Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/00759

 

 

                               

 

          2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/00759

   Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С ХХК-д холбогдуулан

 

28.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гэрч Ш.Н, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн ордны бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээ байгуулсан ба гэрээний дагуу гүйцэтгэгч С ХХК нь захиалагч Ц ХХК-ийн ордныг далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Ордны төлөв байдлын судалгаа, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Газрын чанарын улсын хянан баталгаа, аваар устгах төлөвлөгөө, 2018 оны уулын ажлын төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор буюу 2018 оны 06 сарын 12-ны өдөр гэхэд боловсруулан, холбогдох байгууллагаар батлуулахаар харилцан тохиролцсон. Захиалагч нь гэрээт ажлын урьдчилгаанд 28.000.000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн. Ц ХХК нь Г ХХК-тай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээтэй ба тус гэрээний дагуу уурхайн ашиглалтын үйл ажиллагааны зардлыг тус компаниас санхүүжүүлдэг бөгөөд дээрх 28.000.000 төгрөгийг Г ХХКнь 2 хувааж С ХХК-д шилжүүлсэн болно. Гэвч гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй бөгөөд ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооход ажлыг хийж гүйцэтгээгүй. Мөн дээрх уул уурхайн үнэлгээ шинжилгээг боловсруулан батлуулах ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хийж гүйцэтгэдэг бөгөөд С ХХК нь уул уурхайн ТЭЗҮ, байгаль орны хянан баталгаа, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдсэн даруйдаа гэрээнээс татгалзаж байгаа тухай гүйцэтгэгчид мэдэгдэн гэрээнээс татгалзсан болно. С ХХК нь гэрээнд заасан үйл ажиллагааг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээт ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байж захиалагчийг хууран мэхэлж гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр аваад зогсохгүй энэ хугацаанд бидний үндсэн үйл ажиллагааг саатуулснаас болж уурхайн ашиглалтын үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй болоод байна. Иймд гүйцэтгэгч С ХХК нь гэрээний дагуу нэр бүхий баримт бичгийг хугацаандаа батлуулан хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээт ажлыг гүйцэтгэхийг оролдсон, итгэл эвдсэн үйлдэл гаргасан тул түүнтэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээнээс захиалагч татгалзсан бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 28.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ажил хийсэн мэтээр баримт гаргаж өгч байгааг бол хүлээн зөвшөөргүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

С ХХКнь Ц ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №05/18 Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээ”-г байгуулсан ба гэрээнд заасны дагуу ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, гэрээнд заасан ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа болно. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №05/18 дугаар гэрээний ажлын гүйцэтгэл эрх бүхий байгууллагаас хамааран дуусах шатандаа явж байгаа ба С ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, мөн уул уурхайн үнэлгээ шинжилгээг боловсруулах ажлыг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байсан болно.

Манай компани нь “Далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Ордын төлөв байдлын судалгаа, Уурхайн 2018 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, 2018 оны уулын ажлын төлөвлөгөө, Газрын чанарын улсын хянан баталгаа, Аваар устгах төлөвлөгөө” зэрэг гэрээнд заасан ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж ажиллаж байсан ба захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цаг хугацааг багагүй алдаж байсан болно. С ХХК-ийн захирал Ш.Нын зүгээс захиалагч Ц ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №01/18 дугаар тодруулга хүсэх албан бичгийг хүргүүлж байсан бөгөөд уг албан бичигт захиалагч талын буруутай байдлаас гэрээнд заасан ажил үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгэх боломжгүй байгаа талаар болон ажил гүйцэтгэхэд чирэгдэл учруулж байгааг дурдсан байдаг. Хариуцагч С ХХК-ийн зүгээс Х ХХК-тай гэрээ байгуулж Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Уурхайн 2018 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө зэргийг, Д ХХК-тай гэрээ байгуулж Дорноговь аймгийн нутагт байрлах Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй төлөв байдал чанарын хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлж, Газар зохион байгуулалт, Геодези Зураг зүйн газраар баталгаажуулсан зэрэг ажлыг гэрээ болон хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн байдаг. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ц ХХК-ийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүхэд гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн 28.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь талуудын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “Талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аль нэг тал гэрээгээ цуцалсан тохиолдолд гүйцэтгэсэн ажлыг харилцан дүгнэж, гэрээний дагуу үлдсэн ажлын хэмжээг тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээнд заасан тодорхой тооны ажил үүргийг гүйцэтгэсэн ба уг ажлын гүйцэтгэлийг батлах бичгийн нотлох баримт байгаа бөгөөд захиалагч Ц ХХК-тай хийсэн хийгээгүй үлдсэн ажлыг дүгнэж, тооцоо нийлж талуудын хоорондын өглөг, авлагын тооцоог бүрэн дуусгах боломжтой. Мөн гэрээнд гэрээнээс татгалзах талаар зохицуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасны дагуу манай компанийн зүгээс татгалзлыг хүлээн аваагүй, зөвшөөрөөгүй байх тул гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзаж, шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байх тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу бид өөрсдийн гүйцэтгэсэн ажилд тохирохуйц хөлсийг нэхэмжлэгч байгууллагаас буцаан шаардах эрхтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй” гэж заасныг нэхэмжлэгчийн зүгээс зөрчиж шүүхэд хандсан. Үүнд: 225.4.1-д “Үүргийг ялимгүй зөрчсөн”, 225.4.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай”, 225.4.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хуулиар хязгаарласан байх ба нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч нь гэрээний үүргийг зөрчсөн, хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг шаардлагыг гаргах хууль зүйн бүрэн боломжтой бөгөөд талууд харилцан хийгдсэн болон хийгдээгүй ажлыг тооцоо нийлж, акт үйлдэх өглөг, авлагын тооцоог дуусгах нь зүйтэй юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д “Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах үүрэг гүйцэтгэгч тогтоож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тодорхойлох эрхгүй юм. Иймд хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч байгууллагатай хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаж, өөрсдийн гүйцэтгэсэн ажилд тохирохуйц төлбөрийг авах хүсэлтэй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 28.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр С ХХК-иас 66.900 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд үндэслэлээ, ажлын гүйцэтгэл бол 90 хувьтай явж байгаа, урьдчилгаанд 30.000 юань буюу 11.333.100 төгрөг С ХХК-ийн дансанд орж ирээгүй, тус компани аваагүй тул 28.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч С ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай захиалагчийн Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, ордын төлөв байдлын судалгаа, Уурхайн 2018 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, 2018 оны уулын ажлын төлөвлөгөө, газрын чанарын улсын хянан баталгаа, аваар устгах төлөвлөгөө /аваар ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/ зэргийн боловсруулах улмаар холбогдох байгууллагуудаар баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэгч тал хийх бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авахаар ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч С ХХК нь ажлын нийт хөлсөнд 70.000.000 төгрөгийг төлөх, гэрээний 5.2-т ажил эхлэхэд гэрээт ажлын үнийн дүнгийн 40 хувь болох 28.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талын нэхэмжлэхийг үндэслэн ажлын 7 хоногт багтаан шилжүүлэх, гэрээний 5.3-т ТЭЗҮ батлагдан захиалагч талд хүлээлгэн өгсний дараа гэрээт ажлын үнийн дүнгийн 30 хувь болох 21.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талын нэхэмжлэхийг үндэслэн ажлын 7 хоногт багтаан шилжүүлэх, гэрээний 5.4-т гэрээт ажил бүрэн дуусаж бичиг баримтыг хүлээлгэн өгч акт үйлдсэний дараа гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 21.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талын нэхэмжлэхийг үндэслэн ажлын 7 хоногт багтаан шилжүүлэхээр тохиролцсон байна.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр урьдчилгаанд төлсөн төлбөр 28.000.000 төгрөг, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 юань буюу 11.333.100 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 43.974.30 юань буюу 16.600.000 төгрөгийг С ХХК-д шилжүүлсэн, 1 юанийг нь Монгол банкны ханш болох 377.77 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлан нэхэмжилжээ.

 

Хариуцагч тал гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 43.974.30 юань буюу 16.600.000 төгрөгийг хүлээн авсан тухайд маргаагүй, харин 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 юань буюу 11.333.100 төгрөг манай компани хүлээн аваагүй, 30.000 юанийг Л гэж Хятад хүн хүлээн авсан, С ХХК-ийн захирал Ш.Н нь Л-тэй ямар ч хамааралгүй тул 30.000 юань буюу 11.333.100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээг гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны дотор багтаан хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Дээрх Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч С ХХК нь дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байсан, гэрээнд заасан ажлын гүйцэтгэл 90 хувьтай байсан хэмээн тайлбарлан Ц ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08-22/18 дугаартай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Ц ХХК ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08-22/18 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газар Геологи, хайгуулын хэлтэст “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, С ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/18 дугаартай  Ц ХХК-д тодруулга хүсэх нь гэх албан бичиг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0/88 дугаартай Ц ХХК-д албан тоотын хариу гэсэн албан бичиг, Ц ХХК-ийн солбицлын тогтолцоо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1780 дугаартай Д ХХК-д дүгнэлт баталгаажуулсан тухай албан бичиг, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Дорноговь аймгийн нутагт орших Ц ХХК-ийн хайлуур жоншны далд уурхайн 2018 оны гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,  Ц ХХК хайлуур жоншны ордын 1 хүдрийн биетийн хэсгийг далд аргаар ашиглах төслийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, Дорноговь аймгийн нутагт хэрэгжих “Хүдрийн биет-1” жоншны уурхайн байгаль орчны төлөв байдлын судалгааны тайлан зэргийн нотлох баримтаар гаргажээ. 

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагчийн татгалзал тайлбар нь тогтоогдохгүй, С ХХК-ийг гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж байх тул гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 юань буюу 11.333.100 төгрөгийг шилжүүлсэн хэмээн тайлбарлан хавтас хэргийн 8-9 дүгээр талд авагдсан “Хятад улсын тариалангийн банк” гэх баримтыг нотлох баримтаар гаргажээ. 

 

Уг баримтад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, хүлээн авагчийн данс, хүлээн авагчийн нэр Л, 30.000 юань гэж тэмдэглэгдсэн байх тул 30.000 юань буюу 11.333.100 төгрөгийг Ц ХХК-иас С ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Гэрч Ш.Н нь гэрээний урьдчилгаанд 16.600.000 төгрөгийг хүлээн авсан гэж мэдүүлсэн болно.

 

Иймд хариуцагч С ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 16.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдохгүй байгаа 11.333.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 16.600.000 /арван зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.333.100 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С ХХК-иас 66.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Ц ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 240.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН