Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр                                  Дугаар 139/ШШ2019/00370                                               Дундговь аймаг

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С  сумын                тоотод оршин суух, ЗЮ  регистрийн дугаартай,  Д овогт Тгийн Д  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн С  сум,             ХХК-ий байр, Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбар,

Хариуцагч: Улаанбаатар хот, Ч дүүрэг,                орших Г хадгаламж зээлийн хоршоонд хариуцагдах

Хууль бус эзэмшлээс  газрын гэрчилгээ, мөнгөн эмээл гаргуулах тухай   139/2019/00289/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Миний таньдаг хүн болох Д.О Хаан банкнаас түр хугацаанд мөнгө зээлэх гэсэн юм. .. Газраа түр барьцаанд тавиулаач гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч, банкны барьцаанд л тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэтэл Д.Оыг Хаан банкнаас зээл авч чадаагүй гэдгийг сонссон бөгөөд газрын гэрчилгээгээ буцааж авъя гэж нэхэхэд өгнө өгнө гэсээр өдийг хүртэл өгөхгүй байгаа бөгөөд харин миний өмчлөлийн газрыг Г ХЗХоршоонд барьцаанд тавьсан болохыг сүүлд олж мэдсэн. ... Би Д.Од  ... газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон .. байхад Г ХЗХоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний газрын гэрчилгээ Г ХЗХоршооны эзэмшилд байгаа тул хууль бус эзэмшлээс  гаргуулж өгнө үү.  Д.О нь 2018 оны 9 дүгээр сард ..., мөнгөн эмээлээ хэрэглүүлээч, би 10 хоногийн хугацаатай ... хэрэглээд өгье гэж гуйгаад байхаар нь эмээлээ өгсөн бегөөд, миний эмээлийг тухайн үед хувь хүнд 10 хоногийн хугацаанд барьцаанд тавиад өгнө гэж хэлээд.  Гэтэл одоог хүртэл миний эмээлийг өгөөгүй. Би эмээлээ байнга нэхсээр ирсэн бөгөөд өгнө гэсээр өдийг хурсэн бөгөөд Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 63 тоот шийдвэрээр миний эмээлийг 2019.04.01-ний дотор биет байдлаар хүлээлгэж өгөхөөр бид эвлэрсэн. Би 12 цагаантай менгөн эмээлээ Д.Од түр өгөхдөө Г ХЗХоршооны барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Г ХЗХоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний 12 цагаантай мөнгөн эмээл Г ХЗХоршоонд байгаа тул гаргуулж өгнө үү. Би эмээлээ 3 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:... Би Д.Од 2018 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 18-18 тоот хаягт байршилтай 1200м2, улсын бүртгэлийн Z614000189 тоот өмчлөлийн гэрчилгээтэй газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон бөгөөд Г хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй байхад Г ХЗХоршоо нь зээлийн барьцаанд   миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалж…“Г” хадгаламж зээлийн хоршоо, Д.Оы хоёрын хооронд 2018 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан БГ/5571дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, .....чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн   1 дүгээр шаардлагаа өөрчилж байна гэжээ.

            Хариуцагч Г ХЗХ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж  газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх мөнгөн эмээл гаргуулах  гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  ... Зээлдэгч Дашгомбын О нь Г ХЗХоршооны Дундговь салбараас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/5571 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 /Таван сая/ төгрөгийг зээлсэн. Мөн өдрийн БГ/5571 дугаартай барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд иргэн Тгийн Д өмчлөлийн ... газрыг барьцаалсан байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн газар барьцаалах тухай итгэмжлэлийг авчирч өгсөн бөгөөд тухайн итгэмжлэлд “банкны зээлийн барьцаанд барьцаалах” үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зэрэг эрхийг олгосон байна. Энэхүү итгэмжлэлээс харахад Д нь тухайн эд хөрөнгийг барьцаанд тавь гэсэн зөвшөөрлийг өөрийн хүсэл зоригоороо олгосон нь харагдаж байна. Мөн Банк, ББСБ. ХЗХоршоо зэрэг нь бүгд нэг хуулиар зохицуулагдаж адилхан эрх эдэлж, үүрэг хүлээж байдаг санхүүгийн байгууллагууд юм. Тиймээс өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэлийг хуулийн дагуу өгөхдөө “зээлийн барьцаанд тавьхыг” хүлээн зөвшөөрсөн байна... Д.О нь 2018 оны 9 дүгээр сарын 27- ний өдрийн 8538 дугаартай барьцаат хэрэглээний зээлийн гэрээг байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан бөгөөд барьцаанд “ мөнгөн эмээл” барьцаалсан. Манай байгууллага мөнгөн эмээлийг хэнийх вэ гэдгийг нь мэдэх боломжгүй ....Манай байгууллагын зүгээс зээлдэгчид хугацаа өгсөн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлөөгүй тул .... 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн хаасан байна. ...

Зээлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж барьцааны гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Д нь Г ХЗХ-нд холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын гэрчилгээг барьцаанаас /хууль бус эзэмшлээс/ чөлөөлүүлэх,  мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Хариуцагч тал нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

            Т.Д Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандал 18-18 тоот хаягт орших газрын өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хэргийн 41 хуудас/

            Нэхэмжлэгч Т.Д нь  2018 оны 03 сарын 19 өдөр маргаан бүхий газрыг банкны зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах... бусад холбогдох баримт бичигт төлөөлөх үйлдэл хийх эрхийг Д.Од 3 жилийн хугацаатай олгосон болох нь тогтоогдож байна. /хэргийн 39-40 хуудас/

            Д.О нь Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбараас 2018 оны 03 сарын 30 өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багт Мандал 18-18 хаягт орших  газрыг барьцаалан 5000000 төгрөг, 2018 оны 09 сарын 27 өдөр мөнгөн эмээл барьцаалан 2000000 төгрөг тус тус зээлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 28-38, 41-45 хуудас/

            Т.Д нь маргаан бүхий мөнгөн эмээлийг Д.Оаас  шүүхийн журмаар нэхэмжилсэн байх бөгөөд талууд эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 22 өдрийн 139/ШШ2019/00063 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хэргийн 22-23 хуудас/

            Нэхэмжлэгч Т.Д  Д.О нарын хооронд байгуулсан төлөөлөх хэлцэлд тодорхой үйлдэл хийх эрхийг /газар барьцаалах, үүргийн гүйцэтгэл хангуулах....бусад баримт бичигт төлөөлөх/ олгохдоо үүрэг гүйцэтгүүлэгч талыг банк байхаар тохирсон байна.  Арилжааны банк болон хадгаламж зээлийн хоршооны  үйл ажиллагааны зарим  хэлбэр адил боловч тухайн 2 хуулийн этгээдийн үүрэг зорилго ялгаатай, үйл ажиллагааг нь  өөр, өөр эрх зүйн актаар зохицуулдаг тул хадгаламж зээлийн хоршоог арилжааны банктай адилтган үзэх  үндэслэлгүй юм.

            Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь аймаг дахь салбар болон Д.О нарын хооронд байгуулсан БГ/5571 дугаартай гэрээ нь  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2 дугаар зүйлд нийцээгүй байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар /...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар нэхэмжлэгч Т.Д хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаварыг арилгуулах шаардлагыг гаргах эрх бүхий этгээд байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанаас /хууль бус эзэмшлээс/ чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг  хангахаар шийдвэрлэв.

            Маргаан бүхий мөнгөн эмээлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул Г хадгаламж зээлийн хоршооноос мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар 2018 оны 03 сарын 30 өдрийн Д.О, Г ХЗХоршоо хооронд байгуулагдсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,   Г ХЗХ-ны хууль бус эзэмшлээс   Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандал 18-18 тоот хаягт байрлах 1200 м2 газрын өмчлөх эрхийн Г-0814000189 бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  /Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбараас мөнгөн эмээл гаргуулах/ хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133150 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун тавин / төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б