Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Г

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар, Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэс, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэс, Т.Б, Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаартай “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор иргэн Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3 ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор иргэн Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3 ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаартай захирамжийн Булган сумын Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дугаартай захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсгийг хүчингүй ,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаартай захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн Т.Б эзэмшиж байсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дугаартай захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн Б.Од газар шилжүүлж эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0009 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Г, түүний өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 125/2021/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0009 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.167, 33 дугаар зүйлийн 33.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрын өмчлөгч нь Б.Нг мөн гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн учраас уг заалтад маргаагүй. Мөн Цагдаагийн хэлтсийн 1.7 га газар давхацсан гэдэгт нэхэмжлэгч талаас маргаагүй ба үндэслэлүүдээ гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/671 дугаартай магадлалын 2 дахь заалтаар “Б.Н нь 6.2 га газрыг бүхэлд нь эзэмших эрхгүй гэж үзсэн буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тул газрыг эзэмших эрхтэй гэж үзсэнтэй холбоотой нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтийг 2021 онд гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар талд байна” гээд давхцаагүй хэсгийг захиргааны байгууллага шийдвэрлэх боломжтой мэтээр дүгнээд, даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэсэн. Энэ талаар анхан шатны шүүх анхаараагүй байна гэж харагдаж байна. Нөгөө талаар дуудлага худалдаагаар 2015 оны 06 дугаар сарын 18-ны 01 дугаартай хөрөнгө хүлээлгэх актаар эд хөрөнгүүд болон эд хөрөнгүүдийн дагалдах газруудыг хүлээлгэн өгсөн гэдэг нь нотлогдсон байдаг. Энэ нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл болон 00530 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 277 дугаартай Монгол Улсын төрийн өмчийн хорооны 277 дугаар тогтоол байдаг. Тухайн гэрчилгээг дагалдуулаад Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг өгч, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус Б.Нд дагалдуулж өгсөн. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар авах гэхээсээ илүү түүнтэй дагалдаж байгаа газрыг авах сонирхолтой учраас дуудлага худалдаанд оролцсон гэдгийг удаа дараагийн шүүх хуралдаан дээр дамжуулж хэлсэн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална гээд 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг ба зарчмыг хариуцагч хэрэгжүүлээгүй бол...” гэсэн байдаг. Гэтэл Цагдаагийн газар 1.7 га газар давхцаагүй, шинжээчийн дүгнэлт дахин гараагүй гэж маргадаг ч дахин гаргуулах хүсэлт гаргахгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Мөн Цагдаагийн газарт 1.7 га газрыг үндэслэлгүйгээр нэмж олгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар орсон газрын 1.7 га хэмжээ бүхий талбайг үндэслэлгүйгээр нэмэгдүүлээд, захирамжид өөрчлөлт оруулаад өгсөн байдаг. Ингээд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн Б.Г өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс маргаан үүсгээгүй. 1.7 га газрыг өгснөө 59 дугаартай захирамжаар Гаалийн газрын 9.2 га газрыг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Үүнийг шүүхийн шийдвэрт хууль бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дараа нь Б.Н нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т энэ хуульд заасан үндэслэл тогтоолдвол Аймаг, Нийслэл,Сум дүүргийн засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж, гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгүүд балгас болсон гэдэг байдлаар Цагдаагийн газраас тайлбарладаг ч тус үл хөдлөх эд хөрөнгө Б.Нгийн эзэмшил буюу тусгай хамгаалалттай, дотор нь өөрийн эд зүйлээ хийсэн учир цоожтой байдаг. Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг балгас болоод хэрэглэгдэхгүй байгаа гэх асуудалтай нь хэргийн ямар ч оролцогч маргаагүй. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т гаалийн зам гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл Монгол Улсын хил, хилийн гаалийн байгууллагын эсвэл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэхээр гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг хэлнэ гэж заасан байдаг. Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д гаалийн хяналтын бүсийн талаар тайлбарласан байдаг. Мөн хариуцагчаас гаргасан захирамжууд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэдгийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад тухайн хэмжээгээр хүчингүй болгоогүйд гомдолтой байна. Мөн Ховд аймгийн Булган сумын Засаг даргын А/05 дугаар захирамжаар Булган сум дахь Гаалийн газрын эзэмшлийн гэх 745 метр квадрат газраас 1.7 га газрын талаар дурдсан урчаас давтахгүй. Ингээд бусад үндэслэлүүдээ дэмжиж байна”,

3.2. Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо “Давж заалдах гомдлын үндэслэлүүдийг илтгэгч шүүгч танилцуулсан учир үүн дээр нэмж хэлэхэд тухайн эд хөрөнгө мөн эсэх гэдэг асуудлыг бүрэн тогтоолгүйгээр шийдсэн. Цагдаагийн газрын давхцал бүхий боомтын зам талбай 20-30 жилийн өмнө хийгдээд, одоогийн байдлаар байр байсан гэх ул мөр л үлдсэн байдаг буюу биет байдлаар үл хөдлөх хөрөнгөд тооцогдох хуулийн хүчин төгөлдөр бичиг баримт байхгүй. Гэтэл үүнийг үл хөдлөх хөрөнгө гэж тооцоод дуудлага худалдаагаар худалдаалсан нь үндэслэлгүй гэж  үзэж гомдлоо гаргасан. Мөн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд болон захиргааны хэргийн шүүхээс тухайн газар дээр очиж үзлэг хийсэн байдаг. Тус дүгнэлт болон шүүхээс хийсэн үзлэг зэргээр тухайн газрын хэмжээг өөр өөрөөр тогтоосон байдаг. Эдгээрээс аль хэмжээг нь тус газрын хэмжээ гэж үзсэнийг шүүхээс тодорхой болгохгүйгээр шийдвэр гаргасан учраас уг анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаартай “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор иргэн Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3 ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор иргэн Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3 ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах,

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59,

2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138,

2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаартай захирамжийн Булган сумын Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг,

2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дугаартай захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсгийг,

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаартай захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн Т.Б эзэмшиж байсан хэсгийг,

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дугаартай захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн Б.Од газар шилжүүлж эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын харьяа, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 12 обьектийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан дуудлаа худалдаанд нэхэмжлэгч Б.Н оролцон ялж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 06/4-2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагджээ.

3.2. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар мөн Засаг даргын 2010 оны 31 дүгээр захирамжаар Булган дахь Гаалийн газарт олгосон 51,745 м.кв газраас Булган сумын Цагдаагийн хэлтэст 1.7 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

3.3. Мөн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар иргэн Т.Бд Бүрэнхайрхан багийн Эрчмийн 1-5а тоот хаягт байрлалтай 2,784 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Т.Бэс Б.Од шилжүүлэн эзэмшүүлсэн.

3.4. Улмаар Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар зөвшөөрөлгүй, эзэмшил газраасаа илүү газар, нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хаасан, хашсан газруудыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж, 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Булган дахь Гаалийн газрын эзэмшиж байсан 9,2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон.

3.5. Ховд аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор гаалийн хашааны хойд хаалганаас урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгасны дагуу Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар хуучин хашааг чөлөөлөхөөр шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээ, хаягийг өөрчилсөн.

3.6. Түүнчлэн, Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт 180 м.кв газрыг, Булган сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 м.кв газрыг, 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гйүцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 м.кв газрыг тус тус эзэмшүүлжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нолох баримтыг дутуу бүрдүүлсэн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан.

4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалд “... шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн худалдан авсан “боомтын зам талбай” гэх хөрөнгийн хэмжээ, байршил тогтоогдоогүй, үзлэгийн тэмдэглэлд тусгасан боловч маргаан бүхий актуудаар бусдад эзэмшүүлсэн газартай давхцалтай эсэх зэргийг бусад хөрөнгийн адил тусгай багаж, хэрэгсэл ашиглаж хийх тусгай мэдлэг бүхий этгээдийн зураглал үйлдэж гаргах асуудал байх тул үнэлэх боломжгүй байна” гэж дүгнэн, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

4.2. Гэтэл дээрх магадлалд дурдсан ажиллагаа хийгдээгүй буюу анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газрын давхцлын асуудлыг тодруулаагүй, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон газрын хэмжээний зөрүүтэй байдлыг арилгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

5. Тодруулбал, хэрэгт авагдсан Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3170 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай” мэдэгдэлд дуудлага худалдаанд орсон маргаан бүхий 9 нэр төрлийн 13 үл хөдлөх хөрөнгийг 6.2 га газрын хамт нэхэмжлэгч Б.Нд шилжүүлж, гэрчилгээ олгохыг дурдсан байх боловч газрын болон үл хөдлөх хөрөнгүүдийн байршлыг тодорхой заагаагүй, үүнтэй холбоотой талуудаас маргаж байгаа, энэ тохиолдолд шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай.

5.1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-д “... Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн гэх 17,023.2 м.кв газар нь Булган дахь Гаалийн газрын хашаалсан 64,104 м.кв газарт багтаж байв” гэсэн боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “... Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн гэх газартай 5,501.93 м.кв хэмжээгээр давхцсан” гэснээс үзвэл шүүх хэргийн нөхцөл байдал, газрын давхцал, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын зөрүүг арилгаагүй, тухайлбал гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “...үзлэгийн тэмдэглэлээр Булган сумын Цагдаагийн хэлтэст хамаарах зогсоолын хэмжээг 5501.93 гэж зөрүүтэй баримтуудыг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт 2341 м.кв гэж үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, дахин шинжээч томилж зөрүүтэй байдлыг арилгалгүйгээр шийдвэр гаргасан. Цагдаагийн хэлтсийн эзэмшил газарт давхцалтай гэх зам талбайг үл хөдлөх хөрөнгө мөн эсэх талаар, уг зам талбай хамаарах талаар нэг мөр тогтоохгүйгээр шийдвэрлэсэн...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... 6.2 га газар хяналтын бүс учраас газартайгаа нийлүүлээд өгнө үү гэхээс биш үзлэг хийсэн тэмдэглэл дээр конторын талбай, агуулах, худаг гээд өөр өөр талд байршуулчихсан. Хяналтын бүс гэдэг нь дагалдах газар байдаг, энэ бүгдийг нэхэмжлэгч Б.Н авсан болохоос биш, зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийн доод талын газрыг авна гэвэл дуудлага худалдаанд орохгүй байсан. Гэтэл боомтын талбай хэдий хэмжээтэй хаана байршилтай талаар шүүхээс ажиллагаа хийгээгүй, боомтын талбайд үзлэг хийж дүгнэлт гаргасан байтал боомтын зам зогсоолд үзлэг хийгээгүй, дүгнэлт гаргалгүй орхигдуулсан ...” гэж тайлбарлан маргаж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүйтэй холбоотой гэж дүгнэхээр байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1-д анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 0033 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Мг томилсон байхад шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүх хуралдааныг шүүгч О.Быг даргалсан байдлаар бичсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ