Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 215

 

“Цагаан хөшөө трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн 42 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0145 дугаар магадлалтай, “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0145 дугаар магадлалаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Магадлалын Хянавал хэсгийн 3 дахь догол мөрөнд “хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Учир нь, ...газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Цагаан хөшөө трейд” ХХК-д маргаан бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно” гэсэн нь хуулийг нэг мөр хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв эсэхийг олон талаас нь шалган тогтоогоогүй нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна.

2. “Нэгэнт 2012 онд тухайн үеийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд “Тэс Загал” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн боловч хүчингүй болсон газар эзэмших эрхийг мөн зориулалтаар 2016 онд нэхэмжлэгч “Цагаан хөшөө трейд” ХХК-д эзэмшүүлсэн байх тул “газар эзэмшүүлэх 2016 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад уг газрыг эзэмшүүлж Газрын тухай хууль зөрчсөн” гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж хянасан. Үндэслэлтэй гэж үзэх боломж бас байхгүй байгаа юм. Энэ утгаараа хуульд үндэслэх зарчим алдагдаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар ...-ын өмнө хариуцна” гэсэн чиг үүргийн дагуу холбогдох хууль, засгийн газрын тогтоол шийдвэрийг нэг бүрчлэн хэрэгжүүлж гүйцэтгэлийг тайлагнадаг. Гэтэл “Цагаан хөшөө трейд” ХХК-тай адилтган үзэж хураагдсан газар бүрийг үргэлжлүүлэн хүсэлт гаргасан болон гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллага бүрт эзэмшүүлээд байвал хууль ёс, дүрэм журам алдагдаж, төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах ажил 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу явахгүйгээр тус тогтоолын хэрэгжилт тасалдахад хүрч байна. Гаргасан үндэслэл тайлбар бүрт хууль зүйн үндэслэл, гаргалгаатай хянах ажиллагааг хийгээгүй.

4. “Цагаан хөшөө трейд” ХХК нь Барилгын тухай хуулийн 22, 23, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг, Засгийн газрын Дүрэм батлах тухай 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, уг дүрмийн 5 дугаар хавсралтийг тус тус зөрчиж “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, орон сууцны барилгын “Эскиз зураг”-ыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байж шугам, сүлжээ хариуцсан мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл авч, зураг төсөл боловсруулж хохирол учирсан гэсэн нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон болох нь ойлгомжгүй бөгөөд хуурамч зарим нэг зарлагын баримт, сууцны тоо зөрүүтэй зэрэг баримтууд байсаар байхад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, дурдагдсан хууль, эрх зүйн актыг судалсан талаар огт дурдаагүй, шүүхээс хангалттай, хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг цуглуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж үнэлээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзлаа.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн зохицуулалтын зорилго нь огт төлөвлөгдөөгүй, эсхүл өөр зориулалтаар төлөвлөгдсөн газарт эрх бүхий этгээд /Засаг дарга/-ээс иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглоход чиглэгдсэн гэж тайлбарлаж болохоор байна.

Иймд, хариуцагчаас өмнө нь төлөвлөгдсөний дагуу орон сууцны хороолол баригдсан газарт мөн зориулалтаар газар эзэмших эрх олгосон атлаа “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн зорилгод нийцэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлсэн, давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хянахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул “...хуулийг нэг мөр хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв эсэхийг олон талаас нь шалган тогтоогоогүй нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар ...-ын өмнө хариуцна” гэсэн чиг үүргийн дагуу маргаан бүхий актыг гаргасан гэх боловч, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Засаг даргын 2016 оны А/229 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулаагүй” гэх бөгөөд энэ нь захиргааны өөрийнх нь буруутай үйлдэл байхын зэрэгцээ маргаан бүхий актыг уг үндэслэлээр гаргаагүй байна.

 Захиргаанаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Уг зүйлийн 48.2 дах хэсэгт “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох нөхцлийг маш тодорхой заасан юм.

Энэхүү маргааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй” байхаар байна.

Нэгтгэн дүгнэвэл, Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтын зорилго нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдийн /тухайлбал, газар эзэмшигчийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхол, итгэлийг хамгаалах үүднээс захиргаа өөрийн гаргасан шийдвэрээ хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр, ялангуяа өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой бол, хүчингүй болгох эрх хэмжээг нь хязгаарлах; нийтийн, эсхүл бусад этгээдийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн зэрэг хуульд заасан зайлшгүй тохиолдолд л хүчингүй болгоход чиглэсэн байна.

Иймээс “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар хуульд үндэслэх зарчим алдагдаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн “Цагаан хөшөө трейд” ХХК нь Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг зөрчиж орон сууцны барилгын “Эскиз зураг”-ыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байж шугам, сүлжээ хариуцсан мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл авч, зураг төсөл боловсруулж хохирол учирсан гэдэг нотлогдоогүй, хуурамч зарим нэг зарлагын баримт зэрэг баримтууд байсаар байхад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй...” гэх гомдлын үндэслэлийн хувьд хариуцагч анхнаасаа энэ талаар маргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймээс шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн 42 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0145 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ