Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 540

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сургалтын төлбөр, түүний зээлийн хүү, алдангид төлсөн 3 079 667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг байгууллагын Эрдэм шинжилгээний ажилтнаар 2014 онд ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаагүй. Надад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөн оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 тоот тушаалыг танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Уг асуудлыг сонсоод миний бие хямарснаас болж эмнэлэгт 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хэвтсэн. Ингээд шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд намайг хуучин ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 140 хоногийн цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү. “Э х э з х” ТӨААТҮГ нь 2015 оноос үйл зорилт тавьж, 3 ажилтныг байгууллагаас төлбөрийг нь төлөхөөр болж, сургалтад хамруулсан. Тухайн үед сургалт зохион байгуулсан газраас төлбөр төлсөн ба шаардсан, энэ талаар захиралд мэдэгдэхэд байгууллагын дансанд мөнгө байхгүй, санхүүжилт орж ирэхээр шилжүүлнэ гэсэн тул сургалтын төлбөр болох 2 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй зээлж, төлбөрийг төлж, сургалтад хамрагдаж, аудитор болсон. Иймд сургалтын төлбөр болох 2 000 000 төгрөг, банкинд төлсөн зээлийн хүү, алданги нийт 3 076 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолоор тус хүрээлэнгийн бүтэц, орон тоо хязгаарыг баталсан бөгөөд захиргаа, удирдлагын алба, эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтэс, стандарт, норм, нормативын хэлтэс, төсөл хөтөлбөрт хэлтэстэй байхаар, нийт орон тооны хязгаарыг 37 ажилтан, албан хаагчтай байхаар тогтоосон. Тус хүрээлэнгийн бүтэц, орон тоо шинээр батлагдсантай холбоотойгоор захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/14 дугаар тушаалаар бүх ажилтнуудыг эгүүлэн томилсон. Д.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр тушаал гарсныг мэдсэн, ажлаа хийгээд энэ хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэлтсийн даргадаа мэйлээр хүргүүлж байсан учраас урьдчилан цалин бодогдож олгогдсон ба 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан. Тэрээр 2017 оны 5 дугаар сарын 05, 08-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн бүх нийтийн субботник тасалсан. Уг үйлдэлд нь арга хэмжээ авах гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б-г ажилд буцаан томилохыг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ түүнийг Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн Эрчим хүчний эдийн засгийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах секторт томилох боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй, харин түүнийг байгууллагаас сургалтад хамруулсан учир сургалтын төлбөр төлсөн 2 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү, алданги гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-г “Э х э з х” ТӨААТҮГ-ын Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого, судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 706 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Д.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-т даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг баримтлан хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-аас сургалтын төлбөр 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 076 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б- /гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд/ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, /сургалтын төлбөр түүний зээлийн хүү, алданги гаргуулах/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 63 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураажид 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, мөн 122 259 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөр, ажил, албан тушаал гүйцэтгэж байсан талаар талуудын аль аль нь маргаагүй атал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтнаар 900 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгааг хэлтсийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь цалингийн баримт, ажлын тайлан зэрэг баримтуудаас харагддаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлаагүй болно. Өөрөөр хэлбэл, цалинг бодохдоо цалин хөлсний 100 000 төгрөгөөс тооцож бодох байтал 900 000 төгрөгийн цалингаас тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг цалин хөлсний зөрүүгээр тооцуулж 660 377 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах, сургалтын төлбөр, түүний зээлийн хүү, алдангид 3 076 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Э х э з х” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасныг хариуцагч нь зарим хэсэг болох түүнийг ажилд эгүүлэн томилж, байгууллагаас сургалтад хамруулсантай холбоотой сургалтын төлбөр 2 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, сургалтын төлбөрийн зээлийн хүү, алданги зэргийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Ажил олгогч нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар тушаалыг тус тус үндэслэн Д.Б-г Эрдэм шинжилгээний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 45 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Бүтэц, орон тоо шинээр батлагдсантай холбоотойгоор захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/14 дугаар тушаалаар бүх ажилтнуудыг эгүүлэн томилсон” гэж тайлбарласан боловч түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаал хэрэгт авагдаагүй байна. Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай “Э х э з х” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтэс нь Эрчим хүчний бодлого, судалгааны сектор, Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, инновацийн судалгааны сектортой байхаар заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч дээрх тогтоолд заасан үндэслэлээр цуцлаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу урьдчилан мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 88 дугаар тогтоол гарснаас хойш 3 хоногийн дараа нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан Эрчим хүчний эдийн засгийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтны орон тоо хасагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний хэмжээгээр сарын дундаж цалин хөлсийг тооцож, хариуцагчаас 6 706 840 төгрөгийг гаргуулсан нь зөв болжээ. Хэрэгт авагдсан талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ХГ-29 тоот хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 900 000 төгрөг, хоол унааны нэмэгдэл 132 000 төгрөг, урамшууллыг ажлын үр дүнгээр тооцохоор тохиролцсон байх тул түүнийг сарын 800 000 төгрөгийн дундаж цалин хөлстэй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                                     ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ   

                   

                                                                                                      С.ЭНХТӨР