Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0121/З |
Дугаар | 128/ШШ2022/0038 |
Огноо | 2022-01-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0038
2022 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2022/0038 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: С дүүргийн Г алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л
Маргааны төрөл: Э ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, иргэдийн төлөөлөгч Ч.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-иас С дүүргийн Г албанд холбогдуулан С дүүргийн Г албаны газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. С дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/195 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулах газрын байршлыг тогтоож, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/336 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулжээ.
Улмаар С дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан гэх Э ХХК-д тус дүүргийн 21 дүгээр хороонд 50000 м.кв газрыг гахайн фермийн зориулалтаар эзэмших эрх олгосон байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр албан бичгүүдээр хандахад хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болон 112,000,000 төгрөгийг төлөөгүй тул тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/7881 дүгээр албан бичгээр мэдэгджээ.
3. С дүүргийн Г албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/7881 дүгээр албан бичгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1/ С дүүргийн г албанаас газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олголгүйгээр манай компанид хамааралгүй хуулийн үндэслэлгүй их хэмжээний төлбөрийг нэхэмжилж, үүнийг төлөхгүй бол гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь гахайн фермийн аж ахуй эрхлэхээр хандсан төслийг сонгон шалгаруулж бидэнд 5 га газрыг олгосон болохоос бус дуудлага худалдаагаар орж аваагүй бөгөөд төслийн үйл ажиллагаанд саад учруулах, ихээхэн хэмжээний өр төлбөрт оруулсан сөрөг үр дагаврыг бий болгож газар эзэмших эрхийн гэрээг байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь эсрэгээрээ дүүргийн Засаг даргынхаа гаргасан шийдвэрийг доод алба нь эсэргүүцэж, иргэд аж ахуй нэгжид хүнд суртал учруулж газраа эзэмших, ашиглах эрхийг үндэслэлгүйгээр гацааж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу шийдвэрээ гарган хуулийг хэрэгжүүлэх атал илтэд үндэслэлгүй хууль бус татгалзал гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд бидний төслийг дэмжиж төсөл шалгаруулах байдлаар олгосон газрыг үндэслэлгүйгээр Газрын тухай хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг үндэслэлгүйгээр хөндсөн С дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж,
гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаа огт зохион байгуулагдаагүй. Төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж, гишүүдийн саналаар шалгарч, гэрээг байгуулахыг мэдэгдэж байсан харилцаа гэнэт дуудлага худалдаа гэж яригдаад байгаа нь үндэслэлгүй юм.
Дээд шатны байгууллагын шийдвэр буюу Засаг даргын гаргасан захирамжийг хууль бус, дуудлага худалдаа гэх мэт үндсэн зориулалт, агуулгыг өөрчилж тайлбарлаж, үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжлэх эрх хуулиар олгогдоогүй.
Газар эзэмших эрх анх олгосон захирамжид С дүүргийн 21 дүүгээр хороо ажлын хэсэг болон төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршил баталж байгаа Засаг даргын захирамжаас харахад С дүүргийн 21 дүүгээр хороонд газар олгоно гээд дурдчихсан байдаг. Гэтэл Засаг дарга шийдвэр гаргаж болно, гэхдээ түүнийг бид хянаж, буруу байна гэж үзсэн учраас өнөөдрийг хүртэл гэрээ гэрчилгээ олгоогүй гэдэг зүйл ярьж байгаа нь доод шатны байгууллага дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой байсан. Материал алга болсон бол түүнийг тодруулж, нэхэмжлэгч байгууллагад хэлж, хувийн хэрэг, бүх баримтуудыг шүүж хариу өгөх ёстой байтал аудитын дүгнэлт гээд нэр дурдагдаагүй асуудлыг үндэслэж, сонин тайлбар хэлж өнөөдрийн хүртэл нэхэмжлэгч компанид гэрээ гэрчилгээ олгохгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр газар эзэмших эрх үүссэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл албан бичгээр хүсэлт гаргаагүй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Э ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр захирамж шийдвэр гарсан ч манай албатай гэрээ байгуулаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэлгүй байна.
2/ Мөн манай албанд 2019 онд Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийцлийн аудит хийж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 HTАГ-2018/03-ГА Зөрчил арилгуулах тухай албан шаарлага, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03/186 YAT-HAT-2019/07/-НА Зөрчил арилгах тухай акт тавигдаж байсан. Төрийн аудитиас тавигдсан акт нь заавал биелэгдэх шинжтэй баримт юм.
2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 251 дүгээр Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнэ 112,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн хувьд үндэслэлтэй тул Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжлээд байгаа 5 га газар байрлах Рашаант гэх газарт хөдөө аж ахуйн үйлдвэрийн зориулалтаар буюу гахайн фермерээр төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, дараа нь Э ХХК нэмэгдэж орж ирсэн. Архивын баримтыг үзвэл төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт Э ХХК-ийн баримт бичиг байдаггүй. Гэрчилгээгээ авъя гэж нэг ирсэн байдаг. Иргэхэд нь ажлын хэсгийн захирамжид байхгүй байна, гэрээ гэрчилгээ олговол асуудал үүсэх талаар хэлж, албаны даргад танилцуулсан. Албаны дарга дуудлага худалдааны үнийг нэхэмжилж, дуудлага худалдааны үнийг төлсөн тохиолдолд олгож, нэг удаа боломж олгоё гэж үзсэн байдаг. Ингээд дуудлага худалдааны анхны үнэ болох 112,000,000 төгрөгийг Э ХХК-д нэхэмжлэхээр өгсөн боловч дуудлага худалдааны үнийг төлөх боломжгүй, хууль бусаар мөнгө нэхэж байна гэдэг байдлаар шүүхэд хандсан байдаг.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд төсөл сонгон шалгаруулсан тохиолдолд чөлөөт бүсийн газар дээр дуудлага худалдааны үнийг авна гэж заасан байдаг. Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа хоёрын аль нэгэнд нь авна авахгүй гэсэн заалт Газрын тухай хуульд тусгагдаагүй. Төрийн аудитаас шалгаад туссан байршилд төсөл сонгон шалгаруулсан гэж тооцно, тусаагүй байршлууд дээр буруу үйл ажиллагаа явуулсан учраас компаниудаас үнийг ав, эсвэл хүчингүй болго гэсэн шаардлагыг тавьдаг. Төрийн аудитын дүгнэлт гэдэг бол заавал биелэгдэх шинжтэй акт учраас бид энэ алдааг давтахгүйн тулд Э ХХК-д боломж олгосон боловч дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа гэв.
6. Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. С дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр захирамжид нэхэмжлэгчийг гишүүдийн саналаар газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан гэж тэмдэглэсэн бөгөөд энэ талаарх баримт, материал байхгүй болох нь хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17/754 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Гэвч тус захирамж өөрчлөгдөөгүй хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан С дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/2449 дүгээр албан бичиг болон хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж зааснаар Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийг үндэслэн дүүргийн газрын алба газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ... нэхэмжлэгч компанийн төсөл сонгон шалгаруулах журмын дагуу шалгараагүй, төсөл сонгон шалгаруулсан материал байхгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй учир гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжгүй гэх боловч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир тус шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь газрын албаны үүрэг юм.
2. Төсөл сонгон шалгаруулах зарчмын үндсэн дээр газар эзэмшүүлсэн тохиолдолд дуудлага худалдааны үнэ төлөхөөр хуульд зохицуулаагүй бөгөөд харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 39.1.2.аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 70,000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20,000 төгрөг, бусад суманд 10,000 төгрөг; гэж зааснаар төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага гэрчилгээний үнэ төлөхөөр байна.
3. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ. гэж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэрийг чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байна., 22.5-д Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл чөлөөт бүсэд газар ашиглуулах асуудлыг чөлөөт бүсийн захирагч шийдвэрлэж, төсөл сонгон шалгаруулалтаар чөлөөт бүсэд газар эзэмших эрх авсан хуулийн этгээд нь дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөр илүү нарийвчлан зохицуулсан тухайн чөлөөт бүсэд газар эзэшүүлэх асуудалд хэрэглэхээр байна.
Харин Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх авсан тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэглэхгүй бөгөөд тухайн харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй.
Мөн иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр С дүүргийн Г албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/7881 дүгээр албан бичгээр Э ХХК-тай газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзал нь хууль бус болох нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас С дүүргийн Г албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, С дүүргийн Г албаны газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Сдүүргийн Г албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ