Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01416

 

  Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалтай,

 

Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Б.Амгаланд холбогдох,

 

11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011.08.10-ны өдөр иргэн Б.Амгалантай худгийн өрөмдлөгийн бизнес хамтран эрхлэхээр тохирч УКС-22 өрмийн машиныг худалдан авсан. Уг өрмийн машиныг авахад хүн тус бүр 11,500,000 төгрөг гаргаж, нийт 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан, мөн вагончик 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ийнхүү хамтран ажиллах болсон шалтгаан нь манай компани тусгай зөвшөөрөлтэй, миний өөрийн ажлын олон жилийн туршлага, нэр хүнд, Б.Амгалангийн зүгээс сайн гагнуурчин учир ажлаа аваад явах боломжтой гэж үзсэн юм. Гэвч гар сэтгэл нийлээгүй учир ажиллах боломжгүй болж өрмийг миний бие өөр дээрээ байлгаж байсан. Гэтэл 2013 онд Б.Амгалан намайг Цагдаагийн газарт өгч тэндээс УКС-22 өрмийн машиныг зарж борлуулсан мөнгийг хувааж авахаар бид тэр үед тохиролцоод салсан юм. Өрмийн машиныг зарагдтал Б.Амгалан нь Дарханы төвд өөрийн дүүгийн хашаанд байлгахаар 2014 оны 06 сард надаас авсан юм. Үүнээс хойш Б.Амгалан холбоо тасарсан, утасдахаар утсаа авахгүй болсон. Сүүлд өрмийг Хүрээлэнгийн хашаанд хүргэсэн байсан ба 2015.03.13-ны өдөр би төмсний бригадын гадаа очиход өрмийн машин байхгүй байсан. Манаачаас нь өрмийн машины талаар асуухад Б.Амгалан 2015.03.07-ны өдөр зарсан гэж хэлсэн. Тэгээд шууд Б.Амгалантай холбогдож өрмийн машины талаар ярихад төмөрт тушаасан, байхгүй гэж хэлсээр утсаа салгасан юм. Үүнээс хойш олон удаа холбогдох гэж оролдсон боловч холбогдох боломжгүй байсан. Б.Амгалан нь өрмийн машин зарснаас хойш маш удаан холбогдоогүйн зэрэгцээ төмрийн хогонд өгсөн гэж ярьж байгаа нь түүнийг миний оруулсан хөрөнгө болох 11,500,000 төгрөгийг хууль бусаар авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2011 оны 05-р сард анх хэлэлцэн тохирч 2011 оны 08-р сард УКС-22 ОХУ-ын өрмийн машиныг худалдаж авсан. Үүнийг авахад бид үнийг 50/50 хувиар хувааж төлсөн нь үнэн. Өрмийн машиныг аваад хотоос наашаа авч ирэх боломжгүй байсан учраас тэнд нь 2011 оны 08-р сараас 11 сар хүртэл хотод 2 ажил олж хийсэн, ингээд 2 удаа ажил хийхэд надад ашиг өгөөгүй, 3 худаг гаргахад надад ашиг олдоогүй учраас хоёулаа болъё гээд, түүний дараа өрмийн машиныг Дарханд авч ирсэн, түүнээс хойш 2013 оны 07-р сар хүртэл Д.Мөнхбат машиныг авч яваад надад олдоогүй, 3 жил гаран надад олдоогүй, тэгээд аргагүй байдалд орж би цагдаад өгсөн. Талууд анхнаасаа Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэдэгтэй хэн аль нь маргахгүй байна. Хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болдог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна, хамтран ажиллах гэрээний дагуу энэ асуудал үүссэн. Д.Мөнхбат өрмийн машиныг 3 жил аваад алга болсон, тэгээд цагдаа дээр уулзахад би өрмийн машинаар 3 жилийн хугацаанд хангалттай ашиг олсон, чи өр ширтэй байгаа бол өрмийн машиныг зарна уу байна уу чиний асуудал, чи очоод ав гэж хэлсэн байгаа, өөрөө ч мөн нэхэмжлэл дээрээ Б.Амгалан авсан гэж бичсэн байгаа. Хэрэв үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол, хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ зөрчсөн гэж үзэх ёстой, түүнээс биш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал яригдахгүй, тийм учраас ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гээд байна гэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ 2015.03.13-ны өдөр би зарагдсан гэдгийг мэдсэн гэж хэлсэн, энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан, 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг заасан байгаа, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байгаа, тэгэхээр энэ 3 жилийн хугацаа нэгэнт өнгөрсөн. Д.Мөнхбат 1 жил 4 сарын дараа буюу 2019.07.30-ны өдөр шүүхэд хандсан байгаа, тэгэхээр гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Б.Амгаланд холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай Д.Мөнхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Амгалангаас 11,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,950 төгрөг гаргуулж, Д.Мөнхбатад олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 25 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Амгаланг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь хариуцагч Б.Амгалан нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаа бол нэхэмжлэгч Д.Мөнхбатад зохих хувийг шилжүүлэх үүрэгтэй байсан энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Мөнхбат, Б.Амгалан нар 2011 онд худгийн өрөмдлөгийн бизнес хамтран эрхлэхээр тохирч, хэн аль нь 11,500,000 төгрөг гаргаж, 23,000,000 төгрөгөөр УКС-22 маркийн ОХУ-ын өрмийн машин худалдан авсан боловч удалгүй хамтарч ажиллахаа больсноор өрөм Д.Мөнхбатын эзэмшилд байсныг 2013 онд Б.Амгалан авч, улмаар 2015 онд бусдад 27,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлээр Д.Мөнхбат нь хамтын ажиллагаанд оруулсан 11,500,000 төгрөгөөр Б.Амгаланг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Мөнхбат өрмийн машиныг аваад 3 жил алга болсон, цагдаа дээр уулзахад ...би хангалттай ашиг олсон, чи ав... гэсэн, 2015 онд бусдад худалдсан гэдгийг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүсч, дуусгавар болсон талаарх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

 

Анхан шатны шүүх маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Зохигч хамтран ажиллахаар тохирсон ч харилцан ашигтай ажиллаж чадаагүй, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тул гэрээ дуусгавар болжээ.

 

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах байтал зохигч энэ талаар харилцан тохиролцоогүй байна.

 

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хожим үүрэг дуусгавар болсон бол буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчтай хамтран ажиллахаар оруулсан хөрөнгө болох худгийн өрөмний үнийн дүнгээс өөрөөс гаргасан 11,500,000 төгрөгийг буцаан шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, тус шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоогүй үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Амгалангаас 2020.03.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД