Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2019/01531

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12  өдөр          Дугаар 182/ШШ2019/01531         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ү-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 252,400,109 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч О.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь хуучин нэрээр Хөрөнгө оруулалтын газартай 2015.05.08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хэнтий аймаг, Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул, зураг төслийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 252.400.109 төгрөг, ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 3 сар, гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах, хэрэв концесс эзэмшигч нэг жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суулгуулж, олгуулах гэж гол нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд манай компани гэрээний хугацаандаа буюу 2015.08.13-ны өдөр зураг төсөл хүлээлцсэн актаар Хэнтий аймгийн Биндэр суманд Онон гол дээр баригдах 201.08 у/м төмөр битон гүүрийн нарийвчилсан зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэж өгсөн. Энэ ажил нь Засгийн газрын тогтоолд зураг төсөл барих, шилжүүлэх гэсэн хэлбэрээр тусгагдсан байдаг. Сүүлд ирсэн баримтаас үзвэл уг зураг төслийн ажилд тухайн үеийн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас концесс зарлаж байсан байх боловч концесс эзэмшигч шалгараагүй, хүчингүй болж байсан, энэ ажиллагаанд манай байгууллага оролцож байсан байна. Хамгийн сүүлд 2015.01.27-ны өдрийн А/05 тоот Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарсан байх бөгөөд уг тушаалд бидний хийсэн ажилтай холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрх бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Энэхүү тушаалын хүрээнд бид Хөрөнгө оруулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь Концессын тухай хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Иймд бид гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж хариуцагчтай удаа дараа ярилцаж, албан бичиг хүргүүлж байсан, хариуцагч байгууллагаас улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авна гэсэн хариу өгдөг боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадаагүй хохирч байна. Иймд Иргэний

хуулийн 343 дугаар зүйлд зааснаар хариуцагч Үндэсний хөгжлийн газраас ажлын хөлс болох 252.400.109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэгч ЭХХК-тай 2015.05.08-ны өдөр Хэнтийн аймгийн Биндэр Сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул зураг төсөл хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр талууд ажил гүйцэтгэх хугацааг 2015.05.20-ны өдрөөс 2015.08.20-ны өдрийн хооронд буюу 3 сараар тогтож гэрээний үнийн дүнг 252.400.109 төгрөг байхаар тохиролцсон байна. Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд ажлын хөлсийг дараах байдлаар төлөхөөр тохирчээ. Үүнд гэрээний 3.2 дахь хэсэгт ажлыг гүйцэтгэгч нь ажлыг өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд зураг төслөөр баталгаажсан ажлын тоо хэмжээнд тулгуурлан уг замыг Концессоор хэрэгжүүлэх хэлэлцээрт зураг төслийг хүлээлгэн өгсний дараа Концессын гэрээний хэлэлцээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлнэ. 3.3 дахь хэсэгт гүйцэтгэгчид замыг концессоор олгох эрх олгогдсон тохиолдолд захиалагч нь зураг төслийн үнийг тусгайлан төлөхгүй бөгөөд энэ хүү үнэ нь концессоор гүйцэтгэх ажлын үнэд тусгагдана. Харин гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах бөгөөд хэрэв концесс эзэмшигч 1 жилийн дотор тодроогүй тохиолдолд дээр үнийг улсын төсөвт суулгаж олгуулна гэжээ. Дээр дурдсан Хэнтий аймгийн Биндэр сумын ононгийн гүүрийг шинэчлэх төсөл нь Монгол улсын засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлтээр орсон байдаг. Ингэхдээ тус төслийг уралдаант шалгаруулалт явуулж концессын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр заасан боловч концесс эзэмшигч шалгараагүй байна. Сүүлд бидний зүгээс нэмэлтээр өгсөн баримтаас үзвэл уралдаант шалгаруулалтыг зарлаж ЭХХК оролцож байсан байх боловч шалгараагүй, концессыг хүчингүй болгож байжээ. Үүний дараа 2015 онд Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарч энэ концесстой холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрхтэй ажлын хэсэг байгуулж, үүний дагуу ЭХХК-тай гэрээ байгуулагдсан гэж харагдаж байна. Ер нь Концессын тухай хуулиар зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх ажлыг нэг л байгууллага шалгарч хийх ёстой цогц асуудал байдаг боловч энийг салгаж болохгүй гэсэн хориглосон зүйл бас байхгүй гэдгийг хэлмээр байна. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дараа бол ямар нэгэн байдлаар зарлагдсан концесс байхгүй байгаа. Ер нь манай байгууллага нэхэмжлэгчийн хийсэн ажлыг хүлээн авсан талаар, мөн ажлын хөлсний талаар маргахгүй байгаа. Гагцхүү улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авахуулахаар Сангийн яаманд уламжилдаг боловч Сангийн яам шийдвэрлэхгүй байгаа учир бидэнд өөр боломж байхгүй, энэ талаар ч нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч Үт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 252,400,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2015.01.27-ны өдрийн Хөрөнгө оруулалтын газрын даргын “Хэнтий аймгийн Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийг шинэчлэх төсөлд шууд гэрээ байгуулах эрх бүхий” ажлын хэсэг байгуулах тушаалын хүрээнд манай байгууллага нь 2015.05.08-ны өдөр Хөрөнгө оруулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр зураг төслийг 252,400,109 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэн 2015.08.13-ны өдөр Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн, үүний дараа Хөрөнгө оруулалтын газар нь 1 жилийн дотор тендер зарлаж концесс эзэмшигчийг тодруулах, тодроогүй тохиолдолд ажлын хөлсийг улсын төсөвт суутгуулж, төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хөлсөө төлөхгүй бидний хохироож байна гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбарыг татгалзахгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хийсэн ажил, ажлын хөлс болон түүнийг хүлээн авсан талаар маргахгүй, гагцхүү ажлын хөлс болох 252,400,109 төгрөгийг Сангийн яам улсын төсөвт суутгахгүй байгаа учир бидэнд өөр боломж байхгүй гэж мэтгэлцсэн.

 

Монгол улсын Засгийн газрын 2013.09.06-ны өдрийн 317 дугаартай тогтоол /https://www.legalinfo.mn/-оор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг баталсан байх бөгөөд уг тогтоолын хавсралтын 17 дугаарт Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төслийг “зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” /ЗГ-ын 2015 оны 87 дугаар тогтоолоор нэмэлт орсон/ төрлөөр уралдаант шалгаруулалт явуулахаар заажээ.

 

Дээрх тогтоолын дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014.03.07-ны өдрийн 13 дугаартай ажлын хэсэг байгуулах тушаалаар “...Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төсөлд...” концесс олгох уралдаант шалгаруулалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсэг нь Концессын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар 2014.04.28-ны өдөр хуралдаж, 2014.04.30-ны өдөр концесс олгох уралдаант шалгаруулалтыг нийтэд зарласан, энэхүү шалгаруулалтын хүрээнд ЭХХК болон бусад компаниуд концессын материал хүсэж, үнэлгээний уулзалтад оролцож байсан байх боловч 2014.07.02-ны өдрийн ажлын хэсгийн уулзалтаар тухайн төсөлд нэг ч компани саналаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр уралдаант шалгаруулалтыг хүчингүйд тооцсон байна.

 

Ингээд 2015.01.27-ны өдрийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар “Хэнтий аймгийн Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийг шинэчлэх төсөлд шууд гэрээ байгуулах эрх бүхий” ажлын хэсэг байгуулагдаж, уг тушаалын хүрээнд зохигчдын хооронд Концессын тухай хуулийн 4.1.6, 17.1.3, 17.2, 19.1, 20-25 дугаар зүйлд зааснаар Концессын гэрээ байгуулагдах байтал 2015.05.08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Концессын тухай хуулийн 4.1.6-д зааснаар зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах концессын төрөл нь бүхэлдээ цогц ойлголт байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр зөвхөн “зураг төсөл боловсруулах” ажлыг салган гүйцэтгэхээр тохиролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, энэ талаар хуульд хориглосон хэм хэмжээ зохицуулагдаагүй байна.

 

Иймд ЭХХК болон Хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан 2015.05.08-ны өдрийн гэрээний харилцааг шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ЭХХК нь Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн гол дээр баригдах гүүрийн хайгуул, зураг төслийг өөрийн хөрөнгөөр, 2015.05.20-ны өдрөөс эхлэн 2015.08.20-ны өдрийн хооронд 3 сарын хугацаанд, 252,400,109 төгрөгийн хэмжээнд гүйцэтгэн хариуцагч Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгөх, хариуцагч Хөрөнгө оруулалтын газар нь 1 жилийн дотор концесс эзэмшигч тодруулах, тодруулаагүй тохиолдолд үнийг улсын төсөвт суутгуулан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2015.05.08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015.08.13-ны өдрийн зураг төсөл хүлээлгэн өгсөн акт, 2015.07.30-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтууд, 2015.07.20-ны өдрийн Экпертизийн дүгнэлт, ЭХХК-ийн 2015.08.12-ны өдрийн 185/15 дугаар зураг төсөл хүлээлгэн өгөх тухай албан бичиг, 2016.06.15-ны өдрийн 152/16 дугаар санхүүжилт хүсэх тухай албан бичиг, мөн өдрийн 252,400,109 төгрөгийн нэхэмжлэх, 2016.10.03-ны өдрийн 274/16 дугаартай, 2017.02.20-ны өдрийн 71/17 дугаартай, 2018.03.20-ны өдрийн 74/18 дугаартай санхүүжилт хүсэх тухай албан бичгүүд /Хөрөнгө оруулалтын газар болон Үт хандсан/, Үндэсний хөгжлийн газрын 2017.03.17-ны өдрийн 01/277 дугаартай, 2018.07.24-ний өдрийн 01/1006 дугаартай Сангийн яаманд хандсан хүсэлт уламжлах тухай албан бичгүүд, 2018.04.11-ний өдрийн 01/381 дугаартай Үндэсний хөгжлийн газраас ЭХХК-нд хүргүүлсэн албан бичиг, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014.03.07-ны өдрийн 13 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2014.04.28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, 2014.04.30-ны өдрийн Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга /сонингийн зар/, 2014.05.28-ны өдрийн үнэлгээний өмнөх уулзалтын тэмдэглэл, 2014.07.02-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, 2014.07.03-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, 2015.01.27-ны өдрийн А/05 тоот Хөрөнгө оруулалтын газрын даргын ажлын хэсэг байгуулах тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,

351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”,

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 252,400,109 төгрөг байна”, 3.2-т “ажлыг гүйцэтгэгч нь ажлыг өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд зураг төслөөр баталгаажсан ажлын тоо хэмжээнд тулгуурлан уг замыг концессоор хэрэгжүүлэх хэлэлцээрт зураг төслийг хүлээлгэн өгсний дараа концессын гэрээний хэлэлцээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлнэ”, 3.3-т “гүйцэтгэгчид замыг концессоор олгох эрх олгогдсон тохиолдолд захиалагч нь зураг төслийн үнийг тусгайлан төлөхгүй бөгөөд энэхүү үнэ нь концессоор гүйцэтгэх ажлын үнэнд тусгагдана. Харин гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах бөгөөд хэрэв концесс эзэмшигч 1 жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суутгуулж олгуулна” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч ЭХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар гүүрийн зураг төслийг өөрийн хөрөнгөөр 252,400,109 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэн, 2015.08.13-ны өдөр хариуцагч Хөрөнгө оруулалтын газар /Ү/-т хүлээлгэн өгч, хөлсөө шаардаж байсан, хариуцагч Хөрөнгө оруулалтын газар /Ү/ нь гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэх, албан бичгийн дагуу шаардсан хөлс болох 252,400,109 төгрөгийг улсын төсөвт суулгуулах талаар Сангийн яаманд уламжилж байсан боловч хөлсийг төлөөгүй байна.

 

Харин хариуцагч Хөрөнгө оруулалтын газар /Ү/ нь тухайн үедээ гэрээний 3.2, 3.3-т зааснаар концесс олгох уралдаант шалгаруулалтыг дахин зарлаагүй, энэ талаарх баримтгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Энэ хугацаанд Монгол улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, уг тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралт, Монгол улсын ерөнхий сайдын 2015.01.05-ны өдрийн 3 дугаар, 2016.08.12-ны өдрийн 38 дугаар захирамжууд, Хөрөнгө оруулалтын газрын 2016.07.27-ны өдрийн 01/410 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргийг шинээр байгуулагдсан Үт шилжүүлсэн байх тул тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газрын өмнөөс Ү хариуцлага хүлээнэ.

 

Хариуцагч Ү нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлж, ажлыг нэгэнт хүлээн авсан, ажлын хөлс болох 252,400,109 төгрөгийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч ЭХХК-нд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хөлс шаардах эрх, нөгөө талаар хариуцагч Үт хөлс төлөх үүрэг тус тус үүссэн, хариуцагч Ү нь хөлс төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд Сангийн яам 252,400,109 төгрөгийг улсын төсөвт суутгахгүй байгаа нь хариуцагч Үндэсний хөгжлийн газрыг гэрээний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөхгүй юм.

 

Иймд хариуцагч Үндэсний хөгжлийн газраас 252,400,109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

                                                                                                    

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Үндэсний хөгжлийн газраас 252,400,109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э-ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,951 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний хөгжлийн газраас 1,419,951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Т.ЭНХТУЯА