Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2019/02547

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.А

 

Хариуцагч: “Б” ХХК нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны түрээсийн төлбөр, засварын зардалд нийт 33,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч М.А , “Б” ХХК-ийн төлөөлөгч М.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн захирал М.Б нь Л.Н-ийн төрсөн дүү Л.М-тай худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн бөгөөд уг гэрээгээр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоотод орших нэг өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцож мөнгөө өгсөн. Л.М нь тухайн худалдан авсан байрандаа 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байсан. Уг орон сууцанд засвар хийж байсан бөгөөд засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Ш.Сосорбарам захиралтай “Э” ХХК ажиллаж байсан. Ш.С болон М.Б нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба М.Б нь байрны засварын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тухайн байрнаас орон сууц авахаар харилцан тохиролцсон учраас энэ байрны засварын ажил дууссан үед чиний байрыг шилжүүлж өгнө гэж хэлээд тус байрыг миний дүү Л.М-нд худалдсан. Тухайн үед энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байр худалдан авсан бөгөөд байрандаа амьдарч байгаад 2010 онд нас барсан тул бидний ээж Ч.О нь түүний шаардах эрхийг өвлөн авч хэрэгжүүлэхээр болсон. Л.М-ыг бурхан болсноос хойш миний ээж Ч.О нь тус байранд амьдарч байгаад өөд болсон. Энэ хугацаанд М.Б-оос байраа шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан ч янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар тухайн байрны гэрчилгээ М.А т байгаа. Миний ээж Ч.О бурхан болохоос өмнө Л.М-аас шилжүүлэн авсан шаардах эрхээ Л.Н надад шилжүүлэн өгсөн. Иймд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, байрны гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А т даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх шилжүүлэн авсны үндсэн дээр нэхэмжлэлийг гаргаж байгаа. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ хуулийн дагуу гарсан гэж үзэж байна, ямар нэг худал хуурмаг зүйл байхгүй, байр худалдсан, 4,5 сая төгрөг гэж үнийг тодорхойлсон, талуудын хооронд худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан болно. Нотариат дээр очоод гарын үсэг зурсан, тамга тэмдгээ дарсан байж “Б” ХХК-иас гарын үсэг биш, тамга хуурамч гэж мэлзэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийнхөө өмчлөх эрхтэй байрандаа амьдарч байгаа тул түрээсийн төлбөр төлөх гэсэн асуудал байхгүй. Хариуцагч нараас орон сууц хөлслөх, түрээслэх гэрээ хэлцэл гаргаж ирээгүй. “Б” ХХК-иас Б.А-т байрыг өгсөн хэлцэл нь хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байна, байрны ордер Б.А дээр байдаг гэдгийг албан ёсоор бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээс мэдсэн үеэс өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Л.М нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар М.Б-той харилцан тохиролцож, тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг өгч, үлдэх 1,000,000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсан өдөр өгөх байсан. Гэтэл дээрх байрны гэрчилгээ гарсан эсэх талаар Л.М-нд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. М.Б болон М.А  нартай холбоо барих гэсэн боловч утсаа авдаггүй, эсвэл хаягаа өөрчилсөөр өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс М.А ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зүйлс үндэслэлгүй худал бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот байрыг өөрийн төрсөн ах М.Б-той 2004 онд урсгал зардалд хөрөнгө оруулалт хийж, засварын ажил дуусмагц нэг өрөө байр авах нөхцөлтэй аман хэлцлийн дагуу хөрөнгө оруулалт хийж авсан. Миний бие дээрх байрыг хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийж авсан ба хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон улсын бүртгэлийн 000042676 дугаар гэрчилгээтэй, уг гэрчилгээнд Улсын бүртгэлийн газраас одоогийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Уг байр нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Л.М нь уг байрыг тодорхой хугацаагаар түрээсэлж суухаар миний төрсөн ах М.Б-той амаар гэрээ байгуулсан хүн юм. Ах маань уг байрыг миний эзэмшилд шилжүүлэхдээ ...Л.М гэдэг хүнд түрээслүүлж байгаа. Түрээсийн мөнгө гэж 2,000,000 төгрөг надад өгсөн. Чи энэ байрыг өөрөө хэрэглэх хүртлээ энэ хүнийг байлгаж байгаарай. Орон гэргүй, ядарсан хүн. Өгсөн 2,000,000 төгрөгөөсөө буцаан цувуулж авсаар 1,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байсан. Миний тухайд уг байранд амьдарч байсан Л.М болон түүний ээжид байрыг чөлөөлж өгөх талаар 2008 оны 1 дүгээр сараас эхлэн удаа дараа мэдэгдэж байсан боловч тухай бүрт эдгээр хүмүүсийн зүгээс ямар нэгэн тайлбар, шалтаг тоочиж миний байрнаас гарахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогийн байдлаар уг байрны өмчлөгчөөр өөрсдийг тогтоолгож, байрны гэрчилгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Түрээсийн гэрээ зэрэг гэрээнүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзсэн гэрээ нь өнөөдрийн байдлаар гэрээний хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа эсэх, гэрээнд заасан нөхцөлүүд хэрэгжсэн эсэх, гэрээний талууд эрх, үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, цаашид хэрэгжих боломжтой эсэх болон нэхэмжлэлд дурьдагдсан шаардах эрхийг шүүхээр шинжлэн судлуулж хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гартал уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Л.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлдээ:

...Л.Н-ийн төрсөн ах гэх Л.М нь 2004 онд миний төрсөн ах М.Б-той амаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот байрыг түрээсэлж суух талаар хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 2004 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл дээрх байранд Л.М болон түүний хамаатан садангууд амьдарч байна. Л.М нь уг байрыг анх түрээслэх үедээ М.Б-д 2,000,000 төгрөг өгсөн байдаг. Гэхдээ Л.М гэх хүн түрээсийн мөнгө гэж өгсөн 2,000,000 төгрөгөөс цувуулж ...амьдрал хэцүү байна, мөнгөний хэрэгцээ байна, эхнэрээсээ салчихсан... гэж авсаар байгаад 1,000,000 орчим төгрөгийг буцааж авсан гэдэг. Миний тухайд уг байрны эзэмшигч болсныхоо дараагаас эхэлж Л.М болон түүний хамаатан саданд байр чөлөөлж өгөх тухай, байрны түрээсийн төлбөрийг төлж барагдуулах тухай, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засварыг цаг тухайд нь хийж өгөх талаар удаа дараа шаардаж байсан. Л.М болон түүний хамаатан садангуудын зүгээс миний удаа дараа тавьсан шаардлагад ямар нэгэн байдлаар шалтаг, шалтгаан тоочиж байрыг минь суллаж өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Миний тухайд Л.М-аас байрны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалтай холбоотой бусад шаардлагыг шүүхээр тогтоолгон гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч Л.М 2010 онд нас барсан учир нэхэмжлэл гаргах боломжгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Л.Н гэдэг хүн миний эзэмшлийн байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгож байрны гэрчилгээ гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Л.Н гэдэг хүн уг байрны түрээсийн төлбөрийг, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засвар зэрэгтэй холбоотой нэхэмжлэлд хариуцагчаар оролцох эрх бүхий хүн гэдгийг мэдэж авсан. Иймд Л.М болон түүний хамаатан садангийн миний эзэмшлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот 19 м.кв хэмжээтэй байранд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл нэг сарын 100,000 төгрөгөөр тооцон 7,200,000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл 200,000 төгрөгөөр тооцон 19,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг, ашиглалтын зардал, урсгал засварын зардал гээд нийт 33,000,000 төгрөгийг Л.Н-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тухайн үед М-ы ах нь надаас гуйгаад дүүгээ энэ байранд түр хугацаагаар суулгасан юм. Шинэ байранд оруулж байсан тул баталгаа болгож 2 сая төгрөг авсан. Дараа нь энэ мөнгөнөөсөө М нь буцаан авч байсан. 3,500,000 төгрөг авсан гэх баримтыг хуурамч гэж үзэж байна, миний гарын үсэг биш байна лээ, би ийм баримт үйлдээгүй, манай тамгатай адил, дуурайлгасан тамга дарагдсан байсан. М-ны регистрийг бичсэн атлаа минийх байхгүй байсан. Явцдаа байрыг худалдах талаар ярилцаж байсан, үнэн дээрээ тохироогүй. М-ыг амьд байхад нь хамаатан садан хэн ч анхаардаггүй байснаа нас барсных нь дараа өв залгамжлал гээд орон сууцны маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн байрыг түрээсэлж л байсан, амаар харилцан тохиролцсон байдаг. Олон жилийн өмнөх болохоор зарим нэг зүйлийг санахгүй байна. Эд нар олон жил байранд амьдарсан гэдгээр байрны өмчлөгч болно гэж маргах үндэслэлгүй. Тухайн байрны хувьд манай хийсэн ажлын хөлсөнд С-аас 12 байр өгсөн байдаг. А нь байр барихад хөрөнгө оруулсан учраас түүнд шилжүүлсэн. Би өөрийн нэр дээр байруудыг шилжүүлэн авалгүйгээр шууд бусдад шилжүүлж байсан. Би тухайн байруудыг захиран зарцуулах эрхтэй гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч М.А , “Б” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.А  нь нэхэмжлэгч Л.Н-т холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр, засварын зардалд нийт 33,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь ...тухайн орон сууцыг хөлслүүлсэн, баталгаа барьцаа болгож 2 сая төг өгч байсан. 4,5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин түрээсийн төлбөр, засварын зардал нэхэмжилнэ. Нас барсных нь дараа хэд хэд дамжаад нэхэж болдог юм уу гэж, нэхэмжлэгч тал нь ...худалдах худалдан авах хэлцэл байгуулж урьдчилгаа 3,5 сая төгрөгийг өгсөн, үлдэх 1 сая төгрөгийг байрны гэрчилгээг гаргаж өгсний дараа өгөхөөр тохиролцсон боловч Болд нь дүү А-т байрыг шилжүүлж түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар бидний эрх ашиг зөрчигдсөнийг мэдсэн, шаардах эрхийг шилжүүлэн авсан тул холбогдох байгууллагад хандсан, уг орон сууцыг хөлсөлж суусан асуудал байхгүй гэж тус тус үндсэн болон сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцдэг. 

 

Нэхэмжлэгч талаас “Б” ХХК болон Л.М нарын хооронд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Байр худалдах худалдан авах гэрээ, Л.М нас барсан учир төрсөн эх Ч.О-д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай ...гэрчилгээ аваагүй орон сууцыг шүүхэд өвлөх, гомдол гаргах, гэрчилгээ нэхэмжлэх эрх бүхий өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөгч Ч.О-оос өөрийн төрсөн охин Л.Н-т өвлөх эрхийн гэрчилгээн дэх бүх эрхийг шилжүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл зэргээр орон сууцны өмчлөлийн асуудлыг буюу шаардах эрхийг шилжүүлэн авснаа, шүүхэд хандах, шаардах эрхтэй болохоо нотлоно гэдэг.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасны дагуу өвлүүлэгчийн эрх өвлөгдөх тул өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасны дагуу гарсан, өвлөгчөөс тухайн шаардах эрхийг нэхэмжлэгч Л.Н-т шилжүүлсэн хүсэл зориг хуулийн хүрээнд бичгийн хэлбэрээр хийгдсэн, нотариатчаар гэрчлэгдсэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйл, заалтад нийцэж байх тул Л.Н шилжүүлэн авсан шаардах эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

 

Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот, 19 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч нь М.А, уг орон сууцанд 2004 оны 4 дүгээр сараас Л.М, Ч.О нар оршин сууж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч талаас “Б” ХХК болон Л.М нарын хооронд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Байр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн орон сууцыг бидний эзэмшилд өгсөн гэх үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгон, гэрчилгээ гаргуулахыг даалгах гэсэн шаардлага гаргасан нь худалдах худалдан авах гэрээний үүрэг байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан “байр худалдах худалдан авах тухай” гэх бичмэл баримтанд “Б компаний ашиглалтад оруулж буй Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших 65 дугаар байрны 2-р орцны  000 тоот 1 өрөө орон сууцыг Л.М-д 4,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож мөнгийг хүлээн авав. /Урьдчилгаа 3,500,000 төгрөгийг 2004 оны 4 сарын 21-нд бэлэн өгөв/ Мөнгийг хүлээн авсан Б компаний захирал М.Б, мөнгийг хүлээлгэн өгсөн...” гэх бичиглэл байх бөгөөд тухайн баримтыг үйлдээгүй, компанийн тамга дэмдгийг хэн нэгэн ашигласан байх, гарын үсэг минийх биш гэх тайлбараа хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлж буй М.Б баримтаар нотлоогүй тул дээрх бичмэл баримтыг хууль бус гэж дүгнэх, нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Энэхүү баримтаас үзэхэд “Б” ХХК-ийн захирал М.Б, Л.М нар нь 4,500,000 төгрөгөөр Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших 65 дугаар байрны 2-р орцны 000 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт нь урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг өгч авсан дээрх баримтаар, нэхэмжлэгч талын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг үүссэн байна.

 

Нөгөө талаар хариуцагч “Б” ХХК нь тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй гэх маргаан үүсээгүй, талууд маргаагүй. Энэ нь хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, “Э” ХХК-ийн 2005 оны 12 сарын 22-ны өдрийн ...65-р байрны 2-р орцны ...19 тоот бүхий 1-3 өрөө орон сууцуудыг туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн албан бичгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр болно. Тиймээс нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгах асуудлаар шаардах эрхтэй.

 

Худалдан авагчийн хувьд худалдан авсан эд хөрөнгө эрхийн доголдолтой болохыг, хариуцагч М.А ийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг “2013 оны 4 сарын 4-ний өдрийн 7/2960 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг”-ээс мэдсэн гэх үеэс өмчлөх эрх зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлтэй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасанчлан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Нэхэмжлэгч талаас худалдан авсан байрны үнээс 3,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 1 сая төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлахдаа ... “Б” ХХК-ийн захирал Болд гэрчилгээ гарах болоогүй гэж байснаа сүүлдээ сураг тасарсан, утас нь болохгүй болсон, гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөрөө хийх байсан гэдэг. Энэхүү тайлбар, үйл баримтаа нэхэмжлэгч тал мөн баримтаар нотлоогүй, эргэлзээгүй үнэн гэж дүгнэх боломжгүй. Талууд үлдэгдэл төлбөрийг хэрхэх талаар харилцан тохиролцсон асуудал тодорхойгүй байх тул худалдан авагч нь тухайн худалдан авч буй эд хөрөнгийн үнийг бүтэн төлөх үүрэг хүлээнэ. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь энэ үүргээ бүрэн биелүүлээгүй тул худалдагч буюу хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь үндэслэлгүй.

 

Иймээс Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасанчлан нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхтэй болох байжээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.  

 

Хариуцагч М.А  нь өөрийн төрсөн ах М.Б-ыг Л.М-д орон сууцыг хөлслөхөөр тохирсон тул төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл сар бүр 200,000 төгрөг, засварын зардалд 7,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг гаргуулна хэмээн сөрөг шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хариуцагч талаас гэрээг амаар байгуулсан гэх хэдий ч орон сууц хөлсөлсөн гэх үйл баримт нотлогдоогүй, хариуцагч талын тайлбарыг эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог.

 

Дүгнэвэл нэхэмжлэгч Л.Н нь маргаан бүхий орон сууцыг худалдан авсан төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэхээр буюу байрны гэрчилгээ гарахаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх тайлбар, мэдүүлгээ, хариуцагч М.А нь маргаан бүхий орон сууцыг түрээсэлсэн, хөлсөлсөн, орон сууцны чанар байдал муудсанаас хохирол учирсан, засаж сайжруулахад зардал гарна гэх тайлбар, мэдүүлгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймээс Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А т даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, орон сууц хөлсөлсний төлбөр, засварын зардалд 33,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч М.А  нь орон сууцнаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргасан гэх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, тодруулаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлж хуульд заасны дагуу тухайн шаардлагыг гаргаагүй, мэргэжлийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч байсан тул орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагч нь дээрх шаардлагыг гаргахад, нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ биелээгүйтэй холбоотой шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н-ийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.А ийн орон сууц хөлсөлсний төлбөр болон засварын зардал 33,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 257,950 төгрөгийг, хариуцагчийн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ