Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/00569

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 06 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00569

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “И Ө” ХХК -д холбогдох

            22 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Г.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Б.Днь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон 4 дүгээр байрны 09 тоот хаягт байрлалтай Эрхийн улсын бүртгэлийн Ү.... дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбай бүхи 3 өрөө орон сууцтай байсан. 2014.08.19-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2014.09.01-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг “И Ө” ХХК-тай байгуулан өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж эхэлсэн.

            И.Ө ХХК-тай байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон нэмэлт гэрээнд заасны дагуу өөрийн өмчлөлийн 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаараа хөрөнгө оруулалт хийж 27.11 м.кв талбайтай 1 өрөө орон сууц 2 ширхэгийг, 35.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хүлээн авахаар тохиролцсон бөгөөд шинээр хүлээн авах орон сууцны зөрүүг 1 м.кв талбай тутамд 1 825 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаанд нэг сарын 500 000 төгрөгөөр буюу жилийн 6 000 000 төгрөгөөр тооцож нөхөн олговор авахаар харилцан тохиролцсон.

            И.Ө ХХК-иас 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн олговор болох 6 000 000 төгрөгийг шинээр хүлээн авах орон сууцнуудын талбайн зөрүү болгон нийт 44 112 500 төгрөгтөө оруулан суутгуулсан ба нэмж 7 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр И.Ө ХХК-д баримтаар төлсөн.

            Гэвч И Ө ХХКнь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Нийслэлийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай захирамжаар “И Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул өнөөдрийг хүртэл орон оронгүй, айл айл хэсч зутарч амьдарч байна. И Ө ХХКХХК нь 2016 оны 10 сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны нөхөн олговор 6 000 000 төгрөгийг олгоогүй, шинэ орон сууцыг хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрч байгаа тул сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна.

            Иймд И.ө ХХК-аас 2016 оны 10 сараас 2017 оны 10 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор 6 000 000 төгрөг, 2017 оны 10 сараас 2018 оны 5 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор болох 3 500 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүү болгон төлсөн 7 000 000 төгрөг, шинэ орон сууцны  талбайн зөрүүнд суутгуулсан 2014 оны 10 сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацааны нөхөн олговор 6 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И Ө ХХК ХХК-тай Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан хийдийн орчим ХЕТ 2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, Нийслэлийн засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх батламж авсан. Үүний дагуу Нийслэлийн засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газраас И Ө ХХКХХК болон иргэд гэсэн 3 талт гэрээ байгуулсан. Сансар хотхоны 85 айлын газар нь нийтийн эдэлбэр газар бөгөөд хот төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж байсан тул Хот суурин газар болон гэр хорооллын дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу төсөлд хамрагдсан байсан. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ялсан барилга барих компаниудад хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас өгнө гэж олон удаа хөрөнгө оруулалт, зээлийн санал авч байсан боловч олгогдоогүй, арилжааны бүх банкууд Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд барилгын зээл өгөөгүй манай компанийн ажил хүндэрч зогссон.

            Манай компани нь санхүүжилтээ хүсч Гэр хорооллын хөгжлийн газарт удаа дараа мэдэгдэж шаардсан ба бизнесийн зээлээр дэд бүтцийн ажлыг хийж, аль болох бүтээн байгуулалтыг зогсоохгүйн тулд БНХАУ-ын “Сүндэр констракшн” ХХК, “Улихун” ХХК-тай хамтарсан боловч банкны төлбөрт унаж санхүүгийн хохиролд орсон. Төслийг өөрийн болон хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 3 дугаар сарын 1-нээс дээрх төсөлтэй холбоотой орон сууцны барилга угсралтын ажил болон бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээлгэн өгсөн ба 3 талт гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан гэсэн 03/266 тоот албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манайд ирүүлсэн.

            Иймд иргэн Б.Д-ийн нэхэмжилсэн нөхөн олговрыг гэрээний дагуу дан ганц манай компани хариуцахгүй, Нийслэлийн засаг даргыг төлөөлсөн Нийслэлийн засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар ч хариуцах ёстой. Нэхэмжлэгч Б.Днь И Ө ХХКХХК-наас нөхөн олговорт 2015-2016 онуудад нийт 6 990 000 төгрөг авсан байна. Харин 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ныг хүртэлх 13 510 000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани нь Нийслэлийн засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газраас гэрээний дагуу нэхэмжилнэ, тэд өгвөл төлнө. Илүү нэхэмжилсэн 8 990 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн засаг дарга болон Гэр хорооллын дэд бүтцийн газар нь дээрх нөхөн олговрыг хурдан шуурхай манай компанид өгвөл бид өгөхөөс татгалзах зүйл байхгүй гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч И Ө ХХКХХК-д холбогдуулан, 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч И Ө ХХКХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 13 510 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас И Ө ХХКХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул нөхөн олговрыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгосон учир 1 000 000 төгрөгийг, шинэ орон сууц захиалсны талбайн зөрүүд 7 000 000 төгрөгийг манайд төлөөгүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            Зохигч талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 90 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, зохигч болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 90 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-нүүд тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 8-13/

            Хоёр талт гэрээгээр Б.Днь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011825 дугаарт бүртгэлтэй, 000342200 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 4 дүгээр байрны 9 тоотын 66 м.кв талбайтай орон сууцыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд И Ө ХХКХХК-ийн барьж ашиглалтанд оруулах “Сансар хотхон” 7 давхрын 2 өрөө 73 тоотын 35.95 м.кв талбайтай, 6 давхрын 1 өрөө 56 тоотын 27.11 м.кв талбайтай, 7 давхрын 1 өрөө 67 тоотын 27.11 м.кв талбай бүхий 3 ширхэг шинэ орон сууцаар солих буюу 24.17 м.кв талбайн үнийг м.кв-тийг нь 1 825 000 төгрөгөөр тооцон 44 110 250 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээгээр зохицуулахаар тус тус тохиролцож, газар, орон сууц чөлөөлөх үүргийг иргэн Б.Д, хамтран өмчлөгч Б.Баярсайхан нар хүлээсэн, 3 ширхэг нийт 91 м.кв орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, газар чөлөөлсөн өдрөөс эхлэн орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хүртэл сар бүр 500 000 төгрөг буюу жилд 6 000 000 төгрөгийг түр суурьшуулах зардалд нөхөн олговор хэлбэрээр олгох үүргийг И Ө ХХКХХК тус тус хүлээсэн байна.

            Нэхэмжлэгч нь “...2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 116 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-ний дагуу И Ө ХХКХХК-д олгогдсон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай Нийслэлийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоот захирамж гарч гурван талт гэрээ цуцлагдсан тул 2016 оны 10 сараас 2017 оны 10 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор 7 000 000 төгрөг, 2017 оны 10 сараас 2018 оны 5 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор болох 3 500 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүү болгон төлсөн 7 000 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүүнд суутгуулсан 2014 оны 10 сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацааны нөхөн олговрын 6 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг шаардаж байна” гэж,

            хариуцагч нь “Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас И Ө ХХКХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, энэ тухай Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн тул уг хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс нөхөн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон, манай байгууллагад 7 000 000 төгрөгийг Б.Д-с хүлээн авсан баримт архивт байхгүй” гэж татгалзсан үндэслэлээ тус тус тайлбарлан маргав.

            Талуудын хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

            Нэхэмжлэгч Б.Днь хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгсөн, хариуцагч И Ө ХХКХХК нь түүнд гэрээнд заасан ёсоор 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн олговрын 6 000 000 төгрөгийг шинэ орон сууцны талбайн зөрүүнд суутгасан бөгөөд 7 000 000 төгрөгийг нэмж төлүүлсэн боловч гэрээгээр тохирсон хугацаандаа шинэ орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь талуудын тайлбар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаартай албан бичгээр өгсөн мэдэгдэл, Нийслэлийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамж зэргээр нотлогдож байна.

            Төсөл хэрэгжээгүйгээс нэхэмжлэгч нь чөлөөлсөн орон сууцаа шинэ орон сууцаар сольж авч чадаагүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний зардал буюу хохирлоо хоёр талт гэрээний 2.4-д заасан хэмжээ /сарын 500 000 төгрөг/-гээр шаардах эрхтэй гэж үзнэ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суух зардлыг төлөхгүй гэж маргаагүй, харин 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээнээс татгалзсан тул уг хугацаагаар тооцно гэж 1 000 000 төгрөгийг, мөн шинэ орон сууцны талбайн зөрүү болгон төлсөн гэх 7 000 000 төгрөгийг төлсөн талаар баримт манай компанид байхгүй тул төлөхгүй гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            Хэдийгээр Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “...И Ө ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах...” асуудлыг хэлэлцсэн, мөн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр “...И Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг ....” мэдэгдсэн боловч Нийслэлийн засаг дарга нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А/424 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг гаргаж, уг захирамжийн 1 дүгээр заалтаар ...И Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, ...дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг... даалгасан байгаа нь хариуцагчийн 1 000 000 төгрөгийн нөхөн олговроос чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2014 оны 11 сарын 14-ний өдрийн 90 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний нэмэлт гэрээ” гэсэн И Ө ХХКХХК болон иргэн Б.Днарын хооронд байгуулсан гэрээг манайх байгуулаагүй, манай компанид Т.Б гэх гүйцэтгэх захирал байхгүй, тус гэрээний дагуу бэлэн мөнгөний орлогын баримтыг нягтлан бодогчоор ажиллаж байсан А.С санхүүгийн тэмдэг ашиглан өөрөө 7 000 000 төгрөгийг авч завшасныг манайх аваагүй тул хариуцах үндэсгүй гэж маргадаг боловч эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул түүний татгалзалыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

            Тодруулбал, нэмэлт гэрээг талуудын хооронд байгуулсан хоёр талт гэрээний 2.2.1, 2.2.2-т зааснаар ...нэмэгдэл талбайг энэ гэрээний 2.5 заасан хуваарийн дагуу төлж барагдуулах, нэмэлт талбайн нэг метр кв-тын худалдах үнийг 1 825 000 төгрөг, нэмэлт талбайн нийт хэмжээ 24.17 м.кв, талбайн нийт худалдах үнэ 44 112 150 төгрөг, эхний төлбөр 30 хувийг нөхөн олговроос 6 000 000 төгрөг байхаар зааж, И Ө ХХКХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан /хх-ийн 15-16/, мөн Бэлэн мөнгөний орлогын баримтыг 2014 оны 11 сарын 14-ний өдөр үйлдэж, Б.Д-с 7 000 000 төгрөгийг И Ө ХХКХХК-ийн нягтлан бодогч А.С хүлээн авч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан /хх-ийн 14/ баримтууд тус тус хэрэгт авагджээ.

            Тэрээр, хариуцагч нь нэхэмжлэгчид 2 талт гэрээнд зааснаар 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны нөхөн олговрын 6 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй ба шүүх хуралдаанд 6 000 000 төгрөгийг суутгасан талаар баримтыг ишлэл болгон тайлбарласан, хоёр талт гэрээний 2.2.2-т “хэмжээ 24.17 м.кв, м2-ийн үнэ 1 825 000 төгрөг, байрны үнийн дүн 44 112 150 төгрөг энэ асуудлыг худалдах худалдан авах гэрээгээр зохицуулна” гэсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Днь И Ө ХХКХХК-д 7 000 000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна гэж дүгнэв.

            Хариуцагч нь тус компаний нягтлан бодогчоор А.С ажиллаж байсан боловч компаний мөнгийг идсэн гэдгээр ажлаасаа халагдсан, мөн манайх 2 талт гэрээ байгуулсан түүндээ шинээр худалдаж авах 1 өрөө орон сууцыг хамтад нь тусгасан тул нэмэлт гараа байгуулах шаардлагагүй тул И Ө ХХКХХК хариуцахгүй гэж тус тус тайлбарладаг боловч энэхүү татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

            Иймээс, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан нийт 22 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан хариуцагч И Ө ХХКХХК-иас 22 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-нд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч И Ө ХХКХХК-иас 270,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ