| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2019/00573/И |
| Дугаар | 182/ШШ2019/00722 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2019/00722
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М-т холбогдох,
30 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагч Ц.М, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, гэрч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д-гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.М нь манай бэр байсан бөгөөд тэрээр дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тухайн үед “ээжээ би дэлгүүрээ тоолж өгөх гээд байна, надад мөнгө дутаад байна, та надад 20 000 000 төгрөгийг аваад өг, 15 000 000 төгрөгийг нь би буцаагаад өгнө, 5 000 000 төгрөгийг нь би хэрэглэж байгаад Солонгос руу явахад өгнө” гэж хэлсэн. Би тус хадгаламж зээлийн хоршоонд 10 гаран жил гишүүн нь байсан болохоор би нөхрийнхөө нэр дээр байдаг хашаа байшинг барьцаалаад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл аваад Ц.Мт өгсөн. Ингээд Ц.М хоршоонд зээлийн хүүгээ төлөөд л явж байсан боловч үндсэн зээлээс 1 400 000 төгрөг л хасагдсан байсан. 20 000 000 төгрөгийн 4 хувийн хүү гэдэг нь сард бараг 800 000 төгрөг болж байсан. Ц.М нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зөвхөн хүүгээ төлж байгаад хаяад алга болсон. Тэгээд гадаадад явж байгаа гэсэн сураг гарсан бөгөөд үүнийг нь би өөрийнх нь фэйсбүк дээр далай дээр авхуулсан зураг тавьсан байхаар нь мэдсэн. Гэтэл хадгаламж зээлийн хоршооноос байрыг чинь хураана, хугацаа дууслаа, үндсэн зээлнээс 1 400 000 төгрөг, хүүнээс 12 100 000 төгрөг төлөгдсөн байна, одоо үндсэн зээлд 18 000 000 гаруй төгрөг үлдсэн байна гэж шаардсан. Би хариуцагчийг төлчих болов уу гээд их харж, хүлээсэн. Гэвч өөр нөхөртэй болоод өөрийн 2 хүүхдийг хаяад алга болсон хүн. Би аргагүйн эрхэнд орох оронгүй болох гээд байна.
Би нөхөртэйгээ, Ц.М-ийн хаяад явсан 2 хүүхэдтэй нь хамт бид нар одоо гудамжинд гарах болоод байна. Хадгаламж зээлийн хоршооноос 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тооцоход нийтдээ зээл болон хүүд 30 800 000 төгрөг гэсэн тооцоог өгсөн. Энэ мөнгөний тооцоон дээр маргаан байхгүй. Энэ мөнгийг хариуцагч Ц.М авч хэрэглэсэн, би нэг ч төгрөг хэрэглээгүй учраас хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээл, зээлийн хүүд 30 800 000 төгрөгийг хариуцагч Ц.Мээс гаргуулж өгнө үү. Тухайн үед Ц.М-тэй зээлийн хүү тооцож төлүүлнэ гэсэн гэрээ хийж байгаагүй, өөрсдөө авсан нь үнэн юм чинь хүүтэй нь төлөх ёстой гэв.
Хариуцагч Ц.М-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хадам ээжээс зээлж авсан. Тэгээд өмнөх зээлийн үлдэгдэлд хүнээс авч төлсөн байсныг авсан хүндээ буцааж 5 000 000 төгрөгийг төлсөн. Тэгээд өөрийнхөө “ХААН банк” ХХК-ийн дансанд хийсэн. Гэхдээ нэхэмжлэгч энэ бүх мөнгийг намайг ганцаараа авсан гээд байгаа юм. Би энэ мөнгөнөөс нөхөр буюу нэхэмжлэгчийн хүүхэдтэй нь хамт Солонгос улс руу явах гээд дансанд байлгах барьцаанд тус бүр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч 2016 оны 09 дүгээр сарын дундуур миний виз гараагүй, харин нөхрийн виз гарсан.
Зээл авснаас хойш би энэ мөнгийг чадлаараа төлсөн, би ганцаараа хэрэглээгүй. Нөхөр надад ямар ч дэмжлэг болохгүй байхад би олон юм ярилгүй, ядаж хадгаламж зээлийн хоршооны хүүг нь өгөөд явъя гээд төлж байсан.
Би өөрийн дансанд байршуулсан байсан 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг нь авч юань болгож нөхөр Лхагвасүрэнгийн Солонгос улс явах бэлтгэлийг хангасан. Тэр нь миний дансны хуулга дээр байгаа. 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.Лхагвасүрэн Солонгос руу явахад нь дахиад 2 500 000 төгрөгийг данснаас авч 1 000 000 вон болгоод өгч явуулсан. Гэтэл хил дээрээс буцаад ирсэн. Нөхөр Б.Лхагвасүрэн нь таксинд явдаг ажил хийдэг нэртэй боловч ямар нэгэн цалин мөнгө гэж надад өгч байгаагүй.
Тэр дэлгүүрийг би 2015 онд түрээсэлж байсан бөгөөд 2016 оны 08 сард ажиллуулахаа больсон. Дэлгүүрийн үйл ажиллагаа энэ мөнгөтэй ямар ч хамааралгүй. Хадам ээжээс зээлсэн 15 000 000 төгрөгийг зөвхөн Солонгос руу явахад зарцуулсан. Миний 5020945421 гэсэн дансны хуулганаас харахад 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл би нэхэмжлэгчийн төлөх ёстой хадгаламж зээлийн хоршооны 5011047543 тоот данс руу 11 032 000 төгрөгийг төлсөн байсан. 14 100 000 төгрөг төлсөн гэж хадгаламж зээлийн хоршоо тооцоо өгсөн байна, надад хуулга өгөхгүй тул би тодорхой тооцоо хийж чадаагүй. Би авсан 20 000 000 төгрөгийг хангалттай төлсөн гэж үзэж байна.
Намайг 2 хүүхдээ хаяад явсан гэж байна, үнэндээ гэр бүлийн хүчирхийллээс болж салсан. Намайг нөхөр маань их зоддог, элдэв үгээр доромжилдог. Ажил дээр байхад хүртэл ирж дарамтлан ажил хийх аргагүй болгож, би ажлаасаа гарч байсан. Ингээд ажил хийж мөнө олох зорилгоор гадагшаа явсан. Одоог хүртэл намайг 2 хүүхэдтэй минь энэ нэхэмжлэгч болон нөхөр маань уулзуулдаггүй. Сарын өмнө 2 хүүхэдтэйгээ уулзаж очоод энэ хүнд зодуулсан. Тэр асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Миний хувьд зээлд 14 100 000 төгрөгийг хадгаламж зээлийн хоршоонд төлсөн, түүнээс гадна дээрх байдлаар нөхөр Лхагвасүрэнг Солонгос улс руу явахад нь зарцуулсан мөнгөтэй хамт нийт 19 800 000 төгрөгийг ганцаараа төлсөн гэж үзэж байгаа. Ганцхан надаас энэ мөнгийг нэхээд байгааг би огт ойлгохгүй байна. Би ганцаараа энэ мөнгийг аваад хэрэглээгүй, манай гэр бүлд хэрэглэгдэж, хүүд нь зарцуулсан. Гэтэл хүүгээсээ нэхэхгүй байж надаас нэхээд байна. Би авч хэрэглэсэн үедээ чадлаараа төлсөн бөгөөд би эдний гэрээс гараад явахдаа би хүүхдэд нь энэ мөнгийг одоо би төлж чадахгүй гэж хэлсэн. Одоо бол би энэ мөнгийг үнэхээр төлж чадахгүй. Ганцаараа би 19 800 000 төгрөг төлсөн мөнгө юм. Тэгэхэд энэ хүн надаас 20 сая төгрөг аваад өгсөн, одоо 30 сая төгрөг авна гээд байна. Хүүхдээсээ яагаад нэхэхгүй байна вэ, бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас хариуцлагыг адил хүлээх ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ц.М-т холбогдуулан “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооноос 2016 оны 05 дугаар сарын 25-нд зээлж авч өгсөн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөх 30 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ авсан 20 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг нь өмнөх зээлийн үлдэгдэлд хүнээс авч төлсөн байсныг авсан хүндээ буцааж төлсөн, 14 100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд 2016 оны 06 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ны хооронд төлсөн, 1 000 000 төгрөгийг нөхөр Б.Лхагвасүрэнд дансаар нь шилжүүлсэн, үүнээс гадна нөхөр Б.Лхагвасүрэнг Солонгос улс руу явахад дансанд нь 5 000 000 төгрөгийг байршуулж зарцуулсан, би нийтдээ 19 800 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.Д нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-16 тоот “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоо болон Л.Д, Д.Баярсайхан нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”, БИГ-16 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”, “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны ХААН банк дахь 5011047543 дугаартай депозит дансны хуулгууд, тус хоршооны санхүүгийн тэмдэг бүхий “Зээл, хүүний төлөлтийн байдал” гэсэн баримт, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Д.Ариунзаяа болон Ц.М нарын хооронд байгуулсан “Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ”, Д.Ариунзаяагаас Ц.Мт бараа хүлээлгэн өгсөн тухай тооцоо зэргийг нотлон баримтаар гарган, 2016 оны 06 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл зээлд 1 407 380 төгрөг, зээлийн хүүд 12 692 690 төгрөг төлж, түүнээс хойш огт төлөлт хийгээгүй буюу 2017 оны 12 дугаар сарын 28-наас 2019 оны 03 дугаар сарын 05-ныг хүртлэх хугацаанд “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд, зээлд 12 243 465 төгрөг, зээлийн хүүд 18 592 620 төгрөг, бүгд 30 836 085 төгрөг /нэхэмжлэлийн шаардлага 30 800 000 төгрөг/ төлөх үүргийг Ц.М хүлээсэн гэж нэхэмжлэлээ үндэслэжээ.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Л.Д нь хамтран зээлдэгч Д.Баярсайханы хамт “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоотой 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16 тоот зээлийн гэрээг байгуулж 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэйгээр зээлж, хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Л.Д нь дээрх зээлсэн 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Мт зээлүүлж, түүнд хүлээлгэн өгсөн болох нь ХААН банк дахь 502094521 тоот депозит дансны хуулга, гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсон.
Хэрэгт авагдсан “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны ХААН банк дахь 5011047543 дугаартай депозит дансны хуулга, тус хоршооны санхүүгийн тэмдэг бүхий “Зээл, хүүний төлөлтийн байдал” гэсэн баримт зэргээр хариуцагч Ц.М нь өөрийн эзэмшлийн 502094521 тоот дансаар болон бэлнээр 2016 оны 06 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд зээлдэгч Л.Дгийн зээлийн төлбөрт 14 100 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба үүнээс үзэхэд талуудын хооронд 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Л.Д нь “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн 20 000 000 төгрөгийг хариуцагчид зээлүүлэхдээ тухайн хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан гэрээний нөхцлөөр буюу сард 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар Ц.М-т зээлүүлсэн талаар мөн “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны өмнө хүлээх зээлийн гэрээний үүргийг Ц.Мт шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч Л.Д нь “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооноос 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-16 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг хүлээн авснаар мөн уг мөнгийг өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авч захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хариуцагч Б.Мөнхчимэгт өгснийг зээлдүүлэгч “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны мөнгийг бусдад дамжуулан өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр хариуцагч Ц.М нь 2016 оны 06 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд зээл, зээлийн хүүний төлбөрт 14 100 000 төгрөг төлсөн байх боловч үүнийг зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан зээлийн гэрээний хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэх, түүнчлэн хариуцагч Ц.М нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-16 тоот зээлийн гэрээний нэг тал болж зээлдэгчийн үүргийг шилжүүлж аван нэхэмжлэгч Л.Дг гэрээний үүргээс чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Хариуцагч Ц.М, Б.Лхагвасүрэн нар нь 2007 оноос хойш гэр бүл болон хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн гишүүд болох нь хэрэгт авагдсан 0050209 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар, гэрч, Б.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдсон.
Хариуцагч Ц.М-ийн, нөхөр Б.Лхагвасүрэнг Солонгос улс руу явахад 5 000 000 төгрөгийг дансанд байршуулаад буцааж аваагүй, 1 000 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн, Хятад улс руу ээж Л.Дгийн хамт явахад нь 2 000 000 төгрөгөөр юань авч өгсөн, Солонгос улс руу явахад нь 2 500 000 төгрөгөөр 1 000 000 вон авч өгсөн гэсэн тайлбар, мөн Ц.Мийг дээрх 20 000 000 төгрөгийг өөрсдийн ажиллуулж байсан дэлгүүртээ хэрэглэсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс зээлж авсан 20 000 000 төгрөгийг гэрлэгчид өөрийн гэр бүлдээ зарцуулсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ц.М, түүний нөхөр Б.Лхагвасүрэн нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгчид нийт 19 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчээс зээлсэн 20 000 000 төгрөгийн 5 900 000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ц.Мээс зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй тул хариуцагчаас төлсөн 14 100 000 төгрөгийг хасч, үлдэх 5 900 000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-ээс 5 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож, нэхэмжлэлээс 24 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА