Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2046

 

2019 оны 09 сарын 30 өдөр                           Дугаар 183/ШШ2019/02046                                       Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ж овогтой Ч Г/рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 байрны 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогтой Б Г /рд:000000000/,

 

Хариуцагч: Булган аймгийн Бүрэгхангай сум, 0 дугаар баг, Дэрстэд оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогтой Д Б /рд:00000000/ нарт тус тус холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлтэд 67 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-гийн Ч.Г-д холбогдуулан гаргасан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А, хариуцагч Б.Б өмгөөлөгч Э.Х, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г, түүний эцэг Б.Б нар нь 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр надтай харилцан тохиролцож 150 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгийг миний бие Б.Г, Б.Б нарт Зоос гоёл ХХК-ийн өрөөнд бэлнээр хүлээлгэж өгсөн. Дараа нь буюу 2010 оны 8 дугаар сард 6 000 000 төгрөг, мөн 20 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан. Үүний дараа 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний бие Б.Г, Б.Б нарт зээлүүлсэн 156 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Б.Г-тай тус тус нөхөж хийсэн билээ. Ингээд 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б.Б “дахин мөнгө хэрэгтэй байна зээлүүлээч” гэсний дагуу 10 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, нийт 186 000 000 төгрөгийг Б.Г-, Б.Б нарт зээлдүүлсэн юм. Дээрх төлбөрөөс Б.Г, Б.Б нар 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 42 460 000 төгрөгийг алтаар тооцож өгсөн боловч үүнээсээ 4 600 000 төгрөгийг мөнгөгүй боллоо гээд тэр доороо нь буцааж авсан тул 37 860 000 төгрөгийг төлсөн. Мөн 2011 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 24 800 000 төгрөгийн алт, 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийн алт, 2013 онд 15 000 000 төгрөгийн алтыг тус тус төлж, нийт 118 160 000  төгрөгийг буцааж төлж, үлдэх 67 840 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Би дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дээрх үлдэгдэл төлбөрийг алтаар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч дүрстэй бичлэг хийсэн бөгөөд уг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан, хариуцагч энэхүү бичлэгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл 2 кг алт өгөөд намайг хохиролгүй болгоно гэчихээд дахин сураггүй алга болсон. Иймд Б.Г, Б.Б нараас 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 67 840 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дараах байдлаар буюу Б.Г, Б.Б нараас 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 67 840 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн, энэ шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн тайлбарласнаар нэхэмжлэлд заасан төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан тул Ч.Г-тай ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй. Б.Б нь Заамар суман дахь алт олборлогчдоос алтыг худалдаж аваад нэхэмжлэгч нь худалдан борлуулах ажил хийж байсан, 2010 оноос эхлэн хамтарч ажилласан. Энэ зээлийн гэрээ Б.Бтай огт хийгдээгүй атал яагаад хариуцагчаар татсан нь хууль зүйн хувьд ойлгомжгүй. Хэрэв зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзвэл зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдээс нэхэмжлэх боломжтой. Гэтэл Б.Б-тай зээлийн гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын Б.Бд холбогдох хэсэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа 20 000 000 төгрөг болон 6 000 000 төгрөгийг Б.Б-ы дансанд хийсэн байдаг ч Б.Б нь зээлийн гэрээний оролцогч биш учраас ямар зорилготой хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Б.Б өөрөө тайлбарлахдаа Увс аймгийн Сагил суманд байрлах талбайд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан гэдэг. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран ажиллах гэрээ бодитоор хийгдсэн гэж байгаа ч нэхэмжлэлийн шаардлага нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой шаардлага биш учраас өгнө эсхүл өгөхгүй зэргийг нь шийдэх нь хууль зүйн хувьд боломжгүй. Шилжүүлсэн алтны хувьд зөрүүгүй, хариуцагч маргадаггүй гэдэг ч тоо хэмжээний талаар анхнаасаа тайлбар өгөөгүй. Нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үздэг. Яагаад гэвэл 2010 онд хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн мөнгийг 2011 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардсан байдаг. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээ гүйцэтгэх хугацаа 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар заасан. Иргэний хуульд зааснаар гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хэрхэн биелсэнээс хойш буюу 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэж, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Гэтэл 2018 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гомдол гаргаж, 2 дугаар сард нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад 2018 ондоо хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийгээ цагдаагаар эрэн сурвалжлуулсан, олдохгүй байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарладаг боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шаардлага гаргаж байгаагүй, мөн Б.Б-д холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хариуцах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Г нь Увс аймгийн Сагил сумын Харгантын нутагт алт олборлох зорилгоор Ч.Г-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэг талаас Ч.Г, нөгөө талаас Г ХХК-ийг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой байсан ч үүргээ дутуу биелүүлж, 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Геопромонгол ХХК нь мөн адил 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай зүйлсээ аваад Сагил сум руу явсан боловч нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж үйл ажиллагаа явуулж чадалгүй буцаж ирсэн.  Б.Б нь Г ХХК-ийн уурхайн дарга, 10 гаруй ажилчидтай, 10 гаруй техниктэй. Хамтран ажиллах гэрээг байгуулж компанийн зүгээс өөрийн тоног төхөөрөмж, лиценз, талбай, уурхайн нөөц зэрэг бүх бичиг баримт хуулийн дагуу авагдсан. Хариуцагч хамтран ажилласан нөхцөл байдал, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн ч давагдашгүй хүчний улмаас үйл ажиллагаа зогссон. Ажил зогссонтой холбоотойгоор Ч.Г нь өөрийн оруулсан 100 000 000 төгрөг дээрээ Б.Г-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулъя гэж шаардлага гаргаж, миний зүгээс хоёулаа гэрээгээ байгуулсан Г ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан шүү дээ гэхэд заавал байгуулахгүй бол болохгүй гэсээр байгаад энэхүү 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хоёр удаа зээлийн гэрээг хүү, алданги нэмж тооцож, 156 000 000 төгрөг болгож байгуулсан. Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд талуудын хүсэл зориг нь тус алт олборлох үйл ажиллагааг хамтарч ажиллах, ашиг олох зорилгод тулгуурлаж байгаа юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний онцлог нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөө ашиглаад зогсохгүй захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл Б.Г тус мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй бөгөөд Г ХХК-ийн алт олборлох хамтын үйл ажиллагаанд захиран зарцуулсан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийн гэрээ нь эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцдог. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулах үед зээлдэгч гэх Б.Г-д мөнгийг шилжүүлж өгсөн зүйл байдаггүй. Иймд 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 он 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэг, 56.1.10 дахь хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог. Тухайлбал, талууд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа боловч ямар нэг хариуцлагаас зайлсхийхийн тулд зээлийн гэрээ хийсэн бол хоёр дахь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хоёрдахь гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохиролцсон байх ёстой. Халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн цаана хэлцэл хийгч талуудын хүсч буй хэлцэл нуугдаж байдаг. Харин хэргийн тухайд Ч.Г, Б.Г, Б.Б нар нь 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Увс аймгийн Сагил сумын Харгайтын нутаг дэвгэрт байрлах МV-00000 тоот тусгай зөвшөөрөлтэй 162,54 гектар талбайд алт олборлох, хөрөнгө оруулах хийх талаар тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу Ч.Г 150 000 000 төгрөгийг Б.Г, Б.Б нарт өгсөн хэдий ч уг гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй, олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй, ямар ч үр дагавар үүсгээгүй зогссон байдаг. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт уурхайн үйл ажиллагаа явагдахгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулагч талд нэн яаралтай буцааж өгөх талаар тусгасан зохицуулалт байна. Үүний дараа Ч.Г-ас Б.Г, Б.Б нар нь нэмж 36 000 000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцаад харилцан тохиролцож, 156 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Ийнхүү байгуулахдаа талуудын хүсэл зориг нэгдсэн, талууд зээлийн гэрээг байгуулахдаа эхний хамтран ажиллах гэрээг халхавчлан нуух хүсэл зориг огт байгаагүй мөнгөн төлбөрийг буцаан төлөх талаараа хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулсны дараа уг гэрээ ёсоор төлбөрийн тодорхой хэсгийг төлж байсан нь 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийг төгрөгийг зээлийн гэрээний ард бичигдсэн төлбөрийн тооцоонд зурагдсан Б.Г-гийн гарын үсгээр нотлогдож байгаа юм. Иймд дээрх зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд эдгээрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.Г, Д.Б нарт тус тус холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 67 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн бөгөөд Б.Г нь 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ,  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 4-6 дугаар талд 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ч.Г, Б.Г нарын хооронд байгуулагдсан, 156 000 000 төгрөгийг 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай, зээлийн эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн болон барьцааны гэрээ, мөн өдөр талууд 20 000 000 төгрөгийг дээрх хугацаа болон нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ тус тус авагджээ.   

 

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэшт “...2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан ч тус гэрээ хэрэгжээгүй тул 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Уг гэрээний үүргээс 67 840 000 төгрөг төлөөгүй тул гаргуулна” гэж,

хариуцагч нар “...зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний төлбөрийг алт хэлбэрээр төлсөн, эдгээр зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна” гэж тус тус маргасан.

 

Ч.Г, Б.Г нарын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, бичгээр байгуулсан, хариуцагч Б.Г гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дээрх тайлбараас үзэхэд 176 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэх зорилгоор зээлийн гэрээг зохигчид байгуулаагүй болох нь тогтоогдож байна.            

 

                Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хариуцагч Б.Г, Д.Б нарын эрүүгийн журмаар шалгуулах явцад зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг, Д.Б зээлийн гэрээний үүргийг алтаар төлж барагдуулна гэсэн агуулгатай яриа бүхий СД бичлэгт шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэх боломжгүй, мөн Д.Б-ы ярианы бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэх боломжгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.  

 

                Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Б.Г-д 176 000 000 төгрөгийг зээлдүүлснээ өөрөө нотлох, түүнийг нотолсон баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Г болон Г ХХК-ийн хооронд 2010 оны 8 дугаар сарын 13-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.Г нь 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Увс аймгийн Сагил сум, Харгайтын нутаг дэвсгэрт байрлах МV-015632 тоот тусгай зөвшөөрөлтэй 162.54 гектор талбайд алт олборлох зориулалттай газрыг ашиглах, Геопро Монгол ХХК нь хөрөнгө оруулалтын 150 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаж, уурхайн үйл ажиллагааг мөн өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай явуулж, 2010 оны 10 дугаар сарын 20-нд хөрөнгө оруулалтын 150 000 000 төгрөгийг буцаан өгөх, олборлосон алтны 10 хувийг хөрөнгө оруулагчид өгөхөөр талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь 100 000 000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарласан.  

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Ч.Г нь хөрөнгө оруулалтын хэлбэрээр мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх боловч нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Г дээрх зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

 

Шүүхээс нэгэнт гэрээний үүрэг шаардаж байгаа зээлийн гэрээнүүдийг бодитоор байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзээгүй тул нэхэмжлэлийг мөн хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 150 төгрөг, хариуцагч Б.Г-гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 975 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

                        

                                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                             

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г, Б.Б нараас 67 840 000 төгрөгийг гаргуулах тухай Ч.Г нэхэмжлэлийг, Б.Г-гийн Ч.Г-д холбогдуулан гаргасан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 156 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барьцааны гэрээ”,  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 150 төгрөг, хариуцагч Б.Г-гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 975 900  төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                               

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ