Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
Хэргийн индекс | 114/2021/0015/З |
Дугаар | 114/ШШ2021/0017 |
Огноо | 2021-11-09 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 114/ШШ2021/0017
2021 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 114/ШШ2021/0017 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2021/015/3/
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: *******гийн гомдолтой
Хариуцагч: ******* *******д холбогдох
Гомдлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч *******
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг
Хариуцагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Үхэртээ дулаан өвөлжөөний газаргүй болохоор манай эгчийн хажуу талын айл хашаагаа сунгаад догол гарсан байхаар нь үхрийн өвөлжөө барих санаатай газрыг нь тэгшилж, дэрс бут, хог хад чулууг нь янзалсан. Энэ нутагт би амьдралын жаргал зовлон аль алиныг нь туулаад өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдарч явна. Би сум орон нутгаасаа өвөлжөөний газар хүсэхэд одоо эрх нь ирээгүй байна гэсэн хариу өгсөн. Ковидтой гээд 11 сараас хүн хүлээж аваагүй. Хүмүүс авах газраа сонгоод дараа нь бичиг баримтаа аваад болоод байдаг болохоор нь би болно гэж бодсон. Миний амьдардаг хашаа намагтай газар болохоор цэвдэгшээд үхэр хэвтэж болдоггүй, гадаа хоноод 2 ч удаа үнээгээ дайруулсан. Эгч маань ингэж малаасаа салж байхаар манай тэнд догол гарсан байна. Тэнд өвөлжөөтэй болбол зүгээр юм бишүү гэж хэлсний дагуу очсон. Ядарсан иргэдээ ядарсан дээр нь ингэж хүнд байдалд оруулсанд маш их гомдолтой байна. Энэ асуудал сум орон нутагтаа шийдэж болох л байсан.
Би энэ шийдвэрээс болж маш их өрөнд ороод сэтгэл санааны хүнд дарамтад байна. Надад тодорхой орлого байхгүй, санаатай газар орон сүйтгээгүй. Сум орон нутгийнхаа удирдлагад ард иргэдээ амьдрах боломж олгоход анхаарч үзнэ л гэж итгэсэн. Би шинээр тариалангийн талбай бий болгоогүй. Иймд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд *******гийн хагалсан газрыг тариалангийн талбай гэж нотолж, тогтоосон зүйл байхгүй. Хохирол тогтоож байгаа шинжээч нь мөн онолынхоо үүднээс тариалангийн газар гэдгийг төмс ногоо тарих талбай нь 25 см хүртэл байдаг гэдэг онолоор 25 см гэж гаргасан. Өөрөөр хэлбэл уг зөрчлийн хэргийн шалгах ёстой зүйлийг шалгаагүй байгаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуульд хийсэн үйлдэл гэм хор учирсан хохиролд тохирсон байх, бодит нөхцөл байдалд нийцсэн байхыг шаарддаг. Бодит байдал яригдах ёстой бөгөөд ******* нь тухайн газарт тариа ногоо тариагүй байсан учраас тариалангийн талбай болохгүй юм гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр гүйцэтгэгч хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Батмөнхийн 2021 оны 07 дугаарын сарын 21-ний 1/890 тоот албан бичгээр Орхон сумын иргэн ******* нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон гэх үйл явдлыг шалгасан Цагдаагийн газрын хавтаст хэргийг шилжүүлж ирүүлсэн.
Холбогдогч *******гийн цагдаагийн газарт болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид өгсөн мэдүүлэгтээ Дүүгийнхээ авсан шинэ хашааны газрын доголыг тэгшлээд хашаа барьчхаад дараа нь бичиг баримтыг хөөцөлдөөд авчих санаатай байсан. Тэгээд хашаагаа барихаас өмнө газрыг нь хаглаад дараа нь хашааг нь барих гэж байсан юм. гэж мэдүүлсэн. Мэдүүлэгтээ газраа хагалснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. *******гийн гаргасан зөрчлийг Байгаль орчны яамнаас мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл авсан ЖЭМР ХХК 2021-08-21-ний өдөр газар дээр нь ажиллаж шинжилгээ гарган дүгнэлтийг 2021-08-27-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Дээрх асуудлаар холбогдогч иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу хохирол 300 000 /гурван зуун мянган/ төгрөг, Байгаль экологид учруулсан хохирол 4 382 031 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга гучин нэгэн/ төгрөг, шинжээчийн үйл ажиллагааны зардалд 1034165 /нэг сая гучин дөрвөн мянган нэг зуун жаран таван/ төгрөг, нийт торгууль, хохирол, нөхөн төлбөр 5716196 /таван сая долоон зуун арван зургаан мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Холбогдогч иргэн *******г хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үүрийнтуяатай 2021-08-27-ны өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт:
а/ Холбогдогч ******* нь Орхон сумын ЗДТГ-т хандан энэ газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Хашаагаа барьчхаад хүсэлтээ гаргана гэж бодож байсан гэх хариултаа л давтан хэлсэн байдаг.
б/ Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үүрийнтуяа мэдүүлэгтээ иргэн ******* нь Орхон сумын ЗДТГ-т 2020-2021 онуудад хандан хашааны газар авах хүсэлт гаргаж байгаагүй, Орхон сумын ЗДТГ-аас иргэн *******д холбогдуулан газар ашиглах эзэмших зөвшөөрөл олгоогүй гэсэн хариулт өгсөн байдаг.
Холбогдогч 3 Бямбасүрэнд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагчийн актыг хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурсан. Харин 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг гардуулахад гарын үс зураагүй. Харин тайлбар бичиж өгсөн байдаг. Зөрчлийн хэргийг 2021-08-30-ны өдөр оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан.
Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд холбогдогч *******гийн гаргасан нэхэмжлэлд улсын байцаагчийн 0001615 дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага тавьсан байна. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тух хуулийн 6.12 дугаар зүйлд Шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг хуульчлан заасан байдаг. Энэ шаардлага дээрх хуулийн зүйл заалтад дурдсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүйг миний зүгээс үзэж байна. Холбогдогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч *******гээс *******ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх гомдол гаргагч *******гийн гомдол, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зөрчилд шийтгэл оногдуулахдаа 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт нийт 4.382.031 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга гучин нэгэн/ төгрөг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн зардалд хамаарах 1.034.165 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сан, төрийн сангийн байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч ******* нь Орхон сумын Засаг даргаас тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад Баян-Өлзийт багийн нутаг Шар дэрс гэх газарт 3727 м.кв газрыг хагалж шинээр тариалангийн талбай бий болгосон нь түүний ... малын тэжээл тарих, өвөлжөө барих зорилгоор ойролцоогоор 3000 м.кв газрыг трактораар хагалж, төмс хөтөлбөрийн бутлагчаар буталсан,... дараа нь гэрчилгээ, зөвшөөрлөө авна гэж бодож байсан гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 450 дугаар албан бичиг, ...хээрийн хэмжилтийн үед иргэн ******* нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр 3727 м.кв атар газрыг хүнсний ногоо тарих зорилгоор 0-25 см гүнд хагалж эвдрэлд оруулсан гэх байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа болно.
Хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна, 4-т энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно, мөн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 49.4.5-т газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологиэдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр. гэж заасны дагуу Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт атар газар хагалснаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайланг үндэслэн *******гээс ургамлын аймагт учруулсан 505.158 төгрөгийн хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.525.790 төгрөг, газарт учруулсан 618.747 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.856.241 төгрөг, нийт 4.382.031 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга гучин нэгэн/ төгрөгийн хохирол, шинжээчийн зардалд хамаарах 1.034.165 төгрөг, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчилд нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгосон торгуулийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй дээрхи хуулийн заалттай нийцсэн байна.
Иймд *******ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5 дахь заалтыг тус тус баримтлан *******гийн гомдолтой хариуцагч ******* Ч.Мөнх-Эрдэнийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ