Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/01922

 

   2019 оны 10 сарын 01 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01922

        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: НТГ-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: З ХХК-д холбогдох

            татварын өр 83.185.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ЗХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд 2623463 тоот регистрийн дугаартай, Барилга угсралт, барилгыг дуусгах шатны ажил чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн.

            Тус компани нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2010 оны 10 дугаар сарын 28-ны 220318 тоот Хяналт шалгалтын актаар тавигдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34.050.900 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татвар 21.209.900 төгрөг, татварын хүү торгуулийн 27. 924. 500 төгрөг, нийт 83.185.300 төгрөгний татварын өр төлбөртэй байна.

            Хяналт шалгалтын актаар тавигдсан татварын өрийг төлүүлэхээр Монгол Улсын татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, итгэмжпэлгүйгээр төлөөлөх этгээдтэй ярилцлагын тэмдэглэл хийсэн.

            Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 223242019/01 тоот мэдэгдэх хуудас хүргүүлэн хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд З ХХК нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна.

            ЗХХК нь хөрөнгөгүй болох нь татварын албаны цахим мэдээллийн сангаас авагдсан лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно.

            Шүүхээс урьдчилсан шатанд шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дахь заалт Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу ЗХХК-иас нийт 83.185.300 төгрөгийн татварын өрийг гаргуулж, төлбөрийг улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нийслэлийн татварын газраас 2010 оны 10 дугаар сарын 28-нд манай компанид ээлжит шалгалт орж 83.185.300 төгрөгний акт тавигдсан.Би энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зураагүй юм. ЗХХК нь энэ төлбөрийг төлөх субьект биш бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэгэдэн шалгагдаж байгаад Дэмбэрэлдагвад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож

            Үүний гол шалтгаан нь манай компаний ня-бо Ц.Эрдэнэчимэг нь Сайран Булаг ХХК, Эм Эн Жи Эл ХХК, ЧММ, ХХК-нуудад 2007-2009 онуудад бүгд 270 743 280 мянга төгрөгийн бараа худалдан авалт хийгээгүй байхад НӨАТ-ын падааныг өгч дундаас нь ашиг олсон байсан.

            Шалгалтын явцад би мэдэж буруутай эзэд нь хариуцлага хүлээх ёстой гээд 2013 онд хуулийн байгууллагад хандсан юм.

            1. Тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх авч үзээд 2013 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн 8937 тоот Шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            2. 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн татварын газраас манай байгууллагад актаар 83.185.300 төгрөгийн татварын нөхөн оногдуулалт хийсний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын ерөнхий хууль /2008.05.20/-ийн 11 дугаар зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, адцанги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжинд хамаарахгүй гэж, 11.6.-д Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон АКТ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. Актаар тавигдсан нөхөн ногдуулалт нь татварын ерөнхий хуулийн 11.2-т заасан Татвар, алданги, торгуулийн өрд хамаарахгүй болно.

            3. Тус компанийн ня-бо Ц.Эрдэнэчимэг нь эрх мэдлээ хэтрүүлж, хоосон бичилт хийж өөртөө ашиг олсон үйлдэлдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, эрүүгийн 21135207 тоот хавтаст хэргийг Прокурорын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар тоот тогтоолоор хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгосон нь тухайн хууль бус орлого нь манай компанид хамаарахгүй гэдгийг нотолж байна.

            4.Манай компани бодитой борлуулалт хийж орлого олоогүй байхад 83,1 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар тооцсон нь нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандартад заасан Орлого гэсэн шаардлагыг хангахгүй бөгөөд орлого зарлага уялдаатай байх Татварын ерөнхий хуулийн зайлшгүй, тодорхой байх зарчмуудыг зөрчиж байна.

            Иймд татварын нөхөн ногдуулалт хийсэн актаар тогтоосон 83.185.300 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанааар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

             ҮНДЭСЛЭХ НЬ:    

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар нь хариуцагч ЗХХК-д холбогдуулан татварын өр 83.185.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч ЗХХК нь 2623463 дугаар бүххий регистрийн дугаартай Барилга угсралт засварын ажил эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Анд ХХК-ийн байр 1-24 тоот, 9011075043 улсын бүртгэлийн дугаартай хязгаарлагдмал хариуцлагатай компани байна. /хх-ийн 49-53-р хуудас/

            Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар татварын өр, төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна. /хх-ийн 3-р хуудас/

            Хариуцагч З ХХК-д татварын улсын байцаагчийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаартай актаар шалгалтаар илэрсэн 549093,6 мянган төгрөгийн зөрчилд 55260,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4671,1 мянган төгрөгийн хүү 20624,0 мянган төгрөгийн торгууль, 2629,4 мянган төгрөгийн алданги, нийт 83185,3 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулжээ./хх-ийн 9-17-р хуудас/

            Татвар төлөгч ЗХХК нь дээрх актыг үл зөвшөөрч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3.-т татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргана гэж заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд хандаж 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Маргаан таслах зөвлөлийн 02 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 220318 дугаартай актыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-ийн 18,19-р хуудас/

            Маргаан таслах зөвлөлийн 02 тоот тогтоолд: Зул баяр трейд ХХК нь Татварын албанаас хуваарилсан тусгай дугаар бүхий үнэт цаас болох Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад бичиж өгсөн, тэрхүү падааныг өөр компани худалдан авалтандаа тусгаж улсад төлөх татвараа бууруулсан нь баримтаар нотлогдож байна.

            Тухайн компани нь өөрөө ийм борлуулалт хийгээгүй гэдэг боловч тус кампаний нэртэй түүнд хуваарилагдсан дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж падаан дээр бичигдсэн дүн бүхий татварыг төсвөөс буцаан авсан байх тул падааныг бичиж гаргасан субьектэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэстэй байна.

            ЗХХК нь бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж үзэж буй тохиолдолд хохирлоо иргэний болон эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж хохиролд хүргэсэн субьектээс гаргуулах хуулийн боломжтой байна гэжээ.

            Нэхэмжлэгч нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаартай актаар тавигдсан 83.185.300 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж        Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад ЗХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэчимэг нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8937 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна./хх-ийн 45, 46-р хуудас/

            ЗХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэчимэгийг тус компанийн нэмэгдсэн өртөгийн албан татварын 00632502 дугаартай падааныг 2009 оны 9 дүгээр сарын 15-нд, 006325028 дугаартай падааныг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Сайран булаг компанид, 0063325001 дугаартай падааныг 2009 оны 9 дүгээр сарын 20-нд , 006325003 дугаартай падааныг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Эм Эн Жи Эл компанид, 006325006 дугаартай падааныг 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЧММ компанид худалдан авалт хийсэн, аж ахуйн нэгж байгууллагаас эрх олгосон падааныг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн хэрэгт шалгаж Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 24 дугаартай тогтоолоор хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 47,48-р хуудас/

            Дээрх татварын өр төлбөрийг төлж барагдуулахыг 223242019/10 дугаартай мэдэгдэх хуудсаар ЗХХК-ийн захирал С.Дэмбэрэлдаваад мэдэгдэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл үйлджээ./хх-ийн 20,21-р хуудас/

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан боловч Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж

11.2.-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тус тус заасан тул хариуцагч ЗХХК-ийн 83.185.300 төгрөгийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

Мөн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаартай актаар Зкомпанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэчимэгийг тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын 00632502, 006325028, 0063325001, 006325003, 006325006 дугаартай падаануудыг 2009 оны 9 дүгээр сарын 15-наас 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сайран булаг, Эм Эн Жи Эл, ЧММ компаниудад ашиглуулан худалдан авалтандаа тусгаж улсад төлөх татвараа бууруулсан үндэслэлээр 83.185.300 төгрөгийн татварыг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэсгүй байна.

Өөрөөр хэлбэл 2009 оны 9 дүгээр сарын 15-наас 2009 оны 12 дугаар сарын 18-ны хооронд гарсан зөрчилд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр акт тавьсан тул Татвар, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд хариуцагч ЗХХК- иас татварын өр 83.185.300 төгрөгийг гаргуулж Нийслэлийн татварын газарт /улсын төсвийн орлогод / олгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ НЬ:

            1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 55 дугаар зүйлийн 55.1., 70 дугаар зүйлийн 70.1.-т заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 83.185.300 /наян гурван сая нэг зуун наян таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НТГ-т олгосугай.

                2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ЗХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 573.450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 


 

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО