Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1210

 

   

 

 

 

 

 

  2019         12            3                                              2019/ДШМ/1210       

 

 

                                   Н.Нт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.Н,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1580 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906033381920 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Н.Н, 1979 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 27 дугаар гудамжны 596в тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ХЕ79041879/;

 

2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгүүлж байсан,

Н.Н нь “Баянхайрхан трейд” ХХК-д камерын хяналтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын хэрэгцээнд “Юнител групп”-ээс гэр интернет 2 ширхэгийг худалдаж авна гэж 400.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан банкны 5753644953 дугаартай дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Н.Ныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч “Баянхайрхан трейд” ХХК /РД:2564904/-д олгож,  шүүгдэгч Н.Н нь  цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж  шийдвэрлэжээ.

                            

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Баянхайрхан трейд” ХХК-иас 400.000 төгрөг авч хувьдаа зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна.  Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 1-11 дүгээр ангид сурдаг 4 хүүхэдтэй. Бага хүүхэд 1 ойтой. 2018 оны 12 дугаар сарын 27-нд нарийн гэдэсний түгжрэлээр нарийн гэдсээ тайруулж байнгын асаргаатай болсон. Эх минь 2019 оны 10 дугаар сарын 21-нд хүнд хагалгаанд орж, хүний асаргаанд байгаа. Миний бие 400.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, багасгаж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.Н нь “Баянхайрхан трейд” ХХК-д камерын хяналтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын хэрэгцээнд “Юнител групп”-ээс гэр интернет 2 ширхэгийг худалдаж авна гэж 400.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг “Хаан банкны” 5753644953 дугаартай дансаар шилжүүлэн авч эд хөрөнгө худалдан авахуулахаар итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

хохирогч Н.Ариунбаярын “...Н.Н нь оффис дээр тааралдахдаа камер хянахад 2 ширхэг гэр интернетийн төхөөрөмж хэрэгтэй, нэг бүрийнх нь үнэ 200.000 төгрөг гэж хэлсэн. Би нягтлан Баттулгад 400.000 төгрөгийг Н.Нын 5753646953 дугаартай данс руу шилжүүл гэж хэлсэн. Тухайн үед би 400.000 төгрөгийг “Юнител групп”-руу шилжүүлсэн байх гэж бодсон. ...” /хх20/,

 

гэрч Б.Баттулгын “...Н.Нын 80008561 дугаарын утас руу залгаж гэр интернетийн төхөөрөмж хаанаас авах гэж байгаа талаар асуухад таньдаг хүнээсээ хямдхан авахаар болсон гэхээр нь ерөнхий захирал Ж.Дамбад мэдэгдэж уг төхөөрөмжийг авахуулахаар Н.Нын 5753646953 дугаартай данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх22/,

 

шүүгдэгч Н.Нын “...Манай компани бөхийн өргөөний ард байрлах барилга дээр камер тавихаар болж түүнтэй холбогдуулж гэр “Юнител групп”-ийн гэр интернетийн төхөөрөмж авахаар болсон. 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Н.Ариунбаяр над руу залгаж төхөөрөмж авах мөнгө бүтчихсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Н.Ариунбаяр руу залгахад би нягтлан Б.Баттулга руу мөнгө шилжүүл гэж хэлээд өгье гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Б.Баттулга над руу залгаад миний 5753646953 дугаартай данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай бага хүүхэд нарийн гэдэсний хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан учир 400.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн. ...” /хх46/ гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Нын “Хаан банкны 5753646953” дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх25-26/ зэрэг баримтаар  нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Шүүгдэгч Н.Н нь хэрэг болох тухайн үед “Баянхайрхан трейд” ХХК-д камерын хяналтыг хариуцдаг ажилтнаар ажиллаж байсан бөгөөд хяналтын камерын ажиллагааг сайжруулахад гэр интернет худалдан авах шаардлагатай болсны улмаас байгууллагын зүгээс Н.Наар “Юнител групп-ээс  2 ширхэг гэр интернет худалдан авах үүрэг өгч түүний данс руу  400.000 төгрөг шилжүүлжээ.

Шүүгдэгч Н.Н уг мөнгөөр байгууллагад гэр интернет авах “үүргээ биелүүлэлгүй”   завшиж уг мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Ныг “Баянхайрхан трейд” ХХК-д камерын хяналтын ажилтнаар ажиллах хугацаандаа  байгууллагын итгэмжлэн хариуцуулсан 400.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж  дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв,мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

 

Шүүгдэгч Н.Н “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 400.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч  Н.Н нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-нд үйлдсэн боловч байгууллагад учруулсан 400.000 төгрөгийн хохирлыг одоо болтол төлдөггүй, хохирол төлөх санаачлага гаргаж байгаагүй зэргээс үзэхэд шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нын  үйлдсэн хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж  түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, ял шийтгэл тохирсон  байна.

Иймд шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1580 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ   

 

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ