Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2019/00540

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр    Дугаар 182/ШШ2019/00540                Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М ХХК,

 

Хариуцагч: Н Г нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Н Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Т.Ө, Ж.Б, Ө.Э, Ө.Б бид нараас 250.969.075 төгрөгийг гаргуулан Д ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарч уг хэрэг Н Г луу шилжиж 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 183004460/01 дугаар тогтоолоор бид нарын байр болох Чингэлтэй дүүрэг 4-р хороо Анкарагийн гудамж 10 дугаар байрны 02 тоотод байрлах 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг маань битүүмжилж улмаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хурааж энэ талаар тогтоол үйлдсэн болно. Н Г-аас байрны үнийн саналаа өг гэж утсаар мэдэгдсэн боловч Хятад улс руу хил гарч байсан тул очоод өгье гэж хэлээд Улаанбаатар хотод ирээд үнийн санал өгөх гэтэл Н Г “2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдэл шуудангаар явуулсан та ирээгүй шинжээч томилсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуулийн байгууллага хууль ёсны дагуу үнэлгээ нь гарна биз гэж найдаж хүлээж байсан гэтэл байрыг минь үнэлгээний газартай хамтарч хамгийн бага зах зээлийн үнээр үнэлсэн байна. Үнэлгээ хийсэн хүн нь орон сууцыг маань хүн амын нягтралтай хотын 1-р бүсэд байрлалтай, төв зам дагуу, төвийн системд бүрэн холбогдсон, 1 том өрөө, 2 дунд зэргийн өрөө мөн гал тогоо нь маш том тусдаа 1 өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй, том коридортой, сайн засалттай гэсэн мөртлөө 1 м.кв-ийн үнэ дөнгөж 2.184.210 төгрөгөөр үнэлсэнд үнэхээр гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар манай байрны 1 м.кв-ийн доод үнэ 2.500.000-2.900.000 төгрөгийн үнэ ханштай байгаа билээ. Гэтэл хотын захын гэр хороолол шиг үнэлсэн нь уг үнэлгээ хуульд нийцэж гараагүй нь илт байна. Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн байрлах эрхийн улсын бүртгэлтэй 95 м.кв талбайтай 3 өрөө, гал тогоо тусдаа 1 өрөө, ариун цэврийн 2 өрөөтэй орон сууцыг шинжээч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 216 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 2010 оны үед ашиглалтад орсон, 13 давхар орон сууцны зориулалттай, цутгамал төмөр бетон каракасан барилгын 2 дахь давхрын, 3 өрөө орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг 207.500.000 төгрөгөөр тодорхойлсон. Үнэлгээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, үнэлгээний олон улсын стандарт /IVS-2017/-ын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Үнэлгээ нь дээр заасан тогтоолд дурдсан объектын хүрээнд явагдсан болно. Энэхүү үнэлгээг хийхдээ шинжээчид нь тухайн объекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан. Хөрөнгийн үнэлгээг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаар хийж дүгнэлт гаргасан бөгөөд тухайн үеийн ижил төрлийн объектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, харьцуулалтыг хийж, дүгнэлт гаргасан. Зах зээлийн харьцуулалт хийхдээ сүүлийн үед баригдсан, ижил хийцлэлтэй, байршлын хувьд үнэлж байгаа хөрөнгөнөөс 520.0 м-ийн радиусын дотор байрлах 3 орон сууцны үнэ, ханштай харьцуулж гаргасан. Мэдээллийг “www.unegui.mn” сайтаас авч, утсаар тодруулж баталгаажуулсан болно. Иймд өөрийн хийсэн үнэлгээг үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Н Г шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нараас 250.969.075 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг байрлах эрхийн улсын бүртгэлтэй 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т заасны дагуу битүүмжилж, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14727 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр М ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 207.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 4/16312 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарт Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах 4/16993 дугаартай мэдэгдэл болон 10/10 дугаартай тогтоолыг биечлэн уулзаж гаргаж өгсөн. Төлбөр төлөгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.Б ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь Н Г, М ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н Г нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ж.Б д албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч М ХХК нь дүгнэлтээ хуулийн дагуу хийж гүйцэтгэж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Н Г нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00189 дугаар шийдвэрээр Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нараас 250.969.075 төгрөгийг гаргуулан Д ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарын хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн байрлах 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, М ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 207.500.000 төгрөгийн үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 10 дугаар сарын 01-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Н Гнь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Ж.Б нь М ХХК нь миний байрыг 207.500.000 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч М ХХК-иар хийлгэсэн 207.500.000 төгрөгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 10 дугаар сарын 01-нд талуудад нь мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь М ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү Нийслэлийн Н Г шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн байрлах 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Бын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02176 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН