Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/00266

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр      Дугаар 182/ШШ2019/00266              Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Аын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч М ХХК-д холбогдох

 

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний торгуульд төлсөн 332.951 төгрөг гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай” гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Д.И нар оролцов.

 

                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

М.А миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр М.А миний бие гэрээнд заагдсан гар утасны үнийн дүн болох 799.000 төгрөгийг 24 сарын хугацаанд тохирсон графикийн дагуу худалдагч талд төлөх, нөгөө талаас М ХХК нь М.А намайг гэрээнд заасан хойшлуулсан болзол биелүүлсний дараагаар HUAWEI Р9 LITE BLAСК маркийн гар утсыг миний өмчлөлд шилжүүлж, гэрээний хүчин төгөлдөр хугацаанд багцын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бие гар утасны үнийг тогтсон графикийн дагуу 4 cap тасралтгүй төлсний эцэст М ХХК-д үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлж дуусгасан. Гэтэл худалдагч тал намайг хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэсний төлөө дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг үндэслэж торгуульд 332.951 төгрөгийг гаргуулсан. М.А миний бие Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу “зохих ёсоор” гүйцэтгэсэн байхад нэмж торгууль гаргуулсан М ХХК-ийн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний анз болгож төлсөн 332.951 төгрөгийг дараах үндэслэлээр буцаан шаардаж байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийн агуулгыг задалж харвал А. Үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлж дуусгавал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд тооцогдох, Б. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн үйлдэлд хариуцлага болгож торгууль оногдуулах үндсэн хоёр агуулга харагдана. Гэвч талуудын хоорондын тохиролцоо, гэрээний үндсэн шинжээр дамжуулж, гүйцэтгэх үүргийн мөн чанарыг зөв тодорхойлбол хугацаанаас нь өмнө гар утасны төлбөрийг төлсөн явдал нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд тооцогдох нөхцөл болохгүй. Бидний хооронд байгуулагдсан “дугаар H0340150” гэрээ нь хойшлуулсан болзол бүхий худалдах, худалдан авах гэрээ болон багцын үйлчилгээ үзүүлэх “нэрлэгдээгүй гэрээ” /Иргэний хуулийн 189.5/-ийн шинжийг давхар агуулсан “холимог гэрээ” /Иргэний хуулийн 198.5/-ийн төрөл болно. Иймд “үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” нөхцөл нь зөвхөн гар утасны төлбөрийг урьдчилан төлж дуусгахаас гадна давхар багцын үйлчилгээг хугацаанаас нь өмнө цуцалсан байдлаар тодорхойлогдоно. Гэтэл М.А миний бие гар утасны төлбөрийг төлж дуусгасан ч гэрээнд заагдсан багцын үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал М ХХК нь гэрээний агуулга, үүргийн мөн чанарыг бүхэл нь харгалзаж үзэлгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн явдал нь үндэслэлгүй болно. Хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцлага оногдуулж буй торгуулийн зохицуулалтын гол зорилгыг харгалзаж үзвэл дээрх үйлдэл нь мөн л үндэслэлгүй болох нь харагдана. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.8 дахь хэсэгт тусгагдсан торгууль нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тусгагдсан “анз”-ийн нэг төрөл болох бол “анз” нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болно. Өөрөөр хэлбэл торгууль (анз үүргийн гүйцэтгэлийг хангах арга) үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэх, үүргээ бүрэн гүйцэтгэх хууль зүйн хөшүүрэг болдог. Иймд торгуулийг хууль зүйн зорилгынх нь дагуу ашиглах ёстой байтал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж /Иргэний хуулийн 236.1.1/, төлөх ёстой төлбөрөө бүтэн төлсөн, үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал, нэмэлт төлбөр оногдуулж буй нь үүргийн гүйцэтгэл хангах аргын хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус нөхцөл байна. Иймд 332.951 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлага М.А миний бие болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан /Дугаар H0340150 гэрээний нөхцөл нь зөвхөн бидний хоорондын гэрээний харилцаанд хэрэглэгдээгүй. М ХХК нь өөрийн харилцагчдад үзүүлэх багцын үйлчилгээнд тухайн гэрээний нөхцөлийг а). нэг талаас санал болгодог, б). тухайн нөхцөл нь урьдчилан тогтоогддог, в). байнга давтан хэрэглэгддэг шинжтэй байна. Иймд тухайн гэрээний зохицуулалтуудыг “нэг талаас санал болгосон стандарт нөхцөл” гэж үзэж болох тул Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж байх ёстой. Гэтэл М ХХК нь тухайн гэрээний 3.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэвэл торгууль ногдуулахаар заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-т заагдсан “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн хүчин төгөлдөр бус нөхцөлийн шинжийг агуулж байна. Бидний хооронд байгуулагдсан “дугаар H0340150” гэрээ нь хойшлуулсан болзол бүхий худалдах, худалдан авах гэрээ болон багцын үйлчилгээ үзүүлэх “нэрлэгдээгүй гэрээ” /Иргэний хуулийн 189.5/-ийн шинжийг давхар агуулсан “холимог гэрээ” /Иргэний хуулийн 198.5/-ийн төрөл болно. Иймд “үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” нөхцөл нь зөвхөн гар утасны төлбөрийг урьдчилан төлж дуусгахаас гадна давхар багцын үйлчилгээг хугацаанаас нь өмнө цуцалсан байдлаар тодорхойлогдоно. Гэтэл М.А миний бие гap утасны төлбөрийг төлж дуусгасан ч гэрээнд заагдсан багцын үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал М ХХК нь гэрээний агуулга, үүргийн мөн чанарыг бүхэлд нь харгалзаж үзэлгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйл болон 232 дугаар зүйлийн зорилго, үүргийн зөрчил болон түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болсон. Ийнхүү Иргэний хууль дахь торгуулийн заалтыг хууль зүйн зорилгынх нь дагуу ашиглах ёстой байтал үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор гүйцэтгэж /Иргэний хуулийн 206.1/, төлөх ёстой гар утасны төлбөрөө бүрэн төлсөн, үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал, нэмэлт төлбөр оногдуулж буй нь үүргийн гүйцэтгэл хангах аргын хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу “хууль зөрчсөн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хүчин төгөлдөр бус нөхцөл байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалт, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

М ХХК болон иргэн М.А нарын хооронд 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40340150 дугаартай "Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, үйлчилгээний багц ашиглах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ нь хэрэглэгч сонгосон багцыг гэрээгээр тохирсон хугацаанд буюу 24 cap тасралгүй ашиглах, ашигласан багцынхаа төлбөрийг гар утасны төлбөрийн хамт cap бүр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй хугацаатай гэрээ 24 cap сонгосон багцыг ашиглаагүй гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, cap бүрийн төлбөрийг 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд торгууль тооцохоор тохиролцсон ойлгомжтой гэрээ байсан. Тиймээс М.А нь гар утасны үнийг хугацаанаас нь өмнө төлсөн нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд торгуульд төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардлага юм. М ХХК болон иргэн М.А нарын хооронд 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40340150 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ нь хэрэглэгч өөрийн дугаарт сонгосон багцыг гэрээгээр тохирсон хугацаанд буюу 24 cap тасралгүй ашиглах, 24 сарын хугацаанд гар утас болон багцын төлбөрийг төлснөөр сонгон авсан гар утсаа хүүгүй зээлийн нөхцөлөөр өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа /ИХ 262 дугаар зүйл/ байсан. Өөрөөр хэлбэл манай зүгээс хэрэглэгчид манай үйлчилгээний багцыг 24 cap тасралтгүй ашигласнаар сонгон авсан гар утасныхаа төлбөрийг багц ашиглах хугацаанд хуваан төлөөд гар утсыг хүүгүй зээлээр авах санал тавьсныг хэрэглэгч зөвшөөрснөөр энэ гэрээ байгуулагдсан. Хэрэглэгч хэрэглэсэн сарын багцын төлбөрийг гар утасны сард оногдох төлбөрийн хамт 24 сарын турш cap бүр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй гэрээ байсан бөгөөд 24 cap сонгосон багцыг ашиглаагүй гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, төлбөрөө 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд торгууль тооцохоор тохиролцсон ойлгомжтой гэрээ байсан. 40340150 тоот гэрээний 3-р зүйл 3.8. Хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон М.А ч гэсэн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйл 186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гээд 232.4. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.5. Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж тодорхой заасан байдаг. Тиймээс М.А нь хэдийгээр гар утасны үнийг хугацаанаас нь өмнө төлсөн боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд торгуульд төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардлага юм. 40340150 дугаартай “ Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ”ний 3 дугаар зүйл 3.8 дахь хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйл 202.2.8. нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм Иргэний хуулийн 202 дугаар зүйлд Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан байдагч 202.1.Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. М ХХК-н зүгээс өөрийн үйлчилгээг сонгон хэрэглэж байгаа үнэ цэнэтэй хэрэглэгчидээ сэтгэл ханамжтай байлгах үүднээс шинээр зах зээлд нэвтэрч байгаа үйлдвэрлэгчийн баталгаатай гар утас, төхөөрөмжийг бусад оператор байгууллагуудаас харьцангуй хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлийн нөхцөлөөр, боломжийн хугацаанд хуваан төлөх зэрэг олон ашигтай саналыг санал болгодог. Ийм үйлчилгээг нэвтрүүлснээр компанид санхүүгийн багагүй хохирол учирдаг учир нь олох ёстой байсан оролго алдах, rap утас нийлүүлэгчид гар утасны төлбөрийг бүрэн төлсөн байдгаас хамаарч мөнгөн хөрөнгийн эргэлтээ алдах зэрэг олон хохирол учирдаг мөн хэрэглэгчид энэхүү боломжуудыг ашиглан гар утас аваад гэрээгээ цуцалж өөр бусад операторыг сонгох зэрэг эрсдэлүүд үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх шударга бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй заалт. 56 дугаар зүйл 56.1.1 дахь заалтыг зөрчсөн гэж гэрээ гэсэн байна. 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл/ энэхүү заалт нь ямар хуулийг зөрчсөн, ямар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Мөн 206 дугаар зүйл 206.1 үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарладаг 206.1 .Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэтэл хэрэглэгч гэрээгээр тохирсон хугацаандаа зохих ёсоор төлөөгүй байдаг Иргэний хуулийн 208 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх хугацаа: 208.1.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. 208.4Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. 208.5 Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй. М.А нь өнөөдрийг хүртэл үйлчилгээг ашиглаж байгаа гэсэн байдаг гэтэл М.А нь 40340150 тоот гэрээгээ хугацаанаас нь өмнө өөрийн хүсэлтээр цуцлаад багц ашиглаж байсан , дугаараа Г ББСБ-д 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу гэрээ цуцалсан өдрөө шилжүүлсэн байдаг. Хэрэглэгч анх гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл зүйл заалттай танилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. мөн гэрээ цуцлахдаа гэрээний дагуу торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг тул М.А болон М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон мөн эрх үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                              

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай  гэрээ”-ний торгуульд төлсөн 332.951 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн шаардлага болох 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай” гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь Ц.А нь багцын 54.700 төгрөгийн хэрэглэгч болсноор гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа 24 сар, гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр торгууль нэмж төлнө гэж гэрээгээр тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

М.А нь хариуцагч М ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 40340150 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээг” байгуулжээ.

 

Уг гэрээгээр М ХХК буюу үйлчилгээ үзүүлэгч  нь  24 сарын хугацаатай, 12 сарын баталгаат хугацаатай, 799.000 төгрөгийн үндсэн төлбөртэй, 54.700 төгрөгийн багцтай, урьдчилгаа төлбөргүй, сард төлөх зээлийн төлбөр нь 33.292 төгрөг, “Huawei P9 Lite black” маркийн гар утсыг шилжүүлэх, М.А буюу хэрэглэгч нь 799.000 төгрөгийг, сард төлөх зээлийн төлбөр нь 33.292 төгрөгийг 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /Хавтаст хэргийн 4-7 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр нэхэмжлэгч М.А нь нийт төлбөр 799.000 төгрөгийг төлөх, сард төлөх зээлийн төлбөр нь 33.292 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д хэрэглэгч нь М ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 40340150 тоот “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний үүргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эцэслэн тооцоход үлдэгдэл төлбөр 665.830 төгрөг,  торгууль 332.915 төгрөг, нийт 998.744 төгрөг байна. М.А нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 998.744 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.  

 

Дээрх “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах  гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр, гар утасны үнийг тогтсон графикийн дагуу 4 сар тасралтгүй төлсний дараа, Г ББСБ-аас зээл авч барьцаанд нь дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх болсон. Гэтэл хариуцагч М ХХК нь 40340150 дугаартай гэрээний төлбөрийг төлж дуусгаснаар , дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой гэсэн тайлбар өгснөөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөр  665.830 төгрөг, торгууль 332.915 төгрөг, нийт 998.744 төгрөг төлсөн. Торгуульд төлсөн 332.951 төгрөгийг зөвшөөрөхгүй тул 332.951 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба гар утасны үнийг тогтсон графикийн дагуу, тогтоосон хугацааны дотор төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, гэрээг хугацаанаас нь цуцалсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар  зүйлийн 3.8-д “Хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ торгууль гэж нэрлэн заасан ба гэрээг хугацаанаас өмнө М.А нь цуцалсан тул торгуульд төлсөн 332.951 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусч байх, бөгөөд М.А 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заажээ.

  

Нэхэмжлэгч нь Г ББСБ-аас зээл авч барьцаанд нь , дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх болсон. Гэтэл хариуцагч М ХХК нь 40340150 дугаартай гэрээний төлбөрийг төлж дуусгаснаар , дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой гэсэн тайлбар, хүсэлт гаргасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, харин нэхэмжлэгч миний зүгээс шалтгаалан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан боловч түүнтэй холбоотой баримтыг гаргаагүй болно.

 

Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу  хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь талуудын хүсэл зоригийн дагуу, бодит хийгдсэн хэлцэл байх тул  хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 561.1.1-д зааснаар  хариуцагч М ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний торгуульд төлсөн 332.951 төгрөг гаргуулах, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ДАВААСҮРЭН