Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2021/0044

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал /цахим/, түүний өмгөөлөгч Г.Батзаяа /цахим/, хариуцагч Заамар сумын Засаг Л.Амгаланбаяр /цахим/, өмгөөлөгч Э.Мөнхдаваа /цахим/, гэрч Н.Ариунбаяр /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Заамар сумын Засаг даргын орлогчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох 2020 оны 12 сарын 02-ны өдрийн 1/407 тоот мэдэгдлийг 2020 оны 12 сарын 10-ны өдөр Б.Нямнордовын цахим хуудас /facebook/-р илгээсэн байсан бөгөөд уг мэдэгдлийн хариуг өг гэсэн хугацаанаас хоцорч явуулсан. Б.Нямнордов нь ******* ХХК-тай ямар ч хамааралгүй бөгөөд өөрийн хувийн цахим хуудсаар албан бичгийн хариу тайлбар болгож 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 1/13 тоот албан тайлбар илгээсэн боловч Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/275 тоот захирамжаар ******* ХХК-ийн тус сумын Тосон 1-р багийн нутаг дэвсгэрт Салхитад байрлах үр тарианы зориулалтаар 4127041576 нэгж талбарын дугаартай 299.4 га газар, мөн 4127041575 нэгж талбарын дугаартай 89.9 га газар нийт 389.3 га талбайг эзэмших эрхийг цуцалжээ. ******* ХХК-ийн ерөнхий захирал Б.Шинэболд миний бие энэхүү газар эзэмших эрхийг цуцалж буй тухай мэдэгдэл болон захирамжийг аваагүй миний хувийн цахим хаяг, гар утас гэх мэт харилцааны сувгаар мэдээлэл өгөлгүй газар эзэмшиж эрхийг цуцалсан нь тухайн газар эзэмшигчид мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. ******* ХХК Заамар сумд 1709 га эзэмшдэг, 2017 онд 710 га, 2018 онд 1000 га, 2019 онд 680 га, 2020 онд 894 га тариалалт хийж үйл ажиллагаа явуулж байсан.... газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Сүүлийн жилүүдэд олон га талбайд тариалалт хийсэн бөгөөд байгаль цаг уурын нөлөөллөөс болоод ургац ихээр алдсан бөгөөд ургац нэмэгдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих санд үр тарианы зориулалтаар газраа барьцаалан ашиглалтад ашиглах үр, хөрс боловсруулалтын хор, бордоо, тариалалт, түлж, шатахууны нийт 403.268.600 төгрөгийг зээл авсан. Уг зээлийн барьцааг тухайн үеийн Заамар сумын газрын даамал Н.Өлзийсайханыг ажиллаж байх үед Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгө болгон бүртгүүлсэн. Иймд Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, өмгөөлөгч Г.Батзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан урьдчилан мэдэгдэх ажиллагаа явагдаагүй. Оргиочсайхан ХХК нь тухайн газрыг шилжүүлээд авсан. Хуучин эзэмшигч рүү нь мэдэгдэл явуулсан. Мэдэгдэл явуулснаасаа хойш хугацаа тоолсон. Өнөөдрийн байдлаар Оргиочсайхан ХХК-д мэдэгдэл ирээгүй. Бид худалдаж авсан хүнээсээ дамжуулж мэдсэн. Захиргааны акт гаргахдаа процессын алдаа гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагааг Б.Нямнордов гэдэг хүнд хийсэн. Б.Нямнордов гэдэг хүн нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан хамаарал бүхий этгээд биш... 2020 оны 04 сарын 29-ний өдөр хөрсний шинжилгээ хийлгэх хүсэлтийг өгч байсан. Гэтэл 2020 оны 12 сарын 23-ны өдөр сумын Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон талаар хожим мэдсэн. 2021 оны 01 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Заамар сумын Засаг даргын захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.2, 40.2.5-т заасан захиргааны актын хэлбэрийн шаардлага зөрчсөн. Агуулгын хувьд газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн. Хавтаст хэргийн 11, 13-34, 95-99-р хуудсанд Төв аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 05/121 тоот албан бичиг байгаа. Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны 05 сарын 04-ний өдрийн албан бичиг байна. Энэ албан бичгүүдээр ******* ХХК нь ямар нэгэн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг. Хавтас хэргийн 52, 75, 77, 81, 129-р хуудсанд Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 149 дүгээр албан тоот хавсралт 7 хуудас баримт, мөн газрын албаны 2021 оны 01 сарын 08-ны өдрийн 08 дугаар албан бичиг, шүүхээс томилогдсон шинжээчийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн дүгнэлтүүд байгаа. Эдгээр дүгнэлтүүд дээр газрыг зориулалтын дагуу ашигласан , тариалангийн газарт мөр байна гэх дүгнэлт гаргасан.... Газрын тухай хуулийн 21.4 дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж зохион байгуулна. Газрын даамал нь газар эзэмших гэрээг байгуулна гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй. 2018, 2019, 2020 онд гэрээ байгуулаагүй, гэрээнд заасан зориулалт гэдгийг юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Гэрээ байхгүй болохоор гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж хэлэх үндэслэл байхгүй. Гэрээ байсан бол гэрээнд заасан тэр заалтын дагуу танайх ашиглах байсан гэдэг шаардлагыг тавьж болно. Гэрээ байхгүй болохоор заалт байх боломжгүй. Заалт байхгүй болохоор гэрээнд заасан зориулалтын дагуу гэх урьдчилсан нөхцөл байхгүй болж байна. Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар байгаа.... Тариалангийн тухай хуульд атаршсан газар гэж 3 ба түүнээс жил дээш огт ашиглаагүй бол атаршсан гэдэг. Бид 2019 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2020 онд корона вирусийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Иймээс хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлд орохгүй. Ийм гурван үндэслэлээр Заамар сумын Засаг даргын гаргасан ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаар нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн. Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бөгөөд мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болно. Хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар урьдчилан компани, түүний холбогдох этгээдэд мэдэгдсэн, зохих тайлбар баримтаа гаргаж өгөх боломж олгосон боловч тайлбар, баримт ирүүлээгүй бөгөөд ирүүлээгүй болохоо ч нэхэмжлэл болон тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хөрсний шинжилгээний хариугаа ирүүлээгүй, 2019, 2020 онуудад тариалангийн талбайд уринш хийгээгүй байгаа нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг харуулж байна. Хэдийгээр ******* ХХК нь зээл авсан, газраа зориулалтын дагуу ашигласан гэдэг боловч энэ талаарх баримтаа Засаг даргад гаргаж өгөөгүй, мөн 403.268.6000 төгрөгийг зээл авсан бол уг зээлийг зориулалтын дагуу хэрхэн зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний дагуу нэгэнт газар эзэмшигч нь газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлөх үүрэгтэй тул Засаг даргаас газрын төлбөрөө төлөх талаар сануулах шаардлагагүй, газар эзэмшигч өөрөө сайн дураараа, хугацаанд нь төлөх үүрэгтэй байтал энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу явуулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү 20 гаруй хоногт үндэслэл, нотлох баримтаа Засаг даргад хүргүүлэх боломж хангалттай байсан боловч ирүүлээгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Захирамжийг батлан гаргаснаас 3-4 хоногийн дараа Б.Нямнордовт шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...иргэн Б.Нямнордов нь ******* ХХК-тай ямар ч хамааралгүй... гэсэн атлаа сумын Засаг даргад ******* ХХК-иас 2020 оны 12 сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбартаа ******* компанийг төлөөлж Б.Нямнордов тайлбар ирүүлсэн, ямар ч хамааралгүй этгээд компанийг төлөөлж компанийн албан бланк, тамга тэмдгийг ашиглаж тайлбар ирүүлэхгүй нь тодорхой. Гэтэл өмнө өгсөн тайлбар болон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл нь зөрүүтэй, худал тайлбар ирүүлсэн байгааг шүүх анхаарна уу. Хариуцагчийн зүгээс ******* ХХК-ийн холбогдох ажилтан, хамаарал бүхий этгээдэд Корона вирус цар тахлын хөл хорионы үеэр цахимаар мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэгэнт газар эзэмшигч хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20.4-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар зүйлд заасныг зөрчиж газрын төлбөрийг төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. Хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгосон. ******* ХХК-ийн зүгээс тайлбар баримтыг ирүүлээгүй. 2019, 2020 онуудад тариалалт, уринш хийгээгүй нь тодорхой боллоо. ******* ХХК нь зээл авч газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Шүүхэд энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Нийтдээ 403 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлээрээ тариалалт хийх зардал гаргасан гэдэг боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө өөрийгөө нотлох бүрэн боломжтой. Газрын тухай хуульд газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээ гарсан. Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө цаг тухай бүрт нь төлөх үүрэгтэй. Хариуцагчаас газрын төлбөрөө төлөх талаар сануулах боломж байхгүй. Сайн дураараа газрын төлбөрөө төлөх бүрэн үүрэгтэй. Энэ үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг 2020 оны 12 сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Мэдэгдээд 2020 оны 12 сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд үндэслэл тайлбараа гаргаж өгөх бүрэн боломж байсан. Энийг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ иргэн Нямнордов гэдэг хүн нь манай компанитай ямар ч хамааралгүй гэдэг. Сумын Засаг дарга манайхаас 2020 оны 12 сарын 02-ны өдөр Газрын тухай хуульд заасан ийм үүргээ биелүүлээгүй гэдэг баримтыг хүргүүлсэн. Гэтэл ******* ХХК-иас 12 хоногийн дараа 2020 оны 12 сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбарт компанитай ямар ч хамааралгүй Б.Нямнордов гэдэг хүн нь төлөөлөөд тамга тэмдэг дараад тайлбарыг ирүүлсэн. Компанид ямар ч хамааралгүй этгээд компанийг төлөөлөөд тайлбар ирүүлэхгүй нь ойлгомжтой. Өмнө нь өгсөн тайлбар, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл нь зөрүүтэй байгаа. Нямнордов гэдэг хүн захирал нь байсан. Сүүлд солигдсон. Нямнордов гэдэг хүн нь сумтай энэ компанийг төлөөлж газрын асуудлаар он удаан жил харилцсан байдаг. Сүүлд компанийн захирлаар Шинэболд томилогдсон. Шинэболд гэдэг хүнээр солигдсон талаар компани мэдэгдээгүй. Б.Нямнордов гэдэг хүн сумын Засаг даргад хаяглаад 2020 оны 12 сарын 14-ний өдөр тайлбарыг ирүүлж байсан. Үүнээс үзвэл хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй. Сонсох ажиллагаагаа хийсэн. Ковид цар тахлыг үе байсан учраас цахимаар мэдэгдлийг хүргүүлсэн. ******* ХХК нь нотлох баримтаар газрын төлбөрөө бүрэн төлөөгүй. Газраа зориулалтын дагуу ашиглаж чадсан гэдгээ нотолж чадаагүй. Компани нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2021 оны 02 сарын 24-ний өдрийн дүгнэлт, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн дүгнэлтээрээ газраа огт ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тариалалтын хугацаа 2019 оны 6-10 сар хүртэл, 2020 оны 6-10 сар хүртэл хугацаанд тариалангийн зориулалтаар ашиглаагүй. Энэ талаар компани нотолж чадаагүй. Тийм учраас Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй учраас 2020 оны 12 сарын 23-ны өдөр шийдвэр гаргасан. Ийм учраас ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гэрч Н.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Заамар сумын Газрын даамлаар 2020 оны 01 сараас эхлэн ажиллаж байгаа. ******* ХХК 2015 онд газар эзэмших эрх шилжүүлж авч нийтдээ 7 нэгж талбай дээр газар эзэмших эрхтэй болсон. 2020 оны эхээр хувийн хэргийг үзэхэд 2015, 2017 оны гэрээнүүд байсан. Тухайн гэрээг хагас жилээр дүгнэсэн акт байхгүй. Газрын даамалтай газрын тооцоо нийлсэн акт байхгүй. 2018, 2019, 2020 он гээд 3 жил гэрээ байгуулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, газрын даамалтай ярьсан, газрын төлбөрөө нийлсэн акт байгаагүй. 2015, 2017 онд Б.Нямнордов гэдэг хүнтэй байгуулсан гэрээ байгаа. Жилд 4127041576 нэгж талбарт 359,391 төгрөгийг, 4127041575 нэгж талбарт 27800 төгрөгийг төлдөг юм байна, энэ нь 2018, 2019, 2020 онд төлөгдөөгүй байсан. Нямнордов гэдэг хүн мэдэгдэл өгснөөс хойно газрын төлбөр төлөх нэхэмжлэлээ үүсгээд авч явсан. Зөвхөн 2020 онд төлсөн. 5 нэгж талбар дээр 2019 онд төлбөр төлөөгүй. Тухайн аж ахуй нэгж байгууллага өөрөө хүсэлтээ гаргаж гэрээ байгуулах ёстой. Гэрээгээ дүгнүүлээгүй. Газрын төлбөр төлсөн талаар газрын даамалтай тооцоо баримтаар тулгаагүй. 2020 оны 12 сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хөдөө аж ахуйн мэргэжилтэнтэйгээ хамтраад Б.Нямнордов гэдэг хүн рүү утсаар яриад мэйлээр ажлын 3 хоногийн дотор явуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захиргааны акт болох Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг үндэслэн газрын төлбөрөө 2017 оноос хойш бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр ******* ХХК-ийн 4127041576 нэгж талбарын дугаартай 299,4 га газар, 4127041575 нэгж талбарын дугаартай 89,9 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Заамар сумын Засаг даргын 2015 оны 05 сарын 25-ны өдрийн А/85 дугаар захирамжаар тус сумын нутагт Марс Арвай ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан нийт 1709 га талбайтай 7 нэгж талбар бүхий газрыг ******* ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, захирамжийн 3 дахь заалтаар газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг сумын газрын даамалд даалгасан. Тус захирамжаар маргаан бүхий газар болох сумын 1-р багийн Салхит нэртэй газарт байршилтай нэгж талбарын 18493045519442 дугаар бүхий 299 га, нэгж талбарын 18491346926701 дугаар бүхий 89,9 га газрыг тус тус ******* ХХК-д үр тарианы зориулалтаар нь 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг б000309560[1], 000309535[2] дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын кадастрын мэдээллийн санд 299,4 га газрыг нэгж талбарын 4127041576 дугаарт, 89,9 га газрыг нэгж талбарын 4127041575 дугаарт[3] тус тус бүртгэсэн. Харин нэхэмжлэгчтэй 2017 оноос хойш газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй болох нь Заамар сумын газрын даамал Н.Ариунбаярын 2015, 2017 онуудад газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, үүнээс хойш гэрээ байгуулаагүй... гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 онд гэрээ байгуулаад үүнээс хойш гэрээ байгуулаагүй..." гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

3. Заамар сумын Засаг даргын орлогч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/407 тоот ******* ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг Б.Нямнордовын цахим хуудас facebook-ээр илгээж, 12 сарын 07-ны өдрийн дотор тайлбар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Тухайн албан бичгийн хариу тайлбарыг нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/13 тоот албан бичгээр мэдэгдлийг 2020 оны 12 сарын 10-ны өдөр илгээснийг хүлээн авсан... газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй... хэмээн илгээсэн[4] байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна гэж үзлээ.

Хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг батлан гаргаснаас 3-4 хоногийн дараа Б.Нямнордовт шуудангаар хүргүүлсэн /******* ХХК-ийг төлөөлөн тайлбар гаргасан[5]/ хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч... шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар маргаан бүхий захиргааны актыг батлагдан гарснаас хойш ажлын 10 дахь өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.3-т захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш ...орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан журмаар захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн, нэхэмжлэгч дээр дурьдсанаар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг дурьдах нь зүйтэй.

4. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 10 сарын 29-ны өдрийн 337 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-рт 4127041576 нэгж талбарын дугаартай 299,4 га газарт хог ургамал, нэг наст болон хоёр наст ургамал ургаж хатсан, хөдөө аж ахуйн техникийн боловсруулалтын ул нягтаршил 12 см-ийн гүнд бүрэн арилаагүй, атаршаагүй байсан нь 2019 он хүртэл ашигласан байх үндэслэлтэй... 4127041575 нэгж талбарын дугаартай 89.9 га тариалангийн талбайд тариалангийн талбайд ургадаг хог ургамал болох нэг наст болон хоёр наст хог ургамал ургасан байна. хөрсний бүтэц нягтаршлыг үзэхэд ямар нэгэн техникийн боловсруулалтын ул 0-15 см гүнд байхгүй бүрэн сэргэсэн боловч атаршаагүй байна. гэж дүгнэсэн[6] бөгөөд шинжээчээр ажилласан Ц.Алимантуяа шүүхэд 4127041576 нэгж талбарын дугаартай 299,4 га газрыг 2017, 2018 онуудад ашиглаж байсан, 2019 он хүртэл ашиглаж байсан, 4127041575 нэгж талбарын дугаартай 89,9 га газрыг 2019 он хүртэл ашиглаагүй гэж дүгнэсэн гэсэн тайлбар өгчээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамлын эрх хэмжээг тодорхойлж, 23.4.2-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 23.4.4-т газрын мэдээллийн санг эрхлэх, 23.4.5-т газрын төлбөрийг зохих журмын дагуу ногдуулж хураах гэж зааснаас үзвэл сумын газрын даамал газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үүрэгтэй байна. Заамар сумын газрын даамал нь нэхэмжлэгчтэй 2017 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, харин 2018, 2019 онуудад газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, түүнийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнүүлэх талаар шаардаагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Н.Ариунбаярын 2017 оноос хойш гэрээ байгуулаагүй, газар эзэмшигч өөрөө ирж гэрээ байгуулах үүрэгтэй, гэрээ байгуулахыг шаардаагүй... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй болно. Иймээс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, тодруулбал 2019, 2020 онуудад газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

******* ХХК 2020 онд 1709 га талбайгаас 594 га талбайд тариалалт хийсэн хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 2020 онд корона вирусийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх тайлбар үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

Заамар сумын Засаг дарга 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 1/52 тоот албан бичгээр газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд...агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэсэн хариуг 2020 оны 02 сарын 20-ны дотор ирүүлэхийг шаардсан. ******* ХХК нь Заамар сумын Салхитын үзүүр нэртэй газарт байршилтай эзэмшлийн газартаа Инженер геодези ХХК-ийн Хөрс судлалын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэсэн нь тус лабораторийн 20/2196 тоот[7] шинжилгээний дүгнэлтээр нотлогдлоо. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д Агрохими, агрофизикийн шинжилгээг таван жил тутамд тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгэнэ., 26.12-т Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт хийсэн агрохими, агрофизикийн шинжилгээний дүн нь тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж зааснаар тариалангийн зориулалтаар эзэмшиж буй газартаа тариалангийн үйлдвэрлэлд холбогдох үйл ажиллагаа явуулсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь 2018, 2019 онуудад маргаан бүхий газрыг эзэмшүүлэх гэрээг сумын газрын даамалтай байгуулаагүй бөгөөд 2020 онд эзэмшлийн газартаа хөрсний шинжилгээ хийлгэн тариалангийн үйлдвэрлэлд холбогдох үйл ажиллагаа явуулсан байх тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим үйлчилнэ, 24 дүгээр зүйлийн 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй... гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно. гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

5. Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг газрын төлбөрөө 2017 оноос хойш бүрэн төлөөгүй хэмээжээ.

Нэхэмжлэгч нь Заамар сумын нутагт 7 нэгж талбар бүхий нийт 1709 га газар эзэмшиж буй бөгөөд 2017-2020 онуудад газрын төлбөрт нийт 5,094,611 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд сумын Засаг даргын орлогчоос сонсох ажиллагааны мэдэгдэл авсны дараа 1,540,130 төгрөг төлсөн, 2021 оны 2 сарын 17-ны өдрийн байдлаар 2,496,512 төгрөгийн газрын төлбөр төлөөгүй байгаа нь Заамар сумын татварын улсын байцаагч Д.Сэнгээгийн тодорхойлолтоор[8] нотлогдож байна. Хэрэгт авагдсан газрын төлбөрийн нэхэмжлэх, газрын төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудад газрын төлбөрийг газрын нэгж талбарын дугаараар нь нэрлэн зааж төлөөгүй, Ориоч сайхан ХХК газрын төлбөр, Газрын төлбөр Нямнордов гэсэн утгатайгаар төлж байжээ.

Заамар сумын газрын даамал Н.Ариунбаяр шүүх хуралдаанд Жилд 4127041576 нэгж талбарт 359,391 төгрөгийг, 4127041575 нэгж талбарт 27800 төгрөгийг төлдөг юм байна, энэ нь 2018, 2019, 2020 онд төлөгдөөгүй, газрын төлбөрөө нийлсэн акт байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоол[9], мөн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолоор тариалангийн газрын 1 га газрын төлбөрийг 1200 төгрөгөөр тус тус тогтоосон байх тул нэхэмжлэгчийг тариалангийн газрын 1 га газрын төлбөрт жилд 1200 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчаас захиргааны актыг батлан гаргахаас өмнө нэхэмжлэгчийг маргаан бүхий 2 нэгж талбарын газрын төлбөрийг хэдэн онуудад хэдэн төгрөгөөр дутуу төлснийг тодорхойлоогүй, 2018 оноос хойш нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрээг дүгнэж байгаагүй, газрын төлбөрийн тооцоог жил бүр нэгж талбар бүрээр хийгээгүй бөгөөд шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч маргаан бүхий газрын төлбөрт жил бүр хэдэн төгрөг төлөөгүйг тодорхойлж гаргаагүй байна.

Иймд ******* ХХК-ийг маргаан бүхий газруудын төлбөрийг 2017-2020 онуудад хэдэн төгрөгөөр дутуу төлөгдсөн байгааг шүүхээс тодорхойлох, дүгнэлт өгөх боломжгүй байх тул маргаан бүхий захиргааны актын газрын төлбөртэй холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим үйлчилнэ, 24 дүгээр зүйлийн 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй..., Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасантай нийцэхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д иргэн, аж ахуйн нэгж байгуулга газартай холбогдон үүссэн ...маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

 

 

 


[1] Хавтас хэрэг 1, 69 дэх тал

[2] Хавтас хэрэг 1, 80 дахь тал,

[3] Хавтас хэрэг 1, 136 дахь тал,

[4] Хавтас хэрэг 1, 88 дахь тал

[5] Хавтас хэрэг 1, 88 дахь тал,

[6] Хавтаст хэрэг 2, 31-32 дахь тал,

[7] Хавтас хэрэг 1, 12 дахь тал,

[8] Хавтас хэрэг 1, 85-86 дахь тал,

[9] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /цахим сан/