Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2051

 

 

      2019 оны 09 сарын 30 өдөр

     Дугаар 183/ШШ2019/02051

               Улаанбаатар хот

 

                                  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: регистрийн дугаартай, М /цаашид М гэх /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: регистрийн дугаартай, овогт Бын Бд холбогдох

 

Зээл болон гэм хорын хохиролд нийт 10.707.848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин, түүний өмгөөлөгч С.Батбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Д.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-ийн Ерөнхий захирлын 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 507 дугаар тушаалын дагуу Б.Бийг СОБГазарт жолоочоор томилон ажиллуулсан ба 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр М-д “амьдралын шаардлагаар хувийн хэрэгцээнд 5.0 сая төгрөг нэн даруй шаардлагатай байгаа аргагүй байдлыг бодолцон үзэж, уг зээлийг байгууллагын зүгээс олгож өгнө үү. Зээлийг хугацаанд нь найдвартай төлөх болно” хэмээн өргөдөл гаргасан. Байгууллагын зүгээс Б.Бийн нөхцөл байдлыг ойлгож 5.000.000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн байдаг. Зээл авсан өдрөөс хойш Б.Б нь зээлийн төлөлтийг тогтмол биш хэдий ч тодорхой хугацаанд хийж ирсэн боловч 2015 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй. Үүнээс хойш бид удаа дараа Б.Бтэй холбогдож үлдэгдэл төлбөрөө хийхийг сануулсан боловч огт төлбөр хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Б.Бийн авсан цалингийн зээлийн үлдэгдэл 2.850.000 төгрөг байна. Үүнээс гадна хариуцагч нь М-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******ыг ******* улсын дугаартай Волксваген тоурэг маркийн автомашинтай явж байхад нь М-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашиныг жолоодож байгаад замын хөдөлгөөний дүрэм зөрчин авто осол гаргасан. Энэ ослын улмаас *******ын автомашинд 9.664.048 төгрөгийн хохирол учирч тухайн үед Б.Б 1.000.000 төгрөг Монгол даатгал ХХК-иас 4.080.000 төгрөг төлсөн. ******* болон Б.Б нар хоорондоо эвлэрч, Б.Б үлдэгдэл мөнгийг тодорхой хугацааны дараа төлөх болохоо амлан, авто ослын хэргийг шалгаж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа ******* тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага хохирлыг олгох ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шийдвэрээр байгууллагаас 4.584.048 төгрөгийг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. *******д төлөх 4.584.048 төгрөг, улсын тэмдгийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд нийт 4.732.348 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн ба байгууллагын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр 4.732.348 төгрөгийн төлбөр байгааг харуулсан байгаа. Иймд  байгууллага гэм хорыг арилгасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу Б.Бээс дээрх мөнгийг шаардаж нэхэмжлэл гаргаж байна. 3 дахь шаардлагын хувьд Б.Б ажиллаж байх хугацаандаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн эд ангийг завшсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж, Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол болон үнэлгээний байгууллагын хохирлын хэмжээг тогтоосон баримтаар тодорхой болсон. Б.Бийн зүгээс 2016 онд 2.000.000 төгрөгийг төлсөн ба үүнийг тооцооноос хасаад нотлох баримтаар өгсөн, үнийн дүн, тооцоолол зэрэгт зөрөөтэй зүйл байхгүй. Хариуцагч тал яагаад төлөхгүй гээд маргаад байгаа талаарх үндэслэлээ тодорхой гаргаж тавихгүй байна. Иймд Б.Бээс зээлийн үлдэгдэл төлбөр 2.850.000 төгрөг, *******ын автомашиныг мөргөж байгууллагад хохирол учруулсан төлбөрт 4.732.348  төгрөг, байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан төлбөрт 3.125.500 төгрөг нийт 10.707.848 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчаас цалингийн зээл 2.850.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт хавсаргаж өгсөн ажлаас халсан тушаал, хэрэгт байгаа өргөдлийг дурдаж байгаа боловч уг өргөдөлд байгаа шиг цалингийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй. Мөн ажлаас халагдаад 4 жил болж байна. Энэ хугацаанд цалингийн зээл гэж шаардаж байсан удаа байхгүй. Тухайн үед Б.Б 5.000.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж ярилцаж тохиролцож авсан. Тиймээс цалингийн зээл авсан болон нэхэмжлэгч байгууллагаас цалингийн зээлээ төлөхийг шаардаж байсан зүйл байхгүй. Мөн гэм хор учруулсан байна гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зам тээврийн осол гарсны улмаас 4.584.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хавтаст хэргийн 24 дүгээр талд Прокурорт гаргасан өргөдөл байгаа. Уг өргөдөлд 9.664.048 төгрөгийн хохирол гарсан. Энэ өргөдлөө гаргахдаа 4.000.000 төгрөгийг даатгалаас, 1.000.000 төгрөгийг Б.Б бэлнээр өгсөн. Үлдэгдэл хохирлыг Б.Бийг төлөх ёстой гэж яриад байдаг, ийм зүйл байхгүй. М-ийн Санхүүгийн алба хохирсон гэж ярьж байгаа. Хохирч байгаа этгээд нь ******* юм. Зам тээврийн ослыг Б.Б гаргасан ба телевизтэй Б.Б төлбөрийг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл ийм өргөдөл байсаар байтал шүүхэд хандаж шүүхээс байгууллага хохирсон байна гэх шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ шийдвэр гарахаас өмнө ******* нь Б.Бэд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл  гаргасан байдаг ба энэ өргөдлийг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. М-д ямар нэгэн хохирол учраагүй. Ийм агуулга байсаар байтал шийдвэр гарч, шийдвэрийн үндсэн дээр гэм хорын хохирол гаргуулах үндэслэл байхгүй. Байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гээд байгаа 3.125.000 төгрөгийн тухайд тухайн үед байгууллагын хүмүүстэй харилцан тохиролцож хохирлыг барагдуулсан байдаг. Тиймээс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М нь хариуцагч Б.Бэд холбогдуулан зээл болон гэм хорын хохиролд нийт 10.707.848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Б.Бийг М-ийн ерөнхий захирлын 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 507 дугаар “Ажилд түр авах тухай” тушаалаар  М-ийн СОБГазарт жолоочоор томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагаас зээл хүсэж, зээлийг олгосон ба улмаар зээлээ цалингаасаа суутгуулж төлж байсан боловч ажлаас гарснаас хойш төлөөгүй гэж тайлбарлан зээлийн үлдэгдэлд 2.850.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ ... байгуулагаас зээл огт аваагүй, цалингаа урьдчилан авч, цалингаараа төлж байсан, ажлаас чөлөөлөгдөх үед  байгууллага тэтгэмж олгоно гэсэн боловч олгоогүй, тухайн үед тэтгэмжээ авах ёстой байсан ч урьдчилан олгосон цалиндаа суутгасан байна гэж ойлгоод дахиж шаардаагүй, иймд зээл төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

Б.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр М-ийн Захиргаа санхүүд өргөдөл гаргаж, уг өргөдөлдөө “... Миний бие орон сууцны зээлтэй бөгөөд түүнийгээ хугацаанд нь төлж байгаа. Амьдралын шаардлагаар хувийн хэрэгцээнд 5.000.000 төгрөг нэн даруй шаардлагатай аргагүй байдлыг харгалзан үзэж байгуулагаас уг мөнгийг зээлийн журмаар олгож өгнө үү. Зээлийг хугацаанд нь төлөх болно...” гэж бичсэн байх ба мөнгийг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Бийн дансанд шилжүүлсэн байна. /хх 4 дүгээр тал/

 

 Байгууллагын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлд Б.Бэд олгосон 5.000.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж тэмдэглэж, түүний цалингаас суутгаж байсан байх бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш мөнгийг бүрэн төлөөгүй, 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд буюу тайлант хугацаанд 2.850.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь байгууллагын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлээр тогтоогдож байна./ хх 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Бийг ажлаас гарсны дараа байгууллагаас нь зээлээ төлөхийг утсаар болон фэйсбүүк хаягаар мэдэгдэхэд эхлээд төлнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон, улмаар хуульч н.Хулан холбогдож төлөхийг сануулахад шүүхэд өг, шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн, тэр нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуульч н.Хулангийн авлагын жагсаалтын баримтаар нотлогдоно гэж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Б.Б Хөдөлмөрийн  тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар цалингаа урьдчилан авч, цалингаараа төлсөн, цалин хөлсний маргаан гэж үзвэл Хөдөлмөрийн  тухай хуульд зааснаар 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах, зээл авсан гэж үзвэл ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 03-наас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах байтал гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Б.Б байгуулагаас зээл хүссэн болох нь түүний тухайн байгууллагад гаргасан өргөдлөөр нотлогдож байх ба түүнд 5.000.000 төгрөг олгосон, тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл төлбөрөөс төлж байсан тал дээр хариуцагч тал маргахгүй байна.

 

Харин Б.Бийг ажлаас чөлөөлөгдсний дараа буюу түүнд утсаар, фэйсбүүк хаягаар мэдэгдсэн улмаар хуульч н.Хулангийн авлагын жагсаалтын баримтаар нотлогдоно гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “... Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...” гэж зааснаар тэр талаарх баримтыг ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрт 2.850.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Б М-д жолоочоор ажиллаж байх хугацаанд буюу 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ын уулзварт ******* улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчсөний улмаас ******* улсын дугаартай Волксваген тоуарэг маркийн *******ын жолоодож явсан машинтай мөргөлдөж, *******д хохирол учруулсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр М-ээс гэм хорын хохиролд 4.584.048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч байгуулагаас шүүхийн шийдвэрийн дагуу 4.732.348 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлтийн баримтаар тогтоогдож байна.

 

   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж зааснаар М нь байгууллагад учирсан хохирлоо шаардах эрхтэй байх тул Б.Бээс 4.732.348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн Б.Б жолоочоор ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 1 дүгээр сард албаны хэрэгцээнд ашиглаж байсан ******* улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашины эд зүйлийг хувьдаа завшиж, байгууллагад 5.125.500 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 265 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

   Б.Б 5.125.500 төгрөгнөөс 2.000.000 төгрөг төлж, 3.125.500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирлоо шаардах эрхтэй ба хариуцагчаас 3.125.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд  шүүх Б.Бээс 7.857.848 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрт 2.850.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар  Б.Бээс зээлийн төлбөрт 2.850.000 төгрөг нэхэмжилсэн М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс 7.857.848 төгрөг гаргуулж М-д олгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.276 төгрөгнөөс 60.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 140.676 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                               Д.ДАВААСҮРЭН

 

                                       ШҮҮГЧИД                               Б.МӨНХБАЯР

                                                                       

                                                                                              Ж.СЭМЖИД