Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э нарын нэр бүхий 16 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

 

Нэхэмжлэгч: М.Э, Б.Б, Р.Б, Б.Б, Г.Б, С.Г, Ж.Г, А.Д, П.М, М.Н, Г.Н, Т.Н, С.Ч, Д.Ц, Н.О, М.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж ирүүлсэн байршлуудыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0219 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.Н, С.Ч, Д.Ц, Н.О

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э

Нэхэмжлэгч М.Эгийн өмгөөлөгч М.Б, Д.О

Нэхэмжлэгч Г.Н, Т.Н, С.Ч нарын өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2016/0459/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Э нарын 16 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус холбогдуулан “Нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж ирүүлсэн байршлуудыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0219 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арванзургаа дугаар зүйлийн 4, 12, Арван есдүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасныг баримтлан М.Э нарын 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа  эрхлэн явуулдаг ТҮЦ-ийг тухайн байршилд нь баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4, 12, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг үндэслэсэн байх бөгөөд хариуцагч үйл ажиллагаа явуулахдаа дээрх эрхүүдийг хязгаарлаагүй ба хууль ёсны дагуу өмчтэй байх нь хуулийн дагуу газар эзэмших эрх, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах зэрэг эрх, үүргээс тусдаа ойлголт юм. Нэхэмжлэгч нарын үндсэн эрхэд халдсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх баримт тус хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тогтоогдохгүй байна. Хариуцагч үйл ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан тусгай зарчмыг баримтлаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

3.2. Нэхэмжлэгч нар нь тухайн байршилд ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд газрын эзэмших эрх зүйн баримт бичиггүй, шинэчилсэн гэрээ байгуулаагүй байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Энэ үйлдэл нь өөрөө Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу хариуцагчийн зүгээс мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол албадан чөлөөлнө гэж заасны дагуу apra хэмжээ авч ажилласан байтал хуульд үндэслээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад “бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.2. Нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагаас өгсөн мэдэгдэл болон үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцагчийн зүгээс өөр байршилд гэрээ байгуулахад бэлэн гэж тодотгон хэлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хөндөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчдийн ТҮЦ-үүд нь автобусны буудлын ойр, явган хүний зам дээр байрлаж байсан нь явган болон дугуйт тэшүүрээр (цахилгаан) зорчигчдын аюулгүй байдал, чөлөөтэй зорчих хөдөлгөөнд нөлөөлж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөдөг нь Захиргааны еренхий хуулийн 48.2.2-т заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Уг тохиолдолд нэхэмжлэгчдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч харилцаа дууссан тул итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.

3.4. Захиргааны байгууллагаас гаргасан хууль ёсны шийдвэрүүд (зөвшөөрөл сунгахгүй байх, ТҮЦ буулгах) нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “нийтийн ашиг сонирхол”-ын үндсэн дээр буюу төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, зайлшгүй, зохистой байх ёстой гэх зарчмын дагуу юм. Шүүх нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, нэхэмжлэгч нар нь дүүргийн захиргааны байгууллага зөвшөөрсний үндсэн дээр ТҮЦ ажиллуулах үүрэгтэй гэж хууль болон, холбогдох захиргааны актаар олгогдсон эрх үүргийг хангалттай авч хэлэлцээгүй байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхгүй байх бөгөөд газрыг хууль бусаар эзэмшиж мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж Газрын тухай хуулийг зөрчсөн нь нотлогдсоор байтал нэхэмжлэгчдийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Одоогийн нөхцөл байдалд шүүхийн шийдвэр нь Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн 2025 оны 02 дугаар 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” 234 дүгээр захирамж, 2025 оны 02 дугаар 14-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 237 дугаар захирамжтай зөрчилдөж байгаа бөгөөд өөр ижил нөхцөлтэй иргэдийн эрх тэгш байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Хариуцагчийн зүгээс дээрх захирамжуудын дагуу шүүхийн даалгасныг биелүүлэх боломжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0219 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон процессын түүхийн тухайд;

2.1. Анх М.Э нарын 43 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан “нэр бүхий иргэдийн Баянзүрх дүүргийн нутагт худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ болон зөвшөөрөл олгуулахыг дүүргийн Засаг даргад даалгах, Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх хүсэлт гаргасны дагуу тэдгээрт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснээр М.Э, Б.Б, Р.Б, Б.Б, Г.Б, С.Г, Ж.Г, А.Д, П.М, М.Н, Г.Н, Т.Н, С.Ч, Д.Ц, Н.О, М.О гэх 16 нэхэмжлэгч үлджээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулж “Нэхэмжлэл гаргасан нэр бүхий ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгаж байгуулахыг даалгах” зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрчилсөн ба үүнтэй холбогдуулан зарим хариуцагч нэмэгдэж, өөрчлөгдсөн байна.

2.3. Дээрх нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг шүүхээс анхан шатны журмаар хоёр удаа шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 38, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаар магадлалаар тус тус шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй буюу шаардлага тус бүрийг бүрэн шийдвэрлээгүй, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, өмнө нь зөвшөөрөл авч, гэрээ байгуулж, дүгнүүлж байсан асуудалд нэхэмжлэгч бүрийн эрх зүйн ялгамжтай байдлыг нотолж дүгнээгүй, ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлийг заасан.

2.4.  Мөн нэр бүхий иргэдийн гаргасан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг үндэслэл арилсан боловч тодорхойгүй шалтгаанаар хэргийг сэргээхгүй нэг жил сунжирсан зэргээр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удааширчээ.

2.5. Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 16 иргэний хувьд, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “Нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж ирүүлсэн байршлуудыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус даалгах” гэж тодорхойлсон байна.

3. Анхан шатны шүүхийн хувьд “... Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/135 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулах түргэн үйлчилгээний цэгийн байршлыг баталсан, захиргааны байгууллагаас тогтоосон ТҮЦ-ний стандартыг нэхэмжлэгч нар хангасан нь тогтоогдсон байхад байршлыг баталгаажуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд заасан зарчимд нийцэхгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт өгч, дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагыг хангасан шийдэл зөв боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаан бүхий харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээ өөрчлөгдсөн болохыг анхаараагүйн зэрэгцээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль байхад Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглэх зарчимд нийцээгүй, учир дутагдалтай болжээ.

4. Улсын дээд шүүхийн 2018 оны 391 дүгээр тогтоолд “Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар, уг журам нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болно” гэж дүгнэсэн.

Маргаан үүсэх үед тухайн харилцааг зохицуулж байсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан тэдгээр журам нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд хүчингүй болж, энэ хугацаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34, 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан журмаар тухайн харилцааг зохицуулж иржээ.

5. Тодруулбал, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6-д “ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна”, 4.1-д “Иргэн, хуулийн этгээд энэ журмын 2-т заасан худалдаа, үйлчилгээ эрхлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн цахим системд илгээнэ”, 5.1-д “Иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг дараах дарааллын дагуу хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ”, 5.3-д “Энэ журмын 5.2-т зааснаас бусад үйлчилгээний талаарх мэдэгдлийг тухайн харьяалах дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авна”,  6.1-д “6.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй: 6.1.1.цахим системд мэдэгдсэнээр худалдаа, үйлчилгээ эрхлэх”, 6.2-т “Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй: 6.2.7. ТҮЦ нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах” гэж тус тус нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон байна.

6. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  “Түргэн үйлчилгээний цэг” (ТҮЦ) хэмээх худалдаа, үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаа явуулах байршлыг тухайн дүүрэг /Засаг дарга/-ээс тогтоох бол худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь журамд заасан материалыг бүрдүүлж, энэ талаарх мэдэгдлийн хамт www.ulaanbaatar.mn цахим системээр илгээснээр дүүргийн Засаг даргын баталсан байршилд үйл ажиллагаа явуулах эрх үүсэх, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хариуцсан нэгжийн хувьд гагцхүү мэдэгдлийг хүлээн авч бүртгэх зохицуулалттай болжээ.   

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.16-д заасан бүрэн эрхийнхээ дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон энэ журмын дагуу дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын харьяа нэгж худалдаа, үйлчилгээний асуудлыг зохицуулдаг болж, энэ талаарх эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн байна.

Нэгэнт эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн байхад хариуцагчийн тайлбарласанчлан хүчингүй болсон өмнөх зохицуулалтын дагуу гэрээг сунгах, шинэчлэн байгуулахыг нэхэмжлэгч нараас шаардах боломжгүйг ч тэмдэглэх нь зүйтэй.

8. Тодруулбал, нэхэмжлэлд хариуцагчаар тодорхойлсон “Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл”-ийн эрх хэмжээ, чиг үүргийг  тогтоосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын журмууд хүчингүй болсноор энэ бүтцийн нэгж үгүй болсон, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/308 дугаар албан бичигт “... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор байгуулсан дүүргийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл нь 2016 оноос хойш үйл ажиллаагаа явуулаагүй” гэж дурдсан нь ч үүнийг нотолно.

9. Дээрх үндэслэлээр байхгүй болсон буюу тухайн асуудлаар шийдвэр гаргах эрхгүй этгээдэд “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон асуудлаар шийдвэр гаргах”-ыг шүүхээс даалгах боломжгүй буюу шүүхийн шийдвэр биелэх боломжгүйд хүрэх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

10. Харин дүүргийн Засаг даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.13-д зааснаар харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон дээд шатны байгууллага /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамаарна/-ын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тул нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлд тодорхойлсон “Түргэн үйлчилгээний цэг” (ТҮЦ)-ийн төрлөөр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг энэ хэсгийн 5-д заасан журамд нийцүүлэн шийдвэрлэхийг түүнд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.16, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.13-д заасныг тус тус баримтлан М.Э нарын 16 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэл гаргасан нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж ирүүлсэн байршлуудыг баталгаажуулах асуудлыг зохих журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх “Нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж ирүүлсэн байршлуудыг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ