Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2019/01514/И |
Дугаар | 1559 |
Огноо | 2019-07-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 1559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Д-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийн 50% болох 135,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
С.Б нь “Сувдан Алх” ХХК-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг 12-р хороололд байрлах 1,239 м.кв талбай бүхий газарт оффис үйлчилгээний зориулалттай, 6 давхар доороо автомашины зогсоол бүхий барилгыг барихаар харилцан тохиролцож, 2013 оны 5 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ тухай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-ээг бичгээр байгуулсан.
Барилгын ажлын явцад барилгыг барьж дуусгахад багагүй хэмжээний мөнгө шаардлагатай болсон. Иймээс оффис үйлчилгээний талбайн захиалга авч хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгө бий болгож барилгыг барьсан. 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Дтай “Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр С.Д нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2,000,000 төгрөгөөр буюу 480,000,000 төгрөгөөр захиалж төлбөрийг “...С.Дгийн зүгээс 300,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180,000,000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон...” юм. Гэтэл мөнгө ч зээлүүлээгүй.
2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт”-ын дагуу барилгыг ашиглалтад оруулж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Дд 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570,600,000 төгрөг болсон. Тухайн үед С.Д нь “...зөрүү болон дутуу мөнгийг төлнө..” гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна.
2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Барилгын нийт хөрөнгө оруулалт. хийх ажил үүргээ харилцан ярилцаж тохиролцох бөгөөд барилгын ажил дуусаад борлуулалт хийгдсэнээр талууд анх хийгдсэн аман хэлэлцээрийн дагуу борлуулалтаас үүсэх ашгаа 50:50 хувиар хуваарилахаар харилцан тохиролцсон болно” гэж заасан. Иймээс С.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл 270,600,000 төгрөгийн 50 хувь буюу 135,300,000 төгрөгийг С.Бад төлөх ёстой гэж үзэж байна.
Иймээс С.Дгаас 135,300,000 төгрөгийг гаргуулж С.Бад олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Дтай “Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр С.Д нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2,000,000 төгрөгөөр буюу 480,000,000 төгрөгөөр захиалж төлбөрийг “...С.Дгийн зүгээс 300,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180,000,000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон...” юм. Гэтэл мөнгө ч зээлүүлээгүй. ...С.Дд 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570,600,000 төгрөг болсон. Тухайн үед С.Д нь “...зөрүү болон дутуу мөнгийг нь төлнө...” гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй...гэсэн болон бусад бүх үндэслэлүүд нь огт худлаа, бодит байдлаас эрс зөрүүтэй, гүтгэлгийн шинжтэй байна.
Бодит байдал дээр С.Бын эхнэр Ч.Оюумаа нь надад анх хүсэлт тавьснаар 2013.10.22-ны өдөр 300,000,000 төгрөгийг 2014.03.08-ны өдөр хүртэл 180,000,000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл сарын 2%-ийн алданги төлөх нөхцөлтэй 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, Ч.Оюумаа, С.Б нарын 5064161117 тоот дансанд 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлээ хугацаандаа төлөхгүй тохиолдолд 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хавсралт “Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах 2 дугаартай гэрээ”-ээр баригдаж буй барилгын 4 давхрыг миний нэр дээр шилжүүлэх тухай барьцааны гэрээ байгуулсан.
С.Б, Ч.Оюумаа нар нь зээлийн гэрээний дагуу буцааж өгөх ёстой 480,000,000 төгрөгийн зээл, хүүгийн үүргээ биелүүлээгүй байсаар зээлийн хугацаа 2014 оны 03 сарын 08-ны өдөр дуусаж барьцааны зүйлийг миний бие шаардаж эхэлсэн боловч 14 сарын хугацаа алдаж, 2015 оны 5 сарын 20-ны өдөр барьцааны зүйлийг миний нэр дээр албан ёсоор шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, С.Бын нэхэмжлэлд дурдагдаж буй шиг надад барилга захиалан бариулах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй бөгөөд бидний хооронд үүссэн бодит эрх зүйн харилцаа нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний харилцаа байсан бөгөөд зээлдэгч нар нь авсан зээл, хүүгээ зээлийн хугацаандаа огт төлөөгүй тул барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг нэр дээрээ шилжүүлж авсан тул С.Бын нэхэмжлэлийн шаардлага ор үндэслэлгүй гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь “Сувдан Алх” ХХК болон С.Д нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-ний үүргийн биелэлтийн 50% болох 135,300,000 төгрөгийг хариуцагч С.Дгаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.“Сувдан Алх” ХХК болон С.Б нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, талууд Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 12 дугаар хороололд байрлах 1,239 м.кв талбай бүхий газрыг худалдан авч, доороо автомашины зогсоол бүхий 6 давхар оффис, үйлчилгээний барилгыг барьж, 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.
Гэрээний талууд хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгийг 50х50%-аар хуваарилахаар тогтсон байна.
2. С.Д болон “Сувдан Алх” ХХК, Ц.Бат-Эрдэнэ, С.Б нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13/001 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч С.Д нь 300,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 22-оос 2014 оны 3 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаагаар зээлэх, зээлдэгч “Сувдан Алх” ХХК, Ц.Бат-Эрдэнэ, С.Б нар нь тохирсон хугацаанд зээл 300,000,000 төгрөгийг 180,000,000 төгрөгийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна.
Энэ гэрээний 4 дүгээр заалтаар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 талын байгуулсан 2 тоот захиалгын гэрээнд заасан оффис, үйлчилгээний 240 м.кв талбайг барьцаа хөрөнгө байхаар тусгасан бөгөөд зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.
3. “Сувдан Алх” ХХК болон С.Д нар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот “орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 12 дугаар хороололд баригдаж буй 6 давхар барилгын 4 давхрын 240 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэгч буюу “Сувдан Алх” ХХК хийж гүйцэтгэх, захиалагч буюу С.Д 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 480,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Уг гэрээний 2.1-д зааснаар С.Д нь 2013 оны 10 дугаар сарын 22-нд 200,000,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-нд 100,000,000 төгрөгийг тус тус бэлэн, дансаар, үлдэгдэл 180,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тал байгуулсан зээлийн гэрээний дагуу хүүний төлбөр болох 180,000,000 төгрөгөөр 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төлөх үүргийг хүлээжээ.
4. “Сувдан Алх” ХХК болон С.Д нар 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Сувдан Алх” ХХК нь Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 4 давхарт байрлах 285,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр С.Дд худалдсан, энэ хэлцлийн үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр С.Д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.
Хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд бичгээр хийгдсэн, талууд гэрээ хийсэн байдалдаа маргаагүй болно.
Гэрээний талуудын зарим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул шүүх эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үнэлэлт өгөх боломжгүй гэж үзлээ.
Гэхдээ хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хянан шийдвэрлэх боломжтой тул шүүх хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийн 50 хувийг шаардах эрх өөрт үүссэн үндэслэлээр “Сувдан Алх” ХХК болон С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан.
Шүүх “Сувдан Алх” ХХК болон С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэхийг шалгаж тогтоох нь маргааныг шийдвэрлэх гол үндэс байна гэж үзлээ.
Учир нь, гэрээний үүргийн биелэлтийг гагцхүү гэрээний талууд харилцан шаардах, эсхүл шаардах эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан этгээд хэрэгжүүлэх боломжтой юм.
Хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд С.Дгийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь С.Б болон “Сувдан Алх” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон хөрөнгө мөн бөгөөд хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгийг тэнцүү хэмжээгээр хүртэх эрхтэй болох нь гэрээний тохиролцооноос харагдаж байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний талуудын үйл ажиллагаанаас бий болсон ашиг, алдагдал хуваарилах асуудал нь тэдгээрийн дотоод харилцаанд хамаарах бөгөөд гадагшаа чиглэсэн харилцаанд мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т зааснаар талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй этгээд хамтын үйл ажиллагааг төлөөлнө.
С.Дтай “Сувдан Алх” ХХК гэрээ байгуулснаас үзвэл С.Б болон “Сувдан Алх” ХХК-ууд нь Хамтын үйл ажиллагааг “Сувдан Алх” ХХК-аар эрхлэн явуулахаар талууд тохиролцсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т зааснаар “Сувдан Алх” ХХК нь С.Дгаас “орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Хэргийн баримтаар С.Б нь “Сувдан Алх” ХХК-ийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй болох нь нотлогдоогүй, шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Үүнээс гадна хамтран ажиллах гэрээний талуудыг “орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-ний Иргэний хуулийн 241 дүгээр зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх С.Быг шаардах эрхгүй гэж үзлээ.
С.Б, С.Д нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх өөр үндэслэл тогтоогдоогүй тул шүүх С.Дгаас 135,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед талуудын хооронд олон талт маргаан өрнөсөн боловч дээр дурдсан гэрээний талуудыг буюу маргааны нэг хэсэг болсон “Сувдан Алх” ХХК болон Ц.Бат-Эрдэнэ нарыг ажиллагаанд оролцуулахгүйгээр тэдгээр үйл баримтын талаар дүгнэлт өгөх нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн үндэслэл тэдгээр гэрээтэй холбогдон гараагүй, цугларсан баримт хүрээнд, хэргийн оролцогчдын хооронд үүссэн энэ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан учир шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, эсхүл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх, барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, тэдгээр гэрээний үүргийг хэн хэрхэн биелүүлсэн талаар үнэлэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй тул С.Дгаас 135,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА