Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1108

 

 

 

 

 

 

 

  2019        10           31                                             2019/ДШМ/1108                                   

 

О.Гт холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 760 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1903001900151 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тугтан овгийн О.Г, 1991 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад 3 дугаар хэсгийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 77-1070а тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД: ОЗ91050914/;

 

О.Г нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг 50 минутын орчимд “Deawoo” BS106 маркийн, 03-88 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын урд автобусны буудал дээр уг тээврийн хэрэгслийн хойд хаалгаар зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэг “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 12 настай Г.Ганцацралыг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугтан овгийн Оюунчимэгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелэгдээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 760 дугаартай шийтгэх тогтоолоор 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Эхнэр Я.Отгонцэнгэл нь гэртээ хүүхдүүдээ хардаг учир ажил хийх боломжгүй байдаг. Эх Д.Оюунчимэг нь элэгний хатуурлын улмаас 2019 оны 2 дугаар сард БНСУ-д судас боох хагалгаанд орсон. Эмчилгээний төлбөрийг цалингийн зээл авч, сар бүр 711.000 төгрөгийг банкинд төлдөг. Миний бие Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад жолоочоор 7 жил ажиллаж, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч Г.Ганцацралд эмчилгээний төлбөрт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Тухайн өдөр ажлын ачааллын улмаас бага насны хүүхэд унаж гэмтсэн явдалд маш их харамсаж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно.

Иймд миний ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан торгох ялын хэмжээг хөнгөрүүлж, хэсэгчлэн төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг 50 минутын орчимд Deawoo BS106 маркийн, 03-88 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын урд автобусны буудал дээр уг тээврийн хэрэгслийн хойд хаалгаар зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас 12 настай Г.Ганцацралыг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Отгонбилэгийн: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байхад манай охин Ганцацрал над руу танихгүй хүний утаснаас залгаад “ээжээ автобуснаас унаад гэмтчихлээ” гэж над руу хэлчихээд буцаад гэртээ хүрээд ирсэн юм. Тухайн үед манай охин сургууль руу явж байсан ба 5 шарын автобусны буудал дээр буух үед нь автобус нь хөдлөөд манай охиныг унагасан юм байна лээ. Тэгээд охиноо гэртээ ирэхээр нь дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь хагалгаанд орох юм байна, одоо шууд хэвтэх хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Гэмтлийн эмчээс хүүхдийн биед ямар гэмтэл учирсан, одоогоор ямар зовиур байна гэж асуухад зүүн гарын шуу хэсэгт хугарсан гээд хагалгаа хийсэн. ...” /хх 12/,

 

насанд хүрээгүй хохирогч Г.Ганцацралын: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хичээлдээ явах гээд 11 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад 19 дүгээр сургуулийн автобусны буудлаас Нисэх-Сонсголон чиглэлийн автобусанд суугаад Таван шарын автобусны буудал дээр автобусны хойд хаалгаар буух гэж байтал намайг гүйцэд буулгалгүй автобус хөдөлсөн. Автобус хөдлөх үед би хөл алдаад зам руу унасан. Унахдаа зүүн гараараа тулж, зүүн гараа гэмтээсэн. Намайг автобуснаас газар уначихсан байхад автобусны буудал дээр зогсож байсан танихгүй эгч тусалж босгож өгсөн. Хүний утас гуйж манай ээжийн гар утас руу залгаж хэлж өгсөн. Тэгээд би зам хөндлөн гарч, Таван шарын хойд талын автобусны буудлаас гэрлүүгээ буцаж явсан. ...” /хх 15/,

 

шүүгдэгч О.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би автобус компанид том оврын автобусны жолоочоор ажилладаг. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 4-15 буюу Нисэх- Сонсголон-3 дугаар эмнэлэг гэсэн чиглэлд ажилд гарч байсан юм. Тэгээд тэр өдөр 11 цагийн орчим Энхжин худалдааны төвөөс нэг охин манай автобусанд суусан юм байна лээ, би тэрийг мэдээгүй. Тэгээд 5 шарын урд талын автобусны буудал дээр буух үед миний жолоодож явсан автобуснаас унасан байсан, би тэр үедээ хүүхэд унасныг мэдээгүй. ...” /хх 65-66/ гэх мэдүүлгүүд,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2693 дугаартай  “Г.Ганцацралын биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 45/,

              

               Тээврийн цагдаагийн албаны  2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаартай “DАЕWОО В3106 маркийн 03-88 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оюунчимэгийн Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн... 23 дугаар бүлгийн 23.4 дэх хэсэгт “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Гантөмөрийн Ганцацрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 56-57/,Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/,Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Гийг автобус жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас бага насны хохирогч буюу 12 настай Г.Ганцацралыг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч О.Гийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч О.Г “...ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан торгох ялын хэмжээг хөнгөрүүлж, хэсэгчлэн төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Гийн  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

Шүүгдэгч О.Гийн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн, ар гэрийн амьдрал, хувийн байдал, цаашид насанд хүрээгүй хохирогч Г.Ганцацралын эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, О.Гт оногдуулсан торгох ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, харин  анхан шатны шүүхээс тогтоосон  хэсэгчлэн төлөх хугацааг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх, насанд хүрээгүй хохирогч Г.Ганцацралын хууль ёсны төлөөлөгч Ү.Отгонбилэгийг цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг заагаагүй орхигдуулсан байх тул уг заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Анхан шатны шүүх энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийж байвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 760 дугаартай шийтгэх тогтоолын:

2 дахь заалтын  “... 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “... 2.500  /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Насанд хүрээгүй хохирогч Г.Ганцацралын хууль ёсны төлөөлөгч Ү.Отгонбилэг нь  цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн О.Гөөс иргэний  журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                  

 

   

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ