан тушаал, хариуцаж байсан ажлууд нь бүгд хэвээрээ байгаа.
Бүтэн жилийн турш үйлдвэрлэл хариуцсан захирлынхаа ажлын байрны тодорхойлолтыг одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд янз бүрийн албан тушаал бий болж байсан. Би уурхайн ерөнхий захирал, үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил албан тушаалыг хамтад нь эрхэлж байсан. Үйлдвэрлэл хариуцсан захирлын удирдлагад уурхай харьяалагдаж байсан учраас уурхайг нь тусад нь гаргаж өгдөг. Мөн оффис дотор би мөн л 2 хэлтэс, газрыг хариуцдаг байсан. Одоо үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирлын албан тушаал нь өмнө нь миний эрхэлж байсан албан тушаалыг давхцуулан хийж байгаа.
Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, Б/22 тоот тушаал үндэслэлгүй тул би ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулах гэснийг нэхэмжлэлийн үндэслэл гэж тодруулж байна. Хохиролд 375 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Цолмон нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг “ЭТТ” ХК нь биелүүлж, Б.Г-ыг ажилд эгүүлэн томилсон.
Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг шинээр албан тушаал зохиогоод, хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдаж байх хугацаанд байгууллага нь зохион байгуулалт, бүтцийн өөрлөлтөд орсон бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлын байрны орон тоог шинэчлэн баталснаар ажлын байрны нэршлүүд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-252 дугаартай тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын албан тушаалыг бий болгосон хууль зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1., компанийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 20, 27 тогтоолуудыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/17 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад уурхайн дарга гэж байсныг уурхайн дарга 1, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга 1 гэсэн байдлаар өөрчилсөн.
Б.Г-ын тухайн үед эрхэлж байсан ажил албан тушаалтай ижил төстэй ажил үүрэг бүхий албан тушаалыг бий болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Энэхүү тушаал гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Мөнхбатын и-мэйл хаягаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний төслийг явуулж, танилцуулж байсан. Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга гэдэг тушаалыг хууль бусаар гаргаагүй бөгөөд зохих дүрэм журмын дагуу гаргасан. Энэ хэрэг өмнө нь хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн маргааны хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй байна гэдэг үндэслэлээр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс буцаагдсан. Тиймээс энэхүү маргаантай байгаа ажлын байрны тодорхойлолтыг архивт авагдсан хэлбэрээр уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт өгсөн. Үүнээс өөр ажлын байрны тодорхойлолт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн томилуудах гээд байгаа үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирлын албан тушаал бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддог, гүйцэтгэх захирал томилдоггүй албан тушаал юм. Иймээс нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэдгийг нэхэмжлэгч тал сайн ойлгохгүй байна. Түүнтэй холбоотой баримтууд болох дэд захирлуудыг ТУЗ-өөс томилсон тогтоолуудыг хэрэгт хавсаргасан.
Улсын Дээд шүүхийн тогтоол хэлэлцэгдэж эхэлсэн цагаас хойш 2 сарын дараа гарсан, яагаад хугацаа алдсан талаараа ч бид өмнөх хэргийн материалуудаас авч хэрэгт хавсаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн 112 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдэлгүйгээр “ЭТТ” ХК-ийн дансыг хаахдаа н.Азжаргал гэж төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хавсаргаад Т.Гантулгад олгогдох мөнгийг нийлүүлээд тогтоолоороо дансаар татаж авсан байдаг. Энэ талаар бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасны дагуу тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь алдаатай ажилласан байна гэдэг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн манай байгууллагад ирүүлсэн хариу албан бичиг болон түүнд сануулах арга хэмжээ авагдсан талаар баримтууд манай байгууллагад ирсэн.
Нэхэмжлэгч гэм хорын хохирол гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гээд 370 000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаар баримт хэрэгт огт байхгүй. Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд нэхэмжлэгчийг томилсон тул тушаал гарах өдрийг хүртэл хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн дэвтэр дээр болон нийгмийн даатгалын дэвтэр дээр нөхөн бичилтийг хийх боломжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийдвэрээр үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж заасан болохоос үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын ажилд тогтоосон зүйл байхгүй. 2016 оны гүйцэтгэх захирлын А/50 дугаар тушаал, хоёрдугаар хавсралт, хавтаст хэргийн 95-97 дугаар хуудаст авагдсан байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч огт ярихгүй байна. Манай байгууллагын бүтэц орон тоог, төв оффисын бүтэц орон тоо, уурхайн зохион байгуулалтын бүтцээр гэсэн 2 байдлаар гаргаж баталдаг. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар төв оффисынх батлагдсан. Хоёрдугаар хавсралтаар батлагдсан уурхайн бүтцэд үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон байгаа.
Мөн “ЭТТ” ХК-ийн ажилтан, албан тушаалтныг томилдог 2 субъект байдаг. ТУЗ-өөс томилдог албан тушаалтнууд нь компанийн дүрмийн 9.3.11, 10.11.8 дахь заалтуудад заасан. Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогддог албан тушаалууд байгаа. Б.Г болон түүний өмгөөлөгчтэй бид 2-3 удаа уулзаад хөдөлмөрийн гэрээний төсөл, ажлын байрны тодорхойлолтоо үзүүлэхэд өмгөөлөгч нь наад баримтуудаа миний и-мэйлээр явуулчих, бид хариу өгье гэсэн. Эхлээд Т.Гантулга энэ ажил дээр ажиллахыг өөрөө хүлээн зөвшөөрч байгаад өмгөөлөгчтэйгөө хамт ирж уулзахдаа хүлээн зөвшөөрөхөө больсон. Бид и-мэйлээр явуулсан хөдөлмөрийн гэрээний төсөл, ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт өгсөн.
Нэхэмжлэгчийг ажиллаж байх 4 жилийн хугацаанд ажлын байрны нэршил 6 удаа өөрчлөгдсөн. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан. 2016 оны 02 дугаар сарын 01-нд нэхэмжлэгч уурхайн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч өөрөө яагаад үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтоо гаргуулах хүсэлтээ гаргаж байгаагүй юм бэ. Энэ албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолт гэж байгууллагад байхгүй байна. Б.Г нь уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Манай талаас ажлын байр санал болгож, төв оффисоос мэдэгдлийг шуудангаар мэдэгдсэн. И-мэйлийн хувьд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрөө ирж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг авсан талаараа өмнөх шүүх хуралд хэлж байсан. Тэр талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт өгсөн байхад над руу явуулаагүй гэж байгаа нь зүй бус санагдаж байна. Тиймээс манай талаас тушаалын дагуу ажлаа хийхийг хүсч байна.
Манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2.-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1.-д заасан ажлын байр буюу албан тушаалын нэр гэдэг бол нэг ойлголт. Албан тушаалын нэршил яаж ч өөрчлөгдөж болно. Нэхэмжлэгч Б.Г өмнө нь уурхайг хариуцан ажиллаж байсан. Одоо томилсон ажил нь мөн уурхайн ажил байгаа. ТУЗ-өөс ямар албан тушаалтан томилох талаар компаний дүрэмд заасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Компанийн төв оффист байдаг ажилтнуудын жагсаалтад Т.Гантулгын нэр байхгүй байгаа бөгөөд уурхайн ажилтнуудын жагсаалтад байгаа. 2016 онд үйлдвэрлэл эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон талаарх баримт байдаггүй, 2016 оны 02 дугаар сард уурхайн ерөнхий захирлын албан тушаал томилсон тушаал байдаг, дараа нь нэршлийг нь өөрчилсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч байгууллагад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулах, гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад урамшууллын зардалд төлсөн 375 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “ЭТТ” ХК нь үл зөвшөөрч, ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалт, бүтэц, орон тоог өөрчилж үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал 1, дэд захирал 2 байхаар заасан, гүйцэтгэх захирлын 2017 оны А-252 тоот тушаалаар уурхайн дарга гэснийг уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга байхаар баталсан, энэ ажил нь нэхэмжлэгчийн өмнөх гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолттой ижил төстэй ажил үүргийг гүйцэтгэхээр байдаг, албан тушаалыг дордуулсан зүйл байхгүй, үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт гэж боловсруулагдаагүй, шүүхэд гаргаж өгөх боломжгүй, уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлтыг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байсан, нэршил нь уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга гэж өөрчлөгдсөн болохоос ажил үүрэг нь хэвээр байгаа, Б.Г-ыгТУЗ-өөс томилогддог үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд томилох үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд томилсон, 2018 оны 01 дүгээр сарын 26-ноос хойшхи хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж талбарлан маргасан.
Нэхэмжлэгч Б.Г нь уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга гэсэн хууль бус орон тоог гаргаж, намайг томилсон нь үндэслэлгүй, 2 шатаар албан тушаал буурсан, шүүхийн шийдвэрт заасан ажилд томилоогүй Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасныг зөрчсөн, миний эрхэлж байсан үйлдэрлэл хариуцсан захирлын ажил нь өөрчлөгдөн баталсан үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалын ажил үүрэгтэй тохирч байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан, шүүх хуралдааны явцад хохиролд шаардсан 375 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тодруулжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Г нь 2012 оноос хойш “ЭТТ” ХК-д ажилласан бөгөөд тэрээр хамгийн сүүлд үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогчийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр “Эрдэнэставан толгой” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53 263 433 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэн, уг шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оын 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоолоор хэвээр батлагдаж, дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч “ЭТТ” ХК нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 962 дугаар тогтоол гарснаас хойш, мөн нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 15-нд шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 26-нд гүйцэтгэх захирлын Б/22 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ыгуурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд томилсон байна.
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/50 тоот “Ажилтнуудын харъяалагдах нэгж болон албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах тухай” тушаал, түүний хавсралт, мөн өдрийн Б.Г болон ажил олгогч байгууллагын хооронд байгуулсан 2016/291 тоот хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудад Б.Гантулгын эрхлэн гүйцэтгэж байсан ажил, албан тушаалыг үйлдвэрлэл хариуцсан захирал гэж тодорхойлсон, түүнчлэн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 тоот тушаалаар Б.Г-ыг үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлаас чөлөөлсөн, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.Г-ыгуг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон үйл баримтууд тогтоогдсон.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г-ыгүйлдвэрлэл хариуцсан захирлын ажлаас чөлөөлсний дараа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн баталсан байх бөгөөд тодруулбал, өмнө нь тус компани нь 8 газар, 12 хэлтэс, 1 уурхай гэсэн бүтэцтэй, түүн дотроос үйлдвэрлэл хариуцсан захирал/газар/-ын харъяанд геологи хайгуулын хэлтэс, уурхайн бодлого төлөвлөлтийн хэлтэс, уурхай зэрэг нэгжийг харъяалуулсан байсныг, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал, санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал, худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал байхаар, 8 газар, 10 хэлтэс, 1 уурхай гэсэн бүтэцтэй, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын харъяанд геологи, уул уурхай хариуцсан газрын захирал, геологи хайгуулын хэлтэс, уул уурхайн хэлтэс, уурхай зэрэг нэгжүүдийг харъяалуулан ажиллахаар өөрчилсөн нь ТУЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, тэдгээрийн хавсралтууд, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.
Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-252 тоот “Ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/17 тоот “Уурхайн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Уурхайн дарга-1” гэснийг “Уурхайн дарга-1, Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга-1” гэж 1 орон тоог 2 болгон өөрчлөн баталжээ.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г-ыгүйлдвэрлэл хариуцсан захирал /газар/-ын ажлыг гүйцэтгэж байх үед түүний харъяанд, удирдлага дор ажиллаж байсан уурхай гэсэн нэгжийн даргаар буюу тодруулбал, уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын албан тушаалд томилсон гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хариуцагч “ЭТТ” ХК нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчсөн буюу ажил олгогчийн Б/22 тоот тушаалд заасан ажил, албан тушаалд томилохыг нэхэмжлэгч Б.Г зөвшөөрөөгүй, түүнтэй тохиролцоогүй байхад бодит байдалд хэрэгжих боломжгүй тушаал гаргасан гэж үзэхээр байна.
Б.Г-ын өмнө нь гүйцэтгэж байсан буюу тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал/газар/-ын харъяанд ажиллаж байсан геологи хайгуулын хэлтэс, уурхайн бодлого төлөвлөлтийн хэлтэс, уурхай зэрэг нэгжүүд нь ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолоор баталсан зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн дагуу бий болсон үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын харъяанд геологи, уул уурхай хариуцсан газрын захирал, геологи хайгуулын хэлтэс, уул уурхайн хэлтэс, уурхай гэсэн нэршлээр өөрчлөгдөн зохион байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл болохгүй юм.
Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаар баримт авагдаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш Б.Г-ыгурьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа, ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрч С.Батсүрэнгийн мэдүүлэг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Г-аас хариуцагч байгууллагад гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар нотлогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т “Ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч тал нь гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Б.Г-ыгуурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын албан тушаалд томилохдоо нэхэмжлэгчтэй тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын хөдөлмөрийн гэрээний нөхцлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид танилцуулсныг хуульд заасан ажилтантай тохиролцсон байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт Б.Г-ын урьд эрхэлж байсан үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт авагдаагүй бөгөөд, үйлдвэрлэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт боловсруулагдаагүй, шүүхэд гаргаж өгөх боломжгүй, уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлтыг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байсан гэсэн хариуцагч талын тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б.Г-ыг уурхайн ерөнхий захирлаар томилсон тухай Б/34 тоот тушаал, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт зэрэг нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон...” бол хуулийн 36.1.-д зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ба дээрх үүргийг хариуцагч байгууллага зөрчсөн байх тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ноос хойш одоог хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/36 тоот албан бичиг, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2016 оны А/233 тоот “Цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай”, 2018 оны Б/01 тоот “Ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлж, цалингийн сүлжээг нэмэгдүүлж, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай” тушаалууд, хавсралтуудыг нотлох баримтаар гарган 2018 оны 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд үндсэн цалинг 5 184 000 төгрөгөөр тооцно гэж тайлбарлаж байх боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсний хэмжээг 8 877 239 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 02-ноос хойш 2019 оны 09 дүгээр сарын 18-ныг хүртэл 31 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 280 036 526 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах гэсэн шаардлага гаргасан бөгөөд энэ нь ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 36.2.-т заасан үүргээ зөрчсөний улмаас олгогдоогүй цалин хөлсийг мөн хуулийн 69 дүгээр зүлийн 69.1.-д заасны дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоол, тус газрын шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/149 тоот “Гомдолд хариу өгөх тухай” албан бичиг, “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оноос 2016 онуудад дэд захирлууд томилсон, чөлөөлсөн тухай тогтоолууд, 2012 оноос 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Б.Г-ыгажилд томилж, ажлаас чөлөөлсөн тухай гүйцэтгэх захирлын тушаалууд, “ЭТТ” ХК болон “Бодь даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан “Удирдах ажилтны хариуцлагын даатгалын гэрээ” зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Гантулгын ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2017 оны 02 дугаар сарын 02-ноос шүүхийн шийдвэр гаргах хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 18-ныг хүртлэх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 280 036 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах гэсэн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон, мөн нэхэмжлэгч нь хохиролд тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн 375 000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5.-д зааснаар цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 950 төгрөгөөс 74 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 1 536 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 558 132 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “ЭТТ” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 280 036 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан Б.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хохиролд 375 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5.-д зааснаар цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 950 төгрөгөөс 74 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 1 536 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 558 132 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Т.НАРАНЦОГТ
Т.ЭНХТУЯА