Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1845

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О” ХХК ,

Хариуцагч: Д.Н нарт холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч “О” ХХК-ийн өмгөөлөгч П.Цолмонбаатар, гэрч Л.Нацагням, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Г.А нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 42 тоот хаягаар орших, үл хөдлөх эд хөрөнгийн 0063028 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204006277 тоот дугаартай орон сууцны өмчлөгч ба 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “О” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.

Хамтран ажиллах гэрээгээр “О” ХХК нь нурсан барилгын суурин дээр орчин үеийн технологиор, чанар стандартад нийцсэн үйлчилгээ бүхий орон сууцны барилга барих, баригдсан барилгаас Г.Ад 60,2 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, Г.А барилгын төслийг бүх талаар дэмжих эрх, үүргийг харилцан хүлээсэн.

Түүнчлэн 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “О” ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” (хувьцааны эрх шилжүүлэх гэрээ)-г байгуулж нурсан барилгын суурин дээр барилгын ажил эхлэх зөвшөөрлийг оршин суугчийн хувьд “О” ХХК-д бүрэн өгсөн болно.

Гэрээний хэрэгжилтийн явцад 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “О” ХХК ба Г.А “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г байгуулсан ба гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар “О” ХХК нь гэрээний 2.1-д тодорхойлсон орон сууц буюу В блок байрны 4-р давхар, 08 тоот хаалга, 71,9 мкв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Г.А гэрээгээр тохирсон үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Шинэчлэн байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг Г.А бүрэн төлсөн боловч “О” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцанд орж чадахгүй байна.

“О” ХХК нь барилга ашиглалтад орсноос хойш Г.Аы өмнө хүлээсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй бөгөөд өмчлөх эрхгүй этгээдэд захиалсан орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна. Иймээс хариуцагч “О” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн захиалгын гэрээний нэрийг Д.Нын нэр рүү шилжүүлэх хэлцэл хийсэн ба тухайн хэлцлийн агуулга нь нөхөр Л.Нацагням бусдаас зээлийн гэрээний дагуу зээл авсан бөгөөд дээрх гэрээний баталгаа /барьцаа/ болгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээг Д.Н гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн.

Хожим зээлийн төлбөрийг төлсний дараа буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гарсан тохиолдолд зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахаар тохиролцсон ба энэ тухайгаа ч хариуцагч “О” ХХК-д бичгээр мэдэгдсэн байдаг.

Гэтэл хариуцагч Д.Нын зүгээс захиалгын гэрээг шилжүүлэн авсан учраас эзэмших, өмчлөх эрхийг олж авсан гэж хариуцагч “О” ХХК-д хандаж тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх замаар өмчлөх эрхийг олж авсан ба “О” ХХК-ийн хувьд бидний төлбөрийг авсан атал өөр этгээдэд шилжүүлэн өгсөн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчсөн байна.

Д.Нт захиалгын гэрээний эрх үүргийг шилжүүлсэн үйл баримтын тухайд тэрхүү захиалгын гэрээг түүний нэр дээр шилжүүлэх, хожим нөхөр Л.Нацагнямын зээлийн гэрээг дуусгавар болгосноор өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх байсан ба зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд үл маргах журмаар түүний өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоо байгаагүй.

Гэтэл зээлийн гэрээний үүрэг зөрчсөн, одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй гэдэг байдлаар тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд, шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал орон сууцны өмчлөлийг шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.

Г.Аы хувьд нөхөр Л.Нацагням зээлээ төлчихнө, хэрвээ төлж чадахгүй тохиолдолд орон сууцаа ашиглалтад орсон даруйд өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан аваад худалдан борлуулах замаар зээлийг төлнө гэж тооцсон байсан. Нөхөр Л.Нацагням авсан зээлийн 20,000,000 төгрөгөөр орон сууцны зөрүү үнийг төлсөн учраас бид төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байгаа.

Иймд захиалгын гэрээний нэрийг Д.Нт шилжүүлсэн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн учир хүчин төгөлдөр бус гэж тооцож, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө 8а-8 тоот орон сууцны өмчлөгчөөр Г.Аыг тогтоож, “О” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “О” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэргийн 44 гэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин барилгажуулахаар 2013 оноос эхлэн иргэд оршин суугчидтай тохиролцон 2015 оноос барилгын суурийн ажлыг эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд хуучин байрны оршин суугч Г.Атай 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/469 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан 60,2 м.кв талбайг үнэ төлбөргүйгээр өгөхөөр харилцан тохиролцон байгуулсан бөгөөд барилга угсралтын ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас орон сууцнуудын талбайн хэмжээнд өөрчлөлт орж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/264 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ГАмарсайхан нь талбайн хэмжээний зөрүү төлбөр болох 29,250,000 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан.

Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр нэхэмжлэгч Г.А нь 01/264 тоот гэрээгээр хүлээсэн эрх үүргээ Д.Н гэх иргэн рүү шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанид гаргасан байдаг. Энэхүү хүсэлтэд зөрүү төлбөр болох 29,250,000 төгрөгөөс 9,250,000 төгрөгийн төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасуулж тооцуулах, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тусгасан. Түүнчлэн иргэн Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр мөн ижил хүсэлтийг гаргаж Г.Атай байгуулсан 01/264 тоот гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн 01/330 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г байгуулсан байдаг. Бидний зүгээс захиалагч Г.А болон иргэн Д.Н нарын тус тусын хүсэлтийг үндэслэн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г шилжүүлсэн билээ.

Бидний зүгээс гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Аы 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн 01/264 дугаартай гэрээний эрх үүргээ сайн дураараа Д.Н руу шилжүүлэх өөрийн хүсэлтийг нь үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 01/330 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-г Д.Нтай байгуулсан. Нэгэнт тухай В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалагч Д.Н болж гэрээ хүчин төгөлдөр болсон тул өмнөх Г.Атай байгуулсан 2017 оны 9  дүгээр сарын 11-ний өдрийн 01/264 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ” нь дуусгавар болсон тул биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Г.А нь өөрийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг Д.Н руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт байх тул “О” ХХК нь өмчлөх, ашиглах, эзэмших эрхгүй этгээдэд байрыг шилжүүлэн өгсөн гэх шаардлага нь ор үндэслэлгүй зүйл юм.

2018 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 01/330 тоот Д.Нтай байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ”-ний 4.1-т “...улсын комисс ажилласны дараа Б талд хүлээлгэн өгөх үүрэгтэй”, 4.4-т зааснаар “Орон сууцны барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу холбогдох материалыг манай компаниас гаргуулан авсан. Бидний зүгээс тухай орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссан тохиолдолд гэрээний дагуу өмчлөх эрх баталгаажуулахад шаардлагатай байгаа материалыг саадгүй гаргаж өгдөг болно. Орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн, Г.А орон сууцаа өгсөн бөгөөд хожим 20,000,000 төгрөг Д.Наас шилжин орж ирснээр төлбөрийн үлдэгдэлгүй болсон.

Д.Н болон Г.А нарын хооронд ямар харилцаа үүссэнийг бид мэдэхгүй төдийгүй бид өмчлөх эрхийг баталгаажуулдаг байгууллага биш бөгөөд хүчин төгөлдөр гэрээг үндэслэн холбогдох материалыг харилцагчид даа гаргаж өгдөг. Иймээс тухайн орон сууцтай холбоотой маргааныг Д.Наас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд “О” ХХК-д холбогдуулан гаргасан Г.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Г.А нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагадаа “...Захиалгын гэрээний нэрийг бусдад шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 8а-8 тоот орон сууцны өмчлөгчөөр Г.А мөн болохыг тогтоож “О” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

Захиалгын гэрээний нэрийг шилжүүлсэн хэлцэл гэж ямар хэлцлийг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Д.Н нь захиалгын гэрээний нэр шилжүүлэх хэлцлийг хийгээгүй, захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг Г.А гаргаж уг хүсэлтийн дагуу Д.Нын нэр дээр хийсэн болно. Г.Аы өөрийн хүсэлтээр түүний “О” ХХК-тай хийсэн гэрээг дуусгавар болгож улмаар гэрээг Д.Н байгуулж талуудын хооронд гэрээний эрх үүрэг бий болсон. Энэхүү гэрээний эрх, үүргийн дагуу “О” ХХК нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу гэрээний үүргээ биелүүлсэн юм.

Нэхэмжлэгч авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа орон сууцаа шаардаж байгаа нь үндэслэлгүй, хэрэв зээлээ төлчихвөл орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл огт байхгүй. Тэгээд ч гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй байгааг шүүх анхаарна уу.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч “О” ХХК-д даалгах, орон сууцны захиалгын гэрээний шаардах эрх шилжүүлэх хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч Д.Нт холбогдуулан тус тус гаргасан байна.

 

Хариуцагч “О” ХХК нь Г.Аы өөрийнх нь хүсэлтээр шаардах эрхийг шилжүүлж, Д.Нтай хэлцэл хийсэн тул түүний өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж,

хариуцагч Д.Н нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэлцэл нь тодорхойгүй, зээлийн гэрээний үр дагаврын улмаас шаардах эрхийг шилжүүлэн авсан, шаардах эрх шилжүүлэн авсан хэлцлийн дагуу өмчлөгч болсон, зээл төлөгдөж дуусаагүй тул өмчлөлийг шилжүүлэх үндэслэлгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Г.А болон “О” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “хамтран ажиллах гэрээ”, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 01/264 тоот “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ” тус тус байгуулагджээ.

 

Эдгээр гэрээгээр Г.А нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204006277 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байр, 42 тоотод байрлах 60,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тухайн байршилд “О” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах орон сууцны барилгын В блок 4 давхрын 8 тоот 71,9 м.кв талбай бүхий орон сууцаар солихоор тохиролцож, орон сууцаа чөлөөлөх, зөрүү м.кв-ын үнэ 29,250,000 төгрөг төлөх үүргийг Г.А, газрыг чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, 2 өрөө бүхий 71,9 м.кв орон сууцыг 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, дээрх зөрүү төлбөрөөс 9,250,000 төгрөгийг түр суурьшуулах зардалд хасаж тооцох үүргийг “О” ХХК тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх, зөрүү үнийг төлөх агуулга бүхий гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.А өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй бөгөөд энэ гэрээний дагуу шаардах эрхээ Г.А 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Д.Нт шилжүүлсэн ба үүний дагуу “О” ХХК-аас орон сууцны өмчлөлийг Д.Нт шилжүүлснээр тэрээр 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099498 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 000685290 дугаартай гэрчилгээг авжээ.

 

Арилжааны гэрээний шаардах эрхийг ийнхүү шилжүүлэх болсон үндэслэл нь Д.Нын эхнэр Д.Энхцэцэг, Г.Аы нөхөр Л.Нацагням нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой болох нь талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан Г.А, Д.Н нараас “О” ХХК-д гаргасан хүсэлтүүд, гэрч Л.Нацагнямын “...Г.А нь миний эхнэр юм. Би Д.Энхцэцэгээс 90,000,000 төгрөгийн зээл авч, 20,000,000 төгрөгийг шууд “О” ХХК руу шилжүүлж, үлдэх 70,000,000 төгрөгийг бэлэн авсан. Захиалгын гэрээний шаардах эрхийг зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Д.Энхцэцэгийн нөхөр Д.Нын нэр дээр шилжүүлсэн. Ордер гараагүй, зээл авч байгаа учраас түр гэрээний нэрийг шилжүүлнэ гэж тохирсон юм. Зээлээ төлөөд орон сууцаа буцаан авна л гэж тохирсон...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэг одоо ч зохих ёсоор биелэгдээгүй үйл баримт нь талуудын маргааны үндэс болжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ноцтой төөрөгдлийн улмаас зээлийн барьцаа болгож захиалгын гэрээний дагуу шаардах эрхээ Д.Нт шилжүүлсэн болохоос өмчлөлийг шилжүүлэх үр дагаврыг хүсээгүй тул  шаардах эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, уг хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор “О” ХХК-тай байгуулсан хэлцлийн дагуу орон сууцны өмчлөгч болох үр дагавар үүсэх учир гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах үндэслэлтэй” гэж тайлбарласан.

 Талуудын маргаагүй тайлбараар арилжааны гэрээний дагуу “О” ХХК-д төлөх ёстой төлбөрийг бүхэлд нь Г.А төлж дуусгасан үйл баримт тогтоогдсон боловч түүний өөрийнх нь хүсэлт, Д.Нын зөвшөөрлөөр хариуцагч “О” ХХК нь арилжааны гэрээний шаардах эрхийг Д.Нт шилжүүлж, түүнтэй шинэчлэн байгуулсан арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

“О” ХХК нь ийнхүү арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Г.А болон хариуцагч Д.Н нарын хооронд үүссэн маргаанд хариуцагч “О” ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул арилжааны гэрээгээр хүлээсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг “О” ХХК-д даалгах Г.Аы нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Д.Н нь орон сууцны өмчлөгч болохдоо Г.А болон “О” ХХК-ийн алинд ч ямар нэг хэмжээгээр төлбөр төлөөгүй, зохигчдын хэн аль нь Д.Энхцэцэг, Л.Нацагням нарын хооронд байгуулагдсан 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээний оролцогч биш, Д.Н, Г.А нарын хооронд арилжааны гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн үйл баримтаас өөр эрх, үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

 Иймд шүүх энэ маргааныг иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлэх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Г.А, Д.Н нарын хооронд амаар хийгдсэн гэх хэлцлийн үндсэн дээр шаардах эрх шилжсэн болох нь тогтоогдсон боловч чухам ямар агуулгаар, ямар эрх, үүрэгтэй, ямар үр дагавар үүсгэхийг зорьж ийнхүү хэлцэл хийсэн нь тодорхойгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг баримтлан шүүх тэдгээрийн хооронд хэлцэл хийгдээгүйд тооцох үндэслэлтэй байна.

 

Хийгээгүйд тооцсон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох асуудал яригдахгүй тул Д.Нт холбогдох орон сууцны захиалгын гэрээний шаардах эрх шилжүүлэх хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах Г.Аы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Харин Г.А нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр өөрийн өмчлөлд шилжих байсан орон сууцны өмчлөх эрхийг Д.Наас мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099498 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ад шилжүүлэхийг Д.Нт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэлийн агуулга болон талуудын зарчмыг хөндөхгүй, түүнчлэн энэ маргааныг шийдвэрлэхэд Д.Энхцэцэг, Л.Нацагням нарын хооронд байгуулагдсан 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал хамаарахгүй тул гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдъя.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 1 болон 2 дугаар шаардлагууд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т, 3 дугаар шаардлага нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 140,400 төгрөг төлсөн нь хуулийн дээрх заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 63.1.6-д нийцээгүй байх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зөрүүг нөхөн төлүүлэх, хангагдсан шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан үндэслэлгүй тул орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх арилжааны гэрээний үүргээ биелүүлэхийг “О” ХХК-д даалгах, Д.Нтай амаар байгуулсан шаардах эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Г.Аы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099498 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ад шилжүүлэхийг Д.Нт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,056,700 төгрөгийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Д.Наас 1,056,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА