Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2019/00022

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                             Дугаар 218/МА2019/00022                                           Сайнцагаан сум

 

 

 

Т.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 139/ШШ2019/00370 дугаар шийдвэртэй,

Т.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь аймаг дахь салбар, хамтран хариуцагч Улаанбаатар хот дахь Г хадгаламж зээлийн хоршоо нарт хариуцагдах Г хадгаламж зээлийн хоршоо, Д.О нарын хооронд 2018.03.30-ны өдөр байгуулагдсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх, мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний таньдаг хүн болох Д.О Хаан банкнаас түр хугацаанд мөнгө зээлэх гэсэн юм. ... Газраа түр барьцаанд тавиулаач гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч, банкны барьцаанд л тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэтэл Д.Оыг Хаан банкнаас зээл авч чадаагүй гэдгийг сонссон бөгөөд газрын гэрчилгээгээ буцааж авъя гэж нэхэхэд өгнө гэсээр өдийг хүртэл өгөхгүй байгаа бөгөөд харин миний өмчлөлийн газрыг Г хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьсан болохыг сүүлд олж мэдсэн. ... Би Д.Од ... газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон ... байхад Г хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний газрын гэрчилгээ Г хадгаламж зээлийн хоршооны эзэмшилд байгаа тул хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү.

Д.О нь 2018 оны 9 дүгээр сард ..., мөнгөн эмээлээ хэрэглүүлээч, би 10 хоногийн хугацаатай ... хэрэглээд өгье гэж гуйгаад байхаар нь эмээлээ өгсөн бөгөөд, миний эмээлийг тухайн үед хувь хүнд 10 хоногийн хугацаанд барьцаанд тавиад өгнө гэж хэлээд авсан. Гэтэл одоог хүртэл миний эмээлийг өгөөгүй. Би эмээлээ байнга нэхсээр ирсэн, өгнө гэсээр өдийг хурсэн бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 63 тоот шийдвэрээр миний эмээлийг 2019.04.01-ний дотор биет байдлаар хүлээлгэж өгөхөөр бид эвлэрсэн. Би 12 цагаантай мөнгөн эмээлээ Д.Од түр өгөхдөө Г хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Г хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний 12 цагаантай мөнгөн эмээл Г хадгаламж зээлийн хоршоонд байгаа тул гаргуулж өгнө үү. Би эмээлээ 3 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Би Д.Од 2018 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, *******ын ******* тоот хаягт байршилтай 1200м2, улсын бүртгэлийн ******* тоот өмчлөлийн гэрчилгээтэй газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон бөгөөд Г хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй байхад Г хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалж...“Г” хадгаламж зээлийн хоршоо, Д.О хоёрын хооронд 2018 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан БГ/5571 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч Г хадгаламж зээлийн хоршоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх, мөнгөн эмээл гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Зээлдэгч *******ын ******* нь Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбараас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/5571 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 /Таван сая/ төгрөгийг зээлсэн. Мөн өдрийн БГ/5571 дугаартай барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд иргэн *******гийн Д өмчлөлийн ... газрыг барьцаалсан байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн газар барьцаалах тухай итгэмжлэлийг авчирч өгсөн бөгөөд тухайн итгэмжлэлд “банкны зээлийн барьцаанд барьцаалах” үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зэрэг эрхийг олгосон байна. Энэхүү итгэмжлэлээс харахад Д нь тухайн эд хөрөнгийг барьцаанд тавь гэсэн зөвшөөрлийг өөрийн хүсэл зоригоороо олгосон нь харагдаж байна. Мөн Банк, ББСБ, ХЗХоршоо зэрэг нь бүгд нэг хуулиар зохицуулагдаж адилхан эрх эдэлж, үүрэг хүлээж байдаг санхүүгийн байгууллагууд юм. Тиймээс өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэлийг хуулийн дагуу өгөхдөө “зээлийн барьцаанд тавихыг” хүлээн зөвшөөрсөн байна... Д.О нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 8538 дугаартай барьцаат хэрэглээний зээлийн гэрээг байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан бөгөөд барьцаанд “мөнгөн эмээл” барьцаалсан. Манай байгууллага мөнгөн эмээлийг хэнийх вэ гэдгийг нь мэдэх боломжгүй ...Манай байгууллагын зүгээс зээлдэгчид хугацаа өгсөн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлөөгүй тул .... 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийг хаасан байна...

Зээлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж барьцааны гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 106 дугаар зүйлийн 106.3- д зааснаар 2018 оны 03 сарын 30 өдрийн Д.О, Г ХЗХоршоо хооронд байгуулагдсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г ХЗХ-ны хууль бус эзэмшлээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* ******* тоот хаягт байрлах 1200 м2 газрын өмчлөх эрхийн ******* бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг /Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбараас мөнгөн эмээл гаргуулах/ хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133150 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун тавин / төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Т.Д нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий газрыг банкны зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэл хангуулах.... бусад холбогдох баримт бичигт төлөөлөх үйлдэл хийх эрхийг Д.Од 3 жилийн хугацаатай олгосон болох нь тогтоогдож байна.”, “иргэн Д.О нь Г ХЗХоршооны Дундговь салбараас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******т ******* ******* хаягт орших газрыг барьцаалан 5000000 /Таван сая/ төгрөг зээлсэн болох нь тогтоогдож байна” хэмээн тус тус дүгнэсэн атлаа “Г ХЗХоршоо болон Д.О нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцээгүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн дүгнэлт зохигчдын тайлбараар иргэн Т.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах, үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэл зоригийг илэрхийлж, хуульд заасан хэлбэрээр итгэмжлэл үйлдсэн болох нь нотлогддог.

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч Т.Д, Д.О нарын хооронд байгуулсан төлөөлөх хэлцэлд тодорхой үйлдэл хийх эрхийг /газар барьцаалах, үүргийн гүйцэтгэл хангуулах... бусад баримт бичигт төлөөлөх/ олгохдоо үүрэг гүйцэтгүүлэгч талыг банк байхаар тохирсон байна. Арилжааны банк болон Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчим хэлбэр адил боловч тухайн 2 хуулийн этгээдийн үүрэг зорилго ялгаатай, үйл ажиллагааг нь өөр өөр эрх зүйн актаар зохицуулдаг тул Хадгаламж зээлийн хоршоог арилжааны банктай адилтган үзэх үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Дээрх дүгнэлтээс харахад Хоршооны үйл ажиллагаа зохицуулах хууль, журам нь нэхэмжлэлийн шаардлага болж буй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралтай мэтээр тайлбарлаж, Хоршоо нь зохих этгээдийн зөвшөөрлийг огт аваагүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал анхан шатны шүүхийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахаар хүсэл зоригоо илэрхийлж, итгэмжлэл 3 жилийн хугацаатай олгосон болох нь нотлогддог. Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байдаг.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хуулийн дагуу олгогдсон, хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу Т.Дорждамбыг төлөөлөгч болох Д.О гарын үсэг зурж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг нотариатаар баталгаажуулан, Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр итгэмжлэлийг баталсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулсан нотариатын үйлдлийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй атал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарласан болохыг илтгэнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатч гэрчлэх нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан баталгаажуулсан, Иргэний хуулийн 156.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлага зөрчигдөөгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.

Гурав. Нэхэмжлэгч Т.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалуулах хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийсэн байдаг.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1.4 дэх хэсэгт “Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан “хүсэл зоригийн агуулга” гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлэлийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2.-т заасан “хүсэл зоригийн илэрхийллийн утга” гэдгийг энэхүү эрмэлзлэлийн гадаад илрэлийн гол санаа гэж тус тус ойлгоно.” гэж тайлбарласан.

Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5 дахь хэсэгт “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зовшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Дээр дурдсан Улсын дээд шүүхийн тайлбарт заасан “тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага” гэдгийг төлөөлөх эрх буюу нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл гэж ойлгож байгаа бөгөөд итгэмжлэлд тавих хуулийн шаардлага буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 139/ШШ2019/00370 тоот шийдвэр нь өөрөө утга авцалдаагүй, хэт нэг талыг барьсан, барьцаалагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Мөн хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагыг хангаагүй байна.

   Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд хамтран хариуцагчаар Г Хадгаламж зээлийн хоршоог татах хүсэлт гаргасан /хх-ийн 18/-ыг шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ /хх-ийн 23-24/.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Д нь хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Улаанбаатар хот дахь Г ХЗХ /гүйцэтгэх захирал *******/-оос 2019 оны 08 сарын 20-ны өдөр , О нарт /хх-49/, 2019 оны 08 сарын 22-ны өдөр Од итгэмжлэл олгосон /хх-50/-оос үзэхэд уг хэрэгт Улаанбаатар хот дахь Г Хадгаламж зээлийн хоршоог О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцохоор харагдаж байна. Харин шүүхээс , О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

   Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Дундговь аймаг дахь Г ХЗХ-г сольсон бус хамтран хариуцагчаар Улаанбаатар хотын Г ХЗХ-г татсан байхад дээрх итгэмжлэл нь дан ганц Улаанбаатар хот дахь Г ХЗХ-г төлөөлөх итгэмжлэл гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн хариуцагч нь Дундговь аймаг дахь Г ХЗХ, мөн Улаанбаатар хот дахь ХЗХ юм. Гэтэл хариуцагч Дундговь аймаг дахь Г хадгаламж зээлийн хоршооны төлөөлөгч салбарын захирал Б.Цхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 08 сарын 13-нд хэргийн материалтай танилцсан /хх-22/-аас хойш оролцоогүй байна.

   Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 05-ны өдөр /хх-ийн 19-20/ 2 хуудас нэхэмжлэл, 2019 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн тухай нэхэмжлэл /хх-ийн 56/-үүдийг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ” гэжээ. Шүүхийн захиргааны ажилтнаас хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулаагүй байна.

Нэхэмжлэгчийн 2019 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Од 2019 оны 09 сарын 06-нд гардуулж, хариу тайлбар өгөх хугацааг 2019 оны 09 сарын 20-ны дотор, ад 2019 оны 09 сарын 11-ний өдөр гардуулж хариу тайлбар өгөх хугацааг 2019 оны 09 сарын 25-ны дотор шүүхэд ирүүлэхээр үүрэг болгосон атлаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг нэхэмжлэлийн хувь гардуулсан өдөр буюу 2019 оны 09 сарын 06-ны өдөр гаргаж, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 09 сарын 11-ний өдөр товлосон нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

           Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

               Хавтаст хэргийн 27-48 дугаар хуудсанд хариуцагчаас шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх хэдийд хүлээж авсан талаар тэмдэглэн баталгаажуулаагүй, хэрэг танилцуулсан баримт №6 /хх-ийн 54/-аас үзэхэд хуудасны тоог бичээгүйгээс нэхэмжлэгч хариуцагчийн шаардлага, татгалзлын  үндэслэл болсон тухайн нотлох баримтуудыг эсрэг талд танилцуулсан эсэх нь тодорхойгүй, талуудын нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Мөн хх-ийн 27-р хуудсан дахь Дундговь аймаг дахь Г ХЗХ-ны даргын шүүхэд ирүүлсэн албан бичигт салбарын захирал Б.Цгэсэн байх боловч гарын үсэг нь өөрийнх нь биш байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

   Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт эхэлсэн байх бөгөөд /хх-ийн 94/ шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цнарт хэргийн материал танилцуулсан /хх-ийн 90/, хариуцагчийн төлөөлөгч Од 2019 оны 08 сарын 21-нээс хойш хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн материалтай танилцах ажиллагааг талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаанд бүрэн гүйцэт хийгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн журмыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг хуульд заасан дарааллаар явуулах /хх-ийн 95/, шүүхийн шийдвэр /хх-ийн 107/ болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 94/-д нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тусгах, мөн хамтран хариуцагчийг орхигдуулах зэргээр хууль зөрчсөн байгааг анхаарах шаардлагатай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”, 63.1.4-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр”, 63.1.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох” талаар хуульчилсан.

Шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцсон эсэх нь тодорхойгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 139/ШШ2019/00370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ  

 

                                                       Ш.ТӨМӨРБААТАР