| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0946/Э |
| Дугаар | 1145 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1145
Г.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
цагаатгагдсан этгээд Г.Д-ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Д-д холбогдох 1908027670879 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Г-ын Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл .., ..........., .............. хамт .............. дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар хорооллын .. дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... дүүргийн ... дугаар хороо, ..... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
Г.Д нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Буянтогтохтой маргалдаж, улмаар хүч хэрэглэн М.Буянтогтохын эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт Г-ын Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 /нэг/ ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан.
Шүүх цагаатгах тогтоолдоо: “Бичлэг хийж буй гэрч С.Баасанжавыг тухайн газар явж очиход М.Буянтогтох, Г.Д нар нь хоорондоо барилцаж авсан, тэднийг үл таних 2 хүн салгахаар оролдож байхад М.Буянтогтох нь баруун гартаа барьсан гар утсаа өмднийхөө баруун халаасанд хийчихээд Г.Д-ийг баруун гараараа хоёр удаа цохих ба түүнийг болиулахаар Г.Д-ий эхнэр Р.Дуламсүрэн М.Буянтогтохын цамцны энгэр хэсгээс зулгааж, зүүн гараараа толгойн ар хэсэгт цохисон байна. Энэхүү үйлдлийг хийж дуусахад Г.Д нь М.Буянтогтохын толгой орчим баруун гараараа далайж ирээд цохиж, маргаан үргэлжлэх ба...” гэж довтолгоо төгссөн байхад шүүгдэгч хохирогчийг цохисон, маргааныг үргэлжлүүлсэн талаар дүгнэсэн атлаа аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаар цагаатгах тогтоолын агуулга зөрчилдөөнтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан “... М.Буянтогтох нь баруун гартаа барьсан гар утсаа өмднийхөө баруун халаасанд хийчихээд Г.Д-ийг баруун гараараа хоёр удаа цохих ба түүнийг болиулахаар Г.Д-ий эхнэр Р.Дуламсүрэн М.Буянтогтохын цамцны энгэр хэсгээс зулгааж, зүүн гараараа толгойн ар хэсэгт цохисон байна. Энэхүү үйлдлийг хийж дуусахад Г.Д нь М.Буянтогтохын толгой орчим баруун гараараа далайж ирээд цохиж маргаан үргэлжилсэн ...” гэсэн дүгнэлт нь М.Буянтогтохын үйлдэл төгссөний дараа Г.Д М.Буянтогтохын толгойн тус газар цохисон, аргагүй хамгаалалтын шинжгүй болохыг тогтоосон гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан хохирогч М.Буянтогтохын “Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нарангийн гол 10 дугаар хорооллын чиглэлд нийтийн тээвэрт явж байсан юм. Орой 20 цагийн үед Таван шарын автобусны буудлаас хөдөлсөн хар өнгийн Хонда Инсайт загварын 91-57 УНҮ улсын дугаартай машин гүйцэж түрүүлж хажуугаар орж ирснээ миний урд 3-4 удаа огцом тоормосолсон. Би араас нь явж байгаад 5 дугаар баазын орчим замаас гараад байр луу эргээд түгжрээд зогсохоор нь би араас нь очоод замын хөДөөс болж маргалдаад цонхоор нь гараа оруулаад бариад авах гэсэн чинь хаалга онгойлгож бууж ирээд миний нүүр лүү мөргөөд зууралдсан. Хажуу талаас эхнэр нь бололтой хүүхэн “одоо болно, больцгоо” гээд салгах үед тэр залуу миний зүүн нүдний орчимд нэг удаа цохисон. Тэр үед манай автобусны шалгагч Баасанжав гэдэг хүүхэн ирсэн, больцгоо гээд байсан. Болсон явдлын талаар Баасанжав утсандаа бичлэг хийсэн байна лээ. Миний биед учирсан гэмтлийг хар өнгийн Хонда Инсайт загварын 91-57 УНҮ улсын дугаартай машины жолооч учруулсан. Би өөр хүнтэй маргалдаж, зодолдоогүй” гэсэн /хх 15/ мэдүүлэг,
Гэрч С.Баасанжавын “Би Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад 2015 оны 10 дугаар сараас эхэлж шалгагчаар ажиллаж байна. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би 109 дугаартай автобусанд шалгагчаар ажиллаж байсан. Орой 9 цагийн орчимд Сүлжмэлийн автобусны буудлаас хөдлөөд автобус 2-3 удаа огцом тоормослохоор нь би “юу болж байна” гэсэн чинь хар өнгийн приус машин 1 дүгээр эгнээнд орж ирээд автобусны урд огцом тоормослоод байсан. Тэгээд 5 шарын буудал дээрээс хүнээ буулгаад хөдлөх гэсэн чинь урд хааж зогсоод гаргахгүй байснаа хөдлөөд явсан. Тэгээд араас Буянтогтохыг автобусаа бариад явж байхад би фэйсбүүкэд тавьж торгуулах гэсэн утгаараа бичлэг хийсэн. Тэгээд тэр хар өнгийн машин, залуус хорооллын эргэдэг уулзвараар хойш баруун гар тийш эргээд түгжрэлд ороод зогссон чинь автобусны жолооч Буянтогтох араас нь гүйгээд очсон. Би тэгээд араас нь удаагүй гүйгээд очсон чинь хар машины жолооч Буянтогтох хоёр барьцалдаад авсан. Нэг нэгийгээ цохиж байсан. ...Буянтогтохын хүзүү, нүд нь бага зэрэг улайсан байсан санагдаж байна. Хар машины жолооч согтуу байх шиг байсан, цагдаа дуудлаа гэсэн чинь машиндаа суугаад зугтаачихсан. ...” гэсэн /хх 25-26/ мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6223 дугаартай “М.Буянтогтохын зүүн зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." гэх дүгнэлт /хх 28/,
Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн “... 41 секундэд улаан хантаазтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй автобусны жолооч М.Буянтогтох 91-57 УНУ улсын дугаартай, хар өнгийн Хонда Инсайт загварын машин руу гүйж очиж байгаа харагдав. М.Буянтогтох 91-57 УНУ улсын дугаартай, хар өнгийн Хонда Инсайт загварын машины жолооч талын цонхоор юм ярьж зогсож байгаа бичлэг 57 секунд дээр машины жолооч хаалга онгойлгож бууж ирээд нэг нэгнийгээ түлхэж байгаа харагдана. Бичлэг хийж байгаа хүн автобуснаас бууж 91-57 УНУ улсын дугаартай, хар өнгийн Хонда Инсайт маркийн машин руу гүйх ба Д, Буянтогтох хоёр хоорондоо зууралдсан харагдах, ... тэр хоёрын дундуур саарал хувцастай эрэгтэй салгаж байгаа харагдах ба Буянтогтох халаасандаа утсаа хийгээд Дий толгой хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохих үйлдэл хийхэд ... машины зүүн талаас бууж ирсэн эмэгтэй Буянтогтохыг гараараа цохиод цамцнаас нь зулгааж байгаа харагдав. Г.Д М.Буянтогтохыг баруун гараараа цохих үйлдэл хоёр удаа хийж байгаа нь бичлэгийн 01:30-аас 01:31-д харагдах ба Г.Д тонгойгоод Буянтогтохтой зууралдсан байхдаа баруун гараараа Буянтогтохын хэвлий, таац хэсэгт гараараа цохиж байна” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Г.Д, М.Буянтогтох нар нь замын хөДөөс үүдэлтэйгээр маргалдан харилцан зодолдож, М.Буянтогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн прокуророос 776 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч М.Буянтогтох, гэрч С.Баасанжав, Э.Даваажаргал, шинжээч эмч О.Болороо нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар дурдсан, яллагдагч Г.Д-ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Н.Баярсайхан нарын хүсэлтээр явагдсан шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад зааснаар дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг дараагийн шүүх хуралдаанд оролцуулах саналыг тус тус гаргасан байхад 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд улсын яллагчийн хохирогч М.Буянтогтох, гэрч С.Баасанжав, Э.Даваажаргал нарыг оролцуулах тухай саналыг хэлэлцэж “хохирогч М.Буянтогтоход хурлын зар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулж хэргийг цагаатгасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна. ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ” гэж,
мөн хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэж,
мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж тус тус заасныг хэрэгжүүлэлгүйгээр хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаар цагаатгах тогтоол нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээ бүхий, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул 948 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Д-ий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Г.Д нь өөртөө чиглэсэн довтолгоо бодитой болсон үед эсрэг арга хэмжээ авсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчидийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Д-ийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Буянтогтохтой маргалдан зодолдож, М.Буянтогтохын эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд Г.Д нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Буянтогтохтой маргалдаж, улмаар хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас М.Буянтогтохын эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...41 секундэд улаан өнгийн хантаазтай, цэнхэр өнгийн жийнс өмдтэй автобусны жолооч М.Буянтогтох 91-57 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Honda insight” загварын машин руу гүйж очиж байгаа харагдав. М.Буянтогтох 91-57 УНҮ улсын дугаартай хар өнгийн өнгийн “Honda insight” загварын машины жолооч талын цонхоор очин юм ярьж зогсож байгаа бичлэг 57 секунд дээр машины жолооч хаалга онгойлгож бууж ирээд нэг нэгнийгээ түлхэж байгаа харагдана. ...Бичлэг хийж байгаа хүн автобуснаас бууж 91-57 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Honda insight” загварын машин руу гүйх ба ... Д, Буянтогтох хоёр хоорондоо зууралдсан харагдах ... тэр хоёрын дундуур саарал хувцастай эрэгтэй хүн салгаж байгаа харагдах ба Буянтогтох халаасандаа утсаа хийгээд, Дий толгой хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохих үйлдэл хийхэд ... машины зүүн талаас бууж ирсэн эмэгтэй Буянтогтохыг гараараа цохиод цамцнаас нь зулгааж байгаа харагдав. Г.Д М.Буянтогтохыг баруун гараараа цохих үйлдэл 2 удаа хийж байгаа нь бичлэгийн 01:30-31-д харагдах ... ба Г.Д тонгойгоод М.Буянтогтохтой зууралдсан байхдаа баруун гараараа М.Буянтогтохын хэвлий, тааз хэсэгт гараараа цохиж байна. ...” /хх 8-11/,
Гэрч Р.Дуламсүрэнгийн “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Г.Д, охин Мишээлийн хамт Эх нялхасаас гэрлүүгээ нөхрийн 91-57 УНҮ улсын дугаартай “Хонда Инсайт” загварын хөр өнгийн машинтай явж байсан. Тэгсэн 5 шарын орчимд явж байхад автобус 1 дүгээр эгнээнээс 3 дугаар эгнээ рүү орохдоо манай машиныг шахаад замын хашлага руу гаргах дөхсөн. Замын хашлагыг манай машин дугуйгаараа мөргөсөн. Д уг автобусны урдуур нь сигналдаж байгаад дарж гараад, 1 дүгээр эгнээ рүү ороод гэр лүүгээ эргэсэн. Тэр үед урдаас машин гарч ирээд Д машиныг гаргах гээд зогссон. Тэгсэн чинь автобусны жолооч залуу араас гүйж ирээд машины цонхоор шууд Дий нүүр лүү гараараа цохисон. Тухайн үед Дий нүдний шил нь машины гол руу унасан. Д цонхоо хаасан чинь машины цонх руу тэр хүн цохиод байсан. Д машинаас буусан чинь заамдаад, Дий толгой руу цохиод, Дийг зодоод байгаа харагдахаар нь би машинаас буугаад очсон чинь автобусны кондуктор эмэгтэй утсаараа бичлэг хийгээд байсан. Би салгах гээд автобусны жолооч, Д хоёрыг татсан чинь миний хүч дийлэхгүй байсан чинь кондуктор нь утсаараа бичлэг хийчихээд, Дийг цохиод байсан. Тэгээд Д, жолооч хоёр муудалцаад байсан. Би хүүхэд уйлаад байхаар нь буцаад машиндаа суугаад хүүхдээ авсан. Д, автобусны жолооч хоёр замын хөдөлгөөнд оролцохдоо чи шахлаа гээд л хэрэлдээд байсан. Тэгээд удаа ч үгүй салгаад явсан. ...” /хх 18-20/,
Гэрч С.Баасанжавын “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би 109 дугаартай автобусанд шалгагчаар ажиллаж байсан юм. 109 дугаартай автобусыг Буянтогтох жолооддог юм. 19 цагийн орчимд Сүлжмэлийн автобусны буудлаас хөдлөөд автобус 2-3 удаа огцом тоормослохоор нь би юу болж байна гэсэн чинь, хар өнгийн приус машин 1 дүгээр эгнээ рүү орж ирээд автобусны урд огцом тоормослоод байсан. Тэгээд 5 шарын буудал дээрээс хүнээ суулгаад хөдлөх гэсэн чинь, урд хааж зогсоод гаргахгүй байснаа хөдлөөд явсан. Тэгээд араас нь Буянтогтохыг автобусаа бариад явж байхад нь би бичлэг хийгээд фэйсбүүкт тавиад торгуулах гэж бичлэг хийсэн. Тэгсэн тэр хар өнгийн машин Залуус хорооллын эргэдэг уулзвараар хойш баруун гар тийш эргээд түгжирсэн бөгөөд зогссон чинь автобусны жолооч Буянтогтох араас нь гүйгээд очсон. Тэгээд удаагүй араас нь гүйгээд очсон чинь хар машины жолооч, Буянтогтох хоёр барьцалдаад авсан, нэг нэгийгээ цохиж байсан. Ямар ч байсан хоёулаа нэг нэгийгээ цохиод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй. ...” /хх 23-26/ гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин дээрх нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч М.Буянтогтох нь замын хөДд оролцохдоо үүссэн таарамжгүй байдлаас шалтгаалж, автобуснаас бууж хүч хэрэглэх санаа зорилгоор очсон, ийнхүү Г.Д-ийг 2 удаа цохисон, улмаар Г.Д-тэй зууралдсан байдалтай байхад буюу М.Буянтогтохын довтолгоон үргэлжилж байхад Г.Д нь хохирогч М.Буянтогтохыг зөрүүлж цохисон үйл баримт тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Д, хохирогч М.Буянтогтох нарын хэн алины замын хөДд соёлгүй оролцсон үйлдлийн улмаас тэд хоорондоо маргалдаж, улмаар М.Буянтогтох нь Г.Д-ий эрүүл мэндийн эсрэг илэрхий хүч хэрэглэсэн хууль бус довтолгоо эхлүүлсэн нь Г.Д-ий хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж М.Буянтогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Тодруулбал, нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-д холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ