Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1213

 

 

 

 

 

 

  2019          12            05                                             2019/ДШМ/1213    

 

Б.М-, Э.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэнэ,

яллагдагч Б.М-ын өмгөөлөгч Ц.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЗ/1393 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай эсэргүүцлээр Э.Г-, Б.М- нарт холбогдох 1902003500181 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........ М-, 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......./,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

....... Г-, 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....../,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Э.Г-, Б.М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын орчим Төв аймгийн Жаргалант сум руу явах замдаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 605 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамжны 0799 тоот хашаанд байрлах байшинд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Э.Г- нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Мөрдөн байцаах албаны хойд талын зогсоолд 11-80 УБС улсын дугаартай, хар өнгийн “Mark X” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савтай бор шаргал өнгийн 5 грамм нунтаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас: Э.Г-, Б.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Боржигон овогт Энхтайваны Г-д холбогдох 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 560 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлттэй, 1911016430800 дугаартай эрүүгийн хэрэг тус шүүхэд шилжиж 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон байна. Шүүгдэгч Э.Г-д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэж, хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх, үүний улмаас ялыг нэмж нэгтгэх асуудал орхигдох зэрэг үр дагаварууд үүсэхээр байна гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэж, хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх, үүний улмаас ялыг нэмж нэгтгэх асуудал орхигдох зэрэг үр дагаврууд үүсэхээр байна гэж үзлээ. Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна..” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус тусдаа зүйл, хэсэгт хамаарах хэд хэдэн гэмт хэрэгт шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ. Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” хэмээн заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч Э.Г-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 1902003500181 дугаартай, Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт багтсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан гэмт хэргийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Э.Г-ийн холбогдсон тухайн өдөр мөн шүүхээр хянан хэлэлцэгдэхээр товлогдсон байсан эрүүгийн 1911016430800 дугаартай, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт багтсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан гэмт хэрэгт нь үндэслэж тухайн хэргүүдийг нэгтгэснээр хэрэг тус бүрд оногдуулах ялыг нэмж нэгтгэх зайлшгүй шаардлагатай мэт үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдал биш байтал хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1393 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хурдан шийдвэрлүүлэх саналтай байна. ..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаа прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Б.М-, Э.Г- нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Э.Г-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Э.Г-д эрүүгийн 1911016430800 дугаартай хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 13:30 цагт товлогдсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Шүүх гагцхүү нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтад /нотлох баримт/ үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан “...Э.Г-д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх, үүний улмаас ялыг нэмж нэгтгэх асуудал орхигдох зэрэг үр дагаварууд үүсэхээр байна...” гэх асуудлын тухайд, Э.Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, түүний холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар ял нэмж нэгтгэх, эсхүл тус тусад эдлүүлэхээр хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.М-, Э.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЗ/1393 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.М-, Э.Г- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.М-, Э.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН